Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1016

 

 

 

 

 

 

    2022         08           10                                     2022/ШЦТ/1016

 

                                       

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Х.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.Н-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Элит буйдан” ХХК-д үйлдвэрийн дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Эзэн овогт Х.Н (РД:ТИ9111...).

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Н- согтуурсан үедээ 2022 оны 4 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Өн цаг” нэртэй караокед хохирогч М.Э-той маргалдан нүүр, хамар руу 2-3 удаа цохиж эрүүл мэндэд хамар ясны баруун, зүүн ханын болон хамрын таславчийн зөрүүтэй хугарал, духны баруун дэд хэсгийн няцарсан шарх, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Х.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 04 сарын 08-09-нд шилжих шөнө бааранд дөрвүүлээ байсан. Хохирогч эхлээд пивоны шилээр толгой хагалсан. Тэгээд гадаа гараад зодолдсон. Хохиролд 300,000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хэрэгт орооцолдохгүй” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Э-ын: “2022 оны 4 дүгээр сарын 08-09-ний шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Өн цаг” нэртэй караоке орж пиво ууцгаасан. Тэнд Ханын материалын эцсийн таньдаг дүү байхаар нь “Хөөе дүү” гээд дуудтал Нямка /Нямдорж/ гэх залуу “чи миний дүү яаж байгаа юм бэ?” гээд намайг заамдаад караокеноос гарах гээд шатаар уруудахаар би барьж байсан пивоны шилээр толгой руу нь нэг удаа цохиод бид хоёр зууралдаад гартал Нямдорж “Чи намайг цохилоо, миний гинж алга болчихсон байна, чи авсан гаргаж өг” гээд миний хамар руу 2-3 удаа цохисон. Би хамраа дараад доош суусан, цаашаа юу болсон талаар санахгүй байна. Би эмчилгээний зардалд 300,000 төгрөг авсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 11 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.04.12-ны өдрийн 5537 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1.М.Э-ын биед хамар ясны баруун, зүүн хананы болон хамрын таславчийн зөрүүтэй хугарал, духны баруун дэд хэсгийн няцарсан шарх, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

Гэрч М.П-ийн: “2022 оны 4 дүгээр сарын 08-ны орой ...Нямдорж гээд ахын дүү нь сууж байхаар манай найз Эрдэнэболд “Сайн уу, дүү” гэтэл Нямдорж “чи манай дүүтэй юм ярихгүй, битгий давраад бай” гээд уурлаж эхэлсэн чинь Улаанаа ах бид хоёрыг дүү дарамтлалаа гээд уурлаад байсан. Тэгэж байтал Нямдорж уурлаад “манай дүүг өдлөө, чи ингэж ярьж болохгүй шүү” гээд Эрдэнэболдод хэлсэн чинь Улаанаа хажуу талаас нь “чи манай дүүг яагаад байгаа юм бэ” гээд хэрэлдэж байснаа Нямдорж Эрдэнэболдыг гаръя гээд манай найз дагаад гарахаар нь би төд удалгүй ардаас нь гартал Эрдэнэболд караокены үүдэнд толгойгоо барьчихсан суучихсан Нямдоржийг Саагий гэдэг хүн тэвэрчихсэн зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

Гэрч Ө.Д-ийн: “2022 оны 4 дүгээр сарын 09-ний шөнө ...“Өн цаг” дотор ороод сууж байтал Нямдорж Эрдэнэболдтой маргалдаад гарахаар болсон. Шатаар бууж байхад Эрдэнэболд Нямдоржийн толгойн ар хэсэг рүү стаканаар цохисон. Тэгээд тэр хоёр гарсан. Би Нямдорж ахыг аваад явах гэтэл “толгой хагарчихсан байна” гээд толгойгоо бариад байсан. Нямдорж ах буцаад гүйгээд Эрдэнэболд руу очоод нүүр рүү нь 2 удаа гараараа цохихоор нь салгаад хүргэж өгсөн. Эрдэнэболд, Нямдорж нар жаахан архи үнэртүүлсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

Шүүгдэгч Х.Н-ийн яллагдагчаар өгсөн: “... “Өн цаг” караокед 2022 оны 4 дүгээр сарын 09-ний шөнө 03 цагийн орчимд орцгоосон. Ханын материалд байдаг зүс таних залуу мэнд мэдээд юм ярьж сууж байгаад би Бөхчулуунтай маргалдсан. Тэгээд би Эрдэнэболдтой караокеноос гарах гээд шатаар бууж байтал Эрдэнэболд миний толгойн ар хэсэг рүү шилээр цохиод гэмтээхээр нь гараад үүдэнд Эрдэнэболдын нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дахь тал),

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-44), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-35), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-45), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх-47), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-48), дансны хуулга (хх-49-73), хохирогч М.Э-ыг торгосон зөрчлийн шийтгэлийн хуудас (хх-90) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Н- согтуурсан үедээ 2022 оны 4 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Өн цаг” нэртэй караокед хохирогч М.Э-той маргалдан нүүр, хамар руу 2-3 удаа цохиж эрүүл мэндэд хамар ясны баруун, зүүн ханын болон хамрын таславчийн зөрүүтэй хугарал, духны баруун дэд хэсгийн няцарсан шарх, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Э-ын “...караокеноос гарах гээд шатаар уруудахаар нь би барьж байсан пивоны шилээр толгой руу нь нэг удаа цохиод бид хоёр зууралдаад гартал Нямдорж ...миний хамар руу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-8), шүүх эмнэлгийн 5537 дугаар “1. М.Э-ын биед хамар ясны баруун, зүүн хананы болон хамрын таславчийн зөрүүтэй хугарал, духны баруун дэд хэсгийн няцарсан шарх, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-26-27), гэрч Ө.Дашзэвэгийн “...Эрдэнэболд Нямдоржийн толгойн ар хэсэг рүү стаканаар цохисон. Нямдорж ах ...Эрдэнэболдын нүүр рүү 2 удаа гараараа цохихоор нь салгасан. Тэр хоёр архи үнэртүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-22), шүүгдэгч Х.Н-ийн “...Бид нар пиво уусан. ...Эрдэнэболд миний толгойн ар хэсэг рүү шилээр цохиод гэмтээхээр нь би гараад Эрдэнэболдын нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-82) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Н-ийн согтуурсан үедээ хохирогч М.Э-той маргалдан нүүрэнд нь гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 300,000 төгрөг төлөгдсөн гэх, хохирогчийн “Гомдол саналгүй” гэх мэдүүлэг (хх-8)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоё. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Х.Н- согтуурсан үедээ 2022 оны 4 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Өн цаг” нэртэй караокед хохирогч М.Э-той маргалдан улмаар гараараа нүүр, хамар хэсэг рүү 2-3 удаа цохиж биед хамар ясны баруун зүүн ханын болон хамрын таславчийн зөрүүтэй хугарал, духны баруун дэд хэсгийн няцарсан шарх, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Торгох ялыг багасгаж өгнө үү, ар гэрийн байдлыг харгалзаж үзнэ үү. Миний буруу” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлоо төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар согтуурсан үедээ маргалдаж, хохирогчийн зүй бус үйлдэл /пивоны шилээр шүүгдэгчийн толгой руу цохисон/-ийн улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан нүүрэнд гараараа хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 300,000 төгрөг төлөгдсөн гэх, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Х.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“Элит буйдан” ХХК-д үйлдвэрийн дарга ажилтай, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Х.Н-ийг 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Н- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эзэн овогт Х.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-ийг 600,000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Н- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Н-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР