Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1023

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          08           11                                     2022/ШЦТ/1023

 

-                           

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч Ц.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Ц-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, хувиараа өдөр өнжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг гэх, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, нөхөр, охины хамт ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржгин овогт ... (РД:АН81052608).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ц- согтуурсан үедээ 2022 оны 4 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 9 дүгээр байрны орчим хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Б.О- эзэмшлийн 650,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ц.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Пиво уугаагүй орцонд орж архи уусан. Хохирогч утсаа барьж байгаад унагачихсан, тэгээд унтаад байхаар нь утсыг аваад явсан. Над руу яриад утсаа авчих байх гэж бодсон, огт яриагүй. Манай хүүхэд утсыг оролдож байгаад зураг оруулсан байсан. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.О-: “2022 оны 4 дүгээр сарын 14-ний өглөө ...пиво аваад гараад иртэл А-тэй нэг хүүхэн уулзаад зогсож байсан. Тэгээд А- дээр очтол “Энэ хүүхэн бас шартсан гэнээ, пиво аваад өгөөч гээд байна” гэж хэлсэн. Бид гурав Саппорогийн нэг байрны сандал дээр суугаад хоёр, хоёр пиво уучихаад байж байтал А- “гэр лүүгээ орчихоод гараад ирье” гээд явсан. Тухайн үед миний “Самсунг галакси А-52” маркын гар утасны цэнэг дуусаад гадуур өмсөж байсан хантаазны дотуур халаасандаа хийчихсэн байсан. А-ийг гэр лүүгээ орсноос хойших үйл явдлыг санахгүй байгаа. Тухайн өдрийнхөө орой 22 цагийн үед Зайсан орчимд автобусанд сэрсэн. Тэгээд утсаа үзтэл байхгүй байсан. Утсанд байсан “Google account” руугаа орж хартал хамт пиво уусан эмэгтэй хүүхэдтэйгээ авахуулсан зураг нь орсон байсан. Миний гар утсанд ямар нэгэн код байхгүй байсан учир тухайн эмэгтэй шууд ашиглан өөрийнхөө зургийг миний алдсан утсанд хадгалсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022.05.05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний Ц-759 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг А-52 маркын гар утас 650,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

Гэрч Б.Т-н: “...2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хөдөөнөөс гэртээ ирэхэд охин Сувд-Эрдэнэ нь “Самсунг” маркын цэнхэр өнгийн гар утастай болчихсон байсан. Эхнэрээсээ “Энэ юун утас юм бэ” гэж асуухад “лизингээр авсан гар утас байгаа юм” гэж хэлсэн. “Самсунг галакси А-52” маркын цэнхэр өнгөтэй гар утас байсан. Одоо охин маань тухайн утсыг барьж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

Шүүгдэгч Ц.Ц-гийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад үл таних хоёр залуутай танилцаж гадна сандал дээр нэг шил архины талыг нь уугаад үлдэгдэл архийг орцонд орж уусан. Нэг залуу нь “утсаа цэнэглүүлье” гээд явсан. Нөгөө залуутай нь хамт ууж байтал гар утсаа барьж байгаад унтаад өгсөн. Тэгэхээр нь би түүний барьж байсан цэнхэр өнгийн утсыг аваад явсан. Утсыг гэртээ байлгаж байтал манай охин утсаа алдаад тэр утсыг түр барьж байтал цагдаа нар мэдээд ирсэн. Утсыг нь хүлээлгэж өгсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” (хавтаст хэргийн 39 дэх тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-3), эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (хх-5-6, 7), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-8),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-43), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-61), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-44), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-45), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-46), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-47, 52), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх-48-49, 57-58), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-51), АСАП сангийн лавлагаа (хх-66-70) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Ц- согтуурсан үедээ 2022 оны 4 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 9 дүгээр байрны орчим хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Б.О- эзэмшлийн 650,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.О- “...Хамт архи уусан. ...Сэрээд гар утсаа үзтэл байхгүй байсан. Мөн тухайн утсанд байсан “Google account” руугаа орж хартал хамт пиво уусан эмэгтэй хүүхэдтэйгээ авахуулсан зураг нь орсон байсан...” гэх мэдүүлэг (хх-14-15), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн “Самсунг А-52 маркын гар утас 650,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан (хх-25-26), гэрч Б.Т-н “...охин “Самсунг” маркын цэнхэр өнгийн гар утастай болчихсон байсан. Эхнэрээс энэ юун утас юм бэ гэж асуухад лизингээр авсан гар утас байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-22-23), шүүгдэгч Ц.Ц-гийн “...түүний гартаа барьж байсан цэнхэр өнгийн гар утсыг аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-39), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-8) зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Ц-гийн хохирогчтой хамт орцонд архи ууж байхдаа түүний “Самсунг А52” маркын гар утсыг хулгайлан авч 650,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Одбаярт 650,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохиролд гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн (хх-8), хохирогчийн “Гомдол, саналгүй” гэх мэдүүлэг (хх-14-15)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ц.Ц- нь 2022 оны 4 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 9 дүгээр байрны орчим хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Б.О- эзэмшлийн 650,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар, анхнаасаа хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгч хувиараа ажилладаг гэх боловч баримт байхгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон...” гэж,

шүүгдэгч “Торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлоо төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нийтийн эзэмшлийн гудамж талбайд архидан согтуурч, шүүгдэгч согтуурсан үедээ хохирогчийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 650,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, гар утас биет байдлаар буцаан төлөгдсөн, хохирогчийн “Гомдол, саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ц- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36,3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржгин овогт Ц.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ц- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Л.БААТАР