Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 179

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Ш.Хосбаяр, шүүгдэгч Н.Идэрбат, хохирогч Ю.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн “Б“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нарандуламын Идэрбатад холбогдох эрүүгийн 201625031778 дугаартай, 186/2016/0179/э индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасганы 3-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор 8 жил 10 сарын хорих ял, 2013 оны 06 дугаар сарын   20-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор 7 жил 1 сарын хорих ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нарандуламын Идэрбат /РД:УМ90030211/,

          Холбогдсон хэргийн талаар:  

           Н.Идэрбат нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Усан сангийн 04-47 тоотод хамтран амьдрагч Ю.Цолмонг бусадтай хардаж улмаар түүнийг зодож бие махбодид нь эрүүнд шарх, доод уруулд язрал, эрүү, зүүн суга, хэвлий зүүн хэсэг, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                   

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Н.Идэрбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн хэрэг гардаг өдөр би Амараа, Мөнхгэрэл хоёртой архи хувааж уусан хохирогч Цолмонтой архи хамт уугаагүй. Тэгтэл хохирогч гаднаас орж ирээд надад Амараа намайг хүлээж хүнтэй суугаагүй байгаа биз дээ гэж хэлээд хэрүүл өдөөд байсан. Мөн чи янхнаас хүүхэдтэй болоо биз дээ гэж доромжлоод байхаар нь ширээний хажууд отверка байхаар аваад хохирогчийн шанаа тус газарт нэг удаа цохисон өөр зодож цохисон зүйл байхгүй гэв.

           1.2.Хохирогч Ю.Цолмон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2016 оны 09 дүгээр сарын 10 өдөр 5-лаа 2 шил архи хувааж уусан. Тэгээд би гэртээ байж байтал 00 өнгөрч байхад Идэрээ орж ирээд хар иштэй хутгаар миний эрүү тус газарт зүссэн. Тухайн үед миний эрүүнээс цус гарсан. Миний дүү надад та энэ хүнд алуулах юм байна цагдаад ханд гаад байхаар нь цагдаад хэлсэн. Би Идэрбатыг 2 хоног уучлалт гуйх юм байх гэж харсан надаас уучлалт гуйгаагүй. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

    Хоёр: Шүүгдэгч, хохирогч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ю.Цолмонгийн:...Идэрбат гэж хүнтэй 2012 онд танилцаж байсан бөгөөд энэ үеэс хойш хамт амьдарч байгаа. Идэрбат нь ажилгүй бөгөөд архи уугаад гэртээ байж байдаг. 2013 онд Идэрбат нь намайг хардалтаас болж зодоод миний гавлын яс цуурсан байсан тул Идэрбат шоронд орсон. Ингээд 2016 оны 06 дугаар сард шоронгоос гарч ирээд дахин над дээр ирсэн бөгөөд засарч хүмүүжсэн гээд гүйгаад байхаар нь дахин хамт амьдарсан. 2016 оны 06 дугаар сараас хойш Идэрбат намайг зодоогүй бөгөөд би ч гэсэн ажил хийхгүй байсан болохоор намайг хардах шалтгаан ч бас байгаагүй. гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр орой 23 цагийн үед гэртээ байж байтал Идэрбат манай хашаанд “эрэгтэй хүн орж ирлээ” гэж уурлаад надруу хутга бариад дайрсан. Тэгээд миний эрүүрүү гараараа цохиод гартаа барьж байсан хутгаараа эрүү хэсэгт бага зэрэг зүссэн. Тэгэхээр нь би хутгыг нь гарнаас салгаад хашаанд байдаг эгчийнхээ гэрлүү гүйж ороод эгчийнхээ гэрт хоносон бөгөөд Идэрбат миний араас орж ирэх гэхэд нь манай эгчийн хүү хориод оруулаагүй. Тэгээд өглөө эгчийн гэрээс гараад гэртээ ороход Идэрбат өөрөө унтаж байсан бөгөөд орны хажууд хутга нь хэвтэж байсан. манай эгчийн дүү нар гаднаас орж ирээд хутгыг нь аваад Идэрбатыг хөөгөөд гаргачихсан. Түүнээс хойш Идэрбат гэртээ ирэхгүй 2 хонож байгаад гэрт ирсэн бөгөөд би гэртээ эгчийнхээ дүү нар болох 4 эмэгтэйн хамтаар сууж байсан чинь Идэрбат хаалгаар шагайчихаад “гараад ир” гээд дуудахаар нь би “чамтай ярих юм байхгүй” гээд гараагүй. Тэгээд Идэрбат яваад өгсөн бөгөөд явахдаа “хохь чинь шүү” гэж хэлсэн. Гэтэл манай дүү нар “цагдаад хандаа, чи нэг өдөр Идэрбатын гарт үхэх юм байна” гэж хэлээд би цагдаад хандсан. Одоо Идэрбат надаас уйчлалт гуйсан болохоор би түүнд гомдолгүй гэх мэдүүлэг. /хх 7-8/,

            2.2. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч О.Буянтөгсийн:..Би одоо он сарыг санахгүй байна, би шөнө бараг 01 цагийн үед байсан байх, намайг гэрийнхээ хажуу талын орон дээр унтаж байхад миний хажууд нэг эмэгтэй уйлаад байсан эрэгтэй хүний хоолой дугараад “орж унтъя, гараад ир” гээд байхаар нь би гэрлээ асаагаад харсан чинь Цолмон миний орон дээр хажууд хэвтчихсэн, Идэрбат Цолмон эгчийн гараас татчихсан “гэртээ оръя” гэж хэлээд зогсож байсан бөгөөд Цолмон эгчийн эрүүнээс цус гарчихсан байсан. Би тухай үед Идэрбатыг Цолмон эгчийг цохьчихсон, Цолмон эгчийн амнаас цус гарчихсан байна гэж харсан бөгөөд Идэрбатыг гэрээсээ гаргаад хойд байшинд оруулчихаад гэрийнхээ таамбарыг түгжээд Цолмон эгчтэй цуг орон дээрээ унтсан. Гэтэл Идэрбат 2-3 удаа хаалга татаад “хөөе Цоомоо оръё л доо” гээд орилоод байсан бөгөөд манай ээж Отгонтуяа уурлаад “цаашаа яваач чи” гэсэн чинь Идэрбат гэртээ орчихсон байсан. би маргааш өглөө нь Цолмон эгчийн гэрт 12 цагийн үед орсон бөгөөд энэ үед Цолмон эгч ганцаараа гэртээ байж байсан. Идэрбат байхгүй байсан гэх мэдүүлэг. /хх-10/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Нарандуламын:...Идэрбат Цолмон гэж эмэгтэйтэй 2012 оноос хойш хамт амьдардаг болсон бөгөөд хоёулаа л бие биенээ цохиж, хоорондоо зодолддог. Түүнээс манай хүүхэд Цолмонг зодоод байдаг зүйл байхгүй. Цолмон гэж эмэгтэй өөрөө их агсам, бас их архи уудаг эмэгтэй. Ер нь Идэрбатын буруу байлгүй яахав дээ. Идэрбат зүгээр байсан хүнийг зодохгүй. Цолмон өөрөө Идэрбатыг “минийх” гээд орилж хашгираад явуулдаггүй бөгөөд архи цугтаа уугаад архинаас л ийм зүйл болж байгаа юм. Цолмонгийн үеэл дүүтэй Идэрбат гэрлээд дундаасаа хүүхэдтэй. Би одоо хэнийг нь хэн гэх бэ дээ. Надад бол одоо ярьж, хэлэх үг ч олдохгүй байна. Идэрбат шоронгоос гарч ирээд ажилд орно гээд л тодорхой яг тогтсон зүйл хийхгүй байсан бөгөөд 2016 оны 07-р сард наадмын өмнө Цолмонтой уулзаад гэрт нь цугтаа амьдардаг болсон. Идэрбат догшин авиртай хүүхэд биш л байгаа юм. Одоогоос 4-5 жилийн өмнө Идэрбат хүнд зодуулаад толгойндоо гэмтэл авч байсан бөгөөд түүнээс хойш архи уухаараа агсам зантай болчихсон юм шиг байна лээ. Ер нь толгой нь их өвддөг бөгөөд толгой нь өвдөхөөрөө их ааш муутай болдог. Уг нь хүүгээ ажилд оруулаад хүн шиг амьдраасай гэж бодох юм. Идэрбат миний ганц хүү бөгөөд зөв сайхан амьдраасай гэж хүсэж байна гэх мэдүүлэг. /хх-11/,

            2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12818  тоот актын:

1. Ю.Цолмонгийн биед эрүүнд шарх, доод уруулд язрал, эрүү, зүүн суга, хэвлийн зүүн хэсэг, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохой зүйлийн хэд хэдэн удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. шинжээч эмч О.Болороо гэсэн дүгнэлт  /хх-13/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

            3.1. Насанд хүрээгүй гэрч О.Буянтөгсийн мэдүүлэг, сэжигтнээр тооцсон тогтоол /хх-21/, сэжигтнийг байцаасан тэмдэглэл /хх-22/, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол /хх 24-25/, яллагдагчийн байцаасан тэмдэглэл /хх-26/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны 209 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх 32-34/, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 61 дүгээр захирамж ялаас өршөөн хэтрүүлсэн        /хх-35/, Н.Идэрбатын зан байдлын тухай тодорхойлолт /хх-35/, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамж /хх 36-37/,Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоол /хх-40/, гэр бүлийн хүчирхийлэлийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох, үнэлгээний дүгнэлт /хх 41-45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                         

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Н.Идэрбат нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Усан сангийн 04-47 тоотод хамтран амьдрагч Ю.Цолмонг бусадтай хардаж улмаар түүнийг зодож  биед нь  эрүүнд шарх, доод уруулд язрал, эрүү, зүүн суга, хэвлий зүүн хэсэг, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан                                                                                    гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч Ю.Цолмон, насанд хүрээгүй гэрч О.Буянтөгс, гэрч А.Нарандулам нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12818 тоот акт, шүүгдэгч Н.Дэлгэрбаярын  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч Н.Идэрбат нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Идэрбатад холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Идэрбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.

Хохирогч Ю.Цолмон нь гомдол саналгүй,  нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж  байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж   шүүх  үзлээ. 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан “ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд,  мөн хуулийн ерөнхий ангийн  56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт зааснаар  “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг” ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                                      ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овогт Нарандуламын Идэрбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Н.Идэрбатыг  2 /хоёр/  сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Идэрбатад  оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

          4. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй  болохыг тус тус  дурьдсугай.

          5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Идэрбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

          6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          7.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол  биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Идэрбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ