Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Н-ийн гаргасан,

           

            Хариуцагч: П-д холбогдох,

 

Нэр төр, ажил хэргийн нэр төр сэргээлгэж, сэтгэл санааны улмаас учирсан хохиролд 3,654,300.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч М, К, хариуцагч П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, иргэдийн төлөөлөгч Ө, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.                                               

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие *******ны засаг даргаар 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргалгүй, улсад хийж бүтээсэн зүйлтэй байсан.

 

            Гэтэл *******.mn, *******.mn болон *******.mn гэсэн олон нийтийн цахим мэдээллийн хэрэгсэл болон ******* телевиз, ийгл телевизээр “*******ны засаг дарга Н залилангийн хэргээр цагдаад өгчээ” гэсэн гарчигтай мэдээлэл цацагдсан.

 

            Би, тус мэдээллийг хэн тараасан талаар олж мэдээд холбогдох хүмүүсийг цагдаагийн газар өгч, шалгуулсан бөгөөд хэрэгт авагдсан баримтад гэрчээр оролцсон Г-ын цагдаагийн байгууллагад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “Баянзүрх дүүргийн засаг дарга П-ийн өгсөн үүрэг даалгаврын дагуу энэхүү мэдээллийг *******.mn-ий сэтгүүлж Ц-д өгсөн, мэдээллийн эхийг бэлтгэж, засаг даргад танилцуулахад тэрээр хэвлэл мэдээллээр цац” гэсэн тайлбар, мөн энэ хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгт “дүүргийн хэвлэл мэдээллийн албаны дарга нь тамгын дарга болон засаг даргын өгсөн үүрэг даалгавраар мэдээлэл бэлддэг” гэх тайлбараар тус тус тогтоогддог.

 

            Миний бие тухайн бодит байдалд нийцэхгүй мэдээллийн улмаас маш их хохирч, сэтгэл санаагаар унаж, гутарснаас болж даралт ихсэх, үс бууралтах гэх зэргээр өвдөж, эмчилгээ хийлгэж, 3,654,300.00 төгрөгийн зардал гаргасан.

 

            Би, Б, Г, Ц нарт холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан хэдий ч тэдгээрт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 

            Иймд, миний нэр төр, ажил хэргийн нэр төрийг сэргээж, сэтгэл санааны улмаас учирсан хохиролд 3,654,300.00 төгрөгийг хариуцагч П-с гаргуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т зааснаар бодит байдалд нийцэхгүй мэдээллийг тараасан этгээд үнэн зөвийг хариуцаж, нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч П *******.mn, *******.mn болон *******.mn гэсэн олон нийтийн цахим мэдээллийн хэрэгсэлд уг мэдээллийг нийтлээгүй байхад түүнийг нийтэлсэн мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

            Хэрэгт авагдсан баримтаар “Нарлаг-Өргөө 5” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б-ын мэдүүлэгт дурьдснаар нэхэмжлэгч Н албан тушаалдаа хайнга хандсан гэсэн агуулгатай гомдлыг тус сууц өмчлөгчдийн холбооноос гаргасан байхад яагаад залилангийн хэрэгт холбогдсон гэсэн гарчигтай нийтлэл гарсныг мэдэхгүй, хариуцагч тал нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан мэдээллийг тараасан гэх нотлох баримт хэрэгт алга байна.

 

            Түүнчлэн тус сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б нь сэтгүүлч Ц-тай уулзаагүй бөгөөд тэдгээрийн хооронд мэдээллийг эхийг бэлтгэсэн, цагдаа, засаг даргад өгсөн гомдлыг и-мэйл хаягаар явуулсан болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох мэдээллийг байршуулж, тараасан гэх асуудлыг хариуцагч П мэдэхгүй.

 

            Иргэний хуульд зааснаар бодит байдалд нийцэхгүй мэдээллийг тухайн тараасан этгээд хариуцах тул энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:


       Нэхэмжлэгч Наас хариуцагч П-д холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр төр сэргээлгэж, сэтгэл санааны улмаас учирсан хохиролд 3,654,300.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, мөн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр *******.mn, *******.mn болон *******.mn гэсэн олон нийтийн цахим мэдээллийн сайтад үзлэг хийхэд “Засаг дарга Н залилангийн хэргээр цагдаад өгчөө” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн байна /х.х-ийн 111-113, 157-159-р хуудас/.

 

Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү мэдээллийг хариуцагчийн даалгавар, захиалгаар нийтэд түгээснээс улбаалан нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдаж, сэтгэл санааны улмаас 3,654,300.00 төгрөгийн хохирол учирсан гэж маргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн мэдээллийг хариуцагч тал нийтэд тараагаагүй, үүнийг түгээсэн этгээд хариуцах ёстой хэмээн мэтгэлцсэн.

 

Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч буюу *******ны засаг даргаар ажиллаж байсан Н “залилангийн хэргээр цагдаад өгчээ” гэх гарчигтай мэдээлэл *******.mn, *******.mn болон *******.mn гэсэн олон нийтийн цахим мэдээллийн сайтад нийтлэгдсэн байх бөгөөд уг нийтлэлд “бүлэглэн хуурамч материал бүрдүүлж, сууц өмчлөгчдийн холбоог байгуулснаар иргэдэд 19,000,000.00 төгрөгийн хохирол учирсан, энэхүү сууц өмчлөгчдийн холбоог байгуулахад хорооны засаг дарга оролцсон, төрийг төлөөлж анхан шатны байгууллагыг удирдаж байгаа хүн хэн нэгэн этгээдийн ашиг сонирхлын зөрчлийг дэмжиж, хуурамч материалыг баталгаажуулна гэдэг гэмт хэрэг” гэх агуулга бүхий мэдээлэл тусгагдсан ба энэ тухай “Нарлаг-Өргөө 5” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б-с ярилцлага авсан мэтээр нийтлэгджээ /х.х-ийн 5, 6, 7-р хуудас/. 

 

 Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр “Нарлаг-Өргөө 5” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б-г гэрчээр оролцуулж, түүнээс мэдүүлэг авахад тэрбээр нэхэмжлэгч Н залилан мэхэлсэн үйлдэл хийсэн гэсэн утга бүхий гомдлыг холбогдох цагдаагийн байгууллага болон Баянзүрх дүүргийн засаг даргад өгөөгүй, мөн *******.mn цахим хэвлэл мэдээллийн сайтад ярилцлага өгөөгүй, харин нэхэмжлэгчийг “өдөрлөг зохион байгуулж, үүнийг сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах хурал болсон мэтээр худал баримт бүрдүүлсэн “Тэдмэнт” ХХК-ийн үйлдлийг шалгахгүйгээр сууц өмчлөгчдийн холбоог байгуулахыг дэмжсэн албан бичиг өгч, үүрэгт ажилдаа хайнга хандсан” гэсэн гомдлыг гаргасан гэж мэдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч *******ны засаг дарга байсан Н 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 26/170 тоот албан бичгээр “Нарлаг-Өргөө 5” сууц өмчлөгчдийн холбооны хурал болсон, уг холбоог байгуулахыг дэмжсэн утгатай албан тоотыг харъяа дүүргийн хөгжлийн төвд хүргүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй ба уг сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлөөс нэхэмжлэгчийг албан ажилдаа хайнга хандсан гэсэн үндэслэлээр харъяа дүүргийн засаг даргад, “Нарлаг-Өргөө” хотхоны оршин суугчид өдөрлөг зохион байгуулсан байхад сууц өмчлөгчдийн хурал болсон гэж хуурамч баримт бүрдүүлсэн хүмүүст тус тус холбогдуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан байна /х.х-ийн 11, 127, 131-р хуудас/.

 

Гэвч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчээр оролцсон Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албаны дарга байсан Г-ын эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт тус тус дурьдснаар “Нарлаг-Өргөө” хотхоны оршин суугчдын гаргасан гомдлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газар хүлээн аваагүй бол, харин тус дүүргийн засаг даргад өгсөн нэхэмжлэгч Н-д холбогдох гомдлыг хүлээн авч, хянан шалгах, нийтэд мэдээлэхээр болжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох гэрч Г “тухайн үед хорооны засаг дарга хууль бус ажиллагаа хийгээд байна, 19,000,000.00 төгрөгийн залилангийн асуудал үүссэн гэсэн гомдлыг “Нарлаг-Өргөө 5” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга өгснийг би засаг даргад танилцуулахад тэрбээр надад хэвлэл мэдээллээр нийтэд цац гэсэн үүрэг даалгавар өгсөн” гэж мэдүүлсэн бөгөөд гэрч Б, Г болон Ц нарт холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1662 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ /х.х-ийн 63, 64, 118-120-р хуудас/.

 

Хэдийгээр энэхүү тогтоолд дурьдснаар гэрч Г-г хариуцагч буюу Баянзүрх дүүргийн засаг даргаар ажиллаж байсан П-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу “*******ны засаг дарга Н “залилангийн хэргээр цагдаад өгчээ” гэх үндэслэл муутай мэдээллийг тараасан болох нь тогтоогдсон гэх боловч хариуцагч П-г “нэхэмжлэгч Н залилан хийсэн гэсэн, аль эсхүл албан тушаалдаа хайнга хандсан гэсэн гарчигтай мэдээллийг түгээх” үүргийн алийг нь өгсөн болохыг бүрэн тогтоогоогүй ба Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт түүний өгсөн “би П-с өгсөн үүрэг даалгавраар энэхүү мэдээллийн эхийг бэлтгэсэн гэсэн” тайлбараар хариуцагчийг шууд гэм буруутай гэж үзэх нь учир дутагдалтай юм.

 

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14.-т “...................................Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.15.1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж тус тус заасны дагуу хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар *******.mn, *******.mn болон *******.mn гэсэн олон нийтийн мэдээллийн сайтад “*******ны засаг дарга Н залилангийн хэргээр цагдаад өгчээ” гэсэн гарчигтай нийтлэл тавигдсан байх боловч хариуцагч Пг энэхүү мэдээллийн эх, гарчигийг буюу залилангийн хэргээр цагдаад өгсөн гэсэн гарчигтай мэдээг нийтэд түгээхийг, эсхүл албан тушаалдаа хайнга хандсан гэх агуулгатай мэдээллийн алийг нь тараахыг үүрэг болгосон нь тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Б, Г болон Ц нарт холбогдох эрүүгийн хэрэгт эдгээр хүмүүс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгсөн бөгөөд Гын “Нарлаг-Өргөө 5” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б нь сэтгүүлч Ц биечлэн уулзаж, ярилцлага өгөөгүй, Ц бэлтгэсэн эх мэдээлэлд ямар нэгэн засвар оруулахгүйгээр гарчиг тавьж нийтэлсэн, Бын зөвшөөрснөөр түүнээс ярилцлага авсан мэтээр нийтлэл бэлтгэсэн гэж, мөн Б, “Нарлаг-Өргөө” хотхоны оршин суугч нарын  2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад болон 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дүүргийн засаг даргад гаргасан өргөдөлд бичсэнээс өөрөөр буюу яагаад *******ны засаг дарга Н залилангийн гэмт хэрэгт холбогдсон гэж бичсэн бэ гэх асуултад “яагаад тэгж бичсэнд хэлэх зүйл байхгүй, тайлбаргүй” гэх мэдүүлэг, түүнчлэн Б “засаг дарга Н 19,000,000.00 төгрөг залилсан эсэхийг би мэдэхгүй, сэтгүүлч миний яриаг гуйвуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд буруу гарчигтай мэдээлэл тавьж, хүний нэр төрд халдсан байна” гэх  мэдүүлгээс тус тус дүгнэвэл хариуцагч П-г “*******ны засаг дарга Н залилангийн хэргээр цагдаад өгчээ” гэсэн гарчигтай нийтлэл тавихыг үүрэг болгосон гэж үзэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн  “Нарлаг-Өргөө 5” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Бын 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 15/24 тоот дугаартай Баянзүрх дүүргийн засаг дарга П танаа хариуцлага тооцох тухай гэсэн гомдол, “Нарлаг-Өргөө” хотхоны оршин суугчдын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт бүлэглэн хуурамч материал бүрдүүлж, СӨХ байгуулсан тухай гомдолд тус тус нэхэмжлэгч Н 19,000,000.00 төгрөг залилсан гэх утгатай өгүүлбэр байхгүй байхад ийнхүү *******.mn, *******.mn болон *******.mn гэсэн олон нийтийн цахим мэдээллийн хэрэгсэлд “Засаг дарга Н залилангийн хэргээр цагдаад өгчөө” гэх гарчигтай мэдээллийг хариуцагч тал шууд түгээсэн, түгээхийг үүрэг болгосон гэж буруутгах үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 497.3.-д “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасан.

 

Гэвч хариуцагч Пг *******.mn, *******.mn болон *******.mn гэсэн олон нийтийн цахим мэдээллийн хэрэгсэлд нэхэмжлэгч Н “залилан хийсэн гэсэн” агуулгатай мэдээллийг нийтлэхийг үүрэг болгосон гэж үзэх үйлдэл тогтоогдохгүй байх тул түүнийг гэм буруутай гэж үзэхгүй.     

 

Түүнчлэн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж, мөн 21.3.-д “Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2.-

 

 

 

т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” гэж, түүнчлэн 511 дүгээр зүйлийн 511.1.-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, аливаа хүн, хуулийн этгээд өөрөө бие даан түгээсэн, аль эсхүл хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг эрх бүхий этгээд бусдаас өгсөн болон өөрийн олсон болоод боловсруулсан мэдээллийг нийтэд тараахдаа түүний үнэн зөвийг хариуцаж, нотлох үүрэгтэй бөгөөд бодит үйл баримтыг бүрэн гүйцэт мэдээлээгүй, эсхүл бодит байдалд нийцэхгүй мэдээлэл тараасан, мөн нийтлэлийн агуулга, түүний гарчиг, үйл баримтыг гэрчилсэн болон бусад нөхцөл байдлыг тодруулсан зураг зэрэг үл нийцсэнээс улбаалан иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан тохиолдолд засаж, залруулах ёстой.

 

Гэтэл *******.mn, *******.mn болон *******.mn гэсэн олон нийтийн цахим мэдээллийн байгууллагуудад дээр дурьдсан мэдээллийг түгээхэд хариуцагч тал шууд холбоотой байсан эсэх нь тогтоогдохгүй байгаагаас гадна эдгээр сайтууд ямар бодит-үнэн эх сурвалжийг үндэслэн ийнхүү “*******ны засаг дарга Н залилангийн хэргээр цагдаад өгчээ” гэсэн гарчигтай нийтлэл тараасан нь тодорхой бус байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч П тухайн мэдээллийг бие даан мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтэд тараагаагүй ба нэхэмжлэгч Нтай холбоотой энэхүү мэдээллийг нийтэд тараасан гэх *******.mn, *******.mn болон *******.mn гэсэн олон нийтийн цахим мэдээллийн байгууллагууд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж зааснаар тодорхой мэдээллийг нийгэмд түгээх арга, хэлбэр, хэрэгсэл, техниктэй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг этгээдийн хувьд үнэн зөвийг нягталж, хариуцах учиртай.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                             

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Нийн гаргасан хариуцагч Пд холбогдох нэр төр, ажил хэргийн нэр төр сэргээлгэж, сэтгэл санааны улмаас учирсан хохиролд 3,654,300.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,700.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг  гардан  авсан  өдрөөс  хойш  давж  заалдах  журмаар 14                                                        

хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

                       

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.МАНДАЛБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                         Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Д.ЦЭРЭНДОЛГОР