Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 123/ШШ2021/0005

 

 

2021 оны 03 сарын 18 өдөр                 Дугаар                                           Зуунмод сум

                                            123/ШШ2021/0005

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Т.Ч, Н.О нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Төв аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Т.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А-с шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг санд нь буцаан төлүүлэх тухай” актаар иргэн Б.А-д 11.476.249 төгрөгийг буцаан төлүүлэх тухай хариуцлага хүлээлгэсэн. Актыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын Ерөнхий газарт гомдол гаргахад 2020 оны 12 сарын 09-ний өдрийн 7/98 албан тоотоор шүүхээр шийдвэрлүүлэх талаар дурджээ. Улсын байцаагчийн актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж намайг буруутгасан. Би хуульд заасан журмын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, харьяа нутаг дэвсгэрийн Нийгмийн даатгалын байгууллагад хандаж тэтгэмж тогтоолгон авсан. Тэтгэвэр тогтоох эрх хэмжээ нь Нийгмийн даатгалын асуудал хариуцсан байцаагчид байна, иргэн өөрөө өөртөө тэтгэвэр тогтоохгүй бөгөөд иргэн намайг буруутай мэтээр акт тавьсан нь үндэслэлгүй байна. ...1994 оноос эхлэн би нөхөртэйгээ гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Үүнээс хойш 2015 онд нас барах хүртэл нь хамт амьдарч байсан. Нас барсных нь дараа нийгмийн даатгалын хэлтсээс ямар бичиг баримт шаардлагатай талаар асууж, шаардсан бичиг баримтыг нь бүрдүүлж өгч тэтгэвэр тогтоолгосон. Тухайн үед  дансаар дамжин мөнгө орж ирдэг байсан. ...Өөр хүнтэй хамтын амьдралтай байсан гэсэн шүүхийн шийдвэр гарсан гэдгийг мэдэхгүй, энэ тухай улсын байцаагчаас мэдсэн, ...шүүхийн шийдвэр, хүүхдийн төрсний гэрчилгээний талаар гомдол гаргасан зүйл байхгүй... Хүүхэд насанд хүрсний дараа Нийгмийн даатгалын газраас ирж уулз гэхээр нь очиход надад нэг бичиг үзүүлээд гарын үсэг зур гэхээр нь зурсан. Нийгмийн даатгалаас тогтоож өгсөн мөнгийг л авсан учраас би өөрийгөө буруугүй гэж бодож байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэсэн байхаар заасан. Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Т.Ч, Н.О нарын 2020 оны 03 сарын 29-ний өдрийн 001 дугаартай захиргааны акт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 23 дугаар зүйл, 29 дүгээр зүйл гэх мэт олон зүйл заалтыг үндэслэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг батлан гаргахаас өмнө сонсох ажиллагаа заавал явуулах шаардлагатай гэж хуульчилсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, миний үйлчлүүлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар зэргээс харахад захиргааны актыг гаргасны дараа дуудан ирүүлж танилцуулаад гарын үсэг зуруулсан байдаг. Энэ нь сонсох ажиллагаа явуулаагүй, оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд хяналтын дагалдах хуудасны талаар шаардлагыг заасан. Энэ нь тодорхой захиргааны актыг батлах гаргах процесстой холбоотой бүх л архивын баримт байдаг учир үүнийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хавтаст хэрэгт авхуулахаар шаардсан ч харамсалтай нь хариуцагч хяналтын дагалдах хуудсыг хийгээгүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг зөвшөөрөхгүй бол хаана ямар албан тушаалтанд гомдол гаргах тухай захиргааны актад зааж өгөх ёстой ч заагаагүй. Мөн Монгол Улсад тогтоосон хорио цээрийн хязгаарлалтын цаг хугацааны үед захиргааны акт гаргасан. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулиар тэтгэмжийг бодож олгох асуудал нь Захиргааны байгууллагад байдаг. Харин иргэн хүн өөрөө тухайн захиргааны байгууллагад очиж өөрөө өөртөө тэтгэвэр тэтгэмжийг бодож олгох боломжгүй учир захиргааны байгууллага өөрөө бодож олгохдоо ямар процессын алдаа гаргасан талаар дурдаж байгаа нь хуульд үндэслэх зарчмыг зөрчиж байна. Б.А-н ямар буруутай үйл ажиллагаанаас болж захиргааны байгууллагад 11476249 төгрөгийн хохирол учирсан бэ гэдгийн бодит хууль зүйн үндэслэл нь захиргааны актад байхгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7/98 дугаартай өргөдлийн хариу баримт дээр 6254153 төгрөгийг буцаан төлүүлэх гэж заасан байдаг. Гэтэл 001 дугаар захиргааны акт дээр 11476249 төгрөгийг төлүүлэхээр заасан байдаг. Үүнээс үзэхэд захиргааны байгууллагын ямар буруутай үйл ажиллагаа явуулсан бэ гэдэг нь харагдаж байна. Мөн улсын байцаагч Н.О буюу хариуцагчийн хариу тайлбар дээр Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч нь “болзол хангасан иргэд даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох үүрэгтэй” гэж бичсэн ба 5952677 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэж хариу тайлбар гаргасан. Энэ нь улсын байцаагч 001 дугаартай актыг дэмжиж оролцож байгаа юм уу? эсхүл сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа юм уу? гэдэг нь тодорхойгүй байна. Ийм учраас уг акт нь хууль зүйн үндэслэлгүй, процессын эрх зүйд сонсох ажиллагаа явуулах гэх мэт оролцогчийн эрх ашгийг хангах ажиллагаа хийгдээгүй байна. Мөн 001 дугаартай акт нь тооцооллын алдаатай болохыг хариуцагч албан тушаалтан нар зөвшөөрсөн. 001 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү гэж 

Хариуцагч Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Т.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий газраас чиглэл ирүүлсний дагуу 2018-2020 он хүртэлх хугацаанд тогтоогдсон нийт тэтгэвэр, тэтгэмжид хяналт шалгалт хийсэн. Шалгалтын явцад Баянчандмань сумын тэтгэвэр авагч Б.Атэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохдоо Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийг зөрчиж тэтгэмж тогтоолгосон зөрчлийг илрүүлсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 16.1 дэх хэсэгт “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнд нэгтгэн нэг тэтгэвэр тогтооно...” гэж заасныг зөрчсөн гэж улсын байцаагчийн акт үйлдсэн. Шалгалт хийх явцдаа тэтгэмж авагч Б.А-тай утсаар холбогдож мэдээлэл авсан, мөн хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн байгаа учир акт тавих гэж байгаа тухайгаа Б.А т утсаар мэдэгдэн акттай танилцаж гарын үсэг зурах шаардлагатай байгааг мэдэгдсэн. Үүний дагуу Б.А Нийгмийн даатгалын хэлтэст ирж надтай болон манай хэлтсийн даргатай уулзсаны дараа 001 дугаартай актыг танилцуулж гарын үсэг зуруулсан. Манайх актад тусгасан 11,476,249 төгрөгөөс Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн тэтгэврээс нь нийт 301,476 төгрөгийг суутгасан. Б.А Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан. Уг гомдлын хариуг улсын байцаагчийн актыг тооцооллын алдаатай хийсэн, дахин тооцоолол хийхэд 6,254,153 төгрөг буцаан төлөхөөр байна гэж хариу өгсөн. Үүний дагуу 6,254,153 төгрөгийг энэ хүнээс гаргуулахаар байна. Тэтгэврийг тогтоохдоо нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт зааснаар цэргийн албан хаагчид тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоосон. Цэргийн албан хаагчид тэжээгчээ алдсаны тэтгэмжийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар тооцоолон боддог. ...Үндсэн тэтгэвэр 693290 төгрөг дээрээ хувилж олгох 30331 төгрөгийг нэмж, нэмсэн дүнгээсээ 75 хувилж олгоно. Гарсан дүнгийн 50 хувиар буюу 270357 төгрөг авах байтал анх тогтоогдохдоо 360810 төгрөгөөр тогтоогдсон. Нийгмийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй иргэн 3-аас дээш байвал 100 хувиар, 2 бол 75 хувиар, 1 бол 50 хувиар тооцож олгохоор заасан. Харин тогтоосон тэтгэврийг тэдний хүсэлтээр хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд адил хэмжээгээр хуваан олгох”-оор хуульчилсан. Энэ хоорондох зөрүү 6,254,153 төгрөг гарсан.  Тэтгэвэр тогтоогдсоноос хойш Засгийн газраас 4 удаагийн нэмэгдэл олгосон. Хяналт шалгалт хийх явцдаа нэхэмжлэгчээс гэрлэлтийн баталгаа нь хэвээр байгаа талаар мэдээллийг авсан. Даатгуулагч маань өөр хүнтэй хамтын амьдрал үүсгэсэн байсан. Манай Нийгмийн даатгалын сангаас 2 талаас тэтгэвэр авч байгаа гэдгийг мэдэх программ хангамж байхгүй. Бид энэ хүнийг хуурамч материал бүрдүүлж өгсөн гэж үзээгүй. Бүрдүүлж өгсөн материал нь хуульд заасан шаардлага хангасан учир тэтгэмжийг тогтоосон. Тэтгэлэг тогтоогдохдоо Нийгмийн даатгалын тухай хуулийн 001 дугаар зүйлийн 001.1.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй этгээдийн тоо өөрчлөгдсөн бол гэдэг нь энэ хүн анх тэтгэвэр тогтоолгохдоо хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоог хэлэх ёстой байсан. Бүрдүүлж өгсөн материалаас нь харахад 1 насанд хүрээгүй хүүхэдтэй гэсэн. Даатгуулагч гэрлэлтийн баталгаатай байсан ...өөр хүнтэй хамтын амьдрал үүсгэсэн байсан...2 хүүхэдтэй байсан нь тогтоогдсон. Б.А тэтгэвэр тогтоолгохдоо хөдөлмөрийн чадваргүй хүний тоог хэлэх ёстой байсан. Нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 001 дугаар зүйлийн 001.1.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Б.А улсын байцаагчдын актаар тогтоосон 11476249 төгрөгийн төлбөрөөс 301476 төгрөгийг тэтгэврээс суутгасан бөгөөд дээрх актын дүнгээс 5222096 төгрөгийг хүчингүй болгуулж, төлөгдөөгүй 5952677 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгааг хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001 дугаар актаар тогтоосон 11,476,249 төгрөгийн төлбөрөөс 5,523,572 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “би 1994 оноос эхлэн нөхөртэйгөө гэр бүлж, гэрлэлтээ батлуулсан, үүнээс хойш 2015 онд нас барах хүртэл нь хамт амьдарч байсан, хуульд заасан журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлж, Нийгмийн даатгалын байгууллагад хандсан, нийгмийн даатгалын байгууллагын тогтоосон тэтгэврийг авсан, гэтэл иргэн намайг буруутай мэтээр акт тавьсан нь үндэслэлгүй” гэж маргасан.

 Хариуцагч тал “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнд нэгтгэн нэг тэтгэвэр тогтооно. Харин тогтоосон тэтгэврийг тэдний хүсэлтээр хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд адил хэмжээгээр хуваан олгох”-оор хуульчилсан. Даатгуулагч гэрлэлтийн баталгаатай байсан ...өөр хүнтэй хамтын амьдрал үүсгэсэн байсан...2 хүүхэдтэй байсан нь тогтоогдсон. Б.А тэтгэвэр тогтоолгохдоо хөдөлмөрийн чадваргүй хүний тоог хэлэх ёстой байсан. Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар актын тооцооллыг алдаатай хийсэн, илүү авсан тэтгэвэрийн дүн 6254153 төгрөг байна” гэж тайлбарлажээ.

2. Төв аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001 дугаар актаар “...тэтгэвэр авагч Б.А нөхөр Ө.Д нь Б.З тай хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгож тэжээгчээ алдсаны тэтгэвэр Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тогтоолгосон. Б.А нь Баянчандмань суманд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон, тэжээгчээ алдсаны тэтгэврийг гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд адил хэмжээгээр хуваан олгоно гэсэн заалтыг зөрчсөн тул 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд олгосон 11476249 төгрөгийн тэтгэврийг санд буцаан төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн[1]. Уг актыг Б.А эс зөвшөөрч Нийгмийн даатгалын Ерөнхий газарт гаргахад гомдлыг шалгаад 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7/98 тоот албан бичгээр “...Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч актын тооцооллыг алдаатай хийсэн, дахин тооцоолол хийхэд таны нийгмийн даатгалын санд буцаан төлөх илүү авсан тэтгэврийн дүн 6254153 төгрөг байна.[2] гэсэн хариуг өгчээ.

3. Нэхэмжлэгч Б.А нь даатгуулагч Ө.Д-той 1994 онд гэр бүл болж, 1995 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр гэрлэлтээ батлуулсан[3], 2001 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүү Д-ийн Ө нь төрсөн[4]. Даатгуулагч Ө.Д нь 1988 оны 07 дугаар сарын 001-ны өдрөөс Цэргийн нэгдсэн Дээд Сургуулийн сонсогчоор орж, Батлан хамгаалах яамны сайдын 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаар тушаалаар 298 дугаар ангид санхүүгийн даргаар томилогдсоноос хойш тус яаманд тасралтгүй ажиллаж байгаад 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Батлан хамгаалах Их сургуулийн Санхүүгийн тасгийн дарга, Ерөнхий санхүүчийн албан тушаалаас цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдсөний[5] дараа 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. Б.А тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг 2015 оны 6 сарын 09-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан[6]. Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг баримтлан даатгуулагчийн  тэтгэврийг 723621 төгрөгөөр тооцоолсон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

4. Даатгуулагч Ө.Д-ийг Улаанбаатар хотын харьяат Б.З гэгч иргэнтэй хамтын амьдралтай байсныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2015/03864 дугаар шийдвэрээр тогтоож шийдвэрлэсэн[7], мөн Б.З, Ө.Д нарын хүүхэд Дийн Д нь 2012 оны 05 дугаар сарын 14-ны өдөр төрснийг бүртгэж[8] төрсний гэрчилгээ олгосон. Даатгуулагч Д.Д-ийг нас барсны дараа Б.З нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох өргөдлийг 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргаж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон[9] нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч Б.Ань “хамтын амьдралтай байсныг тогтоосон шүүхийн шийдвэр, хүүхдийн төрсний гэрчилгээ олгосон үйл явдал болон Б.Зд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон талаар мэдээгүй, эдгээр шийдвэрүүдтэй холбогдуулан маргаагүй” тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан, Б.З Улаанбаатар хотод тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авсан байх тул түүнийг тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохдоо даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй хүний тоог бүрэн хэлээгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж буруутгах үндэслэлгүй байна.

5. Дээр дурдсан нөхцөл байдлууд болон нэхэмжлэгчийн “...шийдвэрүүдтэй маргаагүй” гэх тайлбарыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан  бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж олгох тухай шийдвэрийг Нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/ хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд” гэж тус тус зааснаар даатгуулагч Ө.Дийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэд Д.Ө/2001 онд төрсөн/, Д.Д /2012 онд төрсөн/ нар нь  тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байна гэж дүгнэлээ.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг ... дор дурдсан хувь хэмжээгээр бодож тогтооно: Хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо 3-аас дээш бол тэтгэврийг 100 хувиар, гишүүдийн тоо 2 бол тэтгэврийг 75 хувиар, гишүүдийн тоо 1 бол 50 хувиар бодож олгоно...”, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнд нэгтгэн нэг тэтгэвэр тогтооно...” гэж зааснаар даатгуулагчийн тэтгэвэр болох 723,621 төгрөгийн 75 хувь буюу 542,716 төгрөгийн тэтгэврийг түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй 2 иргэнд нэгтгэн тогтоож, уг тэтгэврийг 2 хуваан иргэн  тус бүрт 271,357  төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоон олгох зохицуулалттай байна.

 

Үүнээс үзэхэд Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгчид тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохдоо олгох ёстой тэтгэврээс 90,453 төгрөгийн /361810₮-271357₮=90453₮/ тэтгэврийг илүү тогтоож, 2015 оны 6-р сараас 2020 оны 4 сар хүртэл хугацаанд нийт 6,254,153 төгрөгийн /22,952,497 төгрөг олгосон тэтгэвэр-16,698,344 төгрөг олговол зохих тэтгэвэр=6,254,153 төгрөг₮/ тэтгэвэр илүү олгосон бөгөөд маргаан бүхий актыг үндэслэн Б.А тэтгэврээс 301,476 төгрөгийг хариуцагч төлбөрт суутган авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хариуцагчийн тайлбараар тогтоогдлоо. Иймд Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 001 дугаартай актаар тогтоосон 11,476,249 төгрөгийн төлбөрөөс 5,952,677 төгрөгт /6,254,153 илүү олгосон тэтгэвэр-301,476 төгрөг төлбөрт суутгасан=5,952,677 төгрөг/ холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 5,523,572 төгрөгт /11,476,249-5,952,677=5,523,572/ холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг батлан гаргахаас өмнө сонсох ажиллагаа заавал явуулах шаардлагатай байтал захиргааны актыг батлан гаргасны дараа нэхэмжлэгчид танилцуулсан гэж маргасан байна. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “Нийгмийн даатгалын газраас ирж уулз гэхээр нь очиход надад нэг бичиг үзүүлээд гарын үсэг зур гэхээр нь зурсан ...” гэж, хариуцагч “шалгалтын явцад Б.Аой утсаар холбогдож гэрлэлтийн баталгааг нь асууж мэдээлэл авсан, хууль зөрчсөн байгаа учир акт тавих гэж байгаа, танилцаж гарын үсэг зурах шаардлагатай байгааг утсаар мэдэгдсэн...” гэж тайлбарлан нэхэмжлэгчтэй утсаар холбогдсон тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байх тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001 дугаар актаар тогтоосон 11,476,249 төгрөгийн төлбөрөөс 5,952,677 төгрөгт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 5,523,572 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.А олгосугай.

      

               3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 27-р хуудас

[2] Хавтаст хэргийн 6-р хуудас

[3] Хавтас хэргийн 21-р хуудас

[4] Хавтаст хэргийн 21-р хуудас

[5] Хавтаст хэргийн 20-р хуудас

[6] Хавтаст хэргийн 17-р хуудас

[7] Хавтаст хэргийн 26-р хуудас

[8] Хавтаст хэргийн 82-р хуудас

[9] Хавтаст хэргийн 80-р хуудас