Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1024

 

 

                     

 

 

 

 

 

Сайхан амарсан уу1024

    2022          08          11                                     2022/ШЦТ/1024

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч Л.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Л.М-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, эхнэрийн хамт ... түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Түдэв овогт ... (РД:ЧТ8004...).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.М- нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ... УНС улсын дугаартай “Тоёота Приус-30” маркын тээврийн хэрэгсэл жолоодон, хувиараа такси үйлчилгээ эрхэлж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүргүүлсэн хохирогч Г.О- гээгдүүлсэн “Самсунг А-12” маркын гар утас, цахим иргэний үнэмлэх, Хаан банкны карт, саравчтай малгай зэрэг эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 488,300 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Л.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Натур худалдааны төвөөс нэг хүн суулгасан. “Хөтөл 12,000 төгрөгөөр явъя” гээд тохироод явсан. Нэг гудамж руу ороод надад 10,000 төгрөг өгөөд буугаад үлдсэн. Тэгээд цааш явж байтал машинд утас байсныг авсан. Малгай карт зэрэг нь байгаагүй. Утсыг буцааж өгсөн. Миний буруу дахиж алдаа гаргахгүй. Гэмшиж байна” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.О-: “2022 оны 05 сарын 22-ны өдрийн ...11 цаг өнгөрч байхад төв замаас такси барихаар явсан. Тухайн үед би нэлээд согтсон байсан. Гар өргөөд зогсож байсан чинь хар өнгийн машин зогссон. Суугаад Баянхошууны Хөтөл орно гэж жолоочид хэлсэн. Явж байсан чинь унтсан байсан, нөгөө таксины жолооч намайг сэрээгээд “Босч бие засаарай ахаа” гээд машинаас буулгасан. Намайг өөр газар буулгасан байсан ба манай гэрийн гадаа биш байсан. Машинаас буугаад зогсож байсан чинь нөгөө машин хөдлөөд явсан. Би араас нь харсан чинь хар өнгийн Приус-30 маркын, улсын дугаарыг нь 57-87 билүү 87-57 гэж харсан. Буруу харсан байж магадгүй, үсгийг нь харж чадаагүй. ...Тэгээд би араас нь явж байгаад гэр лүүгээ явах гээд зам дээр гарсан чинь манай гэрээс урагшаа замын урд намайг буулгаад явсан байсан. Миний “Самсунг А-12” маркын гар утас куртикны халаасанд байсан. Гар утасны гэрт цахим үнэмлэх, банкны карт байсан. Шинээр авсан малгайгаа арын суудалд үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022.05.26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 22/019 дугаартай тайланд: “Самсунг А-12 гар утас 400,000 төгрөг, иргэний үнэмлэх 18,300 төгрөг, Хаан банкны карт 5000 төгрөг, саравчтай малгай 65,000 төгрөг, нийт 488,300 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Шүүгдэгч Л.М-ийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад “Натур” худалдааны төвийн хажуугаар явж байтал нэг согтуу 30-35 насны орчим эрэгтэй замын хажууд гараа өргөхөөр нь “тэр залууг аваад хаашаа явах вэ” гэтэл “Баянхошууны Хөтөл явна, 12,000 төгрөг өгье” гэхээр нь за гээд явсан. Хөтөлийн буудал дээр иртэл тэр залуу “буцаад эргэчих” гэхээр нь буцаж эргээд явж байтал тэр залуу “гудамж руу ороод зогсчих” гэхээр нь би гудамж руу орж зогссон чинь тэр залуу 10,000 төгрөг өгөхөөр нь би хөдлөөд явсан. Тэр залуу гудамжинд бие засаад үлдсэн. Хөтөл уруудаад явж байгаад хойшоо хартал арын шалавчин дээр ногоон өнгийн гэртэй, “Самсунг А-12” маркын гар утас хэвтэж байхаар нь аваад унтраагаад гэр рүүгээ явсан. Тэр үед ганцхан гар утас байсан, иргэний үнэмлэх, банкны карт, саравчтай малгай зэрэг эд зүйлүүдийг байсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ би эдгээр зүйлүүдийн хохирлыг барагдуулаад өгчихнө. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн “...“А-12” маркын гар утас Л.М-эс хураан авч, Г.Оюунболдод хүлээлгэн өгсөн” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 49, 50 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-28), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-19), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-29), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-31), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-32), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх-33), банкны дансны хуулга (хх-34-35) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Л.М- нь 2022 оны 5 дугаар сарын 22- ны өдөр ... УНС улсын дугаартай “Тоёота Приус-30” маркын тээврийн хэрэгсэл жолоодон, хувиараа таксийн үйлчилгээ эрхэлж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүргүүлсэн хохирогч Г.О- гээгдүүлсэн “Самсунг А-12” маркын гар утас, цахим иргэний үнэмлэх, Хаан банкны карт, саравчтай малгай зэрэг эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 488,300 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгчээс 88,300 төгрөг гаргуулж, хохирогчид олгуулах саналтай...гэж,

шүүгдэгч “Цаашид дахин ийм алдаа дутагдал гаргахгүй. Буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.М- нь 2022 оны 5 дугаар сарын 22- ны өдөр ... УНС улсын дугаартай “Тоёота Приус-30” маркын тээврийн хэрэгсэл жолоодон, хувиараа такси үйлчилгээ эрхэлж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүргүүлэн буухдаа хохирогч Г.О- гээгдүүлсэн “Самсунг А-12” маркын гар утас, цахим иргэний үнэмлэх, Хаан банкны карт, саравчтай малгай зэрэг эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 488,300 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.О- “...таксины жолооч намайг сэрээгээд босч бие засаарай ахаа гээд машинаас буулгасан ба намайг өөр газар буулгасан байсан ба манай гэрийн гадаа биш байсан...” гэх мэдүүлэг (хх-6-7), “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Самсунг А-12 гар утас 400,000 төгрөг, иргэний үнэмлэх 18,300 төгрөг, хаанбанкны карт 5000 төгрөг, саравчтай малгай 65,000 төгрөг, нийт 488,300 төгрөг” гэх тайлан (хх-15-16), шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийн “...Хөтөл уруудаад явж байтал би хойшоогоо эргээд хартал арын шалавчин дээр нэг ногоон өнгийн гэртэй, “Самсунг А-12” маркын гар утас хэвтэж байхаар нь би аваад унтраагаад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг (хх-58-59), эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-49, 50) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийн тээврийн хэрэгсэлд нь гээгдүүлсэн хохирогч Г.О- гар утас, бусад эд зүйлийг мэдсээр байж завшиж 488,300 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Л.Мөнх-Эрдэнийн хувьд иргэний үнэмлэх, банкны карт, саравчтай малгай зэргийг аваагүй гэж маргаж байгаа боловч шүүгдэгч өөрийн мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэжээ.

Мөн тухайн эд зүйл хохирогчид байсан талаар хохирогч Г.О- “...гар утасны гэрт нь өөрийн цахим үнэмлэх, хаан банкны карт зэргийг хийсэн байсан. Тэгээд шинээр авсан малгайгаа арын суудал дээр үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-6-7) нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Оюунболдод 488,300 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-49-50), иргэний үнэмлэх, банкны карт, саравчтай малгай зэрэг эд зүйлийн үнэлгээ болох 88,300 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Л.М-эс 88,300 төгрөг гаргуулж, хохирогч Г.О (... тоотод оршин суух, РД:ШД8302..., утас:...)-д олгохоор шийдвэрлэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Л.М- нь хувиараа ажил хийдэг орлого олдог, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...гэж,

шүүгдэгч “Дахиж алдаа дутагдал гаргахгүй. Буруутай үйлдлээ ухамсарлаж байна” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч хохирогчид таксигаар үйлчлэхдээ машинд нь орхиод буусан гар утас, бусад эд зүйлсийг бусдынх гэдгийг мэдсээр байж буцаан өгөлгүйгээр авч завшсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 488,300 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, гар утас биет байдлаар төлөгдсөн, 88,300 төгрөг төлөгдөөгүй, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэр бүлийн байдал, тодорхой хөдөлмөр эрхэлж, орлого олдог)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Л.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлого олдог гэх)-ийг харгалзан шүүгдэгч Л.М-ийг 800,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.М- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Түдэв овогт Л.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ийг 800,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497.1 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-эс 88,300 (наян найман мянга гурван зуу) төгрөг гаргуулж, хохирогч Г.Оюунболд (... тоотод оршин суух, РД:ШД8302..., утас:...)-д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.М- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР