Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0426

 

Увс аймгийн Монгол Ардын намын дарга Д.Батсайханы нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дамдинсүрэн, гуравдагч этгээд С.Амраа, түүний өмгөөлөгч З.Нандинцэцэг нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Увс аймгийн Монгол Ардын намын дарга Д.Батсайханы нэхэмжлэлтэй, Увс аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Монгол ардын намыг төлөөлж, Увс аймгийн Монгол ардын намын дарга Д.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Аймгийн МАН-аас нэр дэвшигч С.Амраа нь 1995 оноос 2016 оны 05 дугаар сарын 09-нийг хүртэл Увс аймгийн Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/-ын гишүүн байсан ба 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өөрийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу МАХН-аас гарах хүсэлтээ илэрхийлж тус намын гишүүнээс татгалзсан. 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр С.Амраа нь Монгол Ардын Намд /МАН/ элсэх хүсэлтээ гаргаж МАН-ын гишүүн болсон.

С.Амраа 2016 оны Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Увс аймгийн Улаангом сумын 11-р багт буюу сонгуулийн 26-р тойрогт нэр дэвшихээр болсон боловч Увс аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Улсын Дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны 48 тоот тогтоол зэргийг зөрчсөн шийдвэр гаргаж сонгогдох эрхэнд нь бүдүүлгээр халдсан байна.

Увс аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 05-р сарын 17-ны өдрийн 08 тоот тогтоол гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр 154.6 дахь хэсэгт нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно гэдэг заалтаар С.Амрааг нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэр гаргахдаа МАХН-ын Мянгатын зөвлөлийн хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 тоот тогтоолыг үндэслэн МАХН-ын гишүүн гэж үзсэн нь хуулийн зүйл заалтыг зориудаар мушгин гуйвуулсан үйлдэл болжээ.

С.Амраа нь 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр МАХН-аас гарах хүсэлтээ МАХН-ын Мянгатын зөвлөлд гаргаж өгсөн бөгөөд үүнийг МАХН-ын даргын үүрэг гүйцэтгэгч П.Пүрэвсүрэнгийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний тодорхойлолт гэрчилнэ. Улс төрийн намын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна гэж хуульчилсныг Улсын Дээд шүүхээс 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 48 тоот тогтоолоор тайлбарлахдаа “нэг намд элсэж, гишүүнээр бүртгэгдсэн иргэн тухайн намын дүрэмд заасан журмын дагуу намын гишүүнчлэлээс татгалзаж, бүртгэлээс хасагдах өргөдөл гаргасан бол намаас гарсан гэж үзнэ” гэжээ. С.Амраа нь МАХН-ын дүрмийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт Намын анхан шатны байгууллага нь аймаг, дүүрэгт мянгат байна гэсний дагуу Мянгатын зөвлөлд намаас гарах өргөдөл өгсөн. Энэ нь Амрааг тус намаас гарсныг нотлох баримтаар тогтоож байна. Ийм байтал С.Амрааг МАХН-ын гишүүн гэж Увс аймгийн Сонгуулийн хороо үзэж шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигч С.Амрааг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 26 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Сонгуулийн хороог төлөөлөн дарга Г.Болор-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Монгол Ардын намын хорооны 5 дугаар хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийн 26 дугаар тойрогт С.Амрааг нэр дэвшүүлж, бусад баримт бичгийн хамт аймгийн Сонгуулийн хороонд хуульд заасан хугацаанд хүлээлгэн өгсөн. Гэтэл Увс аймгийн Ардчилсан намаас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр С.Амрааг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь заалтыг зөрчиж МАН-аас нэр дэвшүүлсэн, нэр дэвшигч С.Амраа нь аймгийн МАХН-ын хорооны дарга, аймгийн ИТХ-д МАХН-ыг төлөөлсөн хэвээр байгаа эсэхийг нягтлан үзэж, нэр дэвшигчээр бүртгэхдээ хуульд нийцсэн шийдвэр гаргахыг хүссэн өргөдлийг ирүүлсэн. Нэхэмжлэлд дурдсанаар С.Амраа нь МАХН-аас гарах хүсэлтээ илэрхийлж, мөн өдөр МАН-д элсэх хүсэлтээ гаргаж, МАН-ын гишүүн болсон гэж байгаа нь МАХН-ын хорооны дарга, Аймгийн ИТХ-д МАХН-ын нэрийн жагсаалтаар төлөөлөн төлөөлөгч, тэргүүлэгч гишүүнээр намынхаа гишүүд дэмжигчдийн итгэлийг хүлээж ажиллаж, бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа МАХН-ыг төлөөлсөн субьект гэж үзэх үндэслэлтэй.

Ийм ч учраас аймгийн Сонгуулийн хороонд 2016 оны ээлжит сонгуульд МАХН оролцохоо илэрхийлж, тус намын сонгуулийн штабын даргаар хариуцан ажиллах тухай МАХН-ын мянгатын зөвлөлийн хурлын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол, аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Х.Төртогтохоос ирүүлсэн албан бичигт дурдсан баримтуудыг үндэслэн МАХН-ын дарга болон төлөөлөл хэвээрээ байгаа болохыг нотолсон.

С.Амраа нь жирийн намын гишүүн биш, МАХН-ын дарга аймгийн ИХТөлөөлөгч гэдэг утгаараа 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болгон МАХН-ыг төлөөлөхгүй болсон талаар нэр дэвшигч өөрөө болон МАХН-ын эрх бүхий удирдлагаас хүсэлт болон шийдвэрийг аймгийн Сонгуулийн хороо болон аймгийн ИТХ-д ирүүлээгүй нь намаа төлөөлсөн хэвээрээ байгаа гэдгийг нотлох дараагийн үндэслэл болж байна. С.Амраа нь аймгийн МАХН-ын сонгуулийн штабыг хариуцан ажиллахгүй болсноо өнөөдрийг хүртэл мэдэгдээгүйн улмаас тус намаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох 2016 оны сонгуульд нэр дэвшигч 7 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болсон. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн МАХН-ын төлөөллөөс татгалзаагүйн улмаас одоогийн аймгийн ИТХ-д С.Амраагийн орон гарсан суудалд МАХН-аас жагсаалтын дараагийн хүн нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж алдагдаж байгаа зэрэг сөрөг үр дагаврууд гарч байгааг авч үзэх үндэслэлтэй.

Эндээс С.Амрааг МАН-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн 2016 оны ээлжит сонгуульд 26-р тойрогт нэрийг нь дэвшүүлсэн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж сонгуулийн хорооны гишүүдийн ердийн олонхийн саналаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргасан болохыг үүгээр тайлбарлав. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд С.Амраа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Танай шүүхэд хандаж гаргасан МАН-ын нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. Би Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд МАН-д гишүүнээр элсэж, албан ёсоор бүртгүүлж, аймгийн МАН-ын хорооны хуралдаанаар 100 хувийн саналаар орон нутгийн хуралд нэр дэвшигчээр оролцох эрхтэй болсон.

Энэ намд элсэхээс өмнө 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр МАХН-аас гарах хүсэлтээ албан ёсоор бичгээр өгч, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн МАХН-ын даргын үүрэг гүйцэтгэгч н.Пүрэвсүрэн, МАХН-ын гишүүнээс татгалзсаныг бүртгэж, албан ёсоор тамга дарж баталгаажуулсан.

Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харъяалалтай байна гэж заасан байдаг. Үүнийг Улсын Дээд шүүхээс тайлбарлахдаа Улсын Дээд шүүхийн тайлбарын 1.2-д мөн зүйлийн 3.2-д заасан Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харъяалалтай байна гэдгийг улс төрийн намд эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэн нь хоёр буюу түүнээс дээш намд нэгэн зэрэг гишүүнээр бүртгэгдсэн байж болохгүй гэж ойлгоно, нэг намд элсэж гишүүнээр бүртгэгдсэн иргэн тухайн намын дүрмэнд заагдсан журмын дагуу намын гишүүнчлэлээсээ татгалзаж бүртгэлээс хасагдах өргөдөл гаргасан бол намаас гарсан гэж үзнэ, өөр намын гишүүн болохын тулд урд элссэн намын гишүүнээсээ гарсан байвал зохино гэж тайлбарласан байдаг. Үүнийг үндэслэн Монгол Ардын Хувьсгалт Намын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүн нь өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно, мөн 7.2-д Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүнээс гарч байгаагаа намын анхан шатны байгууллагад бичгээр мэдээлснээр намын гишүүнээс гарч бүртгэлээс хасагдсанд тооцно гэж заасан байна. Эдгээр хууль дүрмийн хүрээнд миний бие Монгол Ардын Хувьсгалт Намд өргөдлөө гаргасан. Хариуцагч тал тайлбартаа Мянгатад өргөдөл гаргасангүй гэж байна. Монгол Ардын Хувьсгалт Намын дүрмийн 20 дугаар зүйлийн 20.1-д Монгол Ардын Хувьсгалт Нам нь орон нутагт аравт, зуут, мянгатын зохион байгуулалттай байна гэсэн байдаг. Зохион байгуулалтын хувьд авч үзэхэд мянгат бас анхан шатны нэгжид орж байгаа. Тиймээс энэхүү анхан шатныхаа нэгжид өргөдлөө гаргасан байгаа.

Монгол Ардын Хувьсгалт Нам байгуулагдсан цагаасаа аймгийн удирдах зөвлөл гээд 7 хүний хэмжээнд асуудлаа шийдвэрлэж ирсэн бөгөөд уг 7 хүнээс 1 хүн өвчтэй, бусдад нь мэдэгдсэн боловч 5 хүний ирц бүрдсэнээр хурлаа хийсэн. Уг хурлаар миний хэлсэн зүйлийн талаар албан ёсоор баталгаажуулсан хурлын тэмдэглэл нь байгаа ба мөн Монгол Ардын Хувьсгалт Намын Мянгатын даргаас чөлөөлж, сонгох тухай намын шийдвэр гарч, хуралд оролцсон гишүүд гарын үсгээ зурсан. Мөн байгуулагдаагүй сумуудын нэлээд олон тамга байсан ба уг тамгууд болон бусад бичиг баримтуудыг шинээр сонгогдсон н.Пүрэвсүрэн даргад хүлээлгэн өгч гарын үсгээ зурсан баримтууд байгаа. Энэ шийдвэрийг гаргасны дараа МАН-д гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор гаргаж МАН-ын гишүүн болсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16 дахь хэсэгт Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаар уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэдгийг албан ёсоор хуульчлан баталгаажуулж өгсний дагуу хийсэн сонголт юм. Би ийм сонголт хийснийхээ төлөө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгох сонгуульд оролцохоор нэр дэвшигчээр бүртгүүлэх эрхгүй гэж үзэх боломжгүй юм.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэг нь нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно гэсэн заалт бөгөөд энэ нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах, Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.2, 158.1.3 дахь хэсгүүдэд хамаарахгүй байгаагаас гадна би МАХН-аас албан ёсоор гарч батлахаа өгөөд, МАН-ын гишүүн болсон тул өөр намаас нэр дэвшүүлсэн гэж үзэж боломжгүй юм.

МАХН-ын мянгатын зөвлөлийн хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01 тогтоолыг үндэслэн МАХН-ын гишүүн гэж үзсэн нь буруу бөгөөд энэ тогтоол нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол бөгөөд би 2016 оны 5 дугаар сарын 09-нд албан ёсоор өргөдлөө өгөөд МАХН-ын батлахаа өгч МАХН-аас гарсан.

Мөн надад Тэргүүлэгчдийн Хурлын материал ирэхэд нь би хувьсгалт намын гишүүн биш болсон учраас Тэргүүлэгчдийн хуралд суухгүй гээд материалыг нь жолоочид нь өгөөд буцаасан. Хурлын тов гарч батлагдсанаас хойш асуудлыг хууль дүрмийнх нь дагуу явуулахын тулд хурлын нарийн бичгийн дарга Х.Төртогтоход хандан өөрийн биеэр очиж амаар Монгол Ардын Хувьсгалт намын гишүүнээсээ гарсан учраас Тэргүүлэгчдийн Хуралд суухгүй талаараа албан ёсоор мэдэгдэж шаардлагатай бол гарын үсэг зурах талаар хэлсэн. Энэ талаар Х.Төртогтох ч мөн гэрчийн мэдүүлэгтээ дурдсан байдаг.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь заалтыг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.2, 158.1.3 дахь хэсгүүдэд хамаарахгүй байгаа тул дээрх тогтоолыг хүчингүй болгож намайг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн сонгуульд оролцохоор нэр дэвшигчээр бүртгэсэн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гаргах үндэслэлтэй.” гэжээ.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 158 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол ардын намыг төлөөлж, Увс аймгийн Монгол ардын намын хорооны дарга Д.Батсайханаас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгож, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 26 дугаар тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч С.Амрааг нэр дэвшигчээр бүртгэхийг Увс аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Увс аймгийн сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 тоот шийдвэрт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу давж заалдах гомдол гаргах тухай

 1. Шүүх захиргааны хэргийн материал цуглуулахдаа тус шүүхээс ажиллагааг дутуу хийсэн.

2. Үнэлбэл зохих нотлох баримтуудыг үнэлээгүй.

3. Эрх зүйн дүгнэлт хийхдээ хэт нэг талыг баримталсан зэрэг үндэслэлүүд илэрч байгаа тул шүүхийн 14 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Төрийн захиргааны байгууллага тул хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

                ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгчээс “Увс аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08 тоот “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигч С.Амрааг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 26 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 26 дугаар тойрогт С.Амраа нь Монгол Ардын намаас нэр дэвшиж, холбогдох бичиг баримтыг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн, аймгийн Сонгуулийн хороо хуралдаад 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08 тоот “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоол гаргаж, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт “Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн үндэслэлээр түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

            С.Амраа Увс аймгийн Монгол Ардын Хувьсалт намын мянгатын даргаар ажиллаж байсан боловч 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус намаас гарах өргөдөл, намын тамга зэргийг хүлээлгэн өгч тус намаас гарсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба энэ нь Монгол Ардын Хувьсалт намын дүрмийн 20.2-т “Намын анхан шатны байгууллага нь баг, хэсэгт аравт, сум, хороонд зуут, аймаг, дүүрэгт мянгат, нийслэл, бүсэд түмэт байна”, 7.1-д “Монгол Ардын Хувьсалт намын гишүүн өөрийн хүсэлтээр намаас гарч болно”, 7.2-т “Монгол Ардын Хувьсалт намын гишүүнээс гарч байгаагаа харьяалагдах намын анхан шатны байгууллагад бичгээр мэдэгдсэнээр намын гишүүнээс гарч, бүртгэлээс хасагдсан тооцогдно” гэж тус тус заасантай нийцжээ.

            Улмаар мөн өдрөө Монгол Ардын намд элсэн орж тус намаас Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 26 дугаар тойрогт нэр дэвшсэн байхад Увс аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.

            Нөгөө талаар, Увс аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 08 тоот тогтоол гаргахдаа “...Монгол Ардын Хувьсгалт намаас сонгуульд оролцохоо илэрхийлсэн шийдвэрт сонгуулийн штабын даргаар томилогдсон, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын Хувьсалт намын төлөөллөөс өөрөө татгалзаагүй, намын эрх бүхий байгууллагаас энэ тухай шийдвэр ирээгүй” гэсэн үндэслэл дурдсан. Гэтэл цаг хугацааны хувьд Монгол Ардын Хувьсалт намаас сонгуульд оролцохоо илэрхийлсэн шийдвэр гарсны дараа С.Амраа нь Монгол Ардын Хувьсалт намын гишүүнээс гарсан, тэрчлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Хувьсалт намын төлөөллөөс татгалзах хүсэлт өгсөн эсэх, намын эрх бүхий байгууллагаас энэ талаар шийдвэр гарсан эсэх нь намын гишүүнээс гарахтай холбоогүй. Тодруулбал, намд гишүүнээр элсэх, намын гишүүнээс гарах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 10 дахь хэсэгтт заасанчлан сайн дурын үндсэн дээр хэрэгжих бөгөөд хэн нэгэн субъектээс, ямар нэгэн шийдвэр заавал гарсан байхыг шаардахгүй юм.    

            Иймд С.Амрааг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт “Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

            Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчээс уг хэргийг эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 26 дугаар тойрогт сонгууль явуулах ажиллагааг түдгэлзүүлэх талаар хүсэлт гаргасан боловч энэ нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй тул хэлэлцэхгүй орхисныг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн “Тогтоох” хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой, зөв баримтлаагүй алдаа гаргасныг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “158 дугаар зүйлд” гэснийг “158 дугаар зүйлийн 158.1.2-т” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Сонгуулийн хорооны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

            ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

            ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН