| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0841/э |
| Дугаар | 2022/ШЦТ/572 |
| Огноо | 2022-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/572
2022 06 28 2022/ШЦТ/572
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,
Улсын яллагч: О.Нандинцэцэг,
Шүүгдэгч: З.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З.М холбогдох эрүүгийн 2211000001210 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
З.М, //, Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүүхдийн Урлан бүтээх төвийн урд талын “Модерн Номадс” ресторанд зөөгч ажилтай, ам бүл 3, ээж болон дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 06 дугаар хороо, Нүхтийн 14-625 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,
Урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 685 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгор ял оногдуулж, уг ялыг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр биелүүлсэн.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч З.М нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны 03 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Өнө бар” төвд Ж.Л үл ялих шалтгааны улмаас маргалдаж, эрх, эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булангийн цус хуралт, хүзүү, цээжний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2211000001210 дугаартай хэргээс:
Шүүгдэгч З.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Ж.Лийн “...Би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байдаг “Өнө бар”-нд бармен хийдэг юм. 2022 оны 05 дугаар сарын 02-ны шөнийн 03 цаг 30 минутын үед намайг ажил дээрээ байхад гаднаас 25 орчим насны 2 залуу орж ирээд “караокед дуулмаар байна” гэхээр нь манайх хаасан байгаа гэж хэлсэн. Гэтэл тэр залуу орж дуулна гээд байсан. Үүнээс болж маргаан үүсээд тухайн залуу шууд нүүр лүү алгадахаар нь би тухайн залууг гар түлхсэн чинь тухайн залуу миний зүүн шанаа руу нэг удаа цохихоор нь би уг залууг барьж аваад мушгиад доороо хийгээд унагаасан юм. Тэгээд тэр залуутай хамт явж байсан залуу намайг нүүрнээс татаад босгосон ба эхний маргалддаг залуу араас босож ирээд миний хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн. 165 см орчим өндөртэй махлаг залуу миний нүүр хэсэг рүү дахин цохисон” гэх мэдүүлэг/хх-ийн 07/,
Ж.Лоос гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02-03/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын сарын 06-ны өдрийн 6583 дугаартай шинжээчийн “Ж.Лийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булангийн цус хуралт, хүзүү, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн доторх хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.М нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны 03 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Өнө бар” төвд Ж.Л үл ялих шалтгааны улмаас маргалдаж, эрх, эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булангийн цус хуралт, хүзүү, цээжний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Ж.Лийн “...Би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байдаг “Өнө бар”-нд бармен хийдэг юм. 2022 оны 05 дугаар сарын 02-ны шөнийн 03 цаг 30 минутын үед намайг ажил дээрээ байхад гаднаас 25 орчим насны 2 залуу орж ирээд “караокед дуулмаар байна” гэхээр нь манайх хаасан байгаа гэж хэлсэн. Гэтэл тэр залуу орж дуулна гээд байсан. Үүнээс болж маргаан үүсээд тухайн залуу шууд нүүр лүү алгадахаар нь би тухайн залууг гар түлхсэн чинь тухайн залуу миний зүүн шанаа руу нэг удаа цохихоор нь би уг залууг барьж аваад мушгиад доороо хийгээд унагаасан юм. Тэгээд тэр залуутай хамт явж байсан залуу намайг нүүрнээс татаад босгосон ба эхний маргалддаг залуу араас босч ирээд миний хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн. 165 см орчим өндөртэй махлаг залуу миний нүүр хэсэг рүү дахин цохисон” гэх мэдүүлэг/хх-ийн 07/, Ж.Лоос гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02-03/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын сарын 06-ны өдрийн 6583 дугаартай шинжээчийн “Ж.Лийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булангийн цус хуралт, хүзүү, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн доторх хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч З.М үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч З.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч З.М хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч З.М гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Л нь /хх-ийн 52/ гомдол саналгүй болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж үзлээ.
Иймд З.Мд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж, хохирогч Ж.Л нь /хх-ийн 52/ гомдол санал байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. З.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч З.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Д