Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 123/ШШ2021/0004

 

 

 

2021 оны 02 сарын 03 өдөр                 Дугаар                                              Зуунмод сум

                                            123/ШШ2021/0004

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн З сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: М” ТӨҮГ-ын эзэмшлийн XV-02000, XV-020001, XV-020002 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах 2020 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн З сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх талбайнуудын байгаль орчныг хамгаалах 2020 оны төлөвлөгөөг батлахыг З сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Төв аймгийн З сумын Засаг дарга Л., түүний өмгөөлөгч  Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ТӨҮГ нь өөрийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчин хамгаалах төлөвлөгөөг жил болгон батлуулж ирсэн бөгөөд Төв аймгийн З сумын нутаг дэвсгэрт орших XV-02000, XV-020001, XV-020002 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу боловсруулж З сумын Засаг даргаар хянуулан батлуулахаар 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 2/2660 тоот, 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 1/609 тоот, 2020 оны 06 сарын 11-ний өдрийн 1/1666 тоот албан бичгүүдээр хандсан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Өнгөрсөн 2019 оны хувьд ... Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр XV-02000, XV-020001, XV-020002  дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Байгаль орчныг хамгаалах 2019 оны төлөвлөгөөг З сумын Засаг дарга нь хүлээн авч батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, батлах хугацааг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тогтоож шийдвэрлэсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй учир Төв аймаг дахь Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 123/ШЗ2020/0014 дугаатай Албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарсан, 5 сарын дараа 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын 2019 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталсан... З сумын Засаг дарга нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, татгалзаж байгаа талаар ямар нэгэн хариу албан бичиг ирүүлээгүй нь Иргэдээс Төрийн Байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 16 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т заасныг зөрчсөн. ...нэхэмжлэгчийн эзэмшлийн З сумын нутагт орших XV-02000, XV-020001, XV-020002 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Байгаль орчныг хамгаалах 2020 оны төлөвлөгөө”-г батлахгүй байгаа З сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож дээрх талбайн Байгаль орчныг хамгаалах 2020 оны төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Төв аймгийн З сумын Засаг дарга Л.А шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоол, З сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн  01 дүгээр тогтоолоор З сумын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон газраас бусад нийт 244.676.4 га газар нутгийг 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн бүртгэлийн системд Орон нутгийн тусгай хэрэгцээнд газраар бүртгэсэн. Гэтэл аймгийн болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр XV-02000 дугаартай тусгай зөвшөөрлөөр Галтын талбай нэртэй газар 1885.25 га газар, XV-020001 дугаартай тусгай зөвшөөрлөөр Урт сайр нэртэй газар 144.84 га газар, XV-020520 тоот тусгай зөвшөөрлөөр Цагаан галт болон Цэцэг мандалд 554.61 га, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр XV-020002 тоот тусгай зөвшөөрлөөр Хашаат овоот даваат нэртэй газар 2585.85 га нийт 5171.37 га газрыг “М” ТӨҮГ-т олгосон байдаг. Сумын болон Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан “М” ТӨҮГ-т лиценз олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн хууль бус шийдвэр учир төлөвлөгөөг батлах боломжгүй. ...2019 оны төлөвлөгөөг шүүхийн шийдвэрийг хүндэтгэж баталсан. “М” ТӨҮГ-ыг 2020 оны төлөвлөгөөг батлуулахаар ирүүлэхэд нь орон нутгийн иргэдтэй уулз, багийн иргэдийн нийтийн хуралд очоод хийх гэж байгаа ажлаа танилцуул гэж хэлсэн, иргэдтэй уулзаагүй. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай, малчдын өвөлжөө, хаваржаа, бэлчээрийн газартай давхцалтай байгаа учир төлөвлөгөөг батлах боломжгүй. Хууль бусаар олгогдсон уг тусгай зөвшөөрлийн улмаас хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Иргэдийн эрхийн хүндэтгэж тусгай зөвшөөрлүүдийн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртлэх хугацаанд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй....Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” гэж, Монгол улсын Засаг захиргаа нэгжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй” гэж заасан. Энэ нь нутгийн захиргааны байгууллага буюу Төв аймгийн З сумын, Төв аймгийн иргэдийн хурлын хэнтэй ч хуваалцахгүй онцгүй бүрэн эрх. Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “ Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж заасан хуульд заасан бүрэн эрхээ эдлээд Төв аймгийн Иргэдийн Хурал 2015 оны 3 сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор З сумын нутгийг бүхэлд нь аймгийн тусгай хэрэгцээнд аваад шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн З сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 7 сарын 28-ны өдөр газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол гаргаад тусгай зөвшөөрөл олгоогүй үлдсэн 244676.4га газрыг  орон нутгийн  тусгай хэрэгцээнд авснаас 1 жилийн дараа “М” компанид 4 газрыг олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 17.5.2 дахь хэсгийг лиценз олгосон.Тусгай зөвшөөрөл анхнаасаа хууль бусаар олгогдсон учраас байгаль орчны төлөвлөгөөг батлах боломжгүй. Ашигт  малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй гээд хяналт тавих эрх нь орон нутгийн Засаг дарга, иргэдийн хуралд байгаа. “М” компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо аймгийн Засаг даргад мэдэгдэл ирүүлээгүй, сумын иргэдийн хурал болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал аваагүй олгосон. Малчин иргэдийн өвөлжөө хаваржааны газартай давхцаж олгосон. Засаг дарга хэзээ ч хууль бус юмтай эвлэрэхгүй. Малчин иргэд дөрвөн цагийн эргэлтэд малаа бэлчээх эрхтэй. Төв аймгийн З сумын малчин иргэд бүр уйлж байна шүү дээ. “М” компани өөрсдөө баялаг бүтээгээд байгаа юм уу, үгүй шүү дээ, Төв аймгийн газар нутгийг нь ухаад тэр олсон орлогоороо зохих хэмжээний нөхөн татвар гэрээнийхээ дагуу зохих хэмжээний хөнгөлөлт орон нутагт үзүүлэх ёстой. Нэхэмжлэгч хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж чадсангүй. Танай компани төлөвлөгөөгөө дандаа өөрсдөө боловсруулчхаад Засаг дарга руу батал, батал гэж тулгаад, шүүхэд танайх батал гэдэг гомдлуудыг өдий хүртэл өгсөн. Хуульд Засаг даргатай зөвшилцөөд хамтарч байгаад төлөвлөгөөг боловсруулах ёстой гэж заасан. Хамт боловсруулаагүй. Боловсруулсан бэлэн зүйлээ Засаг даргаар батлуулах гэж тулгаж байгаа юм. Танайх бэлэн төлөвлөгөө батал гэж өгчхөөд үүнийгээ зөвшилцсөн гэж яриад байна. Энэ нь өөрөө үндэслэлгүй....Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болохыг хүсэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын эзэмшлийн XV-02000, XV-020001, XV-020002 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах 2020 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн З сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын байгаль орчныг хамгаалах 2020 оны төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ XV-02000, XV-020001, XV-020002 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах 2020 оны төлөвлөгөөг З сумын Засаг дарга хүлээн авч батлахгүй хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, татгалзаж байгаа талаар ямар нэгэн хариу албан бичиг ирүүлээгүй Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг зөрчсөн хэмээн тодорхойлсон.

Хариуцагч тал “...нэхэмжлэгчийн 2019 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шүүхийн шийдвэрийг хүндэтгэж баталсан, орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн бүртгэлийн системд бүртгэгдсэн газартай давхцуулан “М” ТӨҮГ-т 2016 онд хууль бус тусгай зөвшөөрөл олгосон, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, маргааныг шийдвэрлэх хүртлэх хугацаанд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй. ...“М” ТӨҮГ-ыг 2020 оны төлөвлөгөөг батлуулахаар ирүүлэхэд нь орон нутгийн иргэдтэй уулз, багийн иргэдийн нийтийн хуралд очоод хийх гэж байгаа ажлаа танилцуул гэж хэлсэн, иргэдтэй уулзаагүй... төлөвлөгөөгөө хүргүүлээд батлахыг шаарддаг, төлөвлөгөөг зөвшилцөж боловсруулаагүй” хэмээн маргасан байна.

2. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 сарын 07-ны өдрийн 359 дүгээр тогтоолоор “М” ТӨҮГ-ын ....XV-003595, XV-004211 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, тусгай зөвшөөрлийн нөхөх олговорт зориулж Төв аймгийн З сумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг Ашигт малтмалын газрын даргад зөвшөөрч... шийдвэрлэсэн[1].

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр тушаалаар Төв аймгийн З сумын Галтын талбай нэртэй газар 1885.17 гектар талбайд XV-02000 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг [2], тус сумын Урт сайр нэртэй газар 144.83 гектар талбайд XV-020001 дугаар тусгай зөвшөөрлийг[3], Хашаат овоот даваат гэх нэртэй газар 2585.65 гектар талбайд XV-020002 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг “М” ТӨҮГ-т олгосон[4] тус тус олгосноор “М” ТӨҮГ нь XV-02000, XV-020001,  XV-020002 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болжээ.

3. “М” ТӨҮГ нь З сумын нутагт байршилтай XV-02000, XV-020001, XV-020002 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2020 оны төлөвлөгөөгөө боловсруулан, уг төлөвлөгөөг батлуулахаар З сумын Засаг даргад 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 2/2660 тоот[5] албан бичгээр хүргүүлж, тухайн төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ дахин 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 1/609  тоот[6], 2020 оны 06 сарын 11-ний өдрийн 1/1666 тоот[7] албан бичгээр тус тус хүргүүлсэн.  

Хариуцагч З сумын Засаг дарга Л.Ань нэхэмжлэгчийн  тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2020 оны төлөвлөгөө, түүнийг батлуулах тухай дээр дурьдсан албан бичгүүдийг хүлээн авсан ч тухайн төлөвлөгөөг боловсруулахад зөвшилцөх эсэх, төлөвлөгөөг батлах эсэх талаар ямар нэг мэдэгдэл, албан бичиг, хариу өгөөгүй нь хэргийн оролцогчдын тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулиар “зөвшилцөх” хэмээн ойлголтыг тайлбарлаагүй, харин Монгол улсын Дээд шүүхийн 1996 оны “Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2016 дугаар тогтоолын 1.1 дэх хэсэгт "зөвшилцөх" гэдгийг хууль тогтоомжид өөрөөр тодорхойлоогүй бол Ерөнхийлөгч ...тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгоно” гэж, 1.11 дэх хэсэгт “Хэрэв хууль тогтоомжид тусгайлан заагаагүй бол зөвшилцлийг энэ тогтоолд заасан журмаар явуулах бөгөөд харин зөвшилцлийг биечлэн уулзаж явуулсан бол зохих журмын дагуу тэмдэглэл хөтөлсөн байна” гэж, 2 дахь заалтад “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуульд заасан "зөвшилцөх" тухай ойлголт, зөвшилцөх журмыг тухайн актад өөрөөр тодорхойлоогүй бол түүнийг энэ тайлбарын дагуу адилаар ойлгож явуулж байх” хэмээн тайлбарласан тул хариуцагч нь нэхэмжлэгчтэй маргаан бүхий төлөвлөгөөг боловсруулахад зөвшилцөж саналтай байсан бол түүнд мэдэгдэж санал солилцох, уулзалт хийсэн бол тэмдэглэл хөтөлсөн байх шаардлагатай байна. Иймд хариуцагчийн “М” ТӨҮГ-ыг 2020 оны төлөвлөгөөг батлуулахаар ирүүлэхэд нь орон нутгийн иргэдтэй уулз, багийн иргэдийн нийтийн хуралд очоод хийх гэж байгаа ажлаа танилцуул гэж хэлсэн, иргэдтэй уулзаагүй... төлөвлөгөөгөө хүргүүлээд батлахыг шаарддаг, төлөвлөгөөг зөвшилцөж боловсруулаагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

4. 2019 онд “М” ТӨҮГ-аас XV-02000, XV-020001, XV-020002 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2019 оны төлөвлөгөөг батлуулахаар З сумын Засаг даргад хүргүүлж, улмаар тухайн төлөвлөгөөг хүлээн авч хуульд заасан хугацаанд батлаагүй З сумын Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр[8] нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “М” ТӨҮГ-ын эзэмшлийн XV-02000, XV-020001, XV-020002 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2019 оны төлөвлөгөөг батлаагүй З сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчныг хамгаалах 2019 оны төлөвлөгөөг батлахыг З сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч тал уг шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор хариуцагч нь нэхэмжлэгчийн 2019 оны төлөвлөгөөг баталсан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Мөн З сумын иргэн Н.Батсанаа, Ж.Батхөлөг нараас Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “М” ТӨҮГ-т ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 сарын 22-ны өдрийн 309 дүгээр тушаал, 2016 оны 5 сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүх иргэдийн нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд “М” ТӨҮГ-ын ашигт малтмалын хайгуулын XV-02000, XV-020001, XV-020520, XV-020002 тоот тусгай зөвшөөрлүүд 2020 онд хүчин төгөлдөр байсан болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Иймээс хариуцагчийн  “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, З сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны тогтоолоор орон нутгийн хэрэгцээ, хамгаалалтад авсан газартай давхцуулж “М ТӨҮГ-т тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн, тусгай зөвшөөрлийн улмаас хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэд шүүхэд нэхэмжлэл гаргасан, маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртлэх хугацаанд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй” гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

5. Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.4 дэх хэсгүүдэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны талаар хүлээх үүргийг  “байгаль орчны хяналтын алба, сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, ...төлөвлөгөөгөө сумын Засаг даргад хүргүүлж хянуулах, батлуулах, ...байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон сумын Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх...” гэх зэргээр тодорхойлсон.

Мөн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай байршиж буй нутгийн захиргааны байгууллага буюу сумын Засаг даргын эрх, үүргийг Ашигт малтмалын тухай хуулийн 38.2 дахь хэсэгт энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” хэмээн тодорхойлжээ. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзвэл сумын Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хуулийн 38.1.1, 38.1.2-т зааснаар боловсруулахад санал солилцон зөвшилцөж оролцох, ийнхүү боловсруулсан төлөвлөгөөг хүлээн авч 10 хоногийн дотор хянах, төлөвлөгөөг хуульд зааснаар боловсруулахыг шаардах, хуульд заасан шаардлагад нийцсэн төлөвлөгөөг батлах, төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл эзэмшигчид буцаан хүргүүлэх” эрх, үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчийн байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон сумын Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн хэмээх тайлбарыг хариуцагч Л.Амгаланбаатар үгүйсгэж маргаагүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурьдсанаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар боловсруулж хүргүүлсэн “М” ТӨҮГ-ын эзэмшлийн XV-02000, XV-020001, XV-020002 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, түүнийг батлуулах тухай хүсэлтүүдэд хариуцагч З сумын Засаг дарга Л.А нь хариу өгөөгүй, төлөвлөгөөг зөвшилцөн боловсруулах талаар ямар нэг хариу мэдэгдэл өгөөгүй нь тогтоогдсон тул түүний “XV-02000, XV-020001, XV-020002 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хүлээн авч хянах, батлах” үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх” тусгай зарчимд нийцээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, хууль бус эс үйлдэхүй байна гэж дүгнэлээ. Ийнхүү хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн XV-02000, XV-020001, XV-020002 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2020 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хуульд заасан журмаар хүлээн авч хянан батлах эрх, үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,1, 38.2  дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “М” ТӨҮГ-ын эзэмшлийн XV-02000, XV-020001, XV-020002 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2020 оны төлөвлөгөөг”-г батлахгүй байгаа Төв аймгийн З сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, М” ТӨҮГ-ын эзэмшлийн XV-02000, XV-020001, XV-020002 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах 2020 оны төлөвлөгөөг хянан батлахыг Төв аймгийн З сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн З сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨҮГ-т олгосугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ОДСҮРЭН

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн  120-121  хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 14-16 хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 18-20 хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 22-24 хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 8 хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 10 хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 9 хуудас

[8] Хавтас хэрэг 1, 159-169 дэх тал,