Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1032

 

 

 

 

 

 

    2022         08           16                                   2022/ШЦТ/1032

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч Н.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Ш-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа монгол гутал хийдэг гэх, ам бүл 6, дүү нарын хамт ... тоотод оршин суух,

урьд ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Н.Ш (РД:ХД6504...).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Ш- согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 43 гудамж, 25 тоотод байрлах “Их-Уул” нэртэй хүнсний дэлгүүрт “үлдээсэн мөнгөө авах” асуудлаас үүдэн маргалдаж, хохирогч Н.Н-ийн нүүрэнд хэсэгт баруун гараараа нэг удаа цохин эрүүл мэндэд доод үүдэн зүүн 1-р шүдний булгарал, 2-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хувиараа монгол гутал хийдэг. Намжилдорж намайг дэлгүүрийн гадаа зодоод байсан. Тэгээд би цохичихсон юм шиг байна лээ. Намайг газар унагаад 2-3 удаа цохиод өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж хэрэг хийхгүй” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н.Н-ийн: “Миний бие тухайн өдөр өөрийн “Их-Уул” нэртэй хүнсний дэлгүүртээ худалдагч хийж байсан. 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд зүс таних Ширмээ гэх эрэгтэй орж ирээд тамхи, ундаа, архи авсан. 30,900 төгрөгийг картаараа уншуулсан. 10,000 төгрөг илүү төлөлт хийгээд хадгалуулсан. 16 цагийн орчимд тэдний 6,7 орчим насны эрэгтэй хүүхэд “10,000 төгрөг үлдээсэн гэсэн, танаас ав гээд байна” гэхээр нь би “тэр хүнийгээ өөрөө ирж ав” гээд хэлчих гээд буцаасан. Тэгтэл Ширмээ согтуу ирээд намайг “луйварчин энэ тэр” гээд агсам согтуу тавиад байхаар нь би дэлгүүрээс гаргасан. Тэгтэл миний нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохисон, үүдэн доод нэг шүд унаад, нэг нь хөдөлгөөн орчихсон. Унасан шүдээ эмчлүүлмээр байна. Одоогоор ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.28-ны өдрийн 9103 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2. Н.Н-ийн биед доод үүдэн зүүн 1-р шүдний булгарал, 2-р шүдэнд сулрал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. 5. Доод үүдэн зүүн 1-р шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна” гэжээ (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

Гэрч В.Г-ын: “...Тухайн өдөр 20-21 үед гэртээ ирэхэд нөхөр хүнтэй маргалдаж зодолдсон мэт байсан, 1 шүд нь унасан, 1 шүд нь хөдөлчихсөн байсан. Нөхрөөсөө юу болсон талаар асуухад “Манай дэлгүүрт орж ирдэг Ширмээ гэх эрэгтэй согтуу орж ирээд маргалдаад нүүр лүү цохичихлоо” гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Шүүгдэгч Н.Ш-гийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд “Их-Уул” нэртэй дэлгүүр орж тамхи, ундаа, архи авсан. Тооцоог нь хийгээд 30,900 төгрөг уншуулаад 15,000 төгрөг илүү төлөлт үлдэхээр нь бэлнээр авчихъя гэхэд тэр худалдагч залуу надад 5000 төгрөг өгөөд үлдсэн 10,000 төгрөгийг орой авъя гээд нөгөөх дэлгүүртээ үлдээчихсэн байсан. Орой нь дүүг явуулсан боловч худалдагч Намжилдорж гэх хүн манай дүүд “Ширмээ ах чинь мөнгөө аваад явчихсан” гэж худлаа ярьсан байсан. Би тухайн үедээ архи уусан байсан ба дэлгүүр дээр очиж 10,000 төгрөгөөс болж маргаан хийсэн. Намжилдорж намайг дэлгүүрээс хөөж туугаад гаргах гээд байхаар нь би түүний нүүр хэсэгт нэг удаа баруун гараараа цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлоо бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2), дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас (хх-3), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-53), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-48), АСАП сангийн лавлагаа (хх-44-46), байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа (хх-54), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-55) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Н.Ш-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-21)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Ш- нь согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 43 гудамжны 25 тоотод байрлах “Их-Уул” нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч Н.Н-той “үлдэгдэл мөнгөний хариулт авах” асуудлаас үүдэн маргалдаж, улмаар хохирогч Н.Н-ийн нүүрэн хэсэгт баруун гараараа цохисоны улмаас эрүүл мэндэд доод үүдэн зүүн 1-р шүдний булгарал, 2- р шүдний сулрал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хохирогч хохирлын баримт гаргаж өгөөгүй, баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж,

шүүгдэгч “Байхгүй, тогтоосон хугацаанд төлнө. Дахиж ийм хэрэг тарихгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Ш- согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 43 гудамж, 25 тоотод байрлах “Их-Уул” нэртэй хүнсний дэлгүүрт “үлдээсэн мөнгөө авах” асуудлаас үүдэн маргалдаж, хохирогч Н.Н-ийн нүүрэнд хэсэгт баруун гараараа нэг удаа цохин эрүүл мэндэд доод үүдэн зүүн 1-р шүдний булгарал, 2-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Н.Н-ийн “...Ширмээ согтуу ирээд намайг “луйварчин энэ тэр” гээд агсам согтуу тавиад байхаар нь дэлгүүрээс гаргасан. Тэр хүн нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохисон, үүдэн доод 1 шүд унаад, нэг нь хөдөлгөөн орчихсон...” гэх мэдүүлэг (хх-8-9), шүүх эмнэлгийн 9103 дугаар “1.2. Н.Н-ийн биед доод үүдэн зүүн 1-р шүдний булгарал, 2-р шүдэнд сулрал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-30-31), шүүгдэгч Н.Ш-гийн “...10,000 төгрөгөөс болж маргаан хийсэн. Намжилдорж намайг дэлгүүрээс хөөж туугаад гаргах гээд байхаар нь би түүний нүүр хэсэгт нэг удаа баруун гараараа цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-42-43) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Ш-гийн согтуурсан үедээ “үлдэгдэл мөнгөө авах” гэх шалтгаанаар дэлгүүрийн худалдагчтай маргалдаж хохирогч Н.Н-ийн нүүрэнд гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогчийн “Шүдээ хийлгүүлмээр байна” гэх мэдүүлэг (хх-9)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй, хор уршиг арилаагүй байна гэж шүүх дүгнээд хохирогч Н.Н- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ “үлдэгдэл мөнгөө авъя” гэх шалтгаанаар маргалдаж хохирогчийн эрх, эрх чөлөөнд нүүрэнд нэг удаа гараараа цохиж халдан гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд 1 шүд булгарсан, 1 шүд унаж хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “шүдээ янзлуулж авмаар байна” гэх, шүүгдэгч “500,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувиараа монгол гутал хийдэг гэх, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Н.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа монгол гутал хийдэг гэх, тодорхой орлого олдог)-ийг харгалзан шүүгдэгч Н.Ш-г 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ш- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-г 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ш- цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Н.Н- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР