Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0132

 

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0132

Улаанбаатар хот

 

Ц.Б , Ц.И  нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч нар;

 

Нэхэмжлэгч: Ц.Б , Ц.И  нар

Хариуцагч: ШЕЗ

Нэхэмжлэлийн шаардлага: “... Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 65,520,000 төгрөгийг Ц.Б д, 70,884,000 төгрөгийг Ц.И  тус тус олгуулахыг даалгах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0875 дугаар шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0803/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б , Ц.И  нараас ШЕЗ д холбогдуулан “...Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 65,520,000 төгрөгийг Ц.Б д, 70,884,000 төгрөгийг Ц.И -д тус тус олгуулахыг даалгах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 875 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б , Ц.И  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ц.Б д 65,520,000 /жаран таван сая таван зуун хорин мянга/ төгрөг, Ц.И  67,860,000 /жаран долоон сая найман зуун жаран мянга/ төгрөгийг тус тус олгохыг ШЕЗ д даалгаж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч нараас давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0875 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна. Дээрх шийдвэрийг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна

3.1. Үүнд: Нэг. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Ц.Б , Ц.И  нараас ШЕЗ д холбогдуулан “тэтгэмжийн зөрүү Ц.Б гээс 65,520,000 төгрөг, Ц.И-оос 70,884,000 төгрөгийг тус тус гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг гаргахдаа дурдсан үндэслэлийг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин..” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул “албан тушаалын цалин”, “нэмэгдэл”, “тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг ШЕЗ ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин..” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байна.

3.2. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна.

Үүнд: -УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл;

-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/;

-Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид “нэг удаа” олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн... авч байсан сарын дундаж цалин... нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. Иймд 36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл”-ээс тооцох үндэслэлгүй.

3.3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан “... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг ШЕЗ өөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасантай нийцсэн байна.

 

2. Нэг. Эрх зүйн маргаантай захиргааны актын талаар:

 

2.1. Нэхэмжлэгч Ц.Б , Ц.И  нар нь ШЕЗ д холбогдуулан “...Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 65,520,000 төгрөгийг Ц.Б д, 70,884,000 төгрөгийг Ц.И д тус тус олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч ШЕЗ  эс зөвшөөрч “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “... сарын дундаж цалин” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Дээрх хуулийн заалтыг ШЕЗ өөс хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

 

           3. Хоёр. Хууль хэрэглээний талаар:

 

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг “Монгол Улсын төрийн байгуулал”-ын дөрөвт Шүүх эрх мэдлийн институцийн эрх, үүргийг тодорхой заасан бөгөөд Дөчин наймдугаар зүйлийн 3-т “Шүүх улсын төсвөөс санхүүжин. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.” гэж шүүх, шүүгч нарын эдийн засгийн баталгааны талаар төрийн хүлээх үүргийг Үндсэн хуулиар тогтоож өгсөн билээ.

 

3.2. Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэн 2021 онд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлд “Шүүх, шүүгчийн эдийн засгийн баталгаа”-г тодорхой хуульчилж өгсөн. Үүнд: Мөн зүйлийн 46.1-д “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна.”, 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.”, 46.4-т “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй.” гэж шүүгчийн цалин хөлсний бүтэц, бүрдлийг цогцоор нь маш тодорхой хуульчилж, төсөв батлахдаа цалин хөлсний бүрдэл, хэмжээг бууруулахыг хориглосон байна.

3.3. Гэтэл ШЕЗ  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэсэн заалтыг практикт хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн шүүгчийн цалин хөлсний цогц бүрдлийг тогтоосон заалтаас зөвхөн “албан тушаалын цалин”-аас тооцон тэтгэмж олгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

3.4. Шүүгч нарын сард авч байгаа дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь шүүгч нарын цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бөгөөд тухайн цалин хөлснөөс төсөвт төвлөрүүлэн суутгаж байгаа татвар, нийгмийн даатгалын шимтгэл тооцож байгаа цалинг шүүгчийн сард авах цалин гэж үзэх үндэслэлтэй.

 

3.5. Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлүүдэд зааснаар “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ.” гэж заасан тул шүүгч нарт нэг удаа олгох тэтгэмжийг бодох сарын дундаж цалингийн хэмжээг эдгээр хуультай нийцүүлэн цалингийн бүтэц, бүрдлийг цогцоор нь тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

3.6. Ардчилсан эрх зүйт төрийн тогтолцоотой улс орнуудын хөгжлийн практикаас үзэхэд хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл нь бие биеэсээ хараат бусаар үйл ажиллагаа явуулах гол үндэс нь эдийн засгийн хараат бус байдал юм.

 

3.7. Иймд шүүгч нарын тэтгэмж олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газраас баталсан хэм хэмжээний актаар зохицуулах нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ.”, 5.2-т “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг алдагдуулсан хууль тогтоомж болон хэм хэмжээний акт гаргахыг хориглоно.”, 46 дугаар зүйлийн 46.3-т “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.” гэсэн заалттай зөрчилдөж байна.

 

3.8. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.” гэж шүүгчийн сарын цалингийн хэмжээ, бүрдлийг маш тодорхой заасан байхад хариуцагч шүүгчийн “сарын дундаж цалингийн бүрдэл”-ээс зөвхөн “албан тушаалын цалин”-г салган авч шүүгчид олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тогтоож байгаа нь буруу бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй.” гэж заасныг зөрчиж шүүхийн төсвийг батлуулан шүүгчид тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгох тэтгэмж бодох сарын дундаж цалингийн бүрдэл, хэмжээг үндэслэлгүй бууруулжээ.

 

3.9. Хариуцагч ШЕЗ  нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэсэн хуулийн заалтыг буруу тайлбарлан “... албан тушаалын цалингийн хэмжээ /энэ үг, үсэг болон агуулга хуульд байхгүй/-ээс тооцож олгоно гэж хэрэглэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 4/-т “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4-т “шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх;” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

3.10. Нөгөөтээгүүр ШЕЗ ийн дарга 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” 165 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь заалтыг баримталсан байх боловч уг журмын “4.4-т Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж заасан зохицуулалтыг хариуцагч анхаарч үзээгүй байна.

 

3.11. Түүнчлэн нэхэмжлэгч нарын нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгуулахаар гаргасан хүсэлтэд хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1922 дугаар албан бичгээр “...шийдвэрлэх боломжгүй” гэх татгалзсан хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус татгалзал байна.

 

3.12. Тодруулбал ШЕЗ өөс нэхэмжлэгч нарт хуульд заасны дагуу олговол зохих нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа татгалзал, эс үйлдэхүй нь хууль бус байна.

 

3.13. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгүйгээр, даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасантай нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

3.14. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0875 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “.. нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” гэсний дараа “нэхэмжлэгч Ц.Б , Ц.И  нарт тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                  Н.ХОНИНХҮҮ  

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН   

ШҮҮГЧ                                                               Т.ЭНХМАА