| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2022/0286/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/249 |
| Огноо | 2022-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: М.Солонго,
улсын яллагч: Б.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч: Б.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 220000000000 тоот хэргийг 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Я Б-ын М /РД:00000000/
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, 000000000 ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Баянхошууны 00дугаар гудамжны 000 тоотод оршин суух хаягтай боловч, Сонгинохайрхан дүүрэг 00 дугаар хороо Нефтийн задгай тоотод оршин сууж байгаа, урьд
Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн задгай тоотод хамтран амьдрагч Г.Г-г гэр бүлийн гадуур харилцаанаас болж маргалдан, улмаар өмдний тэлээгээр ороолгон зодож, эрүүл мэндэд нь “баруун шилбэнд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн задгай тоот гэртээ хамтран амьдрагч Г.Г-г гэр бүлийн гадуур харилцаанаас болж маргалдан, улмаар өмдний тэлээгээр ороолгон зодож, эрүүл мэндэд нь “баруун шилбэнд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...манай нөхөр согтуу байх ба намайг зодоод хөөгөөд байна. Гэрт манай 2 хүүхэд байгаа юм. Манай гэр рүү очоорой. Би хөл нүцгэн байгаа ба хөлнөөс цус гарсан байна. Цагаан өнгийн байрны орцонд орчихлоо...” гэх дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,
-Хохирогч Г.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн задгай тоотод нөхөр Б.М 2 хүүхдүүдийнхээ хамт амьдардаг юм. Би нөхөр Б.М хамтран амьдраад 11 жил болж байна. Бид хоёр дундаасаа хүү охин хоёртой болсон. Манай нөхөр Б.М нь нэг танихгүй эмэгтэй хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд байгаа 2021 оны 10 дугаар сарын сүүлээр мэдсэн юм. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 00 цаг өнгөрч байхад манай нөхөр Б.М-ын дугаарлуу нөгөө эмэгтэй нь залгаад шинэ оны мэнд хүргье гэж хэлж байгаа нь надад сонсогдсон. Тэгээд нөхөр Б.М нь гэрээс гарч утсаар тэр эмэгтэйтэй ярьсан. Тэгээд миний уур хүрээд нөхөр Б.М-д чи наад гэр бүлээс гадуур харилцаагаа хэзээ болих юм бэ? гэж хэлсэн чинь Б.М надад би тэгвэл зайлаад өгье гэж хэлээд өөрийнхөө хувцасыг авах гэхээр нь би болиулах гэсэн чинь намайг өмдөөрөө миний хөл рүү ороолгоод өмдөнд байсан төмөр аралтай тэлээ баруун хөлний шилбийг шалбалсан юм. Тэгэхээр би өөрийн 00000000 дугаараас 102 дугаарлуу залгаж дуудлага өгсөн юм ...Намайг урьд өмнө Б.М нь зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,
Хохирогчоор дахин өгсөн “...манай нөхөр тэлээгээр ороолгохоос 2-3 хоногийн өмнө,...сорж, үнсэж байгаад цус хуралтыг учруулсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,
-Шинжээч эмч О.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх баруун шилбэнд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цээж зүүн хөхөнд цус хуралт гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн гэмтэл байна гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:
“1. Г.Г-гийн биед баруун шилбэнд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Баруун шилбэнд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цээж, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /Хавтаст хэргийн 60-61 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Б.М яллагдагчаар өгсөн: “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэж /хх-ийн 184/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1203 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.М нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Г.Г-гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.М-тыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Г.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.М бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Б.М-тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлттэй шүүгдэгч М нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.М-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-тыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.М нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт Б-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я овогт Б-ын М-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА