Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч “ЖСБ” ХХК/РД: /-д холбогдох,

 

          Ажилд эгүүлэн тогтоож, дутуу олгосон цалин хөлс болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нөхөр П.Баярсайханы хамт Дундговь аймгийн Баянжаргалан суманд ажиллаж байгаад ээлжийн амралтаараа Улаанбаатар хотод ирээд 2018.01.03-нд амралт дуусаж буцах гэж байтал 2018.01.02-нд” ЖСБ” ХХК-ны захирал н.Баттулга дуудсанд очиход би таныг өөрийн компандаа ажиллуулмаар байна надад хятад хоолны тогооч хэрэгтэй байна маргааш буюу 2018.01.03-ны өдөр манай компанийн 404 тоотод хүрээд ир гэсэн юм.

Ингээд 2018.01.03-ны өдөр үдээс хойш н.Саран захиралтай уулзаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан намайг сарын 1 100 000 төгрөг, нөхөр П.Баярсайханг сарын 900 000 төгрөгөөр туслах тогоочоор цалинжуулна цалинг cap бүрийн 21-ний өдрөөс дараа сарын 5-ны хооронд олгож байхаар гэрээний хугацаа 11 сарын хугацаатай байгуулж, 2018.01.03-ны орой 20 цаг өнгөрөөгөөд Өмнөговь аймаг Ханбогд сумын нутаг Цагаанхад гэдэг газар ажиллахаар явж тэнд очиж ажилласан.

Нөхөр бид хоёр гал тогооны ажлыг бүрэн хариуцаж, ажиллах хугацаандаа хоолны амт чанар сайн байна гэсэн талархалын үгийг бүх хүмүүсээс сонсож байсан.

2018.01.05-ны үед хүүгий минь танил жолооч нар ирсэн ба урд хил дээр зөрчил үймээн гарсан хил хаагдсан учир гэр гуанз ажиллуулах гээд 43 ширхэг мах авч ирсэн юм үүнийг түр хадгалж байгаач, удахгүй ирж авна гээд гуйгаад байхаар нь нярав н.Заяаг гуйж махнуудыг хоосон контенерт хийлгэсэн. Тэдгээр махны эзэн Л.Авир нь 2018.01.29-30-ны үед ирж махаа авья гэхэд нь ерөнхий менежер н.Базараад хэлэхэд тэрээр цагдаагийн газар мэдээлэл өгсний улмаас намайг болон миний нөхөр П.Баярсайхан, мөн нярав н.Заяа бид нарыг Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, мөн хуулийн 40.1.4 болон Хөдөлмөрийн гэрээний 16 дугаар зүйлийн 16.4, 16.6, 16.9-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж гэнэт ажлаас халлаа гэж 2018.02.01-ний өдөр ажлаа хүлээлгэн өг гэсэн учраас ажлаа тэр өдөр хүлээлгэн өгч буцсан бөгөөд ажилд авсан тушаалын нэг хувийг өгөөгүй, мөн ажлаас халсан тушаалаа өгөөгүй учраас удаа дараа нэхэн байж 2018.02.26-ны өдөр ажлаас халсан тушаал гэж он cap өдөр дугааргүй захирлын тушаалыг гардаж авсан.

Мөн хөдөлмөрийн гэрээг устгасан байна гэж хүний нөөцийн ажилтан хэлж байсан тэр өдөр 7 гэж шинэ дугаар оруулан туршилтын хугацаа гэж гэрээ болон ажилд авсан тушаалд огт байгаагүй заалт, хэсгийг оруулсан гэрээнд гарын үсэг зуруулсан. Одоо болохоор анхны хийсэн гэрээ болон ажилд авсан тушаалыг өгөхгүй байна.

Тэр махны эзэн болох Л.Авир гэдэг хүнд зөрчлийн хуулиараа арга хэмжээ авч харин энэ зөрчилд Т.Б, П.Баярсайхан нар холбогдолгүй гэсэн тодорхойлолт байгаа.

Ажлаас халах болсон хууль зүйн үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр агуулахад түр хугацаагаар мах хадгалсан нь тухайн компанид ямарч хохирол учраагүй. Тэр махыг бид зөөвөрлөөгүй, тээвэрлээгүй тэгээд ч энэ асуудал бол хөдөлмөрийи харилцаатай огт хамааралгүй асуудал.

Иймд би ажиллах хугацаандаа хөдөлмөрийн хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй тул 1. 2018.02.26-ны өдөр гардуулан өгсөн захирлын тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцох, 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-ийг удирдлага болгон эрхэлж байсан туслах тогоочийн ажилд минь эргүүлэн тогтоож өгнө үү.

Бид тус компанид 2018.01.03-аас 2018.02.01-ий өдрийг дуустал ажилласан бөгөөд өдөр бүр 10-аас доошгүй цаг амралтын өдөргүй ажиллаж байсан ба бид хоёрын 2018.01.03-аас 2018.01.15-ыг хүртэл 12 хоногийн урьдчилгаа цалин гэж Төрийн банкны 150000248062 дугаартай дансанд 2018.01.15-ны өдөр 372 967 төгрөг шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш ажилласан хугацааны цалин 727 033 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна.

Бид эрхэлсэн ажилтай байсан бөгөөд тогтвор сууршилтай ажиллуулна, өндөр цалин өгнө гэж ажилд авчихаад буруугүй байхад ажиллаас халсан учир шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг нэхэх болно.”

Ажлаас халсан тушаал дээр ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үндэслэлээр ажлаас хална гэж заасан. Гэтэл энэ гэрээ нь өөрөө  зөрчлийн хуулийг тэр чигээр нь хуулаад биччихсэн. Ажлаас халсан тушаал нь он сар өдөр байхгүй. Байгууллагаас гарч байгаа эрхийн акт хөдөлмөрийн харилцааг дуусгавар болж байгаа бол он сар өдөр байх ёстой. Ажлаас халсан тушаалын 3 дахь үндэслэлд заасан компанид учруулсан хохирол гэсэн зүйл байхгүй. Хөдөлмөрийн дотоод журам гэсэн нэг бичиг байгаа энэ бичгийг хэн хаанаас яаж баталсан зэрэг нь тодорхойгүй байна. Энийг баталсан нотариатч нь хууль бус үйлдэл хийсэн байна. Хөдөлмөрийн дотоод журмийг байгууллага нийт ажилчдынхаа хурлыг үндэслэж гаргадаг. Гэтэл энэ дотоод журам гэгчийг тухайн байгууллагын захирал нь баталсан байна. Ийм юм байж болохгүй. Т.Б 2018 оны 1 сарын 3-ны өдрөөс 2 сарын 1-ний өдрийг дуустал ажилласан. Илүү цагийн мөнгийг нэхээгүй. 2018 оны 1 сарын 15-ны өдөр Т.Бгийн Төрийн банкны дансанд 675 972 төгрөг орж ирсний 375 972 төгрөг нь Т.Бгийн өөрийн цалин, 300 000 төгрөг нь нөхрийх нь цалин байсан. Үүнээс хойш ажилласан хугацааны цалин 727 933 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна. Үүнээс хойш шүүхийн шийдвэр гартал 2, 3, 4 сар хүртэл бүтэн 3 сарын  цалин 3 300 000 төгрөг, 5 сарын 1-ний өдрөөс 5 сарын 15-ны өдөр хүртэл 382 687 төгрөг, нэмж өмнө нь дутуу авсан 727 033 төгрөг, нийт 4 782 660 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн өмнө нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү.” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч “ЖСБ” ХХК-д холбогдуулан захирлын тушаалыг хүчингүйд тооцох, ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, дутуу авсан цалин хөлсөд 727 033/долоон зуун хорин долоон мянга гучин гурав/ төгрөгийг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 3 682 687/гурван сая зургаан зуун наян хоёр мянга зургаан зуун наян долоо/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “ЖСБ” ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүүнд 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, Б.Ууганцэцэгт 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагч “ЖСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ЖСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүүн, Б.Ууганцэцэг нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хариуцагчид ахлах тогоочийн албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хөдөлмөрийн гэрээ, Үүрэгт ажлаас нь халах тухай тушаалаар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 16 дугаар зүйлийн 16.4, 16.6, 16.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс цуцалсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Үүрэгт ажлаас нь халах тухай тушаалаар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг .... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.4-т “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан.

 

Хөдөлмөрийн гэрээний 16.1-т “... компанид эдийн болон эдийн бус хохирол учруулсан”, 16.6-д “... ажил олгогчийн ашиг сонирхолд харшилсан үйлдэл, эс үйлдэл гаргасан”, 16.9-д “... нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл, эс үйлдэл гаргасан.” гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээний 16.4, 16.6, 16.9 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан буюу гаалийн хяналтын бүсэд мах хадгалуулсан, нуун дарагдуулсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь Үүрэгт ажлаас нь халах тухай тушаалаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид эдийн болон эдийн бус хохирол учруулсан, ашиг сонирхолд харшилсан, нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл, эс үйлдэл гаргасан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Зөрчлийн тухай хуульд заасан хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргаагүй болох нь Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 48г/27 тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагчид Хөдөлмөрийн гэрээний 16.4, 16.6, 16.9 дэх хэсэгт заасан үр дагавар үүссэн болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно.”, 128 дугаар зүйлийн 128.1-т “Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:”, 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ... гомдол;” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн ахлах тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.2 дахь заалтад зааснаар шүүх хариуцагчийн эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээж байх тул хариуцагчийн захирлын Үүрэгт ажлаас нь халах тухай тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 3 682 687/гурван сая зургаан зуун наян хоёр мянга зургаан зуун наян долоо/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно.” гэж заасан.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 1 100 000/нэг сая нэг зуун мянга/ төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 50 000/1100000:22хоног=50000/ /тавин мянга/ төгрөг болох нь хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна.

         

          Нэхэмжлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажлын 11/арван нэг/ хоног, 3/гурав/ сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 3 850 000/11х50000=550000, 3x1100000=3300000, 550000+3300000=3850000/ /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

          Нэхэмжлэгч нь дутуу олгосон цалин хөлсөд 727 033/долоон зуун хорин долоон мянга гучин гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа ... олгоно.” гэж заасан.

 

          Хариуцагч нь 2018 оны 1 дүгээр сард нэхэмжлэгчид олгох цалин хөлснөөс 727 033/1100000-372967=727033/ /долоон зуун хорин долоон мянга гучин гурав/ төгрөгийг дутуу олгосон болох нь Төрийн банкин дахь 150000248062 тоот төгрөгийн дансны хуулгаар нотлогдож байна.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас дутуу олгосон цалин хөлсөд 727 033/долоон зуун хорин долоон мянга гучин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь хөдөлмөрийн гэрээ, Төрийн банкин дахь 150000248062 тоот төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Бг хариуцагч “ЖСБ” ХХК-ийн ахлах тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “ЖСБ” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, цалин хөлсөд бүгд 4 577 033/3850000+727033=4577033/ /дөрвөн сая таван зуун далан долоон мянга гучин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Бг хариуцагч “ЖСБ” ХХК-ийн ахлах тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “ЖСБ” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, цалин хөлсөд бүгд 4 577 033/дөрвөн сая таван зуун далан долоон мянга гучин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Бгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ЖСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 88 182 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ХИШИГБАТ