Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1051

 

 

 

 

 

    2022         08           24                                     2022/ШЦТ/1051

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч, хохирогч С.Х-, өмгөөлөгч Л.Батжаргал,

шүүгдэгч Б.Б-, өмгөөлөгч Ш.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б-ыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Х-ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, “CU”-д борлуулалтын ажилтан ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Тайж овогт Б.Б (РД:дю0231...),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Калифорниа” ресторанд зөөгч ажилтай, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигин овогт С.Х (РД:УП9712...).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Х-тай “Утас авсан” гэх шалтгаанаар марган цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.Х- нь 2021 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3 дугаар гудамж, 11 тоотод байрлах монгол гэрт нэвтэрч хохирогч Ц.Д-гийн эзэмшлийн “Самсунг Эс-2” маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 110,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 8 дугаар сарын 27-нд гэрт очсон. Би нүүр лүү нь цохиж, өшиглөсөн зүйл байхгүй. Цүнхээрээ саваад байхаар нь би өөрийгөө хамгаалж цохисон. Худлаа хэлээд байгаа. Би хэрэг хийгээгүй. Биеэ хамгаалах гэж байгаад бултаад гараараа цохисон. Толгой хавдсан байсан, шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Миний үйлдлийн улмаас гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Шүүгдэгч, хохирогч С.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 4-5 шил пиво уусан. Гайгүй байна гэж бодож байсан ч хэсэг зуур тасарсан юм шиг байна лээ. Гэртэйгээ андуураад орсон юм шиг байна лээ. Хохирогчийг танихгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед болсон үйл явдлыг санахгүй байгаа бөгөөд тэгсэн байж магадгүй гэж бодож байгаа. Айлд ороод орон дээр нь хэвтсэн гэдгээ санахгүй, мэдэхгүй байгаа. Үйлдэлдээ гэмшиж, харамсаж байгаа. Гудмаар алхаж явтал 1 машин хашиж зогссон. Бууж ирээд утсаа авъя гэхэд нь би “юун утас билээ, манайх руу ороод учраа олъё” гэхэд зодоод байсан. Хажуу айл руу ороод хашааг нь даваад өөрийн гэр лүү орсон. Болсон асуудлыг хальт мэдэж байгаа, бүрэн дүүрэн мэдэхгүй байгаа. Одоо өөрийн бурууг ойлгож байгаа учраас Б.Б-аас нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт гаргаж өгсөн баримттай зардлаа нэхэмжлэхээс татгалзаж байна” гэв.

 

Эрүүгийн 2108019611043 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Х-ын: “2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ...5 пиво уучихаад 23 цагийн орчимд харих гээд таксинд суусан. Гэрийн ойролцоо байдаг 112-ын автобусны буудлын “Элбэг” төвийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаас таксины мөнгө авч өгчихөөд гэр лүүгээ алхсан. Нарийн гудамжаар гэр лүүгээ алхаад гэрээс 1 хаалганы наана явж байтал Т.Приус-20 маркын машин миний араас ирээд машинаараа хашиж зогсоод нэг эрэгтэй бууж ирээд надаас шууд “утсаа авъя” гэсэн. Тэгэхээр нь “юу, ямар утас вэ, би согтуу байгаа учраас манай гэрийнхэнтэй уулзчих” гэсэн чинь нүүр лүү гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон. Цохиулаад газарт унасан байхад толгой, нуруу, хөл рүү олон удаа өшиглөсөн. Би “одоо боль” гэхэд болихгүй байсан болохоор нь цүнхээрээ 1 удаа савсан, гэхдээ оноогүй. Намайг цохиж зодоод болихгүй байхаар нь гэрийн хажуу айл руу зугтааж ороод, дамжаад гэр лүүгээ ороод дүү Лхагвадоржийг дуудаж байтал цагдаа ирсэн. ...Тухайн үед зодуулаад хамар хугарсан, хамраа эмчлүүлсэн нийт 500,000 төгрөг орчим зардал гарсан. Үүнийг баримтаар гаргаж өгнө. Одоо эмчилгээний зардалд гаргасан мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 79 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.08.31-ний өдрийн 7992 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. С.Х-ын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

Гэрч С.Х-ийн: “...2021 оны 08 сарын 26-ны өдөр 00 цаг дөнгөж өнгөрч байхад яг хэдэн минутад гэдгийг нь мэдэхгүй байна, ...манай ах С.Х- ардаас орж ирээд хувцас нь шороо болсон, хамраас нь цус гарчихсан, “намайг хүн зодчихлоо” гэхээр нь би хамт гэрийн гадагшаа гартал гэрийн гадаа ахыг зодсон гэх хүн машинаа эргүүлээд яваад өгсөн. ...Манай ахыг айл руу ороод хүний утас аваад хашаа даваад зугтаасан, араас нь машинтай хөөсөн гэж яриад байсан. Машин дотроос гар утсыг нь авсан гээд байгаа эмээ бууж ирээд ах руу “чи ямар муухай хүүхэд вэ, энэ утсыг аваад зугтаасан” гээд Самсунг маркын жижиг хэмжээтэй бараан өнгийн утас гаргаж ирж харуулаад байсан. С.Х- ах жаахан согтуу байсан, үнэртэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “Тухайн өдөр гэртээ шөнө 00 цагийн орчимд ирээд хашааныхаа хаалгыг онгойлгоод машинаа оруулах гээд зогсож байтал манай хашаан дээгүүр хар өнгийн хувцастай, саравчтай малгайтай, амны хаалтгүй, хар өнгийн хоёр мөртэй цүнх үүрсэн эрэгтэй хүн даваад гудамж уруудаад гүйгээд явчихсан. Эмээ Дугарсүрэн гэрээсээ гарч ирээд “Сая нэг эрэгтэй хүн гэрт орж ирээд гар утас аваад явчихлаа” гэж хэлсэн. Би араас нь машинтайгаа явсан. Манай гудамжаар гүйгээд, өнгөрөөд баруун урд талын гудамж руу утсаа оролдоод алхсан. Би араас нь очиж машинаараа шахаж зогсоогоод машинаас буугаад “Чи эмээгийн гар утсыг авсан байна. Гар утсыг нь өгөөд яв” гэсэн чинь “Би аваагүй” гээд байсан. “Чи авсан байна, би чамайг манай гэрийн хашааг даваад гүйгээд явахыг чинь хараад араас чинь ирлээ” гэсэн чинь “би аваагүй” гээд намайг цүнхээрээ цохих гээд савахаар нь би бултаад гараараа санаандгүй хамар луу нь цохичихсон. Тэр залуу гадна куртикныхээ зүүн талын халааснаас гар утас гаргаж ирээд хойшоо хашаа давуулаад шидчихээр нь би “Чи эмээгийн гар утсыг шидчихлээ шүү дээ” гээд уг хашааны хаалгыг тогшсон чинь хүн гарч ирээгүй. Тэгэхээр нь том хаалгыг онгойлгоод нохойных нь хажууд унасан байсан эмээгийн “Самсунг Эс-2” маркын гар утсыг нь аваад хашаанаас гарч ирсэн. Нөгөө залуу гэрийнхээ гадаа согтуу байсан болохоор орилоод аав, эмээ хоёр луу дайраад, хараагаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99 дэх тал),

Хохирогч Ц.Д-гийн: “Хэрэг болсон гэх өдөр би орой харанхуй болсон байхад ороо засаад гэртээ унтаж байсан. Гэрэл унтраастай байсан болохоор ”Юу билээ” гээд биед нь хүрсэн чинь хүйтэн мэдрэгдээд гадны хувцастай хүн байхаар нь гэрлээ асаасан чинь цайвар царайтай эрэгтэй хүн, хар өнгийн куртиктэй, малгайтай, үүргэвч үүрсэн байсан. “Босооч” гэсэн чинь босохгүй байхаар нь би орноос түлхээд босгосон чинь танихгүй залуу байсан. Би “Чи яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь гэрээс гараад явсан. Би орныхоо толгой дээр өөрийнхөө 2 утсыг тавьсан байсан чинь 1 утас нь байхгүй байсан. Би гэрээс гараад харсан чинь зээ хүү Б.Б- хашааны хаалга онгойлгоод машинаа оруулах гээд байж байсан. Тэгэхээр нь би “сая хар хувцастай залуу 1 гар утас аваад явсан” гэсэн чинь “Сая жорлонгийн хажуу талаар хашаа даваад нэг хүн гүйгээд явсан” гээд араас нь машинтай явсан. Удалгүй буцаж ирээд “Таны утсыг аваагүй гээд хашаа руу шидчихлээ, тэгэхээр нь аваад ирлээ” гээд миний утсыг авчирсан. ...Тухайн өдөр цагдаа дээр очиход байсан цайвар царайтай хүү мөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал),

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.05.02-ны өдрийн 22/013 дугаар тайланд: “Самсунг Эс-2 загварын гар утас 1 ширхэг 110,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 85-86 дахь тал),

Гэрч С.Б-н: “Гэртээ унтаж байсан чинь гадаа юм түчигнээд байхаар нь гараад хартал хадам ээж Дугарсүрэн “Сая гэрт танихгүй хүн орж ирээд миний гар утсыг аваад явчихсан. Б.Б- тэр хүний араас явчихлаа” гэсэн. ...хүү машинтайгаа араас хүрээд ирсэн. Би юу болсон талаар асуусан чинь “Эмээгийн утсыг гэрт нь танихгүй залуу ороод аваад явсан байна. Би аваад ирлээ. Тэр хүн нь энэ гудамжинд ойрхон байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь машинтай очсон. Очиход тэр залуу нэг залуугийн хамт цээж нүцгэн, гартаа хүрз бариад ална гээд орилж дайраад байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгөөд нилээн удсан. Тэр хооронд тэр залуу гэртээ орохгүй, бид нарыг “ална” гэж дайраад, гэрийнхэн нь оруулах гээд чадахгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),

Гэрч Ж.Э-ийн: “...Энэ өдөр манай найз С.Х- 16 цаг өнгөрч байхад манай ажил дээр ирээд бид хүний 5 пиво уусан. 23 цаг өнгөрч байхад гараад би С.Х-ыг таксинд суулгаж өгөхдөө согтуу байгаа юм чинь гээд таксиных нь дугаарыг утсан дээрээ дарж аваад, жолоочийнх нь дугаарыг тэмдэглэж авсан. ...Маргааш нь найз С.Х- над руу яриад хүнд зодуулсан хулгайн хэрэгт сэрдэгдсэн гэдгээ хэлэхээр нь би утсан дээрх таксины улсын дугаар, жолоочийн утасны дугаарыг С.Х- луу явуулсан. С.Х-ыг таксинд суулгасан цаг нь 23 цаг 26 минутанд байсан, жолоочийн дугаар нь ...дугаар байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

Зөрчлийн талаар амаар болон бичгээр гомдол мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл (хх-3), дуудлагын лавлагааны хуудас (хх-4), хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа (хх-7), зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б-аас холбогдогчоор авсан мэдүүлэг (хх-11-12), хохирогч Ц.Д-гээс гэрчээр авсан мэдүүлэг (хх-13-15), гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-21-22), гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-21-22), гэрч Ц.Д-гийн мэдүүлэг (хх-26), гэрч Т.Буянтын мэдүүлэг (хх-28), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-39-41, 48-49, 50-52), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-45-47), мөрдөгчийн тогтоол (хх-72), мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл (хх-75-76),

шүүгдэгч С.Х-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-119), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-124) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-9)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Х-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “Утас авсан” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Х- нь 2021 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3 дугаар гудамж, 11 тоотод оршин суух хохирогч Ц.Д-гийн эзэмшлийн Самсунг Эс-2 маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч бусдад 110,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч С.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Хор уршигт санаатай хүргэж үйлдсэн тул Б.Б-ын үйлдэл санаатай гэмт хэрэг. Үйлдэл төгссөний дараа цохих үйлдэл хийсэн...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Энхтөр “Шүүгдэгч Б.Б- хохирогчийг санаатай цохиж гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байгаа. Болгоомжгүй үйлдэл байсан. Зодох, гэмтэл учруулах субъектив санаа байгаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал “Шүүгдэгч С.Х- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Энхтөр шүүгдэгч Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдсэн гэж маргаж оролцсон боловч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б- “чи эмээгийн утас авсан байна, гаргаад ир” гэж хэлэн маргалдаж, хохирогч С.Х- цүнхээрээ савахад бултаад цохисон гэх үйлдэл нь өөрийн үйлдлийг хүсч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл...хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Х-ыг “Утас авсан” гэх шалтгаанаар марган цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.Х- нь 2021 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3 дугаар гудамж, 11 тоотод байрлах монгол гэрт нэвтэрч хохирогч Ц.Д-гийн эзэмшлийн “Самсунг Эс-2” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 110,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.Х-ын “...нэг эрэгтэй бууж ирээд надаас шууд “утсаа авъя” гэсэн. “Юу, ямар утас вэ, би согтуу байгаа учраас манай гэрийнхэнтэй уулзчих” гэсэн чинь миний нүүр лүү гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон, цохиулаад газарт унасан байхад толгой, нуруу, хөл рүү олон удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-8, 79), шүүх эмнэлгийн 7992 дугаар “1.С.Х-ын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-30-31), гэрч С.Х-ийн “...ах С.Х- орж ирээд хувцас нь шороо болсон, хамраас нь цус гарчихсан намайг хүн зодчихлоо гэхээр нь би хамт гартал гэрийн гадаа ахыг зодсон гэх хүн машинаа эргүүлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-24), хохирогч Ц.Д-гийн “...гэрлээ асаасан чинь цайвар царайтай эрэгтэй хүн, хар өнгийн куртиктэй, малгайтай, үүргэвч үүрсэн байсан. “Босооч” гэсэн чинь босохгүй байхаар нь би орноос түлхээд босгосон чинь танихгүй залуу байсан. Би “Чи яах гээд байгаа юм бэ?” гэсэн чинь гэрээс гараад явсан. Би орныхоо толгой дээр өөрийнхөө 2 утсыг тавьсан байсан чинь 1 утас нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-91), “Мастер үнэлгээ” ХХК-ийн 22/013 дугаар хөрөнгийн үнэлгээний “...Самсунг Эс-2 маркын гар утас 110,000 төгрөг” гэх тайлан (хх-85-86), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-39-41, 48-49, 50-52), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хх-45-47), мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл (хх-75-76) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ын хохирогч С.Х-ыг “утас авсан” гэх шалтгаанаар марган нүүр лүү гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч С.Х-ын хохирогч Ц.Д-гийн гэрт нэвтэрч түүний эзэмшлийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 100,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “би буруутай учраас баримтаар нэхэмжилсэн 100,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дээрмийн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Д-д 110,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гар утас биет байдлаар буцаан төлөгдсөн, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгч С.Х-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч С.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Энхтөр “Хэлэх зүйлгүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасныг харгалзан үзнэ үү. Архи согууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогчийн гэр лүү нэвтэрч эд зүйл авсан үйлдэлдээ маргахгүй, гэмшиж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг онцгойлон анхаарч өгнө үү. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, ам бүл 3, ганцаараа ажил хийдэг, 25 настай, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

шүүгдэгч С.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлоо төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч С.Х- согтуурсан үедээ хохирогчийн гэрт орж эд зүйлийг илээр хүч хэрэглэхгүйгээр авсан, үүний улмаас шүүгдэгч Б.Б- хохирогч С.Х-ыг “утас авсан” гэх шалтгаанаар марган хохирогчийн эрх, эрх чөлөөнд нүүр лүү гараараа цохих үйлдлээр халдан хөнгөн гэмтэл санаатай учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч С.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт 100,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “би буруутай учир нэхэмжлэх зүйл байхгүй” гэх, хохирогч Ц.Д-гийн эд хөрөнгөд хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх), шүүгдэгч Б.Б-ын хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдал)-ыг, шүүгдэгч С.Х-ын хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж,

шүүгдэгч С.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч тус тус шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Боржигин овогт С.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Б-ыг 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

5. Тэнссэн хугацаанд шүүгдэгч С.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авсугай.

6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б-, С.Х- нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, С.Х- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР