| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/1019/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1018 |
| Огноо | 2022-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Чанцалням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1018
2022 08 10 2022/ШЦТ/1018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Э.Чанцалням,
шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Нийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Засгууд овогт Д.Н (РД:ОТ7711...).
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Н согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 8 дугаар гудамж, 15б тоотод хохирогч Б.О-ийг үл ялих зүйлээр шалтаглан хүзүүнд хутгалж эрүүл мэндэд нь “хүзүүний зүүн хэсэгт зүсэгдэж хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бүх зүйл миний буруу тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хараа муутай тул халамжийн тэтгэвэр авдаг. Сарын дундаж орлого 1,5 сая орчим төгрөг байдаг. Манай гэрийн хар иштэй хутгаар зүсчихсэн. Хохиролд 250,000 төгрөг төлсөн. Торгож өгнө үү” гэв.
Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.О-ийн: “2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэртээ 14 цагийн үед байж байтал найз Батсайхан ирээд бид хоёр архи 1 шилийг хувааж уугаад манай хөрш нэг хашаанд хамт амьдардаг Нямгэрэл ахын гэр лүү ороод бид нар 1 шил архи ууж байтал Батсайхан Нямгэрэл ахтай маргалдаад Нямгэрэл ахыг “Чи Увсынхаа хүмүүсийг таньдаггүй” гээд хараагаад хоорондоо маргалдаад барьцалдаад гэрээс гарахаар нь би гараад салгаж байтал Батсайхан хашаанаас гараад явсан. Тэгэхээр нь би Нямгэрэл ахыг гэр лүү түлхээд оруулсан чинь ах надад уурлаад хоолны шүүгээн дээр байсан хутга аваад миний хүзүүг зүсчихсэн. Надад ямар нэгэн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн зүйл байхгүй, гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.09-ний өдрийн 8151 дүгээр шинжилгээний дүгнэлтэд “1. Б.О-ийн биед хүзүүний зүүн хэсэгт зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
Шүүгдэгч Д.Нийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед гэртээ байтал найз Б.О-, түүний найз Батсайхан нар ирээд архи уусан. Архиа дуусгаад тэр хоёр явсан. Нэг цагийн дараа Одгэрэл, Батсайхан нар манайд орж ирэхдээ дахиад архи уучихсан байсан. Батсайхан нь бараг тасарчихсан, Одгэрэл гайгүй байсан. Батсайхан над руу агсраад намайг хараагаад байхаар нь би уурлаад гадаа гараад сүх аваад Батсайханг айлгах гээд дайрсан чинь Одгэрэл намайг боль гээд миний барьсан сүхийг булааж авсан. Батсайхан хашаанаас гараад яваад өгсөн. Намайг гэр лүү орох гэж байхад Одгэрэл миний араас түлхээд оруулахаар нь би уурлаад гэрийн шүүгээн дээр байсан хар иштэй хутгыг аваад эргээд хартал хутгатай гараараа Одгэрэлийн зүүн талын хүзүү хэсгийг зүсчихсэн. Б.О-ийн хүзүүнээс цус гараад байсан. Хүзүүнийх нь цусыг тогтоож өгсөн. Б.О гэр лүүгээ орсон. Хийсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал),
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-3-6), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-12-14), мөрдөгчийн “эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хх-11),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-43), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-40), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-44), Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хх-45), үл хөдлөх эд хөрөнгөтэй лавлагаа (хх-46), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хх-47), дансны хуулга (хх-48-50) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Н согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 8 дугаар гудамж, 15 тоотод хохирогч Б.О-ийг үл ялих зүйлээр шалтаглан хүзүүнд хутгалж, эрүүл мэндэд нь “хүзүүний зүүн хэсэгт зүсэгдэж хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.О-ийн “...Бид нар архи уусан. ...Нямгэрэл ахыг гэр лүү түлхээд оруулсан чинь надад уурлаад хоолны шүүгээн дээр байсан хутга аваад миний хүзүүг зүсчихсэн...” гэх мэдүүлэг (хх-19-20), шүүх эмнэлгийн 8151 дүгээр “1. Б.О-ийн биед хүзүүний зүүн хэсэгт зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-28-29), шүүгдэгч Д.Нийн “...Манайд архи ууцгаасан. ...Одгэрэл миний араас түлхээд оруулахаар нь би уурлаад гэрийн шүүгээн дээр байсан хар иштэй хутгыг аваад эргээд хартал хутгатай гараараа Одгэрэлийн зүүн талын хүзүү хэсгийг зүсчихсэн...” гэх мэдүүлэг (хх-59-60), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-3-6) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Нийн согтуурсан үедээ тухайн үед үүссэн маргааныг таслан зогсоож, гэр лүү нь түлхэж оруулсанд уурлан хохирогч Б.О-ийн хүзүүнд хутгалж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 250,000 төгрөг төлсөн гэх, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-19-20)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Д.Н нь согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 8 дугаар гудамж, 15 тоотод хохирогч Б.О-ийг үл ялих зүйлээр шалтаглан, хүзүүн тус газар нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “хүзүүний зүүн хэсэгт зүсэгдэж хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шинж, зэвсэг хэрэглэсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүлийн байдал зэргийг харгалзан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Торгож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлоо төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд архидан согтуурсан, шүүгдэгч согтуурсан үедээ тухайн үед үүссэн маргааныг таслан зогсоон, өөрийг нь гэр лүү түлхэж оруулсанд уурлан хохирогчийн эрх, эрх чөлөөнд зэвсэг хэрэглэн халдсан буюу хүзүүнд нэг удаа хутгалж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 250,000 төлсөн гэх, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувиараа барилгын ажил хийдэг гэх, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлого олдог гэх)-ийг харгалзан шүүгдэгч Д.Нийг 900,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 25,8 см урттай, ажлын хэсгийн урт 13,5 см, хар өнгийн хуванцар бариултай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Засгууд овогт Д.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийг 900,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 25,8 см урттай, ажлын хэсгийн урт 13,5 см, хар өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР