Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 123/ШШ2021/0006

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 22 өдөр                 Дугаар                                           Зуунмод сум

                                            123/ШШ2021/0006

 

                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Төв аймгийн Бсумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Бсумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/230, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/111 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А” ХХК-ийн өмгөөлөгч РБ, хариуцагч Төв аймгийн Бсумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.А, гуравдагч этгээд “Б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, түүний өмгөөлөгч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал А.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус компани нь Төв аймгийн Бсумын Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 41 тоот захирамжаар Бсумын Бичигт 3-р сумын нутаг Шар хоолойд 57.1 га газрыг тариалангийн зориулалтаар эзэмшихээр болсон. Манай компани нь өөрийн эзэмшил газрыг тасралтгүй 10 жил зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах хугацаандаа холбогдох санхүү, татварын тайлан болон газрын төлбөр, тооцоог цаг хугацаанд хийж, бүрэн гүйцэд төлж ирсэн. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр газрын даамал Птэй уулзаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар мэдэгдлийг хүлээн авснаар Бсумын Засаг дарга нь А/230 дугаар захирамжийг гарган манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон атлаа 10 өдрийн дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр А/111 дугаартай захирамж гарган манай эзэмшил газрыг “Б” ХК-д эзэмшүүлэхээр болсныг мэдсэн.

Манай компанийн хууль ёсны дагуу олж авсан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг эс зөвшөөрч, хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Гэтэл Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 07/548 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ Бсумын Засаг даргынхаа гаргасан хууль бус захирамжийг хамгаалж, газар эзэмших эрхийг маань сэргээх боломжгүй гэж хариу өгсөн тул энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж байна.

1. Төв аймгийн Б сумын Засаг дарга нь манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.1.7 дахь заалтыг баримталсан тухайд:

- Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар манай компани нь гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй болно. Манай компанийн хувьд газрыг зориулалтын дагуу ашиглаж, чанар байдлыг нь алдагдуулаагүй, төлбөр мөнгийг нь цаг тухай бүрд нь бүрэн гүйцэд төлж, үүргээ шударгаар биелүүлж ирсэн болно. Хэрэв удаа дараа зөрчиж байсан бол хэзээ, хэдийд ямар зөрчил гаргаж байсан талаар тухай бүрд нь манай компанид мэдэгдэж, тухайн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах эрх нь Засаг даргад өөрт нь байгаа бөгөөд Газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах үүргээ биелүүлээгүй Засаг даргын буруутай үйл ажиллагааг манай компани хариуцах үндэслэлгүй болно. Хэрэв манай компанид энэ талаар мэдэгдсэн бол газар эзэмшигчийн хувьд кадастрын шинэчилсэн бүртгэл хийлгүүлж, гэрээгээ шинэчлэн байгуулахад татгалзах зүйл байхгүй байсан болно.

- Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар 2 жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь ор үндэслэлгүй зүйл юм. Манай компанийн хувьд өөрийн эзэмшил газраа тасралтгүй жил болгон зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байсан бөгөөд 2019 онд Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам засварт орсонтой холбоотойгоор зөвхөн тухайн жил хог ургамлыг нь цэвэрлэх зорилгоор тариалан эрхлээгүй болно.

- Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасан үндэслэлийн хувьд эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа юм бол захирамждаа хэдэн оны аль улирлын тайланг тайлагнаагүй эсхүл худал тайлагнасан аль болох талаар тодорхой тусгах ёстой. Гэвч энэ талаар тусгаагүй байгаагаас харахад захирамж хууль бус гарсан болох нь тодорхой байна. Мөн манай компани жил болгон өөрийн санхүү, татварын тайлангаа холбогдох газарт нь өгч байсан байхад энэхүү үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус юм.

2. Бсумын Засаг дарга нь манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6, 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг баримталсан тухайд:

   Манай компанийн хувьд хөрсний төлөв байдлыг дордуулсан зүйл огт байхгүй бөгөөд энэ талаар Бсумын Засаг дарга болон холбогдох газар, сумын газрын даамлаас мэдэгдэл зөвлөмжийг хугацаа зааж ирүүлж байгаагүй болно. Харин манай компани нь өөрсдөө 2019 оны 03 дугаар сард агрохимийн шинжилгээг хийлгэж байсан бөгөөд энэхүү шинжилгээгээр газрын төлөв байдал дордоогүй, хэвийн байсан болно. Гэтэл дээр нөхцөл байдал үүсээгүй байхад, үүссэн болохыг тогтоогоогүй байж үүссэн мэтээр хуулийн зүйл заалтыг илтэд буруугаар тайлбарлан хэрэглэж, манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгож, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхээр болсон нь манай компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч РБ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бсумын Засаг дарга 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/230 дугаартай захирамж гарган эзэмшил газрын гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгосон. Уг газрыг хүчингүй болгосноос хойш 10 хоногийн дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр А/111 дугаартай захирамж гаргаж “Б” ХК-д тухайн газрыг эзэмшүүлэхээр болсон. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Засаг дарга Б “Б” ХК-ийн захирал Ц.Н-тэй эртнээс үгсэн тохиролцож, манай компанийн эзэмшил газрыг авахаар санаархаж байсан гэж үзэхээр байна. Засаг дарга ажил албан тушаалын байдлаа хууль бусаар ашиглаж, компаниас хандив туслалцаа шаардаж, өгөхгүй болохоор нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Ингэхдээ газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох ямар үндэслэл байна тэр бүгдийг хамж авчраад тавьчихсан байна. Тэгэхээр Бсумын Засаг дарга албан тушаалын байдлаа хууль бусаар ашигласан, ашиг сонирхлын зөрчилтэй. “А” ХХК 2020 оны тариалангийн ажлаа хийгээгүйн улмаас хохирол амссан. Уг газрын маргаан дууссаны дараа Ц.Н нарт холбогдуулан хууль хяналтын байгууллагаар шалгуулна. “А” ХХК-ийн хувьд гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчиж байсан үйлдэл гаргаагүй. Уг компани газрыг зориулалтын дагуу ашиглаж, чанар байдлыг нь алдагдуулахгүй, төлбөр мөнгийг нь төлж, үүргээ шударгаар биелүүлж ирсэн. Хавтаст хэрэгт төлбөр, мөнгийг төлсөн тухай баримт авагдсан байгаа. Зөрчил гаргасан бол Засаг даргад уг зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах эрх нь нээлттэй. Гэтэл ийм ажиллагаа явуулаагүй байж бусдыг буруутгаж, бусдын газар эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгосон байна. Тэгэхээр гэрээгээр хүлээсэн үүрэг, гэрээний нөхцөл болзол гэдгийг тодорхой гаргах хэрэгтэй. Кадастрын шинэчилсэн мэдээллийн санд бүртгүүлж, гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлага үүссэн тохиолдолд Засаг дарга энэхүү ажиллагааг зохион байгуулж, газар эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл кадастрын шинэчилсэн мэдээллийн санд бүртгүүлээгүй, гэрээгээ шинэчлэн байгуулаагүй гэдэг үндэслэл нь хууль бус юм. Энэ талаар мэдэгдээгүй, сонинд 4 хоногийн хугацаатайгаар мэдээлэл гаргасан байсан. Ийм богино хугацаа тогтоосон нь газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох зорилготой байсан гэж харж байна. Мөн дээрх зүйлс нь газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл биш юм. Энэ нь газар эзэмших эрхийг хэрэгжүүлж явах хугацаанд гарсан нөхцөл байдал учир хуульд заасан хариуцлага хүлээлгэх боломжтой. “А” ХХК нь Кадастрын шинэчилсэн мэдээллийн санд бүртгүүлж, гэрээгээ шинэчлэн байгуулах тухай шаардлага гаргасан бол үүнийг биелүүлэх бүрэн боломжтой байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан. Манай компани уг газрыг жил болгон зориулалтын дагуу тасралтгүй ашигласан. 2019 оны хувьд Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам засварт орсонтой холбогдуулан, тухайн жил хог ургамал цэвэрлэх зорилгоор тариалан эрхлээгүй. 2 жил дараалан гэж заасан нь тодорхойгүй, ор үндэслэлгүй байна. Тодруулбал захиргааны акт гаргах этгээд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу үндэслэл бүхий нөхцөл байдлыг шалган тогтоох, сонсох ажиллагаа явуулах, энэ талаар баримтуудыг цуглуулах зэрэг ажиллагаа явуулсан бол үүнтэй холбоотой маргаан үүсэхгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь хэсэгт “газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан.” гэж заасан. Энэ нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байна. Татвараа тайлагнаагүй гэж хэлж байгаа ч Татварын албанд 2010-2020 оны тайлан очсон байгаа. Засаг дарга актаа гаргахдаа уг нөхцөл байдлыг шалгаагүй байна. Дараагийн нэг үндэслэл бол Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт “таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх” гэж заасан. Энэ зохицуулалт зөрчигдсөн тохиолдолд газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах тухай зохицуулалт байхгүй. Тариалангийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 27.3-т заасан саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга хөрсний төлөв байдлыг дордуулсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Газрын тухай хуульд заасны дагуу тухайн этгээдэд мэдэгдэнэ.” гэж заасан. Гэтэл “А” ХХК нь 2019 онд албан ёсны шинжилгээ хийлгэсэн дүгнэлтийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Энэ тохиолдолд хүчингүй болгох бол нөхөн сэргээлт хийх 2-5 жилийн хугацаа байдаг ба энэ тохиолдолд газрыг сайжруулаагүй бол хүчингүй болгох ёстой. Энэ бүгдээс харахад газар эзэмших гэрчилгээг “Б” ХК-д өгөхийн тулд газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг зөвшөөрөхгүй байна. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/111 дугаар газар эзэмших эрхийг сэргээх тухай захирамж байна. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг сэргээх тухай зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл хэрэв захирамж хүчингүй байсан бол уг захирамжийг хүчингүй болгох талаар ярих байсан.Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанаас ирүүлсэн 1/1703 тоот гэсэн мэдэгдэл байна. Энэ мэдэгдэл нь “Б” ХК-д биш “Д” ХК-ийн газар эзэмших эрхийг сэргээ гэсэн албан бичиг байна. Гэтэл “Д” ХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн бичгийг ашиглаад “Б” ХК-ийн газар эзэмших эрхийг сэргээнэ гэдэг нь хууль бус байна. Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар тогтоолоор газар эзэмших эрхийг сэргээх талаар байна. Уг тогтоолыг харахад Засгийн газарт үүрэг болгосноос биш Засаг даргад үүрэг болгосон зүйл алга. Мөн сэргээх асуудлыг судлан үзэх талаар дурдсан байдаг. Ийм зүйлүүдийг гуйвуулан ашиглаж “Б” ХК-ийн газар эзэмших эрхийг сэргээжээ. “Б” ХК-ийн гэрчилгээтэй газар нь “А” ХХК-ийн эзэмшиж байсан газартай давхцаж байгаа эсэх нь харагдана. Хайгаад үзэхээр давхцаж байгаа зүйл байхгүй. “Б” ХК-ийн Бсуманд газар эзэмших гэрчилгээ байгаа. Гэхдээ энэ гэрчилгээний аль нь, яаж давхцаад байгаа талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. А/230 болон А/111 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэх шаардлагыг тавьж байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Бсумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б” ХК нь сумын Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 35 тоот захирамжаар 791,5 га газрыг тарилангийн зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд 2007 онд захирал С.Снь “Баян-Өндөр сан” хадгаламж зээлийн хоршоог дампууруулсан, зээлдэгч нарыг хохироосон хэргээр ял эдэлж, 2009 он хүртэл тухайн компани нь газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа зориулалтын дагуу явуулж байгаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 60 тоот захирамжаар хэсэгчлэн буюу 485,1 га газрыг тухайн үеийн сумын Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Мөн түүнчлэн 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 39 тоот захирамжаар “Д” ХК-ийн 9 нэгж талбарын 202,2 га газрыг, 2010 оны 40 тоот захирамжаар “Б” ХК-ийн Бичигт 3 дугаар баг, Шархоолой, Арангатад байрлах нийт 306,4 га газрын эзэмших эрхийг тус тус хүчигүй болгох шийдвэрийг нэмж гаргасан. “А” ХХК-ийн эзэмшиж байсан 57,1 га газар нь “Б” ХК-ийн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 40 тоот захирамжаар хүчингүй болсон газарт хамаарах бөгөөд 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 41 тоот захирамжаар төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр газар эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг. Тухайн үеийн сумын Засаг дарга нь ийм шуурхай шийдвэрлэсэн нь “А” ХХК-д газар олгох зорилгоор үгсэн тохиролцсон байж магадгүй юм. Тиймээс “А” ХХК нь уг газрыг эзэмшихээр төсөл ирүүлсэн байдаг. Уг төсөл нь усалгаатай төмс, хүнсний ногооны аж ахуй байгуулахаар төлөвлөгдсөн 23 хуудас бүхий төсөл байна. Уг төслөөр төмс тариалалт, хураалтын ажлын зардал, мөнгөн хөрөнгийн урсгалын тооцоо, газрын болон бусад төлбөр тооцоо, уринш боловсруулах ажил, бордооны зардлын тооцоо зэргийг нарийвчлан төлөвлөж, хэрэгжүүлэхээр тусгасан байна. Гэвч энэ төсөл нь төлөвлөгөөнийхөө дагуу огт хэрэгжээгүй бөгөөд зориулалтын дагуу ашиглаагүй. Учир нь тухайн газар дээр усалгаатай төмс, хүнсний ногоо тарилана, уриншийг цаг тухайд нь хийнэ гэсэн боловч 2010 оноос хойш газар ашиглахдаа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй, агротехнологийн дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаагүй, уринш нэг ч удаа хийж байгаагүй болно.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1703 тоот албан бичгээр “Эрүүгийн байцаан шийтгэх” хуулийн 134 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн, шийтгэх тогтоолд худалдан борлуулж, хохиролд тооцохоор заагдсан байсан газар эзэмших эрхийг хүчингүй болгож, бусдад шилжүүлсэн, газар эзмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр Засаг даргын шийдвэрээр хүчингүй болгосон гэх боловч уг заалтын “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалт, мөн хуулийн 40.2-т “...аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчсөн С.С, Р.Б нарыг хорих ялаар шийтгэх ялыг биечлэн эдлүүлсэн зэрэг өөрийн эзэмшлийн газраа ашиглах боломжгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаан байсаар байтал газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хадгаламж зээлийн хоршооны төлбөрт битүүмжлэх явцад хүчинтэй байсан газрын гэрчилгээг сэргээх асуудлыг эцэслэн шийдвэрлэх үүрэг тухайн үеийн Засаг даргад өгсөн тул “Д” ХХК, “Б” ХК-ийн эзэмшлийг газрын эрхийг сэргээх асуудлыг 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/343 тоот захирамжаар 7 аж ахуйн нэгж, байгууллага, 26 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсон байна. Үүний дараа орон нутгийн сонгууль болж, сумын Засаг дарга солигдож, 2014 онд энэ асуудал дахин яригдаж,  дээрхи 33 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг сэргээх асуудлыг Засаг дарга нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 61.1 дэх заалт, аймгийн Засаг даргын 2013 оны 01/210 дугаартай эрх сэргээх мэдэгдлийг хэрэгжүүлж, 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/133 тоот захирамжаар 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/343 тоот захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслээгүй, эрх зүйн хувьд чадваргүй эрхийн акт болсон гэх үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгосон байна.

3. “А” ХХК-ийн газрын төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөлтийг 2010-2019 он хүртэл үзэхэд сүүлийн 2 жил газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй, тооцоо нийлсэн акт үйлдээгүй, сүүлийн 2 жил татвар төлж байгаагүй, 500 төгрөгийн баланстай, тэг тайлан өгсөн гэж үзэж болно.

4. “Б” ХК-ийн нэгж талбарын хувийн хэргүүд нь шүүх, Авлигатай тэмцэх газраас шалгагдаж байсан бөгөөд одоогоор аль байгууллагад байгаа нь тодорхой бус байна. “А” ХХК нь тухайн үед төслөөс өөр материал өгч байгаагүй бөгөөд кадастрын шинэчилсэн бүртгэлд огт хамрагдаж байгаагүйн улмаас нэгж талбарын хувийн хэргийн нөхөн бүрдүүлэлт хийгдээгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК Бсумын Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаар захирамжаар Бсумын Бичигт 3-р баг, шар хоолой гэх газарт 57,1 га газрыг үр тариа, тэжээлийн ургамал тариалах зорилгоор 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, захирамжийн 2 дахь заалтаар “А” ХХК-д 2 зүйлийг үүрэг болгосон байдаг. 1.Газрын төлбөр болон усны төлбөрийг цаг тухай бүрд нь төлөх, 2.Газрын гэрээ байгуулан сумын зохих албан тушаалтанд дүгнүүлж байхыг үүрэг болгосон. “А” ХХК-ийн зүгээс анх газар эзэмшсэн цагаас эхлэн дээрх үүргийг биелүүлж байгаагүй буюу гэрээг дүгнүүлэхгүйгээр ирсэн. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж заасан нь нэхэмжлэгч талын үүрэг байна. “А” ХХК нь газар эзэмших гэрээ байгуулах, газар эзэмших гэрээг дүгнүүлээгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг зөрчсөн байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч газар эзэмших гэрээг дүгнүүлж байгаагүй, тухайн компанийн мэдээлэл байгаагүйн улмаас сумаас зохион байгуулж байгаа газар зохион байгуулалт, тухайн жилийн тариалантай холбоотой үйл ажиллагааг нэхэмжлэгчид мэдэгдэх боломжгүй, утас нь холбогдохгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Сумаас жил болгон газар эзэмших гэрээг дүгнэдэг бөгөөд Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 22 дугаар тогтоолоор ажлын хэсэг гарган сумын хэмжээнд тариалангийн газар ашиглалтыг сайжруулах зорилгоор тооллого хийж, тариалангийн газар эзэмшигчдийн газар дээр очиж танилцахад “А” ХХК нь өөрийн эзэмшил бүхий газартаа тогтоосон хугацаанд тариалан хийгээгүй, газрыг зохих журмын дагуу ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Б даргын хувьд ашиг сонирхлын зөрчил үүсгэж “Б” ХК-д газар олгосон гэх асуудлыг нэхэмжлэгч тал ярьж байна. Үүнийг ашиг сонирхлын тухай хуулиар нэхэмжлэгч өөрөө холбогдох албан тушаалтанд өгч шалгуулах эрх нь нээлттэй. Сумын зүгээс газар эзэмших гэрээг дүгнэх, газрын кадастрын шинэчилсэн мэдээллийн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулдаг бөгөөд “Өнөөдөр” сонины 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 78 дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дотор Бсуманд газар эзэмшиж байгаа аж ахуй нэгжүүд газрын гэрээг шинэчлэн байгуулах, мэдээллийн санд бүртгүүлэх ажиллагааг зарлаж мэдэгдсэн байдаг. “А” ХХК дээрх хугацаанд уг үйл ажиллагааг хийгээгүй зөрчил гаргасан. Сумын зүгээс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “А” ХХК-д олгосон 57,1 га газрыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шалгаж дүгнэлт гаргасан байдаг. Уг дүгнэлтэд “А” ХХК нь Газрын тухай хуульд заасны дагуу газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, хоёроос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг төлөөгүй, газрын хөрсний шинжилгээ хийгээгүй гэх мэт үйлдлүүд гаргасан байна. Иймд 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор зөрчлийг арилгуулахаар дүгнэлт гаргасан байдаг. Энэ талаар өөрт нь мэдэгдэх гэсэн боловч “А” ХХК-ний утас холбогдоогүй, мэдээлэл нь сумын санд байхгүйгээс үүдэн уг дүгнэлтийг мэдэгдэж чадаагүй. Нэхэмжлэгч 2019 оноос бусад жилд ашиглаж байсан гэдэг тайлбар хэлж байна. Нэхэмжлэгч уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь татварын тайлангаас харагддаг. Хэрэв 2019 оноос бусад жилүүдэд газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан бол аж ахуйн нэгж орлого олох, орлогоо татварын газарт тайлагнах үүрэгтэй. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан тайлангаас харахад татвар төлөөгүй, татварыг хасах дүнгээр тайлагнасан байдаг. Үүгээр газрыг 2018, 2019 онуудад ашиглаагүй нь харагдаж байна. Нэхэмжлэгч газрын гэрчилгээг эзэмшиж эхэлсэн үеэс Тариалангийн тухай хуулиар тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэгт “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх” гэж, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт “таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх;” гэж тус тус заасан. Гэтэл нэхэмжлэгч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд “А” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэг, Тариалангийн тухай хуульд заасан үүргийг зөрчсөөр ирсэн ба нэхэмжлэгч компани заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй нь Бсумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/230 дугаартай захирамжаар 57,1 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Сумын Засаг даргын зүгээс Газар эзэмших эрхийн хүчингүй болгохын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу 21 буюу түүнээс дээш аж ахуй нэгжид мэдэгдэх үүргээ сониноор мэдэгдсэн. Мөн “А” ХХК-ийн захирлыг тухайн үеийн албан тушаалтан Б дуудаж газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар уулзаж мэдэгдсэн байдаг ба энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байдаг.

Нэхэмжлэгч “Б” ХК-д олгосон 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/111 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай шаардлага гаргасан. “Б” ХК нь 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр зургаан эзэмших гэрчилгээний хүрээнд нийт 700 гаруй га газрыг эзэмшсэн байдаг. Тухайн үеийн “Б” ХК-ийн удирдлагууд тус компанийн эзэмшлийн газрыг хадгаламж зээлийг эзэмшиж байсан хүмүүст Эрүүгийн хуульд зааснаар шалгагдаж “Б” ХК-д холбогдох газрыг хохирол төлүүлэхээр битүүмжилсэн байдаг. Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар захирамжид нэр бүхий эзэмшигчийн газар эзэмшигч нараар хохирогч нарын хохирлыг төлүүлэхээр заасан байдаг. Тухайн үеийн “Б” ХК-ийн удирдлагуудад шүүхээс оноосон ялыг биечлэн эдлүүлэхээр заасан бөгөөд ял эдлэх хугацаандаа 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 40 дүгээр захирамжаар “Б” ХК нь газраа хоёроос дээш жил ашиглаагүй гэж үзэн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байна. Хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн газрыг барьцаалсан барьцаалагчид мэдэгдэх ажиллагааг хийгээгүй нь газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. “Б” ХК-ийн эзэмшиж байсан газрыг сумын удирдлагууд 2012, 2014 онд сэргээж, хүчингүй болгосон захирамжууд гаргасан байдаг. Үүнээс харахад 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/343 дугаар захирамжаар “Б” ХК-ийн газрыг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгохдоо “А” ХХКолгосон 57,1 га газрыг хүчингүй болгох зохицуулалт оруулаагүй ч гэсэн захирамжийн хавсралт хэсэгт “А” ХХК-ийн 57,1 га газар хамаарч байдаг. Анх “Б” ХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн ноцтой зөрчсөн байдаг бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/111 дугаар захирамжаар “Б” ХК-д өмнө эзэмшиж байсан газар буюу 57,1 га газрыг сэргээн олгосон байгааг хууль зүйн үндэслэлтэй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Б” ХК нь газар тариалан хувьчлагдахад 1992 онд үүсгэн байгуулагдсан ууган компанийн нэг юм. Тус компани нь орон нутагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг. Манай компани нь хэд хэдэн дарга захирал солигдож байсан бөгөөд 2005 онд С.С, Р.Б нар нь “Б” ХК-ийг худалдан авч 66%-ийг нь эзэмшдэг байсан бөгөөд “Баян-Өндөр” ХЗХоршооны асуудлаар С.С, Р.Б нар нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байх хугацаанд тэдний нэр дээрхи үл хөдлөх хөрөнгө, газар болон эд хөрөнгө, газар болон эд зүйлийг хураан авч битүүмжилсэн байдаг. С.С, Р.Б нарт холбогдох хэргийг 2007 оны 5-р сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн анан шатны шүүхээр хянан хэлэлцээд 155 дугаар шийтгэх тогтоол гарсан. Тус тогтоолын дагуу 2007-2013 он хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өр төлбөр барагдуулах ажиллагаа нь явагдаж байсан байдаг. Гэтэл Бсумын Засаг дарга нь 2010 оны 02 сарын 25-ны өдөр 41 дүгээр захирамж гарган манай компанийн эзэмшлийн битүүмжлэгдсэн, шүүхийн шийдвэрт ажиллагаа хийгдэж байсан газрыг “А” ХХК-д шилжүүлжээ.

Бсумын Засаг дарга нь газрыг бусдад шилжүүлэхдээ манай компанид мэдэгдээгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ...аймаг нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явагдаж байгаа битүүмжлэгдсэн тогтоолтой газрыг Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд ч танилцуулж мэдэгдээгүй байгаа нь тухайн үеийн Бсумын Засаг дарга 2010 оны 02 сарын 25-ны өдрийн 41 дүгээр захирамж гарган “А” ХХК-д “газар эзэмшүүлэх тухай” захирамж гаргасан нь хууль зөрчсөн захирамж гаргасан байна.

Харин Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 сарын 21-ний өдрийн 22 дугаар тогтоолоор .. хэрэг бүртгэлт, мөрдөн байшаалтын шатанд хадгаламж зээлийн хоршооны төлбөрт битүүмжлэх явцад хүчинтэй байсан газрын гэрчилгээг сэргээх асуудлыг эцэслэн шийдвэрлэх үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд өгсөн байдаг. Дээрхи тогтоолын дагуу Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Бсумын Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Иймд Монгол Улсын Их Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 сарын 21-ний өдрийн 22 дугаар тогтоолын дагуу “Б” ХК-ийн нэр дээрхи Бсумын 3-р багийн нутаг дэвсгэр “Шар хоолойд” байрлалтай 57.1 га газрыг Бсумын Засаг даргын 2012 оны 12 сарын 14-ний өдрийн А/343 дугаар захирамжаар Газрын харилцааг зохицуулах тухай хүчингүй болгосон газрын эзэмших эрх болон эрхийн гэрчилгээг сэргээсэн. 2014 оны 04 сарын 11-ний өдрийн А/133 дугаар захирамжаар хүчингүй болгосон, 2020 оны 05 сарын 22-ны өдрийн А/111 дугаар захирамжаар сэргээж авсан. Харин 2010 онд гарсан 41 дүгээр захирамжийг танилцуулаагүй, манай газрыг “А” ХХК-д олгосныг мэдээгүй гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ю.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд Хадгаламж зээлийн хоршооны төлөлт битүүмжлэх явцад хүчингүй болсон газрын гэрчилгээг сэргээх асуудлыг эцэслэн шийдвэрлэх үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Банк хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд өгсөн. Энэ дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2012 оны 11 сарын 03-ны өдрийн 1/1703 тоот албан бичгийг тухайн үеийн Засаг дарга н.Мөнхбаатарт явуулсан байдаг. Уг албан бичгийн сүүлийн мөрөнд “2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар тогтоолоор Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Хадгаламж зээлийн хоршооны төлбөр битүүмжлэх явцад битүүмжлэх явцад хүчинтэй байсан газрын гэрчилгээг сэргээх асуудлыг эцэслэн шийдвэрлэх үүрэг өгсөн тул  Төв аймаг, Бсумын 1-р багт орших “Д” ХХК-ийн эзэмшлийн газрын эрхийг сэргээхээр заасан. Тухайн үеийн “Д” ХХК-ийн газар Бсумын нутагт байрлах газартай адилхан. Тийм учраас “Б” ХК-ийн газар сэргээгдсэн нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй. Мөн Засаг дарга нарын үзэмжээр уг газрыг маш олон удаа сэргээж, хүчингүй болгож байсан байдаг. Хэрэгт цугларсан баримтаас Бсумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/343 дугаар захирамжаар газрын эзэмших эрх болон, эрхийн гэрчилгээг сэргээсэн. Энэ нь анх “Б” ХК-ийн битүүмжлэгдсэн газрыг сэргээсэн. 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/133 дугаар захирамжаар хүчингүй болгосон байдаг. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/111 дугаар захирамжаар сэргээсэн. Энэ нь 2010 онд дунд нь гарсан 41 дүгээр захирамж ямар нэгэн хадгаламж зээлийн хоршоо болон шийдвэр гүйцэтгэлийн албанд, “Б” ХК-д ямар нэгэн байдлаар уг захирамжийг танилцуулаагүй. Тухайн үеийн Засаг дарга нар өөрсдийн эрх хэмжээнд битүүмжлэгдсэн газар дээр гэрчилгээ гаргаж үүгээр уг газрыг эзэмших, ашиглах боломжийг хангаж байсан. “А” ХХК-ийн газрыг хүчингүй болгосон захирамж дээрээ Татварын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн байна. Тайлан мэдээлэл өгөөгүй гэж үзсэн байна. Тайлан, мэдэгдэл өгөөгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Хэдийгээр газрын төлбөр гэж 66 000 төгрөг тушаасан боловч сүүлд ирсэн Татварын албаны тайлангаас харахад 2015-2020 оны тайланг ирүүлсэн байсан. 2015 оны 04 дүгээр сард 13 500 000 төгрөгийн орлого орсон, үйл ажиллагааны зарлага 12 985 000 байна, 2016 онд зарлага гараад орлого байхгүй, 2017-2020 онуудын орлого, зарлага байхгүй байгаа юм. Газрын төлбөрөө тушааж байсан бол яагаад тайлангаа хасах тайлангаар өгсөн энэ Татварын тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Ийм учир Засаг даргын захирамжаар тайлангаа өгөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхнаасаа 40 жилийн хугацаатайгаар манай эзэмшлийн газар байсан. Засаг дарга нарын гаргасан захирамжуудаас болж манай эрх зөрчигдсөн. Тийм учраас 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/111 дугаар захирамжийг хэвээр үлдээнэ үү. Харин “А” ХХК-ийн 41 дугаар захирамжийг хууль зөрчиж гарсан захирамж ба хүчингүй болсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн маргааны зүйл болсон газар нэг газар болохыг юугаар нотолж байна вэ гэхээр газрын албанаас ирсэн кадастрын зураг байна. Үүнд “А” ХХК, “Б” ХК хоёрын хоорондох 57,1 га газар адилхан. Харин нэр нь “Б” ХК Ц.Н гээд регистртэй, хэвлэсэн огноо нь “Б” ХК 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгаа. Гэтэл “А” ХХК-ийн хэвлэсэн огноо 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэж байгаа. Тэгэхээр энэ газар нь “Б” ХК-ийн эзэмшлийн газар байжээ гэдэг нь гэрчилгээ, кадастрын зургаар мөн нотлогдож байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь “Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/230, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/111 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу энэ хэрэгт ач холбогдол бүхий  бүхий л баримтыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Эрүүгийн хэргийн төв архив, Авлигатай тэмцэх газар, Төв аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, нэхэмжлэгч “А” ХХК, гуравдагч этгээд “Б” ХК-иас удаа дараа шаардаж, байгаа бүхий л нотлох баримтуудыг цуглуулсан бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрын хувийн хэргийн материал дээрх байгууллага, хуулийн этгээдүүдэд байхгүй гэсэн учир эдгээр байгууллагуудаас гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах шийдвэрийг гаргасан болно.

Нэг. Б сумын Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 41 дүгээр захирамжаар “А” ХХК-д Бичигт багийн нутаг Шар хоолой нэртэй газарт 57.1 га тариалангийн газрыг үр тариа, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлж.[1], 0201965 дугаар газар эзэмших эрхийг гэрчилгээг[2] 2010 оны 03 дугаар сарын 11-ний өдөр олгожээ.

Төв аймгийн Бсумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/343 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас ирүүлсэн 1/1703 тоот мэдэгдэл, Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 22 дугаар тогтоолоор газар эзэмших эрх сэргээх үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Сумын Засаг даргын газрын харилцааг зохицуулах тухай 2009 оны 60 тоот, 2010 оны 39, 40 тоот захирамжуудыг хүчингүй болсонд тооцож, уг захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлсэн нэрсийг хавсралт №1-ээр гаргаж, энэ хавсралтад заагдсан хэмжээгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмшүүлэхээр олгогдсон газруудын холбогдох шийдвэр болон захирамж, гэрээ, гэрчилгээнүүдийг хүчингүй болсонд тооцож, захирамжийн хавсралт №1-ийн 21-т “А” ХХК багтжээ[3].

Үүний дараа Бсумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/133 дугаар захирамжаар Газрын харилцаа зохицуулах тухай 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/343 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслээгүй, мөн түүнчлэн эрх зүйн хувьд чадваргүй эрхийн акт болсон тул хүчингүй болсонд тооцож, “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн байна.[4] 

Төв аймгийн Бсумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/230 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.1.7 дахь заалт, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6, 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн, газар эзэмших, ашиглах гэрээгээ заасан хугацаанд дүгнүүлээгүй, кадастрын шинэчилсэн мэдээллийн санд бүртгүүлж, гэрээгээ шинээр байгуулаагүй, газрын төлбөрөө гэрээгээр заасан хугацаанд төлдөггүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, тариалалтын мэдээгээ цаг тухайдаа өгөөгүй, агрохими, агрофизикийн  шинжилгээ хийлгээгүй, уриншийн боловсруулалтыг агротехникийн хугацаанд технологийн дагуу хийдээгүй зэрэг үндсэн шаардлагуудыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 5333962 регистрийн дугаартай “А” ХХК-ийн эзэмшилд байгаа Бичигт 3-р багийн нутаг Шар хоолойд байрлалтай 57.1 га тариалангийн газрыг 2020 оны 05 дугаар сарын 12-наас эхлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцжээ.[5]

1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн, газар эзэмших, ашиглах гэрээгээ заасан хугацаанд дүгнүүлээгүй, .... гэрээгээ шинээр байгуулаагүй, шинэчилсэн мэдээллийн санд бүртгүүлээгүй гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч “А” ХХК нь Төв аймгийн Бсумын Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 41 дүгээр захирамжаар 57.1 га газрыг анх эзэмших эрхтэй болсон боловч Төв аймгийн Бсумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/343 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Улмаар Бсумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/133 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг дахин эзэмших эрхтэй болсныг дээр дэлгэрэнгүй дурдсан.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасан.

Анх Төв аймгийн Бсумын Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 41 дүгээр захирамжид газар эзэмшигч “А” ХХК-д тухайн газарт ноогдуулсан газар, уг ашигласны төлбөрийг аймаг, сумын төсвийн орлогод хугацаанд нь төлж байх, сумын газрын даамалтай газар эзэмших гэрээ хийж, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж ажиллахыг үүрэг болгожээ[6]. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анх 2012 онд гэрээ байгуулсан түүнээс хойш гэрээ байгуулж байгаагүй гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь жил бүр газар эзэмших гэрээг сумын газрын даамалтай шинэчлэн байгуулж, дүгнүүлж байгаагүй байна.

Энэ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзол болох гэрээгээ жил бүр дүгнүүлж, шинэчлэн байгуулах үүргээ 2014 оноос хойш “А” ХХК биелүүлээгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх үндэслэлд хамаарч байна.

Хэдийгээр Газрын гэрчилгээ хүчингүй болгох үндэслэлд шинэчилсэн мэдээллийн санд бүртгүүлээгүй гэсэн үндэслэл байхгүй хэдий ч нэхэмжлэгч мэдээллээ өгсний үндсэн дээр хэрэгжих ажил байна.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч “А” ХХК нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаан бүхий газар дээр 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдохгүй байна.

Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас шүүхэд ирүүлсэн лавлагаанд “А” ХХК нь 2012 онд 60 га талбайд улаанбуудай тариалсан байна. Бусад онуудад газар тариалангийн үйлдвэрлэл явуулсан тухай мэдээлэл ирүүлээгүй байна[7] гэжээ. “А” ХХК 2012 оны тариалалтын мэдээ гаргаж өгснөөс үзвэл Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараах үүрэгтэй, 20.2.6 таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх, үүргээ  мэдэж байсан бөгөөд үүнээс хойш тариалалтын мэдээ өгөөгүй, газрын гэрээгээ байгуулж дүгнүүлээгүй, татварын 2016 оноос хойшхи тайлангуудаас үзвэл 57.1 газарт үйл ажиллагаа явуулж байсан гэх орлого, зарлагын бичилт байхгүй, “0” тайлантай[8], нэхэмжлэгчээс газраа ашиглаж байсан эсэх талаар баримтыг гаргаж өгөөгүй, Газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэсэн дүгнэлт[9] зэргээс үзвэл газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дээрх 2 үндэслэлээр “А” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Төв аймгийн Бсумын Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа...зөрчсөн; 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно гэсэн заалттай нийцсэн байна.

Харин нэхэмжлэгчээс 2010-2020 он хүртэлх газрын төлбөр төлсөн баримтаа ирүүлсэн байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр түүнийг буруутгах үндэслэлгүй.

 Мөн Төв аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 05/400 дугаар албан бичгээр “А” ХХК-ийн 2015-2020 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг татварын бүртгэл мэдээллийн сангаас ирүүлсэн тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй гэсэн нь үндэслэлгүй,  Хөдөө аж ахуйн их сургууль, Агроэкологийн сургууль, хөрс-агрохимийн лабораториор 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хөрсний шинжилгээ[10] хийлгэсэн байх тул нэхэмжлэгчийг хөрсний төлөв байдлын шинжилгээг хийлгээгүй гэх үндэслэлээр буруутгах үндэслэлгүй, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалтад “өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа тариалангийн газарт хуульд заасан хугацаанд агрохими, агрофизикийн шинжилгээ хийлгэх” гэж заасан үүргээ биелүүлсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр Бсумын Засаг дарга нэхэмжлэгчийг буруутгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж шүүхээс үзсэн болно.

Хоёр. Анх Төв аймгийн Бсумын Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 35 дугаар захирамжаар “Б” ХК-д нийт 445 га газрыг, үүнээс 345.6 га газрыг Бичигт багийн нутаг Шархоолойд үр тариа, төмс, хүнсний ногооны зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.[11]

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор “Б” ХК-ийн захирал С.С, хувь нийлүүлэгч Р.Б нарыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, .... мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн “Б” ХК-ийн 363.965 ширхэг хувьцаанд ногдох хөрөнгийг хохирогч нарын хохиролд тооцож олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн.[12]

Төв аймгийн Бсумын Засаг даргын  2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 40 дүгээр захирамжаар 306.4 га газрыг[13] “Б” ХК-ийн эзэмшилд олгогдсон Бичигт багийн Шархоолойд байрлах тариалангийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцжээ.

Үүний дараа Төв аймгийн Бсумын Засаг дарга 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/343 дугаар захирамжаар[14] Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1703 дугаар албан бичгийг үндэслэн 2010 оны 40 дүгээр захирамжийг хүчингүй болгож, “А” ХХК-д эзэмшүүлсэн газрын гэрчилгээг хүчингүй болгожээ.

Тус сумын Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/133 дугаар захирамжаар[15] Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслээгүй, эрх зүйн хувьд чадваргүй акт болсон гэж 2012 оны А/343 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

Үүнээс хойш 6 жилийн дараа Төв аймгийн Бсумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/111 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас ирүүлсэн 1/1703 тоот мэдэгдэл, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 22-р тогтоолоор газар эзэмших эрх сэргээх үүргийг хэрэгжүүлэх зорилгоор гэсэн үндэслэлээр “Б” ХК-д 57.1 га газрыг эзэмшүүлжээ.

   Дээр дурдсанаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газрын хувийн хэргийн материал, тэр дундаа “Б” ХК-ийн газрын кадастрын зураг байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч эдгээр газар нь давхцалтай эсэх нь эргэлзээтэй гэсэн тайлбарыг гаргасан. Хэрэгт авагдсан “Б” ХК-д анх газар эзэмшүүлсэн 2006 оны 35 дугаар захирамжид Шархоолойд 345.6 га газар эзэмшүүлсэн, Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас ирүүлсэн 20646249 дугаартай хэргээс хуулбарлан ирүүлсэн газар эзэмших гэрчилгээнүүдэд 345.6 га газар эзэмшүүлсэн гэрчилгээ байсан, хариуцагчаас уг 345.6 га газарт маргаж буй газар орж байгаа бөгөөд “Б” ХК, “А” ХХК-ийн газар давхцаж байгаа гэсэн тайлбарыг удаа дараа гаргаж, давхцуулсан кадастрын зургийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн эдгээр газрыг давхцалтай гэж үзэн хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэсэн болно.

            Төв аймгийн Бсумын Засаг даргын удаа дараагийн захирамждаа үндэслэл болгоод байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1703 дугаар албан бичигт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хадгаламж зээлийн хоршооны төлбөрт битүүмжлэх явцад хүчинтэй байсан газрын гэрчилгээг сэргээх асуудлыг эцэслэн шийдвэрлэх үүрэг өгсөн тул “Д” ХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Бсумын 1-р багт байрлах 831246 квадрат метр газрын эзэмших эрхийг сэргээж хариу ирүүлэхийг мэдэгдсэн байна[16].

            “Б” ХК, “Д” ХХК нь тус тусдаа бие даасан хуулийн этгээд бөгөөд тус тусдаа газар эзэмшдэг. Түүнчлэн компанийн хувьцаа эзэмшигч, захирал нь хорих ял биечлэн эдэлж байгаа нь газар эзэмших эрх зүйн харилцааны хувьд хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд төр өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл хүчингүй болгох бүрэн эрхтэй.

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хадгаламж, зээлийн хоршооны төлбөрт хураагдсан газар өмчлөх, эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээнүүдийг битүүмжлэх явцад хүчинтэй байсан гэрчилгээний хугацааг сэргээх асуудлыг судлан үзэж Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь заалтын хэрэгжилтийг ханган ажиллах, энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд даалгажээ.[17]

Хохирлыг эргэн төлөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн зорилт нь  хадгаламж, зээлийн зарим хоршооны үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигчид учирсан хохирлын тодорхой хэсгийг төрөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах, үлдэгдэл хохирлыг хадгаламж, зээлийн хоршооны орлого, мөнгөн хөрөнгөөр барагдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь заалтад “газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг худалдан борлуулснаас олсон орлого” гэж зааснаас үзвэл тухайн газрын гэрчилгээг худалдан борлуулж төр, хохирогчдын хохирлыг барагдуулахаас биш “Б” ХК болон Д.С, Р.Б  нарт маргаан бүхий газрыг буцаан олгохоор заасан зохицуулалт биш байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад захиргааны байгууллага хуульд үндэслэх зарчмыг баримтална, мөн хуулийн 40  дүгээр зүйлийн 40.3 дахь заалтад захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэсэн шаардлагуудыг Төв аймгийн Бсумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/111 дугаар захирамж хангаагүй байна.

Иймд Төв аймгийн Бсумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/111 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу хүчингүй болгож шүүх шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.6 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Төв аймгийн Бсумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/111 дугаар захирамжийг хүчингүй болгож, үлдэх Төв аймгийн Бсумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/230 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

 

 

ШҮҮГЧ                                                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 41-р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 12-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 42-р хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 43-р хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 44-р хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 41-р хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 106-р хуудас

[8] 1-р хавтаст хэргийн 156-172-р хуудас, 2018 оны тайланд татварын өмнөх ашиг алдагдал гэж -8568000 төгрөгийн бичилттэй.

[9] 1-р хавтаст хэргийн 47-51-р хуудас

[10] 1-р хавтаст хэргийн 25-р хуудас

[11] 1-р хавтаст хэргийн  234 -р хуудас

[12] 1-р хавтаст хэргийн 73-81-р хуудас

[13] 1-р хавтаст хэргийн 40-р хуудас

[14] 1-р хавтаст хэргийн 42-р хуудас

[15] 1-р хавтаст хэргийн 43-р хуудас

[16] 1р хавтаст хэргийн 92-р хуудас

[17] 1-р хавтаст хэргийн 141-142-р хуудас