Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1012

 

 

 

 

 

    2022         08           09                                     2022/ШЦТ/1012

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч, хохирогч Б.Д-, өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч, хохирогч О.Ч-, өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Д-г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч О.Ч-ийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, эмэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Д- (РД:УБ9803...),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Эм Эм Эс инженеринг” ХХК-д цахилгааны инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О.Ч- (РД:ПИ9307...).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Д- согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Одонтын 25 дугаар гудамж, 73 тоот гэртээ нөхөр О.Ч-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүр, хүзүү, нуруунд маажиж, зүүн бугалганаас хазаж биед нь “нүүр, чихний дэлбэн, хүзүү, нурууны зулгаралт, зүүн бугалганы зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч О.Ч- нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Одонтын 25 дугаар гудамж, 73 тоот гэртээ эхнэр Б.Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг жирэмсэн болохыг нь мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь “умайн булчингийн чангарал, дагзны хуйхны цус хуралт, зүүн шуу, сарвуу, баруун гуя, 2 өгзөгний зулгаралт, баруун гуяны цус хуралт“ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч О.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Дахиж ийм үйлдэл хэзээ ч гаргахгүй” гэв.

Хохирогч Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үндсэн хуульд зааснаар мэдүүлэг өгөхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үндсэн хуульд зааснаар мэдүүлэг өгөхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Д-гийн: “2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би 10 жилийн найзуудтайгаа уулзахаар болоод нөхрөөсөө зөвшөөрөл аваад уулзчихаад шөнө 00 цагт нөхрөө дуудаад Баянхошууны эцсээс авахуулсан. Нөхөр О.Ч- харих замдаа машин дотор “Чамаас би сална, хоёр хүүхдээ би авна, гэдсэнд байгаа хүүхдээ чи өөрөө ав” гээд хэрэлдэж маргаад байсан. Гэрт очоод дахиж хэрүүл хийгээд хоёр хүүхдээ аваад аавынх руу орно гээд байсан. Би “хоёулаа унтая” гэсэн чинь “чамтай унтуулахгүй авч гарна” гээд намайг түлхсэн чинь би унахдаа хойд талын байшингийн ханыг ар дагзаараа мөргөөд унасан. Босоод хүүхдүүдээ оруулахгүй гээд О.Ч-той зууралдсан. О.Ч- намайг алгадаад “чамтай харьцахгүй” гээд байсан. Тэгээд “маргааш гэхэд зайлаарай, би хоёр хүүхэдтэйгээ хамт амьдарна” гээд уурлаад миний үснээс зулгаагаад байхаар би гарыг нь тавиулах гээд нүүрийг нь маажсан. Түүнээс би албаар маажих гэж маажаагүй. О.Ч- цагдаа дуудаад цагдаа нар ирээд намайг аваад явсан. ...О.Ч- бид хоёр гэрлэлтээ батлуулсан, хоёр хүүхэдтэй, би 5 сартай жирэмсэн. Миний биед умайн булчингийн чангарал нь тухайн үед О.Ч- намайг газар унагааж түлхсэнээс үүсэж тонус өгсөн юм. Дагзны хуйхны цус хуралт нь намайг түлхээд би унахдаа гэрийн хана мөргөсөн. Миний толгой жаахан хавдсан байхаар нь тоохгүй яваад байсан. Тэгэхэд учирсан гэмтэл юм. Баруун гуя, 2 өгзөгний зулгаралт, баруун гуяны цус хуралт нь машинаас чирж буулгаад, газар чирэхэд учирсан гэмтэл. Түүнээс миний гуя, өгзөг рүү өшиглөсөн асуудал байхгүй. Дээрх гэмтлүүдийг О.Ч- учруулсан. Надад ямар нэгэн гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.11.01-ний өдрийн 10506 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Д-гийн биед умайн булчингийн чангарал, дагзны хуйхны цус хуралт, зүүн шуу, сарвуу, баруун гуя, 2 өгзөгний зулгаралт, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

Шинжээч Т.Амартүвшингийн: “Умайн булчингийн чангарал нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Умайн булчингийн чангарал гэмтэл цохих, доргих үед үүснэ. Түүнээс эмгэгийн улмаас үүсэхгүй. Биеийн хэсэгт олон жижиг цус хуралтууд байгаа нь олон удаагийн үйлчлэлээр үүссэн байгаа нь умайн булчингийн чангарал үүсэхэд шалтгаант холбоотой байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 162-163 дахь тал),

Хохирогч О.Ч-ийн: “2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эхнэр залгаад шинжилгээ өгөх гээд явж байна гэсэн. Өдөржин таг болчхоод 20 цагийн 10 жилийнхэнтэй уулзаж байна, жаахан оройтох байх, би өөрөө яваад очно гэж хэлсэн. ...23 цагийн үед эхнэр Б.Д- руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би том хүүхдээ аваад унтаад өгсөн. Шөнө 01 цагийн үед залгаад “ирээд аваадах, би Баянхошууны “Од” караокед байна” гэж хэлсэн. “Од” караоке орсон чинь эхнэр архи уучихсан согтуу, нэг шил архи урдаа тавьчихсан сууж байсан “Эхнэрээ явъя хувцсаа өмсчих” гэж хэлсэн чинь “байж бай, би энэ архийг ууж дуусгаад явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би арайхийж тэвэрч гараад машинд суулгаад явсан. Машин дотор над руу агсраад “чамаас би сална” гээд байсан. Гэрт очоод машинаас буулгах гэсэн чинь буухгүй байсан. Би тэвэрч оруулаад том өрөөнд хүүхдийн хажууд хэвтүүлсэн. Би машинаас хувцас, цүнхийг нь аваад гэрт оруулаад эхнэрийн хувцсыг тайлж байсан чинь эхнэр “чи миний биед хүрэх шаардлага байхгүй” гээд элдвээр хэлж яриад 02 цагаас үүрийн 05 цаг хүртэл агсам тавиад орилж чарлаад байсан. Би орон дээр хөлийг нь дараад унтуулах гэсэн чинь миний нурууг маажиж, толгой руу гараараа цохиж хүзүүг маажсан. Тэгэхээр нь би холдоод явсан. Тэгсэн орилж чарлаад хүүхдүүдээ сэрээгээд хүүхдүүд уйлаад байхаар нь би хүүхдүүдээ аваад байж байсан чинь “чи хоёр хүүхдээ аваад зайл” гээд байсан. Намайг самардах гээд орилоод байсан. Унтлагын өрөөнд орсноо дүүгээ дуудаад “миний хувцсыг бэлд, явлаа” гэсэн чинь дүү нь бэлдэхгүй зогсож байсан чинь загнаад байсан. Дүү нь уйлаад байсан чинь “чи миний үгэнд орохоо байжээ” гээд үснээс нь зулгааж байхаар нь би “битгий дүүгээ үсдээд байгаач, наана чинь хүүхдүүд чинь орилоод уйлаад байна” гэсэн чинь миний зүүн гарны булчин хэсгээс хазаад авсан. Тэгсэн жижиг өрөөнөөс гарах гэсэн чинь гаргахгүй хориод байхаар нь би арай хийж гараад хоёр хүүхдээ аавын гэрт оруулж өгөөд цагдаа дуудсан. ...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.10.18-ны өдрийн 9973 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. О.Ч-ийн биед нүүр, чихний дэлбэн, хүзүү, нурууны зулгаралт, зүүн бугалганы зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна” гэжээ (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

Насанд хүрээгүй гэрч Б.Д-ийн: “2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ дүү нараа харж байсан чинь хүргэн ах О.Ч- ирсэн. Эгчийг асуусан чинь “эгч нь 10 жилийн ангийнхантайгаа уулзаж байгаа” гэж хэлсэн. Дүү бид нар нойр хүрээд байхаар нь жижиг өрөөнд ороод унтаад өгсөн. Шөнө гэнэт гэрт хэрүүл болоод байгаа юм шиг дуу чимээ гарахаар нь босоод харсан чинь О.Ч- ах Б.Д- эгч хоёр хэрэлдэж маргаад байсан. Дүү гэнэт уйлахаар нь би дүүгээ аваад том өрөө рүү орсон. О.Ч- ах Б.Д- эгчийг түлхээд байсан. Б.Д- эгч босож ирээд О.Ч- ахын нүүр лүү цохиж самардсан. Би “та хоёр боль” гэсэн чинь тоохгүй, үгэнд орохгүй байсан. Ах намайг хоёр дүүгээ аваад жижиг өрөөнд орж бай гэсэн. Тэр хоёр хэрэлдээд салахгүй байсан. Эгч Б.Д- намайг “миний хувцсыг бэлд” гэхээр нь би бэлдэж өгөөд торон дотор хийсэн. Эгч миний үснээс зулгаагаад байсан, би яагаад үснээс зулгаасан талаар мэдэхгүй. Тэгээд О.Ч- ах цагдаад дуудлага өгсөн. Б.Д- эгч согтуу байсан. О.Ч- ах архи уугаагүй, эрүүл байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 207-208 дахь тал),

Шүүгдэгч Б.Д-гийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10 жилийнхэнтэй уулзаад шөнө 00 цагт нөхрөө дуудаж авахуулсан. Нөхөр О.Ч- харих замдаа хэрэлдэж маргаад байсан. ...Би О.Ч-ийн нүүр, хүзүү, нурууг нь самардаж маажсан. ...Үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би гараас нь хазчихсан, нүүрийг нь маажсан. Би О.Ч-ийн биед дээрх гэмтлүүдийг учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 127-129, 213-214 дэх тал),

“Цэцэгхайрхан” ӨЭМТ-ийн солилцох хуудас (хх-106), аюулын эрсдлийн зэрэг хийсэн үнэлгээ (хх-52-53), Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-54-55), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-56-61), гэрч Д.Эрдэнэчимэгийн мэдүүлэг (хх-40)

шүүгдэгч Б.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-97), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-94), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-98), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-103-104),

шүүгдэгч О.Ч-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-65), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-62), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шатны шүүхийн 2021.08.26-ны өдрийн 1212 дугаар шийтгэврийн хуулбар (хх-63-64), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-68), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хх-70), дансны хуулга (хх-71-77),  АСАП сангийн лавлагаа (хх-78-85) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Д- согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Одонтын 25 дугаар гудамж, 73 тоот гэртээ нөхөр О.Ч-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүр, хүзүү, нуруунд маажиж, зүүн бугалганаас хазаж биед нь “нүүр, чихний дэлбэн, хүзүү, нурууны зулгаралт, зүүн бугалганы зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч О.Ч- нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Одонтын 25 дугаар гудамж, 73 тоот гэртээ эхнэр Б.Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг жирэмсэн болохыг нь мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь “умайн булчингийн чангарал, дагзны хуйхны цус хуралт, зүүн шуу, сарвуу, баруун гуя, 2 өгзөгний зулгаралт, баруун гуяны цус хуралт“ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Д-гийн “...намайг түлхсэн чинь би унахдаа байшингийн ханыг ар дагзаараа мөргөөд унасан. Тэгээд босоод хүүхдүүдээ оруулахгүй гээд О.Ч-той зууралдсан. Тэгсэн О.Ч- намайг алгадаж, ...Дээрх гэмтлүүдийг О.Ч- учруулсан...” гэх мэдүүлэг (хх-30-31), шүүх эмнэлгийн 10506 дугаар “1. Б.Д-гийн биед умайн булчингийн чангарал, дагзны хуйхны цус хуралт, зүүн шуу, сарвуу, баруун гуя, 2 өгзөгний зулгаралт, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-48-49), шинжээч эмч Т.Амартүвшингийн “...Умайн булчингийн чангарал нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Умайн булчингийн чангарал гэмтэл цохих, доргих үед үүснэ...” гэх мэдүүлэг (хх-162-163), насанд хүрээгүй гэрч Б.Дэлгэрзаяагийн “...О.Ч- ах Б.Д- эгч хоёр хэрэлдэж маргаад байсан. О.Ч- ах Б.Д- эгчийг түлхээд байсан. Б.Д- эгч босож ирээд О.Ч- ахын нүүр лүү цохиж нүүрийг самардсан. Б.Д- эгч архи уусан, согтуу байсан...” гэх мэдүүлэг (хх-207-208), хохирогч О.Ч-ийн “...02 цагаас үүрийн 05 цаг хүртэл агсам тавиад орилж чарлаад намайг элдвээр хэлээд байсан. Би орон дээр хөлийг нь дараад унтуулах гэсэн чинь миний нурууг маажиж, толгой руу цохиж, хүзүүг бас маажсан...” гэх мэдүүлэг (хх-20-21), шүүх эмнэлгийн 9973 дугаар “1.О.Ч-ийн биед нүүр, чихний дэлбэн, хүзүү, нурууны зулгаралт, зүүн бугалганы зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-43-44), шүүгдэгч Б.Д-гийн “...Би О.Ч-ийн нүүр, хүзүү, нурууг нь самардаж маажсан. ...үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би гараас хазчихсан...” гэх мэдүүлэг (хх-213-214) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Д-гийн согтуурсан үедээ нөхөр буюу хохирогч О.Ч-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр, хүзүү, нурууг маажиж, зүүн бугалгаас хазаж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч О.Ч-ийн эхнэр буюу хохирогч Б.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, жирэмсэн болохыг нь мэдсээр байж алгадаж, түлхэж унагаан, чирэн хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгч Б.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж,

хохирогч Б.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжилсэн зүйлгүй, төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгч О.Ч-ийг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.Д- согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр О.Ч-той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй маргалдаж улмаар нүүр, хүзүү, нуруу хэсэгт нь маажиж, зүүн бугалганаас нь хазаж биед нь “нүүо, чихний дэлбэн, хүзүү, нурууны зулгаралт, зүүн бугалганы зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч О.Ч- нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг жирэмсэн болохыг нь мэдсээр байж бие махбодид нь халдан зодож, эрүүл мэндэд нь “умайн булчингийн чангарал, дагзны хуйхны цус хуралт, зүүн шуу, сарвуу, баруун гуя, 2 өгзөгний зулгаралт, баруун гуяны цус хуралт“ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч Б.Д-г 5 сартайгаас 5 нас хүртэлх 3 хүүхэдтэй, ажилгүй, орлогогүй зэргийг харгалзан 2 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай, шүүгдэгч О.Ч-т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэх төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг “Шүүгдэгч Б.Д- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, цаашид алдаа дутагдал гаргахгүй гэдгээ амлаж байгаа, 3 хүүхэдтэй тул торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд муугаар нөлөөлж болзошгүй. Тухайлбал бага насны 3 хүүхэдтэй тул шаардлагатай тохиолдол гарахад эмнэлэг сувилал явах, үзүүлэх боломжийг хязгаарлана...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл “Шүүгдэгч О.Ч- гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй. Улсын яллагчийн саналыг багасгаж, ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Нэг хүний цалингаар 5 ам бүлээ тэжээж байгаа. Эрхэлсэн ажилтай, орлоготой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болж байгаагүй...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч Б.Д- согтуурсан үедээ, гэртээ, гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд нүүр, хүзүү, нуруу маажиж, зүүн бугалгаас хазах үйлдлээр гэмтэл учруулсан, шүүгдэгч О.Ч- хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Д-г жирэмсэн болохыг нь мэдсээр байж хохирогчийн эрх, эрх чөлөөнд түлхэн унагаж, алгадах, чирэх үйлдлээр гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч Б.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх, хохирогч О.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх), шүүгдэгч Б.Д-гийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бага насны 3 хүүхэдтэй, ар гэрийн байдал)-ыг, шүүгдэгч О.Ч-ийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, бага насны 3 хүүхэдтэй, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“Эм Эм Эс инженеринг” ХХК-д ажилладаг, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч О.Ч-ийн 800,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, (бага насны 3 хүүхэдтэй, тодорхой орлогогүй)-ийг харгалзан шүүгдэгч Б.Д-гийн 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож шийдвэрлэлээ.

Нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг ял тул шүүгдэгч Б.Д-гийн амьдралын ахуй нөхцөл, хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ гэж үзснийг тэмдэглэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч О.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд, шүүгдэгч О.Ч-ийг 800,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-, О.Ч- нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д-, О.Ч- нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-, О.Ч- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР