Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/578  

 

  2022        06          29                                   2022/ШЦТ/578      

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: И.Мөнхцэцэг /томилолтоор/,

Иргэний хариуцагч: Х.Б,

Шүүгдэгч Л.Б түүний өмгөөлөгч Д.Очирваань,

Шүүгдэгч Н.О түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б, Н.О нарт холбогдох эрүүгийн 1902004060322  дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Л.Б,  //, Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Ардчилсан намын Намын байгуулалтын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 162 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

Н.О, //, Монгол улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 6а байрны 53 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 16-р гудамжны 224 тоотод түр оршин суудаг, ам бүл 2 нөхрийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт хэргийн талаар:                                                                                 

Шүүгдэгч Л.Б нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа уг хэлтсийн архив, бичиг хэрэг даргын туслах буюу “Тохилог гудамж-амьдрах орчин” туршилтын хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Отай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тохилог гудамж- амьдрах орчин” туршилтын хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдаж “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ыг шалгаруулсан мэт тэмдэглэл Н.Огаар үйлдүүлж, улмаар 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ын захирал Х.Бтай ХАА 15/01 дугаартай “Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах” тухай 198,366,812 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулж давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.О нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн архив, бичиг хэрэг даргын туслах ажилтан буюу “Тохилог гудамж-амьдрах орчин” туршилтын хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Бтэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан болоогүй байхад 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлын хэсэг хуралдаж “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ыг сонгон шалгаруулсан мэтээр тэмдэглэл үйлдсэн. Улмаар Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Б нь “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ын захирал Х.Бтай ХАА 15/01 дугаартай “Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах” тухай

198.366.812 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулж давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 1902004060322 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            Шүүгдэгч Н.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            Иргэний хариуцагч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Уг ажлын хүрээнд 4 гудамжийг хийх ёстой гэсэн ба 2 гудамжийг хийсэн. Санхүүжилт өгөхгүй байхад өөрийн машиныг ломбардад тавьж уг ажлыг эхлүүлж байсан. Одоо тухайн гудамжийг харвал шаваргүй, хүмүүсийн эрүүл тохилог зорчих нөхцөл хангагдсан нь харагддаг. Гэтэл намайг улсыг их хэмжээгээр хохироосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлыг анх н.Даариймаа гэх хүн санал болгосон ба Л.Б, Н.О нартай хуйвалдсан, давуу эрх авсан гэх асуудал огт байхгүй. Цагдаагийн байгууллагаас болон Авлигатай тэмцэх газраас намайг дуудаж, уг хэрэгт хамааралгүй талаар хэлж байсан. 191,600,000 төгрөгийн ажлын санхүүжилтээс 59,000,000 төгрөгийг авсан. Ажлыг хийж гүйцэтгэсэн, мөнгийг бүрэн авч чадаагүй мөртөө хохирол учруулсан гэх зүйлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэв.

            Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/226 дугаартай “Туршилтын хөтөлбөр батлах тухай” тушаал, хавсралтууд /1-р хх-ийн 60-64-р хуудас/

            Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Бий 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/139 дугаартай “Тохилог гудамж-амьдрах орчин” туршилтын хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай тушаал, удирдамж /1-р хх-ийн 48-50-р хуудас/

            Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Бий 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/151 дугаартай “Тохилог гудамж-амьдрах орчин” төслийн хэрэгжилтэд хөрөнгө зарцуулах тухай тушаал /1 -р хх-ийн 47-р хуудас/

            “Тохилог гудамж-амьдрах орчин” туршилтын хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 51-53-р хуудас/

            2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Б, “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ын захирал Х.Б нарын хооронд байгуулсан “Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах” тухай ХАА 15/01 дугаартай гэрээ /1-р хх-ийн 54-56-р хуудас/,

             “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ын хийж гүйцэтгэсэн ажилтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 74-119-р хуудас/

            Төрийн банкны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 026/6597 дугаартай албан бичиг, депозит дансны харилцагчийн хуулга /1-р хх-ийн 179-180-р хуудас/

            Л.Бг ажилд томилсон тушаал /4-р хх-ийн 65-р хуудас/

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хурцбаярын “...Мөрдөгчийн магадалгаагаар гарсан 12,010,043 төгрөгийг төрд буцааж төлүүлэхээр нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /4-p хх-ийн 71-72-р хуудас/

            Гэрч Л.Б “...Би ийм ажлын хэсэгт орсон гэдгийг мэдэхгүй байна, би ийм төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт орж ажиллаагүй, Л.Б надад ийм ажлын хэсэг гаргасан талаар надад хэлж байгаагүй, ....Л.Б дарга, Н.Оюунмаа, тэр Банзрагч 3 нийлээд л гүйгээд байсан, уг тэмдэглэлд гарын үсэг зурсан учир нь тухайн үед намайг өрөөндөө байж байтал Н.Оюунмаа, Банзрагч нар ирээд нэг цаасны гарын үсэгтэй хэсгийг надад харуулаад намайг гарын үсгээ зур гэсэн тэгэхээр нь би ямар учиртай юм бэ уншиж танилцаж байж гарын үсэг зуръя гэж хэлсэн чинь одоо яаралтай яам руу авч явлаа хурдан зур гэсэн хажуугаас Банзрагч нь зурахгүй бол дарга ажилтай чинь ярина гэсэн шүү гэж хэлсэн би өмнө нь 2011 онд манай нөхөр нас бараад би 3 оюутан хүүхэдтэйгээ үлдээд ажлаасаа халагдсан их хэцүү байсан болохоор ажлаас халчих болов уу гэж бодоод гарын үсгээ зурсан юмаа би өөр ямар нэгэн баримт бичигтэй танилцалгүй гарын үсэг зурж байгаагүй, тухайн үед гарын үсэг зурсан тэмдэглэл нь энэ байх гэж бодож байна би юун дээр гарын үсгээ зурж байгаагаа мэдээгүй юм.” гэсэн мэдүүлэг/1-p хх-ийн 17-18, 3-р хх-ийн 109-р хуудас/,

            Гэрч В.Г “...Би уг тушаалыг үзэж харлаа би ийм тушаал харж байгаагүй тушаал байна энэ тушаалд байгаа Оюумаа нь бичиг хэрэг байсан намайг ажлаас халаад дотоод хяналт үнэлгээ үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтэн гэж албан тушаалд тавьсан, энэ ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд Баянзүрх дүүрэгт орж байсан гудамж төслийн хүрээнд орж ажиллаж байсан гэж намайг бичсэн байна би урьд өмнө нь тийм гудамж төсөлд орж байгаагүй бүх зүйл нь хуурамч байна би ийм төсөл сонгон шалгаруулаачгүй би ийм гарын үсэг зураагүй миний гарын үсгийг дуурайлган зурсан байна би энэ төсөл хөтөлбөрийг тэр чигээрээ мэдэхгүй юм . Би энэ хурлын тэмдэглэлийг анх удаа харж байна ийм хурал болсон бол би суугаагүй. хэн миний гарын үсгийг зурсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 -р хх-ийн 19-20, 3-р хх-ийн 115-р хуудас/

            Гэрч Ч.А “...Би 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтэст нягтлан бодогчоор томилогдож ирсэн. Уг хурал 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу намайг шинэ ажлаа авснаас хойш 8 өдрийн дараа болсон юм шиг байна лээ тухайн үед би уг ажлын хэсгийн хуралд суугаагүй, Н.Оюунмаа ирээд төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан ямар учиртай тэмдэглэл юм бэ би оролцоогүй шүү дээ гэхэд чамайг оролцуулахгүй бол болохгүй байсан тул оролцсон гээд бичсэн гарын үсгээ зурчих гэж хэлсэн. Ажлын хэсгийн хуралд орсон бүх хүмүүс бүгд гарын үсгээ зурсан байсан тул би бас гарын үсгээ хамгийн сүүлд би зурсан санагдаж байна, Уг хурал болсон эсэхийг би мэдэхгүй, учир нь би уг хуралд оролцоогүй байхад хурлын тэмдэглэлийг бичээд дараа нь надаар гарын үсэг зуруулсан, төслийн сонгон шалгаруулах материалыг Төрийн сангаас дараа нь үзчихээд нягтлан бодогчийг оролцуулаагүй байна гэдэг болохоор чамайг хуралд орсноор бичсэн гэж Н.Оюунмаа надад хэлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 117-р хуудас/

            Гэрч Д.М “...Би тухайн төслийг манай Чингэлтэй дүүрэгт хэрэгжихээр болсон гэж сонсож байсан тэрнээс яг би энэ төсөл дээр ажлын хэсэгт орсон, тухайн төслийг сонгон шалгаруулсан асуудал байхгүй. Би таны үзүүлсэн төсөл хөтөлбөрт оролцоогүй. Би энэ хурлын тэмдэглэлийг анх удаа харж байна би энэ хурлын тэмдэглэл дээр хэлсэн үгийг хэлээгүй, би ийм хуралд суугаагүй. ...2014, 2015 онуудад би Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байхад ажил хүлээлцэх байнгын комисс, бусад төсөл хөтөлбөрийн ажлын хэсэгт орсон байдаг ийм төсөл хөтөлбөрт хагас жил, жилийн эцсээр архивын нэгж үүсгэх үед таны гарын үсэг ийм зүйл дээр дутуу байна тийм зүйл дээр дутуу байна гээд нөхөж зуруулдаг асуудал байсан тэр үеэр надад мэдэгдэлгүй би анзаарахгүй зурсан байж магадгүй юм шиг байна. Хэрвээ “Тохилог гудамж-Амьдрах орчин" нэртэй туршилтын төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралд би суусан бол санах ёстой гэхдээ ийм хурал зөвлөгөөн болоогүй, би ийм хуралд суугаагүй харин миний гарын үсгийг надад өөр байдлаар тайлбарлаж зуруулсан байж магадгүй байна” гэх мэдүүлэг/1-p хх-ийн 23-24-р 3-р хх-ийн 111-113-р хуудас/

            Иргэний хариуцагч Х.Бгийн гэрчээр өгсөн “...2015 оны 10 дугаар cap орчим санагдаж байна, тухайн үед Монгол улсын их хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан Г. бие төлөөлөгч Цэ гэх хүнээс анх энэ төслийн талаар сонсож байсан. Тухайн үедээ би Чингэлтэй дүүрэг хариуцсан Эко хөдөлмөр, ажлын байр, сургалтын төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болохоор төсөл хэрэгжих боломжтой гудамжнууд болох Чингэлтэй дүүргийн 7, 8, 15, 16 дугаар хороонуудын 4 гудамжийг сонгосон. Сонгосон хороонууд нь Нийслэл дүүргийн хэмжээний жишиг гудамж болох ёстой гэдгийг хэлж байсан, тэгээд би төрийн бус байгууллагаараа оръё гэж бодоод төсөл сонгон шалгаруулах комисст энэ төсөлд оролцох тухай материалаа өгөхөд нэлээн хэд хоногийн дараагаар төсөл сонгон шалгаруулах комисс, хөдөлмөрийн хэлтсээс над руу залгаад таны бичсэн төсөл шалгарлаа, удалгүй ирж гэрээгээ хий гэж хэлэхээр нь тухайн үеийн Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Бгийн өрөөнд очиж уулзахад хажууд нь дээр дурдсан Цэвэлмаа, тус хэлтсийн мэргэжилтэн О нар байсан. Тэр Баттүвшин дарга Оюунмаад хэлэхдээ чи нөгөө боловсруулсан гэрээгээ авч ирээд энэ Баясгалан гэх хүнд танилцуулаадах гэж хэлэхэд Оюунмаа өрөө лүү гээ яваад боловсруулсан гэрээг авч ирээд надад үзүүлсэн. Тэгээд би О асуухдаа ажлын хугацаа төлбөрийн хуваарийг танилцаж хоорондоо зөвшилцөж гэрээг эцсийн байдлаар батлахаар болсон. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажил олгогч талыг төлөөлж Баттүвшин, ажлыг гүйцэтгэгч талаас Эко хөдөлмөр ажлын байр төрийн бус байгууллагыг төлөөлж миний бие гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Гэрээний нөхцөлд дээр дурдсан Чингэлтэй дүүргийн 7, 8, 15, 16 дугаар хороонуудад зам талбай засаж, зарим гудамжны зам дагуу айлуудын хашааг жигдрүүлж засах ажлуудыг хийж гүйцэтгэх ёстой байсан, гэтэл гэрээ байгуулагдсан байж санхүүжилт нь шийдэгдэж өгөхгүй явсаар байгаад өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрээр ажлаа эхлүүлсэн. Ингэж эхлүүлэхдээ ажилчдын хоол хүнс, тээврийн зардлыг зохицуулахын тулд төрийн бус байгууллагын гишүүн Баяртогтох нь автомашинаа ломбардад тавиад хөрөнгө босгож байсан, манай төрийн бус байгууллага нь дээрх төслийн хүрээнд өөрсдийн хөрөнгөөр 15 дугаар хорооны Жаргалантын 47 дугаар гудамжинд 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эхлүүлж тухайн гудамжны 72 дугаар сургууль, 102 дугаар цэцэрлэгийн гадна талбайн авто замыг 50 см гүн ухаж уулын буталсан чулуугаар дүүргэн индүүдэн нягтруулж, сургууль цэцэрлэгт сурч хүмүүждэг сурагчид болон гудамжны иргэд зорчих таатай нөхцөлийг бүрдүүлж эхэлсэн. ...Дараагийн хийсэн нэг ажил бол 16 дугаар хорооны Согоотын 6 дугаар гудамжны авто зам, явган хүний зам, 3 айлын хашааг засаж тохижуулсан. Авто замын ажилд 465.5 метр куб хөрс хуулалт хийж 279.3 метр куб буталсан чулуун хольцоор суурь хийж 186.2 метр куб элс хайрганы хольцоор хучилт хийж сайжруулсан. 66 метр урттай явган хүний замыг шинээр тавьж гудамжны төгсгөлд байх жалганы явган гүүртэй холбож өгсөн. Явган хүний зам шинээр тавьснаар тус гудамжаар зорчдог иргэдийн аюулгүй зорчих нөхцөл бүрдсэн. 3 айлын 30 метр хашааг шинээр хийж орчныг жигд болгож өгсөн. Гэрээнд санхүүжилтийн талаар тусгахдаа эхний санхүүжилт болох 30 хувийн 59.5 сая төгрөгийг ажил эхлэх үед олгоно, дараагийн санхүүжилт буюу 50 хувийн 99.1 сая төгрөгийг нийт ажлын 50 хувь нь хийгдсэн тохиолдолд олгохоор, үлдэгдэл 20 хувийн 40 орчим сая төгрөгийг олон нийтийн хяналт хийж ажил хүлээн авах, ажлын хэсэг хүлээж авсны дараа хүлээн авсан баримтыг үндэслэн төлнө гэж гэрээнд заасан. Гэтэл санхүүжилт олгогдохгүй 2016 оны 01 дүгээр сараас 03 дугаар cap хүртэл явсаар байгаад 03 дугаар сарын 11-ний өдөр 44.8 сая төгрөгийн санхүүжилт олгогдож дараагийн санхүүжилт олгогдохгүй байсан учир дараагийн гудамжны засварын ажлаа хийлгүйгээр зогсоогоод хэл ам, хэрүүл тэмцэл болж байж 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 14,500,000 төгрөгийн санхүүжилт олгосон. Ингээд нийтдээ 59.3 сая төгрөгийн санхүүжилт авсан. Өөр ямар нэгэн санхүүжилт аваагүй ажил бүр мөсөн зогссон” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 101-102-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Нийтийн албан тушаалтан болох Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга ажилтай Л.Б нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улмаар уг хэлтсийн архив бичиг хэрэг, даргын туслах буюу  төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Од хууль бус үүрэг чиглэл өгч, “Тохилог гудамж-амьдрах орчин” туршилтын хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдаж “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ыг шалгаруулсан мэт тэмдэглэл үйлдэхийг  даалгаж, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ын захирал Х.Бтай ХАА 15/01 дугаартай “Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах” тухай 198.366.812 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг хууль бусаар байгуулж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

шүүгдэгч Н.О нь шүүгдэгч Л.Бгийн дээрх гэмт хэрэг санаатай үйлдэхэд түүний хууль бус даалгаврын дагуу “Тохилог гудамж-амьдрах орчин” туршилтын хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдаж “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ыг шалгаруулсан мэт хуурамч хурлын тэмдэглэл үйлдэж, бусдаар гарын үсэг зуруулж, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ын захирал Х.Бтай ХАА 15/01 дугаартай “Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах” тухай 198.366.812 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран оролцсоныг нотолсон үйл баримтууд:

 шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/226 дугаартай “Туршилтын хөтөлбөр батлах тухай” тушаал, хавсралтууд /1-р хх-ийн 60-64-р хуудас/, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Бий 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/139 дугаартай “Тохилог гудамж-амьдрах орчин” туршилтын хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай тушаал, удирдамж /1-р хх-ийн 48-50-р хуудас/, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Бий 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/151 дугаартай “Тохилог гудамж-амьдрах орчин” төслийн хэрэгжилтэд хөрөнгө зарцуулах тухай тушаал /1 -р хх-ийн 47-р хуудас/, “Тохилог гудамж-амьдрах орчин” туршилтын хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 51-53-р хуудас/, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Б, “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ын захирал Х.Б нарын хооронд байгуулсан “Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах” тухай ХАА 15/01 дугаартай гэрээ /1-р хх-ийн 54-56-р хуудас/,  “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ын хийж гүйцэтгэсэн ажилтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 74-119-р хуудас/, Төрийн банкны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 026/6597 дугаартай албан бичиг, депозит дансны харилцагчийн хуулга /1-р хх-ийн 179-180-р хуудас/, Л.Бг ажилд томилсон тушаал /4-р хх-ийн 65-р хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хурцбаярын “...Мөрдөгчийн магадалгаагаар гарсан 12,010,043 төгрөгийг төрд буцааж төлүүлэхээр нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /4-p хх-ийн 71-72-р хуудас/, Гэрч Л.Б /1-p хх-ийн 17-18, 3-р хх-ийн 109-р хуудас/, Гэрч В.Г /1 -р хх-ийн 19-20, 3-р хх-ийн 115-р хуудас /, Гэрч Ч.А /3-р хх-ийн 117-р хуудас/, Гэрч Д.М /1-p хх-ийн 23-24-р 3-р хх-ийн 111-113-р хуудас/, Иргэний хариуцагч Х.Бгийн гэрчээр өгсөн /3-р хх-ийн 101-102-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр, хуульд заасан журмыг баримтлан хангалттай хэмжээнд нотлогдон тогтоогдсон байна.

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд Л.Б, Н.О нар нь бүлэглэн өөрсдийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал олгон их хэмжээний хохирол учруулж буй нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Л.Б, Н.О нарын албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ нь авсан санхүүжилтээр бус “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ын захирал Х.Бтай байгуулсан “Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах” тухай “ гэрээний  үнийн дүн 198.366.812 төгрөгөөр тодорхойлогдох ба уг үйлдэл нь төсвийн тодорхой санхүүжилтээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажиллагаанд бусад хуулийн этгээд тэгш, шударгаар өрсөлдөн оролцох боломжоос гадна төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсанд тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул оршино.

 

            Шүүгдэгч Н.О нь тухайн төслийг сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдаагүй, төслийг сонгон шалгаруулалт явагдаагүй байхад мэдсээр байж зохиомол хурлын тэмдэглэл үйлдэж, бусдаар гарын үсэг зуруулах замаар шүүгдэгч Л.Бгийн албан тушаалаа урвуулах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж буй идэвхтэй оролцоо нь түүнийг энэ гэмт хэрэгт хамжигчаар оролцсоныг хангалттай нотолсон байна.     

Л.Б, Н.О нарын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна.   

Гэсэн хэдий ч шүүгдэгч Л.Б, Н.О  нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас … их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн боловч хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл бий болсон тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн1, 3.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллахаар дүгнэлт үйлдсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчимд нийцсэн гэж үзэв.

Учир нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд “…нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах... ял шийтгэхээр” зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагад хорихоос өөр төрлийн ялын төрөл хэмжээ нэмэгдсэн нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч Л.Б, Н.О нарт холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна хууль тогтоогч Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон зохицуулалт нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар, агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хүчин төгөлдөр хуулийн заалтыг баримталж хэргийг шийдвэрлэх учиртай.

Өөрөөр хэлбэл, материаллаг болон процессын хуулийн хэм хэмжээ нь өөр өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай ойлголт хэдий ч зарим тохиолдолд тэдгээр хэм хэмжээний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог шинжийг илэрхийлдэг, эсхүл харилцан зөрчилдсөн байдлаар хуульд тусгагдаж болохыг эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн онолоор хүлээн зөвшөөрдөг учир тухайн хэм хэмжээний агуулга, мөн чанарыг харгалзан хэрэглэдэг болно.

Ийм учраас шүүгдэгч Н.Огийн өмгөөлөгчийн “...хуулийн зүйл ангийн хувьд маргаж байна. Оюумааг дээрх гэмт хэрэг үйлдсэнийг хангалттай нотолж тогтоогоогүй. Тус хөдөлмөрийн хэлтэст 17 төсөл ирснээс “Эко хөдөлмөр” төрийн бус байгууллагыг Баттүвшин сонгосон. О үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийг төдий агуулсан энэ хэргийг Оюумаа сэдээгүй. Хурлын тэмдэглэлийг зохих албан тушаалтнуудад танилцуулж гарын үсэг зурсан байдаг бөгөөд энэ нь тогтоогдддог. Тэдгээр хүмүүс сонгон шалгаруулалт яаж явагддаг талаар мэддэг байх учиртай. Хуурамчаар гарын үсэг үйлдсэн талаар яригдаагүй. Миний үйлчлүүлэгч О үйлдэл энэ нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэхгүй байна. Төслийн хэрэгжилтэд төсөв мөнгө шилжүүлэх хүсэлт зэргийг Л.Б хийсэн..... О үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж  өгнө үү” гэх,

шүүгдэгч Л.Бгийн өмгөөлөгчийн “..Гэм буруугийн талаар маргахгүй.......2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл 1 дэх хэсэгт үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. Энэ гэмт хэргийг прокурор 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн гэж тодорхойлж байна. Тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан энэ хуулиар гэмт хэргийг тодорхойлох шаардлагатай учир хууль буцаан хэрэглэж хохирлын хэмжээг зөв тогтоож 2002 оны эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийг зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэх гомдлууд үндэслэлгүй байна.

Иймд прокуророос шүүгдэгч Л.Б, Н.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  3.2 дугаар зүйлийн 1 хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

Иргэний хариуцагч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарласан боловч “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ын захирал Х.Б нь төслийн санхүүжилтэд 59.513.043 төгрөгийг шилжүүлэн авч, уг санхүүжилтээс 47.153.000 төгрөгийн ажлыг гүйцэтгэж хийсэн тул тухайн төслийн санхүүжилтэд шилжүүлсэн мөнгөний зөрүү болох 12.010.043 төгрөгийн ашиг олсныг хууль бусаар олсон орлого гэж үзэж иргэний хариуцагч Х.Бгаас гаргуулж улсын орлого нь болгох зүйтэй байна.

 Харин шүүгдэгч Л.Б, Н.О нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Л.Б, Н.О нарыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Иймд Л.Б, Н.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2  дах хэсэгт зааснаар Л.Бг нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 15.000 (1 нэгж=1000 төгрөг) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 сая төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Ог нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 (1 нэгж=1000 төгрөг) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Б, Н.О нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б, Н.О нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ НЬ:

1.  Л.Б, Н.О нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 15.000 (1 нэгж=1000 төгрөг) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 сая төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Ог нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 (1 нэгж=1000 төгрөг) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Н.О нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Н.О нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Л.Б, Н.О нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

            6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг 12.010.043 төгрөгийг иргэний хариуцагч Х.Бгаас гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Л.Б, Н.О нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,5  дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, Н.О нарын  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БАЯРМ