| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/02520/и |
| Дугаар | 2327 |
| Огноо | 2018-07-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М-ын гаргасан,
Хариуцагч: О-т холбогдох,
1,600,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М, хариуцагч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, хариуцагч Отай 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээлээр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2002 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай ******* улсын дугаартай автомашиныг нийт 2,500,000.00 төгрөгөөр худалдахаар тохирсон.
Ингээд гэрээ байгуулсан өдөр 900,000.00 төгрөгийг хүлээн авч, үлдэх 1,600,000.00 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлөхөөр тохирч, автомашиныг түүнд хүлээлгэн өгсөн.
Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, өнөөдрийг хүртэлх хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаа бөгөөд автомашиныг эвдсэн тул буцаан өгнө гэсэн тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бид, өнгөрсөн хугацаанд ярилцаад 1,300,000.00 төгрөгийг авахаар тохиролцсон боловч тэрээр уг тохиролцоогоо зөрчсөн тул 1,600,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Миний машин 2002 онд үйлдвэрлэгдэж, 2011 оны намар Монгол Улсад импортлогдсон, манай нөхрийн дүү болон хариуцагч нарын хооронд ямар яриа хэлцэл болсон талаар мэдэхгүй, надаас О уг машиныг худалдан авсан тул түүнээс үлдэгдэл мөнгөө авах шаардлагатай байна” гэв.
Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний найз *******н гэж хүн намайг энэ машиныг худалдаад авчих, дараа би чамаас авна гэж хэлсэн учраас би авсан юм. Тэгээд би тус машиныг огт ашиглаагүй бөгөөд *******гийн найз эзэмшиж байгаад мөргөлдүүлсэн, одоо засах гэхэд сэлбэг олдохгүй байна.
Би, нэхэмжлэгчид засаад, буцааж өгье, өмнө өгсөн 900,000.00 төгрөгийг авахгүй, 2012 онд Монгол Улсад импортлогдсон гэж худал хэлсэн байна гэж хэлэхэд зөвшөөрөөгүй, тухайн машиныг засуулах гэхэд сэлбэг олддоггүй, үнэтэй байдаг” гэв.
Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мас хариуцагч От холбогдуулан 1,600,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ хариуцагчид автомашин зээлээр худалдсан ба худалдан авагчийг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хэмээн тодорхойлж, түүнээс 1,600,000.00 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж татгалзсан.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М нь хариуцагч Отай 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2002 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай ******* улсын дугаартай автомашиныг нийт 2,500,000.00 төгрөгөөр худалдахаар тохирсон бөгөөд худалдан авагч нь тус өдөр гэрээний зүйлийг шилжүүлэн авч, худалдагчид 900,000.00 төгрөгийг төлж, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлөхөөр болжээ.
Хэдийгээр зохигчид шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарлаж байгаа ч талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш юм. Учир нь, гэрээний талууд шилжүүлсэн эд хөрөнгийн төлбөрийг нэн даруй бус тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсон боловч гэрээний зүйл болсон автомашиныг зөвхөн худалдах үеийн шууд үнийг ийнхүү хожим төлөхөөр тохирсон байгаагаас гадна зээлээр худалдан авч буйн төлөө нэмж төлөх хүүгийн талаар тусгайлан тохироогүй, гэрээний зүйлийн үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжийг агуулаагүй байна.
Харин талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Зохигчид, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа худалдагч буюу нэхэмжлэгч тал ******* улсын дугаартай автомашиныг худалдагч авагч болох хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй. Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцон” гэж, мөн 111 дүгээр зүйлийн 111.1.-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус заасны дагуу худалдагч М гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний зүйлийг худалдан авагч Оын эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд гэрээний зүйл болсон автомашиныг 2002 онд үйлдвэрлэж, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад импортолсон тухай бичилт тусгагдсан байх тул хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “2012 онд импортлогдсон гэж бодсон, энэ тухай мэдээгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн “худалдагчийг 2012 онд үйлдвэрлэсэн автомашин гэж худал хэлсэн” гэх тайлбар нь хэрэгт авагдсан дээрх баримтаар үгүйсгэгдэж байгаагаас гадна автомашиныг үйлдвэрлэсэн болон импортолсон мэдээллийг тус тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс мэдэх боломжтой байсан ажээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1.-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж заасан. Тодруулбал, хариуцагч О нь гэрээний зүйл болох ******* улсын дугаартай автомашиныг ийнхүү шилжүүлэн авснаар түүнтэй холбоотой эрсдэлийг хүлээх тул тэрээр хожим тээврийн хэрэгслийн ослын улмаас гэрээний зүйлд учирсан хохирлыг үндэслэн худалдагчид үнийг төлөхөөс татгалзах эрхгүй юм.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг тогтоосон газар, хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөн гэж үзнэ.
Гэтэл талуудын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1,600,000.00 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй, тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна. Нөгөө талаар тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх” тухай зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан буюу худалдан авсан автомашиныг эрхийн доголдолтой гэдгээ баримтаар нотлохгүй байна.
Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 1,600,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР