Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар  2022/ШЦТ/706

 

 

 

 

2022        09        06                                       2022/ШЦТ/706

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч А.Дэлгэрмөнх, шүүгдэгч Н.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Ад холбогдох эрүүгийн “2211 00674 1369” дугаартай, 186/2022/0672/Э индекстэй хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 34-27 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.А,

Холбогдсон хэргийн талаар:

Н.А нь 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 30 дугаар гудамжны 449 тоотод иргэн Н.Баярцэцэгтэй үл ялих шалтгааны улмаас маргалдан түүний эрх, эрх чөлөөнд халдан зодсоны улмаас биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, мөр бугалга, баруун бугалга, шуу сарвуунд цус хуралт бүхий гэмтэл  учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А нь мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Баярцэцэгийн:...би 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 30-449 тоотод байхад надруу хуучин хамтран амьдрагч Амармэнд залгасан. Тэгэхээр нь би хашааны өвс зулгаах ажил байна, завтай бол хүрээд ирэхгүй юу гээд дуудсан. Тэгсэн чинь удалгүй Амармэнд манай гэрт ирсэн. Амармэнд хашааны шар өвс зулгаагаад байж байхаар нь би Амармэндийг жоохон уудаг болохоор нь дэлгүүр ороод 0.5 литрийн 1 шил архи авчирч өгөөд Амармэндэд 2-3 татуулаад би 2 хундага уучихаад Амармэндийг ажлаа дуусгахаар нь үлдсэн архийг нь өгье гээд гэрлүүгээ оруулаад тавьсан. Тэгж байтал 15 цагийн үед Амармэнд хашааны шар өвс зулгаагаад дуусгасан гээд орж ирэхээр нь үлдсэн архийг нь өгөөд хоол хийж өгсөн. Тэгсэн Амармэнд ганцаараа архиа ууж дуусгаад агсан согтуу зан нь хөдөлж, намайг элдвээр хэлж доромжлоод миний нүүрний зүүн талын хэсэг болон толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь ширээн дээр байсан гар утсаа аваад цагдаа дуудна гэхэд Амармэнд миний баруун гарын шууг цохиод хазаад, миний гар утсыг авчихаад нүүр болон зүүн гарын шуу, бугалга хэсэг рүү цохиод байхаар нь би гэрээсээ гараад зугтаад гүйсэн  гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар тал/,

2.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5703 дугаартай дүгнэлтэд:

1.2. Н.Баярцэцэгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, мөр бугалга, баруун бугалга, шуу сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Б.Баяртогтох гэжээ. /хх-ийн 26-27 дугаар тал/,

Гурав:Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтаст хэргээс:шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 дугаар тал/, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5703 дүгээр прокурорын тогтоол /хх-ийн 279 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5703 дугаар дүгнэлт,  шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Шүүгдэгч Н.А нь: хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Н.А нь 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 30 дугаар гудамжны 449 тоотод иргэн Н.Баярцэцэгтэй үл ялих шалтгааны улмаас маргалдан түүний эрх, эрх чөлөөнд халдан зодсоны улмаас биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, мөр бугалга, баруун бугалга, шуу сарвуунд цус хуралт бүхий гэмтэл  учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- хохирогч Н.Баярцэцэгийн:...би 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 30-449 тоотод байхад надруу хуучин хамтран амьдрагч Амармэнд залгасан. Тэгэхээр нь би хашааны өвс зулгаах ажил байна, завтай бол хүрээд ирэхгүй юу гээд дуудсан. Тэгсэн чинь удалгүй Амармэнд манай гэрт ирсэн. Амармэнд хашааны шар өвс зулгаагаад байж байхаар нь би Амармэндийг жоохон уудаг болохоор нь дэлгүүр ороод 0.5 литрийн 1 шил архи авчирч өгөөд Амармэндэд 2-3 татуулаад би 2 хундага уучихаад Амармэндийг ажлаа дуусгахаар нь үлдсэн архийг нь өгье гээд гэрлүүгээ оруулаад тавьсан. Тэгж байтал 15 цагийн үед Амармэнд хашааны шар өвс зулгаагаад дуусгасан гээд орж ирэхээр нь үлдсэн архийг нь өгөөд хоол хийж өгсөн. Тэгсэн Амармэнд ганцаараа архиа ууж дуусгаад агсан согтуу зан нь хөдөлж, намайг элдвээр хэлж доромжлоод миний нүүрний зүүн талын хэсэг болон толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь ширээн дээр байсан гар утсаа аваад цагдаа дуудна гэхэд Амармэнд миний баруун гарын шууг цохиод хазаад, миний гар утсыг авчихаад нүүр болон зүүн гарын шуу, бугалга хэсэг рүү цохиод байхаар нь би гэрээсээ гараад зугтаад гүйсэн  гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5703 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 26-27 дугаар тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ хохирогч Н.Баярцэцэгийг ямар нэг шалтгаангүйгээр хэл амаар доромжилж улмаар  толгойн тус газар нь цохиж биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул  Н.Аийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Аийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Хохирогч Н.Баярцэцэг нь Н.Атэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргасан, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл  байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг санууллаа.

Шүүхээс шүүгдэгч Н.Аийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон,

                                                                                                         ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч Н.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

        2.Шүүгдэгч Э.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240 /хоёр зуун дөчин / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аэд оногдуулсан 240 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Н.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ