| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2018/01971/И |
| Дугаар | 1941 |
| Огноо | 2018-06-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 1941
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “ЖМ” ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н-д холбогдох,
330,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ЖМ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н нь манай компанитай 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1156650 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийн урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Н нь одоогийн байдлаар манай компанид төхөөрөмжийн үнэ 220,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.
Иймд Нээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5,3-т заасны дагуу 837 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги нь /220,000*0.3%*837хоног/ 552,420 төгрөг болж байгаа ба Иргэний хуульд зааснаар 50 хувиар тооцож 110,000 төгрөг, нийт 330,000 төгрөгийг гаргуулан өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, бусад бичгийн баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЖМ” ХХК хариуцагч Нд холбогдуулан “зээлээр худалдсан төхөөрөмжийн үнэд 220,000 төгрөг, алдангид 110,000 төгрөг, нийт 330,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гардуулж өгсөн.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “ЖМ” ХХК 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр NP10 маркийн NAK10970 дугаар сериал номертой интернэт ашиглах төхөөрөмжийг хариуцагч Нд хүлээлгэн өгсөн, Н урьдчилгаа 20,000 төгрөгийг бэлнээр төлж үлдэх 220,000 төгрөгийг 11 сарын хугацаанд тогтоосон өдөр төлөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ, зээл төлөх хуваарь зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.
Н 2014 оны 11 сарын 17-ны өдрөөс хойш сар бүр 20,000 төгрөг, нийт 220,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, гэрээний хугацаа 2015 оны 10 сарын 17-нд дууссан болох нь зээл төлөх хуваарь, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэх зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Н төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.5 дахь заалтыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.
“ЖМ” ХХК-иас төхөөрөмж худалдан авсны урамшуулалд Нд 120 гегабайт хэрэглэх эрхтэй 98370342 дугаарыг өгсөн байна.
Талуудын хооронд байгуулагдсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.3-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлөхөөр тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцэж байх тул алданги шаардах эрхтэй байна.
Алдангийг гэрээний хугацаа дууссан 2015 оны 10 дүгээр сарын 17-ноос нэхэмжлэл гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл бодоход 552,420 төгрөг /220,000*0.3%х837 хоног/ болж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож хариуцагч Нээс худалдсан төхөөрөмжийн үнэд 220,000 төгрөг, алдангид 110,000 төгрөг, нийт 330,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ЖМ” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу хариуцагч Нд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг болон хэрэгтэй танилцах талаар 2018 оны 05 сарын 28-ны өдөр түүнд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нээс 330,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЖМ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нээс улсын тэмдэгтийн хураамжид 10,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЖМ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ