Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1031

 

 

 

 

 

 

    2022          08           16                                   2022/ШЦТ/1031

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч С.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Н-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Алаг тараг” ХХК-д худалдагч ажилтай гэх, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт ... оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.Н- (РД:ОБ0129...).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Н- нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, “Алаг тараг” хүнсний дэлгүүрт “гүтгэж, дээрэлхэж харьцсан” гэх шалтгаанаар хохирогч С.Э-ийн нүүрэнд алгадах, үсдэх, хөл рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт. зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Доромжлоод байхаар нь түргэдээд зодчихсон. Гэмшиж байгаа, дахиж ийм үйлдэл хийхгүй” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Э-ийн: “...15 цагийн орчимд манай дэлгүүрт ажиллаж байсан хамаатны охин Номин-Эрдэнэ дэлгүүрийн амрах өрөөнд орж ирээд “Та намайг яагаад оролдоод байгаа юм, яагаад намайг дээрэлхээд байгаа юм” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би “Ажлын өрөөнөөс гар” гэсэн чинь “Намайг цагдаад өгдөг хэн бэ, чи намайг чаддаг юм бол дахиад цагдаад өгөөрэй, би албаар чамайг камерны доор, өрөөнд чинь зодно” гээд миний зүүн хацар хэсэгт 2 удаа алгадаж, зүүн гуя, баруун шилбэ хэсэгт өшиглөөд байсан. ...Би хохирлын 130,000 төгрөг Номин-Эрдэнээс авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30, 34 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.05.03-ны өдрийн 6371 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. С.Э-ийн биед тархи доргилт, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

Гэрч Э.У-ийн: “2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ...15 цагийн үед няравын өрөөнөөс цай авахаар орсон чинь нягтлан С.Э- Номин-Эрдэнэтэй хоорондоо маргаад байх шиг байсан. Номин-Эрдэнэ нь С.Э-ийн биед халдаж үснээс нь зулгааж газар унах үед өшиглөөд байсан. Би болиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

Шүүгдэгч С.Н-ийн яллагдагчаар өгсөн: “...С.Э- гэх эмэгтэй нь намайг хүмүүст хэл амаар доромжилсон чат бичсэн байхаар нь би уур хүрээд уулзахаар 15 цагийн үед ажил дээр нь очсон. Тэгсэн “Та больчихож болдоггүй юм уу, намайг яагаад хэл амаар доромжлоод байгаа” талаар асуусан чинь “чи манай өрөөнөөс гар” гээд байхаар нь уурандаа би зүүн хацар хэсэгт нь гараараа 2 удаа цохиж, үснээс нь зулгааж, хөл хэсэг рүү өшиглөсөн. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...Би хохиролд 130,000 төгрөг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-51-55), эд мөрийн баримтаар тооцох (хх-56), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-70), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-68), их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолт (хх-71), байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа (хх-73), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-74), шүүхийн шийдвэрээр төлбөргүй болох тодорхойлолт (хх-75), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-76), дансны хуулга (хх-77-136), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-154, 155) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.Н- нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, “Алаг тараг” хүнсний дэлгүүрт “гүтгэж, дээрэлхэж харьцсан” гэх шалтгаанаар хохирогч С.Э-ийн нүүрэн тус газарт нь гараараа алгадах, үснээс нь зулгаах, хөлөөрөө хөл рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт. зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Н- нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо “Алаг тараг” хүнсний дэлгүүрт “гүтгэж, дээрэлхэж харьцсан” гэх шалтгаанаар хохирогч С.Э-ийн нүүрэн тус газарт нь алгадах, үснээс нь зулгаах, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт. зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.Э-ийн “...“чи намайг чаддаг юм бол дахиад цагдаад өгөөрэй, би албаар чамайг камерны доор, өрөөнд чинь зодно” гээд миний зүүн хацар хэсэгт 2 удаа алгадаж, зүүн гуя, баруун шилбэ хэсэгт өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг (хх-29-30), шүүх эмнэлгийн 6371 дүгээр “1. С.Э-ийн биед тархи доргилт, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-47-48), гэрч Э.Уранчимэгийн “...Номин-Эрдэнэ нь С.Э-ийн биед халдаж үснээс нь зулгааж газар унах үед өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг (хх-43-44), шүүгдэгч С.Номин-Эрдэнийн “...С.Э- гэх эмэгтэй дэлгүүр дээр байхаар нь уулзаад “та больчиж болдоггүй юм уу, намайг яагаад хэл амаар доромжлоод байгаа талаар асуусан чинь “чи манай өрөөнөөс гар” гээд байхаар нь уурандаа би зүүн хацар хэсэгт нь 2 удаа цохиж, үснээс нь зулгааж, хөл хэсэг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-64-65) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Н-ийн урьдын харилцааны явцад үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Э-ийн нүүрэнд алгадаж, үсдэж, хөл рүү нь өшиглөж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 130,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн, хохирогчийн “130,000 төгрөг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-34)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч урьдын харилцааны явцад үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд нүүр алгадаж, үсдэх, хөл рүү нь өшиглөн халдаж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 130,000 төлөгдсөн, хохирогч “130,000 төгрөг авсан, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай гэх, тодорхой орлоготой, насны болон ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“Алаг тараг” ХХК-д худалдагч ажилтай гэх, тодорхой орлого олдог)-ийг харгалзан шүүгдэгч С.Н-г 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг ял тул шүүгдэгч С.Н-ийн амьдралын ахуй нөхцөл, хувийн байдал, “Алаг тараг” ХХК-д худалдагчийн ажил эрхэлж байгаа зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ гэж үзснийг тэмдэглэх нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР