| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2018/00455/И |
| Дугаар | 1195 |
| Огноо | 2018-05-24 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 1195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Д.Уранчимэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “БД” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М/РД: /-д холбогдох
156 367 442.53 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, Д.Гантогтох, хариуцагч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганцэцэг, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “БД” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч нь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Тоёота Ланд крузер/Toyota Land cruiser/ 200 маркийн, JTMHV05J704137340 арлын дугаартай суудлын автомашиныг худалдан авахад зориулж, Хаан банктай ЗГ14/217 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 174 000 000/нэг зуун далан дөрвөн сая/ төгрөг зээлсэн.
Уг барьцаат зээлийн гэрээний анхны үүрэг гүйцэтгүүлэгч болох Хаан Банкнаас гэрээний 5.1.11-т заасныг үндэслэн манай компанитай 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ШЭШГ14/217 дугаартай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан.
Зээлдэгч нь уг барьцаат зээлийн гэрээгээр тохиролцсон зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна.
Хариуцагч нь ЗГ14/217 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, “Зээл олголт, Эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04/278 тоот албан бичгээр зээлдэгчдэд гэрээний үүргээ биелүүлэхийг сануулж, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нэмэлт хугацаа тогтоож өгсөн бөгөөд нэмэлт хугацаанд төлбөрийг төлөхгүй бол барьдаат зээлийн гэрээг цуцалж зохих арга хэмжээ авахыг мэдэгдсэн боловч хариуцагч нь тогтоосон нэмэлт хугацаанд төлбөрөө төлөөгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, барьцаат зээлийн гэрээний 7.1, 7.1.1-т заасныг үндэслэн барьцаат зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын хүрээнд:
Хариуцагчийн Хаан банктай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ14/217 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” нь манай компанийн төлбөр тасалдлын даатгалд хамрагдсан байсан.
Манай байгууллага нь төлбөр тасалдлын даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу зээлдэгч тасралтгүй 21 хоногоос дээш хугацаагаар эргэн төлөлт хийгээгүй тул даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 4 708 000 төгрөгийн нөхөн төлбөрийг Хаан Банкинд шилжүүлсэн.
Уг төлбөр тасалдлын даатгалын гэрээний 10 дугаар зүйлийн 10.10-т “Даатгалын тохиолдол бий болсны дараа Даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх, зээлийн барьцааг худалдан борлуулах даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасны дагуу шилжүүлсэн нөхөн төлбөр болох 4 708 000 төгрөгийг буруутай этгээд буюу хариуцагчаас буцаан нэхэмжилж байна.
Энэ нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасантай нийцэж байгаа болно. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч нь ЗГ14/217 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, “Зээл олголт, Эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Үндсэн зээлийн үлдэгдэл 119 439 211.42/нэг зуун арван есөн сая дөрвөн зуун гучин есөн мянга хоёр зуун арван нэгэн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг, Хуримтлагдсан хүүгийн төлбөр 32 220 231.11/гучин хоёр сая хоёр зуун хорин мянга хоёр зуун гучин нэгэн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөг, даатгалын нөхөн төлбөрт төлсөн 4 708 000/дөрвөн сая долоон зуун найман мянга/ төгрөг нийт 156 367 442.53 төгрөг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.М, Ч.Энхтайван бид 11-р хорооллын Хаан банкны Сэлбэ салбараас зээлийн бүтээгдэхүүн санал болгосноор 2014 оны 06 сарын 30-ны өдөр автомашин худалдан авахаар ЗГ14/217 тоот зээлийн гэрээ, БГХ14/217 тоот барьцааны гэрээ, ФД14/217 тоот фидуцын гэрээ байгуулан 174 000 000/нэг зуун далан дөрвөн сая/ төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай авсан.
2014 оны 07 сараас 2016 оны 07 cap хүртэл бидний бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, улмаар зээлээ цаг хугацаанд нь төлж байсан. 2016 оны сүүлийн хагасаас, 2017 онд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, бизнесийн орлогогүй болж, зээлээ хэвийн төлж чадахгүй байдалд хүрсэн бөгөөд ХААН банкинд хандаж, 2 удаа зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн боловч харилцагч бидэнд боломж олгоогүй.
Нөхцөл байдал хэдий хүнд байсан ч бид олсон орлого бүхнээ /2016.9.14-нд 400 000 төгрөг, 2016.11.07-нд 500 000 төгрөг, 2016.11.28-нд 500 000 төгрөг, 2017.03.23-нд 1 000 000 төгрөг, 2017.04.24-нд 1 500 000 төгрөг, 2017.05.25-нд 1 500 000 төгрөг ХААН банкинд төлж байсан. Өнгөрсөн хугацаанд ХААН банкинд үндсэн зээлийн төлбөрт 54 560 788.60 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 63 867 380.90 төгрөг, бүгд 118 428 169.50 төгрөгийг төлсөн байна.
2017 оны 08 сарын 09-ний өдөр Хаан банкны Тусгай активын газрын ажилтан н.Ууганбаяр ирж уулзаад, зээлийн гэрээний үүрэг ноцтой зөрчигдсөн тул барьцаа хөрөнгийг Хаан банкинд шилжүүлж өгөхийг шаардаж, хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ, барьцааны гэрээ барьцаагаар хангагдаж дуүсгавар болно, Монгол банкны мэдээллийн сангаас мэдээлэл чинь хасагдана энэ нь та нарт ашигтай гэж ойлгуулж, улмаар 2017 оны 08 сарын 15-ны өдөр ажилтан н.Ууганбаяр ирж бидний эзэмшиж буй машины улсын дугаарыг хураан авч ашиглах боломжийг хязгаарласан.
2017 оны 09 сарын 07-ны өдөр Хаан банкны шаардлагаар барьцааны хөрөнгө болох УНЗ 9113 улсын дугаар бүхий JTMHV05J704137340 арлын дугаартай 60 000 км гүйлттэй, цэвэрхэн ашигласан хар өнгийн Тоёота ланд 200 маркийн суудлын автомашиныг бичиг баримтын хамт ХААН банкны Тусгай активын газрын ажилтан н.Энхбатад актаар хүлээлгэн өгч барьцаа хөрөнгийг Хаан банкинд шилжүүлэн өгсөн. /актыг нэг хувь үйлддэг хэмээн биднээр гарын үсэг зуруулж авч явсан./
Барьцаа хөрөнгийг шилжүүлэх үеийн тоёота ланд круйзер 200 маркийн машины зах зээлийн үнэ 150 000 000 төгрөгөөс доошгүй байсан болно.
Ийнхүү бид ХААН банкинд барьцаа хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ дуусгавар боллоо гэж ойлгосон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэргийн материалаа үзтэл Хаан банк болон БД ХХК-ийн хооронд 2017 оны 10 сарын 06-ны өдөр байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээ, мэдэгдэл хүргүүлсэн, 2017 оны 12 сарын 22-ны өдрийн тоот БД ХХК-ийн мэдэгдэл авагдсан байх бөгөөд бид дээрх гэрээ байгуулагдсаныг мэдээгүй, мэдэгдлийг хүлээн аваагүй. Төлбөр төлөх нэмэлт хугацаа зэргийг мэдээгүй. Нэхэмжлээд байгаа 4 709 000 төгрөгийг төлсөн гэдгийг мэдээгүй. Төлсөн баримтууд хэргийн материалд авагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.
Хариуцагч Д.Мгийн өмгөөлөгч М.Ганцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 06 сарын 30-ны өдөр Тоёото ланд круйзер 200 маркийн авто машин худалдаж авахаар барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээ, фидуцийн гэрээг байгуулсан. Зээлдэгч Д.М нь 2015 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Хариуцагч түрүү нь тайлбарласан 2015 оны 6 сарын 20-ны өдрөөс хойш зах зээлийн хямралаас болоод зээлийн гэрээний төлөлт зөрчигдөж эхэлсэн. Энэ байдлаа Хаан банкинд мэдэгдэж, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг харилцан тохиролцоод явъя гэж удаа дараа мэдэгдсэн боловч хүлээж аваагүй. Зээлдэгч нийт 2015 оны 5 сарын 27-ны өдөр дээр дурьдсан 118,428,000 төгрөгийг төлсөн.
Энэ үйл баримтыг хариуцагчийн Хаан банкин дахь 5037501317 тоот дансны хуулгаар эргэлзээгүй нотлогддог. Хаан банкны ажилтан 2017 оны 9 сарын 7-ны өдөр автомашиныг хурааж авсан. Энэ үйл баримт хавтаст хэрэгт авагдсан актаар нотлогдож байна. Эндээс харахад 2017 оны 9 сарын 7-ны өдөр Фидуцийн гэрээний хавсралтад заагдсан гэрээний зүйл болох ланд 200 маркийн авто машин буюу хөрөнгийг шилжүүлэн өгсөн. Бодитойгоор гаргуулан авсан байна. Үүгээр зээлийн гэрээ үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Үндэслэл нь Иргэний хуулийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж хуульд зохицуулсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа 2019 оны 6 сарын 20-ны өдөр дуусгавар болох байсан боловч зээл төлөгч үүргээ зөрчиж байсан учраас Фидуцийн гэрээний 5.1.2-т зааснаар зээлийн гэрээний үүрэг цуцлагдаж, зээлийн гэрээ дуусгавар болох гэсэн үндэслэлээр хариуцагчийн 118 428 000 төгрөгийг төлөөд үлдсэн үүрэгт нь 2017 оны 9-р сарын 07-ны өдөр Фидуцийн гэрээний зүйл болох эд хөрөнгө болох машиныг бодитойгоор шилжүүлсэн гарган авсан учраас үүрэг дуусгавар болсон. Фидуцийн гэрээний онцлог нь тухайн эд хөрөнгө үнийн дүнд хүрэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө эрсдлээ хариуцдаг. Үнийн дүнгээс давж гарсан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч өөрөө эрсдлээ хариуцдаг онцлогтой. Фидуцийн гэрээг итгэлцэл, найдвар дээр түшиглэж хийдэг гэрээ учраас талууд өөрсдөө гэрээнийхээ эрсдлийг хариуцдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэм хор гэж тодорхойлж байна. Энэ бол цэвэр гэрээний үүргийн зөрчил байна. Фидуцийн гэрээгээр биелүүлээгүй үүргээ гүйцэтгээд эд хөрөнгөө шилжүүлснээр үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон. Д.М нь 118 000 000 төгрөг төлчихөөд дээр нь 5900 км гүйлттэй машинаа өгсөн байхад мөнгө нэмж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “БД” ХХК хариуцагч Д.Мд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 119 439 211.42/нэг зуун арван есөн сая дөрвөн зуун гучин есөн мянга хоёр зуун арван нэгэн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөгийг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 32 220 231.11/гучин хоёр сая хоёр зуун хорин мянга хоёр зуун гучин нэгэн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг, даатгалын нөхөн төлбөр 4 708 000/дөрвөн сая долоон зуун найман мянга/ төгрөгийг, бүгд 156 367 442.53/нэг зуун тавин зургаан сая гурван зуун жаран долоон мянга дөрвөн зуун дөчин хоёр төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.М нь барьцаа хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ дуусгавар боллоо гэж ойлгосон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч нь 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Хаан банк” ХХК-тай № ЗГ14/217 Барьцаат зээлийн гэрээ/цаашид “Гэрээ 1” гэх/, № БГХ14/217 Барьцааны гэрээ/цаашид “Гэрээ 2” гэх/, ФД14/217 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/ /цаашид “Гэрээ 3” гэх/ байгуулсан болох нь Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3-ын хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Гэрээ 1-т зааснаар “Хаан банк” ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчид 174 000 000/нэг зуун далан дөрвөн сая/ төгрөгийг, 60/жар/ сарын хугацаатай, жилийн 21/хорин нэг/ хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20/хорь/ хувиар тооцохоор шилжүүлэн, Гэрээ 2-т зааснаар Хаан банкны харилцах, хадгаламжийн данс дахь бүх үлдэгдлийг барьцаалж, Гэрээ 3-т зааснаар 174 000 000/нэг зуун далан дөрвөн сая/ төгрөгөөр үнэлэгдсэн 9113 УНЗ улсын дугаартай Тоёота маркийн Ланд крузер 200 загварын тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болох нь Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3-ын хуулбар, Хаан банкин дахь 5037501339 тоот төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3 нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 235 дугаар зүйлийн 235.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Хариуцагч нь Гэрээ 1-ийн Хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн талаар маргахгүй байна.
Гэрээ 1-т зааснаар хариуцагч нь үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүнд бүгд 279 851 204/хоёр зуун далан есөн сая найман зуун тавин нэгэн мянга хоёр зуун дөрөв/ төгрөгийг төлөхөөс 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд бүгд 118 428 169.53/нэг зуун арван найман сая дөрвөн зуун хорин найман мянга нэг зуун жаран есөн төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг төлсөн болох нь Хаан банкин дахь 5037501339 тоот төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.
“Хаан банк” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 9113 УНЗ улсын дугаартай Тоёота маркийн Ланд крузер 200 загварын тээврийн хэрэгслийг хариуцагчаас бодитойгоор гаргуулан авч иргэн Ч.Галсандоржид худалдан борлуулсан болох нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Атомашин хүлээлцэх актын болон № 05037/18/943 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.
Гэрээ 1 болон Хавсралт 1-т зааснаар хариуцагч нь “Хаан банк” ХХК-д 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүнд нийт 183 612 000/нэг зуун наян гурван сая зургаан зуун арван хоёр мянга/ төгрөгийг төлөхөөс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд бүгд 118 428 169.53/нэг зуун арван найман сая дөрвөн зуун хорин найман мянга нэг зуун жаран есөн төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг төлж, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 9113 УНЗ улсын дугаартай Тоёота маркийн Ланд крузер 200 загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн болох нь Хаан банкин дахь 5037501339 тоот төгрөгийн дансны хуулга болон 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Атомашин хүлээлцэх актын болон № 05037/18/943 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь “Хаан банк” ХХК-д үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөрт 9113 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бодитойгоор шилжүүлэн өгсөн байх тул Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3 дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь “Хаан банк” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан ШЭШГ14/217 дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээг үндэслэн хариуцагчаас Гэрээ 1-т заасан зээлийн үлдэгдэл төлбөрт 119 439 211.42/нэг зуун арван есөн сая дөрвөн зуун гучин есөн мянга хоёр зуун арван нэгэн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөгийг, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 32 220 231.11/гучин хоёр сая хоёр зуун хорин мянга хоёр зуун гучин нэгэн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг нийт 151 659 442.53/нэг зуун тавин нэгэн сая зургаан зуун тавин есөн мянга дөрвөн зуун дөчин хоёр төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч нь Гэрээ 1-ийн үүргийн гүйцэтгэлд “Хаан банк” ХХК-д бүгд 118 428 169.53/нэг зуун арван найман сая дөрвөн зуун хорин найман мянга нэг зуун жаран есөн төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг төлж, 9113 УНЗ улсын дугаартай Тоёота маркийн Ланд крузер 200 загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн байх тул 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Гэрээ 1 дуусгавар болсон байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид 151 659 442.53/нэг зуун тавин нэгэн сая зургаан зуун тавин есөн мянга дөрвөн зуун дөчин хоёр төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 4 708 000/дөрвөн сая долоон зуун найман мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр тасалдалын даатгалын гэрээнд зааснаар “Хаан банк” ХХК-д даатгалын нөхөн төлбөрт 4 708 000/дөрвөн сая долоон зуун найман мянга/ төгрөгийг төлсөн гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Таван богд финанс ББСБ” ХХК-тай Төлбөр тасалдалын даатгалын гэрээ байгуулсан байх ба тус гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь “Таван богд финанс ББСБ” ХХК-д даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн болох нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
“Хаан банк” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр тасалдалын даатгалын гэрээний нэг тал болох нь баримтаар нотлогдохгүй байх ба нэхэмжлэгч нь тус гэрээгээр “Хаан банк” ХХК-д даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ ...” гэж заасан.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр тасалдалын даатгалын гэрээнд зааснаар “Хаан банк” ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагчаас бүгд 156 367 442.53/нэг зуун тавин зургаан сая гурван зуун жаран долоон мянга дөрвөн зуун дөчин хоёр төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 443 дугаар зүйлийн 443.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Мгаас 156 367 442.53/нэг зуун тавин зургаан сая гурван зуун жаран долоон мянга дөрвөн зуун дөчин хоёр төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “БД” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ
Б.УУГАНБАЯР