Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1017

 

 

 

 

 

 

    2022         08           10                                    2022/ШЦТ/1017

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Ц.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ХААИС-ийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Булгадармиеэ овогт Ц.Г- (РД:ОО0027...).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Г- дуудлагаар жолоочийн үйлчилгээ үзүүлж байхдаа 2022 оны 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 133/3 буюу 10 дугаар байр, 1 дүгээр орцонд “машиныг нь шүргүүлсэн” гэх шалтгааны улмаас хохирогч Б.А-тай маргалдаж нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун талын ухархайн дотор хана, зүүн талын ухархайн дотор хана, хамар ясны шинэ хуучин хавсарсан нийлмэл зөрүүтэй хугарлууд, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ц.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нэхэмжлэл гаргавал түүнийг төлнө” гэв.

 

Эрүүгийн 2208000001145 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.А-ы: “2022 оны 5 дугаар сарын 28-ны орой пабд сууж байгаад эхнэрээ дуудсан. Би дуудлагын жолоочоор машинаа бариулаад машин дотор унтчихсан. Сэртэл Сонгинохайрхан 29 дүгээр хороо, 133/3 буюу 10 дугаар байрны гадна ирсэн. Би машинаас буугаад орох гэтэл эхнэр дуудлагын жолооч машиныг замын хашлага мөргүүлсэн талаар жолоочтой ярилцаж байхыг сонсоод “юун машин яасан юм бэ” гэж эхнэрээсээ асуусан “энэ залуу сая машин хөдөлгөх гэж байгаад мөргүүлсэн” гэхээр “цагдаа дуудахгүй яасан юм бэ” гэхэд дуудлагын жолооч “янзлаад өгчихнө” гэхээр нь би “захиралтай чинь ярья” гэхэд манай эхнэртэй яриулсан. Эхнэр бид хоёр гэр лүүгээ орох гээд алхаж байтал араас дуудлагын жолооч “дуудлагын 20.000 төгрөг өгчих” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ, чи машинаа янзлуулчих, би маргааш өгчихье” гэж хэлсэн. Тэгтэл “одоо өгчих, тэртэй тэргүй манай компани янзлаад өгчихнө. Би одоо орлогоо тушаадаг” гэж хэлсэн. “Одоо өгчих” гэж дагасаар байгаад манай орц руу орсон. Би “мөнгөө маргааш ав” гэхэд хамар луу гараараа хэдэн удаа цохисныг санахгүй байна, ямар ч байсан цохиод зугтаахаар би араас цамцнаас нь татаж зогсооход тухайн залуу шатаар дээш гүйгээд явсан. Тэгээд хойноос нь шатаар дээш гарахад байхгүй байсан. Удалгүй тухайн залуутай хамт ажилладаг хүмүүс нь ирсэн. Би эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгээгүй. Томографийн зураг 130,000 төгрөгөөр авахуулсан, хамраа янзлуулмаар байна. Мөн тээврийн хэрэгслээ янзлуулмаар байна. Тухайн хүн надаас уучлалт гуйгаагүй байгаад гомдолтой байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.02-ны өдрийн 7876 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1. Б.Алтанбаганын биед баруун талын ухархайн дотор хана, зүүн талын ухархайн дотор хана, хамар ясны шинэ хуучин хавсарсан нийлмэл зөрүүтэй хугарлууд, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

Гэрч А.Б-ийн: “...Тухайн газраас хөдлөх гэж байгаад замын хашлага мөргөөд машины хаалга зурчихсан. Би “юм мөргөчихлөө” гэхэд дуудлагын жолооч “төлөөд өгчихнө” гэхээр нь гэрийн гадаа ирсэн. ...Тэгээд манай нөхөр тухайн залуутай барилцаад маргалдахаар нь би салгах гэтэл тэр залуу нөхрийн хамар руу гараараа нэг удаа цохисон. Нөхрийн хамраас цус гарсан. Тухайн залуу гүйгээд гарах гэхэд нь нөхөр цамцаас нь татаад нэг удаа өшиглөх шиг болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал),    

Шүүгдэгч Ц.Г-ын яллагдагчаар өгсөн: “Би “Наран моторс” нэртэй газарт дуудлагын жолоочийн ажлыг 7 хоногийн 2 өдөрт хийдэг. 2022 оны 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүрэгт байрлах “Залуучууд” зочид буудлын гадна нэг үл таних хүн “дуудлагын жолооч авна” гээд дуудсан. Очиход үл таних 30-35 орчим насны эрэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эхнэртэйгээ байсан. Тэр ахаас машины түлхүүрийг аваад хөдөлгөөд ухарч байгаад машин шүргэсэн. Тэр ах уурлахаар нь би уучлалт гуйгаад тэр ах арай гайгүй болоод машиныг унаад хөдөлсөн. Ингээд “Москва” хороолол, 10 дугаар байрны гадна ирсэн. Тэр үед машины эзэн надад “энэ машины эвдэлсэн зүйлийг яах юм бэ” гэж хэлсэн. Би “маргааш манай байгууллагаас янзалж өгнө, та төлбөр 20.000 төгрөгөө өгөөрэй” гэсэн. Тэр ах “чи миний машиныг шүргэчихээд мөнгө нэхлээ” гэж уурлаад нэлээн хэдэн удаа хөл рүү өшиглөж, нүүр лүү нэг удаа цохиод хоолой боогоод байхаар нь би түүний нүүр лүү нэг удаа цохисон. Удалгүй эхнэр нь ирээд салгаад тэр ахыг аваад явахаар нь би шатаар дээшээ зугтаагаад хамт ажилладаг Хосбаяр луу залгаад “энд намайг нэг хүн зодсон” гэж хэлсэн. Хосбаяр ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-69), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-66), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-70), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-71), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-72), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-73) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Г- дуудлагаар жолоочийн үйлчилгээ үзүүлж байхдаа 2022 оны 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 133/3 буюу 10 дугаар байр, 1 дүгээр орцонд “машиныг нь шүргүүлсэн” гэх шалтгааны улмаас хохирогч Б.А-тай маргалдаж нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун талын ухархайн дотор хана, зүүн талын ухархайн дотор хана, хамар ясны шинэ хуучин хавсарсан нийлмэл зөрүүтэй хугарлууд, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.А-ы “...Дуудлагын жолооч машиныг замын хашлага мөргүүлсэн гэсэн. ...би “мөнгөө маргааш ав” гэхэд намайг хамар луу гараараа хэдэн удаа цохисныг санахгүй байна, ямар ч байсан цохиод зугтаасан...” гэх мэдүүлэг (хх-8-9), шүүх эмнэлгийн 7876 дугаар “1. Б.Алтанбаганын биед баруун талын ухархайн дотор хана, зүүн талын ухархайн дотор хана, хамар ясны шинэ хуучин хавсарсан нийлмэл зөрүүтэй хугарлууд, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-34-35), шүүгдэгч Ц.Г-ын “...тэр машины эзэн ах надад “чи миний машиныг шүргэчихээд надаас мөнгө нэхлээ” гэж уурлаад нэлээн хэдэн удаа хөл рүү өшиглөж, нүүр лүү нэг удаа цохиод, хоолой боогоод байхаар нь би нүүр лүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-55) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Г-ын хохирогч Б.А-тай “машин шүргүүлсэн” гэх шалтгаанаар маргалдан нүүрэнд нь гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Алтанбаганы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “хамраа янзлуулмаар байна, машинаа янзлуулмаар байна” гэх мэдүүлэг (хх-8-9)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б.А- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ц.Г- нь 2022 оны 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 133/3 буюу 10 дугаар байр, 1 дүгээр орцонд машин шүргүүлсэн гэх шалтгааны улмаас хохирогч Б.А-тай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун талын ухархайн дотор хана, зүүн талын ухархайн дотор хана, хамар ясны шинэ хуучин хавсарсан нийлмэл зөрүүтэй хугарлууд, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Г-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Хохирогч хохирлын баримт гаргаж өгөөгүй, цаашид иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй, хохирогч нэхэмжлэл гаргавал төлнө” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нь дуудлагын жолоочийн ажил гүйцэтгэж байхдаа үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгслийг гэмтээсний улмаас хохирогч “машин шүргүүллээ” гэх шалтгаанаар маргалдаж хохирогчийн нүүрэнд гараараа цохиж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “хамраа янзлуулмаар байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тодорхой орлоготой, ХААИС-ийн 3-р курсын оюутан, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн “торгох ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлого олдог гэх)-ийг харгалзан шүүгдэгч Ц.Г-ыг 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Булгадармиеэ овогт Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г- цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.А- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР