Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/1044/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1052 |
Огноо | 2022-08-24 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1052
2022 08 24 2022/ШЦТ/1052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Ж.Сувданчимэг,
хохирогч Г.И-, Э.Х-,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг,
шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Борлууд овогт Ц.Б (РД:УЮ9811...).
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Б- нь 2022 оны 4 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, “Мишээл” караокены урд замд “таксинд явахгүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э.Х-тай маргалдан зодолдож, хохирогч Э.Х-ы эрүүл мэндэд “духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, зүүн хөмсөг, доод уруул, зүүн мөр баруун мөр, зүүн бугалганд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол, хохирогч Г.И-ын эрүүл мэндэд “духанд зүсэгдсэн шарх, хүзүүнд цус хуралт, баруун алганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ц.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хоёр хохирогчоос уучлалт гуйя. Миний буруу, хохирлоо төлнө” гэв.
Хохирогч Э.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “4 сарын 01-ний шөнө “Мишээл” караокены урд такси барих гээд зогсож байсан. “Приус 11” маркын машин ирж зогссон. “Дээшээ явах уу” гэтэл өөдөөс зандарсан. Эвээр ярих гэтэл зандарч байснаа бууж ирээд пивоны шилээр цохисон. Явуулахгүй гээд машиных нь урд зогссон. Гэтэл машинаараа түрээд би зүүгдтэл 40-50 метр газар машин дээрээ намайг аваад давхисаэн. Нэг харахад найзын толгой бас хагарсан байсан. Гэрийнхээ гадаа ирээд багаж түлхүүр шидээд, цохиод байсан. Хутга барьж дайрсан, хутгаа шидсэн. Хохирлоо барагдуулмаар байна, сорвио арилгуулахыг хүсэж байна. Гомдолтой байна” гэв.
Хохирогч Г.И- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Такси барих гээд зогсож байсан. “Приус 11” машин зогсоод “таксинд явна, явахгүй” гээд маргасан. Э.Х-, Билэгтсайхан 2 маргалдаад “ярилцъя” гээд улаан чингэлгийн араар ороод чимээ гараад байхаар нь очтол намайг 1 юмаар цохисон. Духан дээрх сорвио арилгуулмаар байна. Гомдолтой байна” гэв.
Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Г.И-ын: “2022 оны 4 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө 00 цагийн орчимд найз Э.Х- хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, “Мишээл” караокеноос архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гарч ирээд такси барих гэсэн такси зогсохгүй болохоор нь мод зардаг эгч дээр очоод “2 дүүд нь такси олддоггүй, та нэг такси бариад өгөөч” гэсэн чинь “за” гээд такси барих гэсэн чинь олдохгүй байсан. Удалгүй саарал өнгийн “Приус 10 юм уу 11” маркын машин зогсохоор нь “явах уу” гэсэн чинь тэр машины эрэгтэй жолооч хажуудаа эмэгтэй хүн, ард бас хүн байх шиг байсан. Тэд нар найзыг хэл амаар доромжлоод байсан, жолооч машинаасаа гарч ирээд манай найз бид 2-ын толгой руу нэг хатуу зүйлээр цохиод авсан. Найз Э.Х- бид хоёрын толгойноос цус гараад байсан. Тэд нар машинтайгаа явах гээд байхаар нь найз Э.Х- машиных нь урд гараад явуулахгүй гээд зогсож байхад хөдлөөд манай найзыг машиныхаа урд хэсэг дээр аваад яваад байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн, удалгүй цагдаа нар ирсэн.
...Тухайн зодооны үед гар утасны дэлгэц хэрхэн хагарсан талаар би мэдэхгүй байна, ямар ч байсан маргаан зодоон болохоос өмнө дэлгэц хагараагүй, бүтэн байсан. Тухайн үед Э.Х- өргөн мөнгөн гинж хүзүүндээ зүүсэн байсан. Би эмчилгээний баримтаа цуглуулж чадаагүй учраас надад баримт байхгүй. Би духанд үүссэн сорви арилгах тос авах мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22, 24, 130-131 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.04.06-ны өдрийн 5268 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Г.И-ын биед духанд зүсэгдсэн шарх, хүзүүнд цус хуралт, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3. Уналтаас үүсэх боломжгүй. 4. Шинэ гэмтлүүд байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 6. Дээрх гэмтэл нь 1 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 7. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэжээ (хавтаст хэргийн 52-53 дахь тал),
Шинжээч эмч Б.Цолмонгийн: “Г.И-ын духан дахь зүсэгдсэн шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад буюу хүзүүнд цус хуралт, баруун алганд цус хуралт гэмтэл дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Духанд зүсэгдсэн шарх нь мэс заслын оёдол тавигдсан, цэгцэлгээ хийгдсэн тул зах ирмэг нь тэгш байсан. Үүгээр нь үнэлэн ир үзүүртэй зүйлийн гэмтэл гэж гаргасан. Хэрэв оёдол тавигдаагүй, цэгцэлгээ хийгдээгүй ирсэн бол ямар гадаргуутай зүйлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжтой. Металл мохоо зүйлээр цохих үед үүсгэгдсэн байх боломжтой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
Хохирогч Э.Х-: “...Тухайн “Мишээл” караокеноос гараад такси барих гэж байтал “Тоёота приус” маркын тээврийн хэрэгсэлтэй хүн ирээд зогсохоор нь би “таксинд явах уу” гэж асуухад тухайн машин барьж явсан залуу намайг “зайл” гэхээр нь би “чи ямар харьцаатай залуу вэ, мөнгийг чинь өгөөд тохироод явна шүү дээ” гэхэд урдаас элдвээр хэлээд буугаад ирхээр нь би бас хэрэлдсэн. Хэрэлдэж байгаад би тухайн залуу болон машинаас нь холдоод түлээ нүүрс зардаг улаан өнгийн чингэлэгийн хажууд зогсож байхад над руу ирээд хэрэлдэж байгаад шууд нүүр лүү цохисон. Бид хоёр барьцалдаад зодолдож байхад гэнэт миний дух хэсэг рүү пивоны шилээр цохиод цус гарсан. Найз Идэрбатын толгойг хагалсан байсан. Миний гаргаж өгсөн эмчилгээний зардал, бензиний баримттай 551,250 төгрөгийг нэхэмжилж байна. Уг маргаан зодооны үед миний “Самсунг А31” маркын гар утасны дэлгэц хагарсан байсныг нэхэмжилж байна. Өмсөж байсан хүрэмний энгэр урагдсан, савхин өмдний өвдөг, гуяны урд хэсэг урагдсаныг нэхэмжилж байна. Алдагдсан гинжээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29, 32-33 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.04.05-ны өдрийн 5253 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.Э.Х- биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, зүүн хөмсөг, доод уруул, зүүн мөр, баруун мөр, зүүн бугалганд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 61-62 дахь тал),
Гэрч Н.С-ийн: “...Би нөхөртэйгөө машинд сууж байхад Э.Х- “таксинд явах уу” гэж асуусан, нөхөр хүн “хүлээж байна, явахгүй” гэхэд “машинаасаа буугаад ир, юм яръя” гэж хэлээд манай нөхөр Ц.Б- буугаад Э.Х-тай ойролцоо байсан түлээний чингэлэгийн ардуур орсон. Нэг их удалгүй зодолдсон байдалтай гарч ирсэн. Идэрбат гэх залуу нь гүйж очоод тэр гурав хоорондоо зодолдсон. Би машин дотроос хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисныг хараагүй. Манай нөхөр машины хажууд ирээд нэг зүйл шидээд Э.Х- дух хэсэгт оноод цус гарсан. Хоорондоо маргалдаад нэг мэдэхэд Идэрбатын дух хэсгээс цус гарсан харагдсан. Би юугаар цохиж гэмтээснийг мэдэхгүй байна. Тухайн үед манай нөхөр Ц.Б-, Идэрбат, Э.Х- нар хоорондоо зодолдож нэгнийгээ гэмтээсэн. Хэрэг болох үед Э.Х- мөнгөн гинж зүүсэн байсан нь надад огт анзаарагдаагүй, мөнгөн гинжтэй байсан эсэх талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42, 44 дэх тал),
Гэрч Б.Б-ийн: “...23 цаг өнгөрч байхад гэрээс гараад дэлгүүр лүү алхаж явахад манай хамар хашааны залуу Билэгтсайхан машинаа уначихсан харих гэж байгаа бололтой өгсөж явсан. Миний хажууд зогсоод “хаачих нь уу” гэхээр нь “дэлгүүр орох санаатай” гэхэд “доод дэлгүүр онгорхой байна лээ, суучих” гэхээр нь суутал эхнэртэйгээ хамт явж байсан. “Хөтөл” нэртэй дэлгүүр дээр зогсоод би дэлгүүр ороод хүн их байсан тул нэлээн удаж байгаад гараад иртэл Билэгтсайхан нэг танихгүй залуутай зодолдсон бололтой машиныхаа руль дээр суучихсан, духаас нь цус гарсан 20 гаран насны бололтой залуу машиных нь урд явуулахгүй гээд зогсчихсон “цагдаа дуудаж байна” гээд утсаар яриад байсан. Түүний хажууд бас нэг залуу “цагдаа дуудаач” гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.05.10-ны өдрийн 22/017 дугаар тайланд: “Мөнгөн гинж (Сорьц, жин тодорхойгүй) 350,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 74 дэх тал),
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.05.10-ны өдрийн 22/015 дугаар тайланд: “Лидрийнэн куртик 255,000 төгрөг, савхи өмд 135,000 төгрөг, гар утасны дэлгэц “Самсунг А31” загварын 240,000 төгрөг, нийт 630,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 78-82 дахь тал),
Шүүгдэгч Ц.Б-ы яллагдагчаар өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, “Хөтөл” супер маркетад эхнэрийн хамт очсон. Буцаж байхад хөрш Б.Б ах тааралдаад “дэлгүүр орно” гэхээр нь би “машинтайгаа хүргээд өгье” гээд супер маркетын гадаа очсон. Бямбасүрэн ах дэлгүүр орсон. Би эхнэртэйгээ “Тоёота приус” маркын тээврийн хэрэгсэлдээ хүлээж байхад танихгүй хоёр согтуу залуу ирээд “таксинд явах уу” гэж асуухаар нь би “хүн хүлээж байна, таксинд явахгүй” гэхэд над руу Э.Х- гэх залуу агсраад “таксины мөнгийг нь өгнө” гээд байсан. Намайг машинаасаа буугаад ирээч юм ярья гэж хэлсэн. Машинаас буугаад бид хоёр юм ярьж байгаад нүүрс зардаг улаан өнгийн чингэлэгийн хажууд очоод намайг эхлээд нүүр лүү цохисон. Тэгээд хоорондоо барилцаад гараараа хэд хэдэн удаа цохилцсон, яг хаашаа цохисон талаараа санахгүй байна. Би Э.Х-ас холдоод машиныхаа хажууд ирэхэд Э.Х- найз Идэрбат ирээд миний нүүр рүү гараараа цохиод хоёулаа дайраад зодоон болсон. Тэгээд бид гурав салсан. Би машин дээрээ ирээд машинд байсан металь төмөр цоожийг шидсэн чинь Э.Х-г оносон. Идэрбат гэх залууг гарт тааралдсан хатуу зүйлээр цохисон, яг юу гартаа барьсан талаараа санахгүй байна, өөр маргаан зодоон болоогүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй. ...Э.Х- хүзүүндээ гинж зүүсэн харагдаагүй. Тухайн үедээ гинжний талаар Э.Х- ямар нэг зүйл яриагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92, 97 дахь тал),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-3-5), хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (хх-58, 59, 64, 65), хохирогч Э.Э.Х- гаргаж өгсөн хохирлын баримтууд (хх-103-104),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-108), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-105), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-109), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-111), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-112, 113), банкны дансны хуулга (хх-114-127) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ
Шүүгдэгч Ц.Б-ы гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-50)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Б- нь 2022 оны 4 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, “Мишээл” караокены урд замд “таксинд явахгүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э.Х-тай маргалдан зодолдож, хохирогч Э.Э.Х- эрүүл мэндэд “духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, зүүн хөмсөг, доод уруул, зүүн мөр баруун мөр, зүүн бугалганд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол, хохирогч Г.И-ын эрүүл мэндэд “духанд зүсэгдсэн шарх, хүзүүнд цус хуралт, баруун алганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Г.И-ын “...тэр машины жолооч машинаасаа гарч ирээд манай найз бид 2-ын толгой руу нэг хатуу зүйлээр цохиод авсан. Найз Э.Х- бид 2-ын толгойноос цус гараад байсан...” гэх мэдүүлэг (хх-21-22, 24), шүүх эмнэлгийн 5268 дугаар “1. Г.И-ын биед духанд зүсэгдсэн шарх, хүзүүнд цус хуралт, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 7. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-52-53), шинжээч эмч Б.Цолмонгийн “...Г.И-ын биед үүссэн духанд зүсэгдсэн шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Духанд зүсэгдсэн шарх нь мэс заслын оёдол тавигдсан цэгцэлгээ хийгдсэн тул зах ирмэг нь тэгш байсан. Үүгээр нь үнэлэн ир үзүүртэй зүйлийн гэмтэл гэж гаргасан...” гэх мэдүүлэг (хх-55-56), хохирогч Э.Э.Х- “...миний нүүр лүү цохиод авсан, тэгээд бид хоёр барьцалдаад зодолдож байхад гэнэт миний дух хэсэг рүү пивоны шилээр цохиод цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-32-33), шүүх эмнэлгийн 5253 дугаар “1. Э.Э.Х- биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, зүүн хөмсөг, доод уруул, зүүн мөр, баруун мөр, зүүн бугалганд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-61-62), гэрч Н.Сарангэрэлийн “...нөхөр Ц.Б- машинаас буугаад Э.Х-тай хамт ойролцоо байсан түлээний чингэлэгийн ардуур орсон. Удалгүй хоорондоо зодолдсон байдалтай гарч ирсэн. Идэрбат гэх залуу гүйж очоод тэр гурав хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлэг (хх-42), шүүгдэгч Ц.Б-ы “...машинд байсан металь төмөр цоож машинд байхаар нь аваад шидсэн ба миний шидсэн металь цоож Э.Х-г оносон. Тэгээд Идэрбат гэх залууг нь гарт тааралдсан хатуу зүйлээр цохисон яг юу гартаа барьсан талаараа санахгүй байна, ...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг (хх-91-92) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Б-ы хохирогч Г.И-, Э.Х- нартай “таксинд явахгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогч Э.Э.Х- толгойг пивоны шилээр болон гараар цохиж, төмөр цоож шидэн духанд нь онож, хохирогч Г.И-ын духанд хатуу зүйлээр цохиж, толгойг гараар цохиж тус тус хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.И-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Сорвины тос авмаар байна, сорвио арилгуулах хүсэлтэй, ажлаа хийж чадахгүй их хохирсон” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Ц.Б-ыг энэ тогтоолоор хохирогч Г.И-ад төлөх төлбөргүй гэж дүгнээд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Хохирогч Э.Х- эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эм тариа эмчилгээний зардалд баримтаар 526,250 төгрөг, шатахууны баримт 25,000 төгрөг, гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын зардалд 980,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.
Урагдсан хувцас, гар утасны дэлгэц хагарсны үнэ хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 630,000 төгрөг, эм, эмчилгээний зардалд баримтаар тогтоогдсон 518,250 төгрөг, нийт 1,148,250 төгрөгийг шүүгдэгч Ц.Б-аас гаргуулж, хохирогч Э.Х-д олгохоор шийдвэрлэснийг шүүхийн хуралдааны явцад төлж барагдуулсан тул шүүгдэгч Ц.Б-ыг энэ тогтоолоор хохирогч Э.Х-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шатахууны зардал 25,000 төгрөгийг хэзээ, хаашаа, ямар зорилгоор явсан нь тодорхойгүй байна гэж дүгнээд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцоогүй болно. Хохирогч Э.Х- тухайн үед мөнгөн гинжтэй байсан гэх боловч хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний 22/017 дугаар “Сорьц, жин тодорхойгүй мөнгөн гинж 1 ширхэг 350,000 төгрөг, Жич: Уг хөрөнгүүдийг биечлэн үзэж хэмжилт, судалгаа хийсний үндсэн дээр илүү бодитой үнээр тогтоох боломжтой” гэх тайлан (хх-74-75), хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр хэрэг болох үед хохирогч мөнгөн гинж зүүж байсан нь хөдөлбөргүй тогтоогдоогүй, мөн тухайн гинж ямар сорьц, жинтэй болох нь тодорхойгүй байх тул “Мөнгөн гинжний үнэ 350,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.
Хохирогч Э.Х- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц.Б- нь 2022 оны 4 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас буюу “таксинд явахгүй” гэх асуудлаас үүдэлтэйгээр Г.И-, Э.Х- нарыг зодсоны улмаас хохирогч Г.И-ын эрүүл мэндэд “духанд зүсэгдсэн шарх, хүзүүнд цус хуралт, баруун алганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол, хохирогч Э.Э.Х- эрүүл мэндэд “духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, зүүн хөмсөг, доод уруул, зүүн мөр баруун мөр, зүүн бугалганд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг төлсөн, баримттай хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зохимжгүй. 1,000,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү...” гэж эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ тус тус танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлоо төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч “таксинд явахгүй” гэх шалтгаанаар хохирогч нартай маргалдаж, тэдний эрх, эрх чөлөөнд гараар болон бусад эд зүйлээр хэд хэдэн удаагийн цохих үйлдлээр халдаж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Г.И- хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, “сорвины тосны мөнгө нэхэмжилнэ” гэх, хохирогч Э.Э.Х- хохиролд 1,150,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “сорвио арилгуулах хүсэлтэй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа такси үйлчилгээнд явдаг, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Ц.Б-ыг 1,500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Борлууд овогт Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 1,500,000 төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б- цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Э.Х-, Г.И- нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР