Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1021

 

 

              

 

 

 

 

 

Сайхан амарсан уу

    2022         08           11                                    2022/ШЦТ/1021

 

-                           

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч Т.Ц, С.Р,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баярсайхан,

шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч О.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт О.Б (РД:ЧЗ8603...).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Б- согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 10-05 тоот хашааны зүүн талын замд “Тоуоtа Рrius” маркын ... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал руу орж С.Р жолоочтой “Hyundai Verna” маркын ... УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийн жолооч С.Р, зорчигч Т.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч О.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 5 дугаар сарын 22-нд найз нартайгаа пиво уугаад тээврийн хэрэгсэл жолоодож яваад машин мөргөж 2 хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Хохирогч С.Р-тай тохиролцож 2,3 сая төгрөг өгсөн. Хохирогч Цэрэнчимэдэд цаг тухай бүрт нь эмчилгээ хийлгэж байсан. 2 сая төгрөгийг 2 хувааж өгье гэхэд өөрөө зөвшөөрөөгүй. Ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Гэр ойрхон байсан тул жолоо барьчихсан. Хохирогч Цэрэнчимэдэд 2,2 сая төгрөг өгсөн” гэв.

Хохирогч Т.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 5 дугаар сарын 22-нд 17 цаг өнгөрөөд ажил руугаа явж байтал согтуу залуу машин мөргөсөн. Эмнэлэгт 16 хонож, гараа хадуулсан. Эмнэлгээс гардаг өдөр зүүн хавирга хугарсан гэдгээ мэдсэн. Тэгээд мөрдөн байцаагчид хэлсэн. Бие бүрэн эдгэхгүй, гар мэдээ орохгүй байгаа, хатангаршиж байна гэж хэлсэн. Эмнэлэгт хэвтэж байхад шаардлагатай эм тариаг шүүгдэгч бүгдийг өгч тусалж байсан. 1,4 сая төгрөг бэлнээр өгсөн. Баттулга 2 сая төгрөг өгье гэхэд нь 3 сая төгрөг өг гэж хэлсэн. Хөдөлмөрийн чадвараа алдсан гэж бодож байна. Хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэхгүй байна, гомдолтой байна. Би хохирлын баримт гаргаж өгөөгүй. 1,4 сая төгрөгөөс 700,000 орчмыг эмчилгээнд зарцуулсан. Би хувь хүний ТҮЦ-д өдрийн 50,000 төгрөгөөр цалинжиж сууж байсан” гэв.

Хохирогч С.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 5 дугаар сарын 22-нд осолд орсон. Эмнэлэгт 7 хоносон. Нэг гар хугарч 3 оёдол тавиулсан. Эмчилгээнд 1,3 сая төгрөг өгсөн. Хохирлоо авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Р-ын: “2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 17 цаг өнгөрч байхад танил Цэрэнчимэдийн хамт өөрийн “Хьюндай верна” маркын ... УНО улсын дугаартай автомашиныг жолоодон 1-р хорооллын арын гэр хороолол дундах замаар хойноос урагшаа чиглэлд явж байхад замын тойрог хэсэгт цагаан өнгийн “Тоёота приус 20” маркын автомашин урсгал сөрөөд яах ийхийн зуургүй машины зүүн урд талаас мөргөсөн. Миний зүүн гарын шууны яс хугаралтай гээд эмнэлэгт 8 хоног хэвтэн хагалгаа хийлгэж ясаа хадуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.05.30-ны өдрийн 7538 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. С.Рын биед зүүн шуу ясны далд хугарал, дух, баруун алга, зүүн өвдөгт шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

“Вендо” ХХК-ийн 2022.05.24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Hyundai verna ... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн нийт хохирол 2,906,800 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 34-42 дахь тал),

Хохирогч Т.Цийн: “2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 17:30 цагийн үед ажил руугаа хүргүүлэхээр таксинд сууж 1-р хорооллын арын замаар явж байхад урдаас цагаан өнгийн суудлын автомашин урсгал сөрж ирээд мөргөн осол гаргасан. Би машины жолоочийн хажуу талын суудалд сууж явсан болохоор урд шилээ мөргөж баруун гар эвгүй болсон. Баруун гарын мөрний яс бяцарсан гээд хэвтэн 7-8 хоногийн дараа ясыг хадуулж эмчилгээ хийлгэж дуусах үеэр миний цээжний хэсгээр хөндүүрлээд өвдөөд байхаар нь рентгенд харуулахад 1 хавирга хугарсан байна гэсэн. Жолооч намайг эмнэлэгт хэвтэж байхад шаардлагатай эм тарианы зардлыг гаргасан. Баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид осолтой холбоотой ажлаа алдсан тул өдрийн 50,000 төгрөгөөр ТҮЦ ажиллуулдаг болохоор дор хаяж 4 сарын цалин болох 1 сарын 1,500,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг гаргуулж авмаар байна. Жолоочоос бэлнээр нийт 1,000,000 төгрөг авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.05.30-ны өдрийн 7537 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Т.Цийн биед баруун атгаал ясны сэлтэрсэн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 49-50 дахь тал),

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2022.07.18-ны өдрийн 593 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Т.Цийн биед баруун атгаал ясны сэлтэрсэн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2.5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 134-136 дахь тал),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022.06.28-ны өдрийн 681 дүгээр магадлагаанд: “...6.1. “Тоёота приус 20” маркын ... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, Мөн дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 6.2. “Хьюндай верна” маркын ... УНО улсын дугаартай автомашины жолооч С.Р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэжээ (хавтаст хэргийн 65-66 дахь тал),

Шүүгдэгч О.Б-ын яллагдагчаар өгсөн: “Би “Хьюндай верна” маркын автомашины жолоочийн эмчилгээний зардалд 300,000 төгрөг, эмчлэгч эмчид нь 400,000 төгрөг, автомашины хохиролд 3,000,000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Хохирогч Цэрэнчимэдийн эмчилгээнд 430,000 төгрөг, эмчид 400,000 төгрөг зарцуулсан, бусад хоол ундны зардалд нийт 1,200,000 төгрөг, нийт 2,030,000 төгрөг зарцуулсан байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, цаашид хохиролтой холбоотой бодит зардлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дахь тал),

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-5-11), хохирогч Т.Цэд хохирол төлсөн баримтууд (хх-102-110), хохирогч Т.Цийн өвчний түүх (хх-122-133), гэрч О.Байгалмаагийн мэдүүлэг (хх-112), гэрч М.Урантогосын мэдүүлэг (хх-115), хохирогч С.Рын бичгээр гаргасан хүсэлт (хх-142),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-70), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-90), жолоодох эрхийн лавлагаа (хх-71), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн (1.80 хувь) эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-73) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Харин шүүгдэгч О.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-30)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Б- согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 10 дугаар гудамж, 05 тоот хашааны зүүн талын замд “Тоуоtа Рrius” маркын ... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал руу орж С.Р жолоочтой “Hyundai Verna” маркын ... УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийн жолооч С.Р, зорчигч Т.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.Рын “...1-р хорооллын арын гэр хороолол дундах замаар хойноос урагшаа чиглэлд явж байхад замын тойрог хэсэгт цагаан өнгийн “Тоёота приус 20” маркын автомашин урсгал сөрөөд яах ийхийн зуургүй машины зүүн урд талаас мөргөсөн...” гэх мэдүүлэг (хх-19), шүүх эмнэлгийн 7538 дугаар “1. С.Рын биед зүүн шуу ясны далд хугарал, дух, баруун алга, зүүн өвдөгт шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-54-55), хохирогч Т.Цийн “...цагаан өнгийн суудлын автомашин урсгал сөрж ирээд яах ийхийн зуургүй миний сууж явсан машины урдаас мөргөн осол гаргасан...” гэх мэдүүлэг (хх-26-27), шүүх эмнэлгийн 7537 дугаар “1. Т.Цийн биед баруун атгаал ясны сэлтэрсэн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-49-50), шүүх эмнэлгийн 563 дугаар “1. Т.Цийн биед баруун атгаал ясны сэлтэрсэн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-134-136), Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 681 дүгээр “...О.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” Мөн дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа (хх-65-66), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-5-11) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Б-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах тохиолдол үүсээгүй байхад эсрэг урсгал сөрөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас С.Рын жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч С.Р, зорчигч Т.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Рын эрүүл мэндэд хүндэвтэр, тээврийн хэрэгсэлд 2,906,800 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд баримтаар 297,057 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд 2.906.800 төгрөг, нийт 3,203,857 төгрөг нэхэмжилсэн, хохиролд 3,300,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-142)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч О.Б-ыг хохирогч С.Рт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хохирогч Т.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд эм тариа, эмчилгээний зардалд бэлэн ба бэлэн бусаар 2,200,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Баримтаар нэхэмжлэх зүйлгүй, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ” гэх шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгийг үндэслэн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч О.Б-ыг хохирогч Т.Цэд энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Т.Цийн гар бүрэн эдгэрээгүй, хор уршиг бүрэн арилаагүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай (цаашид хийгдэх эмчилгээ болон ажилгүй байсан хугацааны цалин) холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Хохирогч Т.Ц “Зүүн нэг хавирга хугарсан” гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар буюу шинжээчийн 2022.05.30-ны өдрийн 7537 дугаар дүгнэлт, хэргийн материалаар хийгдсэн нэмэлт 2022.07.18-ны өдрийн 593 дугаар дүгнэлт, ГССҮТ-ийн 2022.05.22-ны өдөр нээсэн 6942 дугаартай өвчний түүх зэргээр хавирга ясны хугарал гэмтэл тогтоогдоогүй тул шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.    

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны 17 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 10-05 тоот хашааны зүүн талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно." гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ /1,80%/ “Тоуоtа Рrius” маркын ... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас С.Р жолоочтой “Hyundai Verna” маркын ... УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Hyundai Verna” маркын ... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Р, зорчигч Т.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, жолоочийн 100% буруу, сахилга батгүй байдлаас гэмт хэрэг үйлдсэн, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Р-т 3,300,000 төгрөг төлөгдсөн, төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэх, хохирогч Цэрэнчимэдэд 2,200,000 төгрөг төлөгдсөн, бүрэн эдгэрээгүй байгаа тул хор уршиг бүрэн арилаагүй байна. Бодит хохирлыг баримтгүйгээр бүрэн төлсөн тул энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогч Т.Цийн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, маргаагүй. Цаг тухай болгонд нь эмчилгээний төлбөрийг өгч байсан. Хохирогч Цэрэнчимэд хохирлын баримт гаргаж өгөөгүй. Хавирга хугарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Түүнтэй холбоотой эмчилгээний зардлыг бас шүүгдэгч өгч байсан. Шүүгдэгч хохирлоо төлөхийг илэрхийлсээр байгаа, хохирогч ТҮЦ-д ажилладаг, цалин авдаг гэх баримтгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан тэнсэж өгнө үү. Ялаас чөлөөлж өгнө үү. Өмнө хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүгдэгч О.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу 1,8% согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан, мөн эсрэг урсгал руу дүрэм зөрчин орсон зэрэг нийгмийн хор аюулын шинж ихтэй, хохирогч Т.Цийн биед учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй зэрэг нөхцөл байдлаас хор уршиг бүрэн арилсан гэж үзэхээргүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Ялаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзэв.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (жолооч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсрэг урсгалын тээврийн хэрэгслийг мөргөж жолооч болон зорчигчид гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч С.Рын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохиролд тээврийн хэрэгслийн эвдрэл болон эмчилгээний зардалд 3,300,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх, хохирогч Т.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохиролд эм тариа, эмчилгээнд 2,200,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ, цаашид эмчилгээ хийлгэх тул зардлаа нэхэмжилнэ, гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөх талаар санаачилга гаргасан, хохирлоо төлөхийг илэрхийлж байгаа, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүний жолоочийн 961208 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа)  сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зйүлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Б- тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Рт төлөх төлбөргүй, хохирогч Т.Цэд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Т.Ц гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шүүгдэгч О.Б-ын жолоочийн ... дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР