| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2019/0847/Э |
| Дугаар | 664 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 664
2019 7 02 2019/ДШМ/664
Б.Гт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Б.Эрдэнэбаатар,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЗ/1685 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 91 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн 1906020120939 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хотгойд овгийн Бат-Очирын Г, 1971 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Их Тамир суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамжны тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;
Б.Г нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар усан тохойд байрлах “Түшигт арга” ХХК-ийн хашаан дотроос 3 тонн арматурын төмөр нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдааны оролцогчид ирцийн талаар саналгүй гэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгч Б.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар энэ удаагийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдлоо. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ.
Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, 1.4. Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.5. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, 1.6. гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй байна.
1. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Б.Г нь: “... 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байх, сайн санахгүй байна, хашаанд байсан жижиглэж таслаад үлдээсэн арматурын төмрийг бүгдийг нь шуудайлаад, мөн 12 метрийн урттай бүдүүн арматурын төмрөөс 30 орчим ширхгийг төмөр тасдагчаар жижиглэж таслаад ...Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг түүхий эдийн цэгт хулгайлсан төмрөө тушаахад ойролцоогоор 1.8 тонн төмөр болж 500.000 төгрөг болсон...” гэж хэргийн үйл баримт болон хохирлын хэмжээний талаар маргасан болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн төлөөлөгч Ли Лиу Шуаны өгсөн: “... нэг боодол буюу 3.7 тонн арматурын төмрөөс 0.7 тонныг тухайн үед барилгад хэрэглэсэн. Тэгээд 3 тонн орчим арматурын төмөр хашаанд үлдсэн... Хулгайд алдагдсан арматурын төмөр 18 мм өргөнтэй, 12 метрийн урттай байсан. ...арматурын төмөр байсан газар 12 ширхэг арматур үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх 10-11, 13-14/,
Мөн хохирогчийн төлөөлөгч Ли Ли Лиушуаны гаргасан: “1 боодол арматур 160 ширхэг, 3.7 тонн ...1 боодол арматураас 30 ширхэг, 702 килограммыг барилгын талбайд ашигласан. Үүнээс үлдсэн 130 ширхэг, 3.04 тонн арматурыг барилгын хашаанд үлдээсэн. Одоо барилгын хашаанд бэлэн байгаа арматур нь 9 ширхэг, 210 килограмм байна...” гэх тайлбар /хх 24/ нь уг арматур төмрөөс хэдийг нь хэрэглэсэн, хэд нь алдагдсан, хэд нь үлдсэн талаар хоорондоо илт зөрүүтэй, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр асуусан цорын ганц этгээд болох П.Бямбабаярын өгсөн: "...Арматур төмөр бүдүүн нарийнаас хамаараад янз бүр байдаг, 160-180 ширхэгтэй байдаг. Намайг 15 ширхэг төмөр авч хэрэглээд хэдэн төмөр үлдсэнийг мэдээгүй. 100 гаруй төмөр үлдсэн байх...” гэх мэдүүлэг /хх 22-23/ нь хэдэн ширхэг арматур төмөр байсан, түүнээс хэдийг нь хэрэглэсэн, хэд нь алдагдсан, хэд нь үлдсэн талаар тодорхойгүй байна.
Тэгээд ч Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар усан тохойд байрлах “Түшигт арга” ХХК-ийн хашаан дотор 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хооронд чухам ямар эх үүсвэр, стандарттай, хэдий хэмжээний, хэдэн ширхэг арматур төмөр байсан, түүнээс хэдийг нь хэрэглэсэн, хэд нь алдагдсан, хэд нь үлдсэн талаар хохирогчийн төлөөлөгч Ли Лиу Шуаны өгсөн мэдүүлгээс өөр бусад нотлох баримтаар шалган тогтоох, мөн шүүгдэгч Б.Гаас арматур төмөр худалдаж авсан гэх этгээдээс гэрчийн мэдүүлэг авах зэрэг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шаардлагатай юм.
2. “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “...18 мм өргөнтэй, 12 метрийн урттай, 3 тонн арматур төмрийг өнөөгийн зах зээл дээр дунджаар нийт 5.100.000 төгрөгийн үнэ ханштай байх боломжтой болохыг тодорхойлов...” гэх тайлан /хх 26/-р эд зүйлийн үнийг тогтоохдоо шинжилгээний ямар объект, эсхүл холбогдох баримтыг үндэслэн, чухам ямар стандартын, хэдэн ширхэг арматур төмрийг үнэлсэн нь тодорхойгүй буюу Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2 дахь заалтын дагуу шинжилгээний объект нь эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гт холбогдох 1906020120939 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, хэрэг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Эрдэнэбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Б.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Б.Гт холбогдох Эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:
1. Б.Г нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар усан тохойд байрлах “Түшигт арга” ХХК-ийн хашаан дотроос 3 тонн арматурын төмөр нууцаар хууль бусаар авсаны улмаас бусдад 5.100.000 /таван сая нэг зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ли.Лиушуаны мэдүүлэг, гэрч П.Бямбабаяр, “Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ болон бусад мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, прокуророос яллагдагч Б.Гын 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар усан тохойд байрлах “Түшигт арга” ХХК-ийн хашаан дотроос 3 тонн арматурын төмөр нууцаар хууль бусаар авсаны улмаас бусдад 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн.
2. Яллагдагч Б.Г нь хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруу болон хохирлын хэмжээг бүрэн хүлээн зөвшөөрсөн мөн “Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ зэргээр яллагдагчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон.
З. Шүүгчийн захирамжид дурдагдсан мөрдөн шалгах ажиллагаа нь одоо хийгдэх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх хуралдаанаар тогтоож шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1685 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Б.Гт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заажээ.
Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааны цогц утгаар илэрхийлэгддэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолдоггүй бөгөөд шүүх хуралдааны явцад уг байдлыг нотлодог юм.
Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодиттой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хооронд нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.
Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодиттой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.
Шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийн талаар шүүхээс бүрэн, бодиттой дүгнэлт хийх боломжгүй байна.
Хохирогч Ли Лиу Шуаны “...3.7 тонн арматурын төмрөөс 0.7 тонныг тухайн үед барилгад хэрэглэсэн. Тэгээд 3 тонн орчим арматурын төмөр хашаанд үлдсэн. ...барилгын хашаанаас 3 тонн орчим арматурын төмөр хулгайд алдагдсан байсныг мэдээд цагдаад өргөдөл гаргасан. ...Арматурын төмөр 18 мм өргөнтэй, 12 метрийн урттай байсан. ...3 тонн арматурын төмрийг 5.100.000 төгрөгөөр худалдан авч байсан...” /хх 10-11/, “...2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа ирэхэд 12 ширхэг төмөр үлдсэн байсан...” /хх 12-13/, гэрч П.Бямбабаярын “...100 гаран төмөр үлдсэн байх...” /хх 23/ гэх мэдүүлгүүд авагджээ.
Шүүгдэгч Б.Г нь “Түшигт арга” ХХК-ийн хашаан дотроос арматурын төмөр нууцаар, хууль бусаар авсан гэм буруугаа зөвшөөрдөг хэдий ч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд “...12 метрийн урттай бүдүүн арматурын төмрөөс 30 орчим ширхгийг төмөр таслагчаар жижиглэж...” /хх 19/, “...12 метрийн урттай арматурын төмрөөс 30 ширхгийг авч төмөр таслагчаар таслаад...” /хх 44/, “...30 ширхэг 12 метртэй урт төмөр авсан...” гэж хохирогчийн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, түүний хэр хэмжээнээс зөрүүтэй мэдүүлжээ.
“Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр “...3 тонн арматурын төмөр бүдүүн 18 мм, урт 12 метр ...өнөөгийн зах зээл дээр дундажаар 5.100.000 төгрөгийн ханштай байх боломжтой...” гэсэн дүгнэлт гаргажээ. /хх 26/
Хэрэгт “Түшигт арга” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ли Лиу Шуаны “Хохирлын хэмжээ”-г тодорхойлон гараар бичснээс өөр тухайн компаниас алдагдсан арматурын төмрийн талаарх санхүүгийн болон бусад байдлаар нотлосон баримт авагдаагүй байна.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Соронзонболд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Эд зүйлийн үнэлгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол үйлдсэн бөгөөд тухайн өдөр “Тод үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээг гаргасан нь үнэн зөв гэж дүгнэхэд эргээлзээтэй байна.
“Тод үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнийг санхүүгийн ямар баримтыг үндэслэсэн, арматурын төмрийн шинж чанар буюу үйлдвэрлэсэн улс, үйлдвэр, шинэ хуучин зэргийг харгалзсан эсэх, түүнчлэн чухам байгууллагуудын өнөөгийн зах зээл дээрх дундаж ханшаар тогтоосон нь тодорхойгүй байна.
Үүнээс гадна, “Тод үнэлгээ” ХХК-ийн “...өнөөгийн зах зээл дээр...” гэж үнэлгээг гаргасан нь гэмт хэрэг гарсан цаг хугацааны үнэлгээ гэж үзэхгүй.
Эдгээр байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Прокурорын эсэргүүцэлд “...Яллагдагч Б.Г нь хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрсөн...” гэж байгааг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байхаас гадна хэргийн үйл баримт, зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарын талаар шүүгдэгч /яллагдагч/ маргаагүй байхыг ойлгодог.
Яллагдагч Б.Г нь хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрсөн хэдий ч тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээнд маргаж байгаа тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасныг прокурор цаашид анхаарвал зохино.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээс гадна, дараах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэмж хийх шаардлагатай.
Шүүгдэгч Б.Г “...цагаан өнгийн портер машиныг зогсоогоод жолоочтой нь уулзаад “эндээс хаягдал төмөр ачаад түүхий эдийн цэг орох гэсэн юм”...” /хх 19/, “...портер машинаар ачиж аваачиж тушаасан.” /хх 44/, “...портер аваад тэр хаягдал төмөр болон энэ 30 ширхэг төмрөө авч яваад төмөр авдаг газар тушаасан...” /хх 75/ гэсэн мэдүүлгийг өгчээ.
Шүүгдэгч Б.Гын үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй.
Уг ажиллагааг хийж гүйцэтгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: