Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 05

 

Иргэн Д.Уужимсанаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Уужимсанаа, түүний өмгөөлөгч С.Батболд, гуравдагч этгээд Л.Тунгалагийн өмгөөлөгч Н.Ариунболд нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2016/0687 дугаар магадлалтай, иргэн Д.Уужимсанаагийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.8, 84 дүгээр зүйлийн 84.10, 84.14, 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.3, 99.5, 161 дүгээр зүйлийн 161.1, 161.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Орон нутгийн хуралд сонгогдсонд тооцогдох нэр дэвшигчдэд түр үнэмлэх олгох тухай” 15 дугаар тогтоолын хавсралтын Л.Тунгалагт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Уужимсанааг Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсонд тооцсон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2016/0687 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Л.Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Гуравдагч этгээд Л.Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцогт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Сонгуулийн тухай хууль нь Үндсэн хууль, Олон улсын гэрээгээр баталгаажсан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах үндсэн зорилго зорилттой. Сонгуулийн тухай хуулийн 4.2-т “сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй”, 11.1-д “сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлахгүйгээр оролцох эрхтэй”, 11.4-т “сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж тус тус зааж мөн хуулийн 87.1-д “сонгогчдын саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00-22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна”, 89.11-д “санал авах өдрийн 22:00 цагт сонгогчдын бүртгэлийг зогсоох бөгөөд бүртгэлийн хуудсаа авсан сонгогчдыг саналаа өгөх боломжоор хангана” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, сонгогч хуулиар тогтоосон хугацаанд саналаа өгөх эрхтэй бөгөөд саналын хуудас “дууссан” нь сонгогч санал өгөх эрхгүй болох, сонгогчийн саналыг нь авахгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй. Санал авах хугацаа дуусаагүй байхад Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварын саналын хуудсыг олшруулан иргэний сонгох эрхийг зохих шатны сонгуулийн хороо хангасан байхад уг шийдвэрийг буруутган Сонгуулийн тухай хуулийн 97.4-т заасныг баримтлан шүүх захиргааны хэргийг шийдвэрлэсэн нь иргэний сонгох, сонгогдох эрхэд нийцээгүй, хэрэгт авагдсан үйл баримт, нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй иргэний эрхийн эсрэг шийдвэр болжээ. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                                     ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 12 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэхэмжлэгч Д.Уужимсанаа, Ардчилсан намаас гуравдагч этгээд Л.Тунгалаг нар тус тус нэр дэвшиж өрсөлдсөн ба Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Л.Тунгалагийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсонд тооцож, нэр дэвшигчийн түр үнэмлэх олгожээ.

Үүнийг Д.Уужимсанаа эс зөвшөөрч “санал тоолох төхөөрөмжөөс гарсан саналын дүнг үндэслээгүй, гар аргаар тоолсон дүнгээр Л.Тунгалагийг ялсанд тооцсон нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэж маргасан байна. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр баг /36 дугаар хэсэг/-т саналын хуудас дутсан гэх шалтгаанаар хэвлэн олшруулсан 28 ширхэг  саналын хуудсаар сонгогчдын саналыг авч, үүнийг гар аргаар тоолон, санал авах, тоолох төхөөрөмжөөс гарсан саналын дүнгийн хамтаар Тосонцэнгэл сумын Сонгуулийн хороонд хүргүүлжээ.

Тосонцэнгэл сумын Сонгуулийн хороо аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналыг нэгтгэхэд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгээр Д.Уужимсанаа 2206, Л.Тунгалаг 2200 санал авсан бөгөөд үүн дээр хувилан олшруулсан хуудсаар авсан саналыг гар аргаар тоолон нэмж нэгтгэхэд Д.Уужимсанаа 2216, Л.Тунгалаг 2219 болж өөрчлөгдсөн байна.

Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна” гэж заасны дагуу саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжөөр тоолж, үүнийгээ тухайн хэсгийн санал хураалтын дүн гэж үзэх учиртай юм.

Гэтэл Завхан аймгийн сонгуулийн хороо дээрх 2 саналын дүнгээс “гар аргаар тоолж нэмж нэгтгэсэн” дүнг үндэслэн Л.Тунгалагийг нэр дэвшигчээр сонгогдсонд тооцсон нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, ... сонгуулийн үйл явцыг зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална:” гээд 5.1.1-д “...хууль дээдлэх...”; 97 дугаар зүйлийн 97.4-т “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна”, 99 дугаар зүйлийн 99.5-т “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна” гэж заасныг зөрчсөн, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.5-т “...Санал авах, тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд тухайн төхөөрөмжид байгаа саналын хуудсыг хоёр дахь, эсхүл нөөц төхөөрөмжид уншуулж тоолох ба санал авах, тоолох төхөөрөмж байхгүй тохиолдолд сонгуулийн төв байгууллагаас баталсан журмын дагуу гар аргаар тоолно” гэж саналыг гар аргаар тоолох нөхцөлийг “санал тоолох төхөөрөмж гэмтсэн, саатал гарсан тохиолдолд” хэрэгжихээр заажээ.

Тухайн тохиолдолд, саналыг гар аргаар тоолох хуульд заасан нөхцөл бүрдээгүй буюу Тосонцэнгэл сумын Сонгуулийн хороо, хэсгийн хороодод санал тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдсан, гэмтсэн, саатсан нөхцөл үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байх тул гар аргаар тоолсон саналын дүнг үндэслэсэн Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэгэнт сонгуульд оролцох, санал авах, санал тоолох зэрэг сонгуулийн бүхий л ажиллагааг нарийвчлан зохицуулсан Сонгуулийн тухай хуульд заасан журмыг буруу хэрэгжүүлсэн захиргааны байгууллагын үйл ажиллагааг зөвтгөн тайлбарлах хуулийн боломжгүй байх тул гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “санал өгсөн иргэний саналыг тоолох ёстой, иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглож болохгүй” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2016/0687 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                                          ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН