| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/1020/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1022 |
| Огноо | 2022-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1022
хан амарсан уу
2022 08 11 2022/ШЦТ/1022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Н.Улсболд,
хохирогчийн өмгөөлөгч Б.Даваажанцан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд,
шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Увс Эм Жи Эл транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ...,
урьд ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5,508,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Тайж овогт Э.Б- (РД:ОА8806...).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б- согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 14 дүгээр гудамж, 14 тоот хашаанд байрлах нийтийн байрны 3 давхрын 15 тоотод хохирогч Ж.М-г “миний найзыг хүндэлсэнгүй” гэж уурлан шилэн хүзүү, нүүр, хамарт цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт хугарал, тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, уруул, хуйх, баруун зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, баруун чихний арын төвгөрт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Үлдэгдэл 1 сая төгрөгийн хохирлыг 8 дугаар сард багтаан төлнө” гэв.
Эрүүгийн 2208000001218 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ж.М-гийн: “2022 оны 6 дугаар сарын 03-ны 21 цаг 40 минутын үед Э.Б- залгаад “Ойрын 5,6 жил уулзсангүй, гараад ир, ярьж сууя” гэхээр нь гарч уулзсан. ...Москва хорооллын хойно далангийн урд байх нийтийн байрны 3 давхарт айлд дагуулж орсон. Бид гурав виски, архинаас хэдэн хундага ууцгааж байгаад би 00-ын өрөө ороход Э.Б- миний араас шилэн хүзүү, дагз орчим цохисон. Намайг ванн руу унахад нүүр, хамар гэх зэрэг газар луу цохиод байсан. Би нэг боломж гарангуут найз Гантулга руу утасдаад “Би энд зодуулж байна” гэж хэлсэн. Манай эхнэр, Гантулга хоёр бараг 40 минут Москва хороолол орчмоор хайгаад олоогүй. ...Одбаяраар заалгаж ирээд намайг авсан. Миний эрүүл мэнд ихээхэн хохирсон, багагүй зардал гарсан. Ямар ч шалтгаангүй зодуулсандаа гомдолтой байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.08-ны өдрийн 8215 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ж.М-гийн биед баруун нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт хугарал, тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, уруул, хуйх, баруун зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, баруун чихний арын төвгөрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шинэ гэмтэл байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
Гэрч Ж.Б-ын: “2022 оны 6 дугаар сарын 03-ны орой 01:00 цагийн орчимд гэртээ унтаж байхад Э.Б- нэг хүний хамт тал шил виски барьчихсан орж ирсэн. Э.Б- тэр залуугаа надтай танилцуулаад авчирсан тал шил виски, ууж байгаад үлдээсэн архиа ууцгаасан. Мягмарсүрэн, Э.Б- 2 мэтгэлцээд ч байгаа юм уу хэрэлдэж маргалдаад байсан. Би ууж байгаад унтаад өгсөн байсан. Гэнэт хаалга хүчтэй савах, юм хагарах чимээнээр сэрэхэд тэр хоёр 00-ын суултуурыг хагалсан, ус асгарсан, хувцас хунар нь цус болсон байдалтай байсан. Би тэр хоёрыг гэр оронд зодоон хийлээ гэж загнасан. Тэр хоёр юунаас болж маргалдаад байсныг мэдэхгүй байна, хоёр биедээ л үг хаяад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
Гэрч Б.Б-ийн: “2022 оны 6 дугаар сарын 03-ны орой 22 цаг өнгөрч байхад Э.Б-тэй утсаар яриад уулзана гээд гараад явсан. Шөнө 03 цагийн орчим нөхрийн найз Гантулга яриад “Мягмарсүрэн гэртээ харьсан юм уу, над руу зодуулчихлаа” гээд ярихаар нь нөхрийнхөө утас руу залгахад авахгүй байсан. Гантулга руу залгаад “үнэн юм уу” гэж асуухад “худлаа ярихгүй байх” гэхээр нь дахин дахин нөхөр лүүгээ залгахад утсаа авахаар нь ярьсан чинь зодуулж байгаа шинжтэй цаана нь хүмүүс орилж байсан. Нөхрийн ах Баянмөнх, найз Одбаяр 2 луу ярьж “Мягмарсүрэн далангийн энд хүмүүст зодуулаад байх шиг байна” гэсэн. Удалгүй Одбаяр нөхөр Мягмарсүрэнг аваад ирсэн. Манай нөхөр их зодуулсан байдалтай, хамар хавдсан, хамраас нь цус гарсан, хүзүү, нүд нь улайж зулгарсан, хувцас нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
Шүүгдэгч Э.Б-гийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчимд Ж.М-тэй утсаар яриад пабад уулзаж 1 шил виски аваад талыг нь уугаад гараад Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 14-16 тоотод байх нийтийн байранд манай найз Ж.Балжиннямынд очиж гурвуулаа ууцгаасан. Ууж байтал Ж.М- манай найзын гэрт онцгүй зан гаргаж агсам тавихаар нь би “Чи айлд байна, айлын гэр орон, найзыг минь хүндэл” гэж хэлсэн чинь үгэнд орохгүй байхаар Мягмарсүрэнтэй 00-ын өрөөнд орж зодсон. Хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-3), хохирлын баримтууд (хх-10-11), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-72), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-57), шийтгэх тогтоолын хуулбар (хх-60-62), байнга оршин суугаа газрын лавлагаа (хх-71), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-73), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хх-74), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-75), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-80, 81), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-82-83), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-84-85) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн гэх 1 хуудас банкны дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 1 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Б- согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 14 дүгээр гудамж, 14 тоот хашаанд байрлах нийтийн байрны 3 давхрын 15 тоотод хохирогч Ж.М-г “миний найзыг хүндэлсэнгүй” гэж уурлан шилэн хүзүү, нүүр, хамарт цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт хугарал, тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, уруул, хуйх, баруун зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, баруун чихний арын төвгөрт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ж.М-гийн “...бид гурав виски, архи ууцгаасан. би 00-ын өрөө ороход Э.Б- миний араас шилэн хүзүү, дагз орчим цохисон. Ванн руу унахад нүүр, хамар гэх зэрэг газар луу олон удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг (хх-8-9), шүүх эмнэлгийн 8215 дугаар “1. Ж.М-гийн биед баруун нүдний доод ухархайн хана, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт хугарал, тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, уруул, хуйх, баруун зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, баруун чихний арын төвгөрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-34-35), гэрч Ж.Балжиннямын “...Бид нар виски, архи уусан. Гэнэт хаалга хүчтэй савах, юм хагарах чимээнээр сэрэхэд тэр хоёр 00-ын суултуурыг хагалсан, ус асгарсан, хувцас хунар нь цус болсон байдалтай байсан. Би тэр хоёрыг гэр оронд зодоон хийлээ гэж загнасан...” гэх мэдүүлэг (хх-18-19), шүүгдэгч Э.Б-гийн “...Ж.М- манай найзын гэрт онцгүй зан гаргаж агсан тавихаар нь би “Чи айлд байна, айлын гэр орон, найзыг минь хүндэл” гэсэн чинь үгэнд орохгүй байхаар нь 00-ын өрөөнд зодсон...” гэх мэдүүлэг (хх-54) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Б-гийн согтуурсан үедээ “миний найзыг хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар хохирогч Ж.М-гийн шилэн хүзүү, нүүр, хамар луу гараараа олон удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 1,962,060 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 2 сая төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Эмчилгээний төлбөрт нийт 3 сая төгрөг өгөхөөр тохирч 2 сая төгрөг авсан, үлдэгдэл 1 сая төгрөгөө Э.Б- өгөхөө илэрхийлсэн” гэх хүсэлт (хх-80)-ийг тус тус харгалзан шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт нийт 3 сая төгрөг өгч, авахаар харилцан тохирсон, улмаар 2 (хоёр) сая төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 1 сая төгрөгийг 2022 оны 8 дугаар сард төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн өмгөөлөгчийн “1 сая төгрөгөө 8 сард багтаан төлнө гэсэн тул шийдвэрт тусгаж өгнө үү” гэх хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Э.Б-гээс 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулж, хохирогч Ж.М- (... оршин суух, РД:ОЮ8707..., утас:...)-д олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Б- нь согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Москва хорооллын хойно далангийн урд байх нийтийн байрны 3 давхарт хохирогч Ж.М-г “миний найзыг хүндэлсэнгүй” гэж уурлан шилэн хүзүү, нүүр хамар зэрэгт цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд баруун нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт хугарал, тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун зүүн нүдний доод зовхинд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, уруул, хуйх, баруун зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, баруун чихний арын төвгөрт зулгаралт бүхий гэмтэл санаатай учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэх зүйлгүй. Хувийн байдлыг нь харгалзан үзэж үлдэгдэл хохирлыг 8 дугаар сард багтаан төлнө гэж байгаа тул шийдвэрт тусгаж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргаагүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирсэн. Хүнээс зээл авч хохирлын 2 сая төгрөгийг төлсөн. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул Улаанбаатар хотоос гарч чадаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирол төлөгдсөн” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Э.Б- нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шүүгдэгч согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн шилэн хүзүү, нүүр, хамар луу гараараа олон удаа цохиж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 1,962,060 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 2 сая төгрөг төлөгдсөн, хохирогч “Үлдэгдэл хохирол 1 сая төгрөгийг авна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-гээс 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулж, хохирогч Ж.М- (... оршин суух, РД:ОЮ8707..., утас:...)-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР