Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
Хэргийн индекс | 123/2021/0005/з |
Дугаар | 123/ШШ2021/0007 |
Огноо | 2021-04-01 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 123/ШШ2021/0007
2021 оны 04 сарын 01 өдөр Дугаар Зуунмод сум
123/ШШ2021/0007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын иргэн Х.-Нийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 2604/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2006-2011 онд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Байгаль орчин, газрын харилцаа, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл Төв аймгийн Мэргэлжийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Х.Нийг төрийн албанаас халах тухай” Б/01 дугаартай тушаалаар надад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг дараах үндэслэлүүдээр илт хууль бус гэж үзэж байна.
1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа буюу Б/01 дугаартай тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлаагүй. Уг актыг гаргах гэж байгаа талаар эрх ашиг хөндөгдөж буй этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу урьдчилан мэдэгдэж сонсох ажиллагаа хийгдэж тэмдэглэл үйлдээгүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн.
2. Тушаалын үндэслэл хэсэгт “хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа ажлын хариуцлага алдсан, тайлан мэдээ хоцроосон” гэх үндэслэлийг дурдсан. Гэвч энэ талаар шалгаж тогтоосон бодит нөхцөл байдал байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж хуулиар тодорхойлсон. Мөн Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга болон Төрийн албаны Зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 2.1 дэх хэсэгт Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах, үүрэг гүйцэтгэх талаар журамласан байна. Үүнээс үзэхэд сахилгын шийтгэл ногдуулах бодит нөхцөл байдлыг тогтоох, шалгалт явуулах үүргийг захиргааны байгууллага хүлээсэн ба Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс дээрх үүргээ гүйцэтгээгүй ажлын хариуцлага алдсан, тайлан мэдээ хоцроосон гэх хангалттай нөхцөл байдлыг тогтоож тухайн зөрчлийг баримтжуулж эрх ашиг хөндөгдөж буй этгээдэд танилцуулсан сонсох ажиллагаа хийгдэх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан журмын дагуу акт гаргах гэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тайлбар гаргаж өгөх боломж олгоогүй, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа талаараа огт мэдэгдээгүй юм. Учир нь миний бие 10 сартай нялх хүүхэдтэй бөгөөд хүүхдээ хөхүүлэх зайлшгүй шаардлагатай байсан. Үүрийн 04 цагт хүүхдээ хөхүүлээд өглөө 07 цаг 30 минут орчимд ажилдаа ирсэн нь үнэн, тухайн үед надаас гадна жижүүрийн үүрэг гүйцэтгэгч өөр 2 албан хаагч байсан. Байгууллагыг эзэнгүй орхиж яваагүй, мөн би байгууллагын тайлан мэдээ хоцроосноос байгууллагад ноцтой хохирол хор уршиг учруулсан гэх нөхцөл байдлыг тогтоогоогүй. ... Би тэр өдөр мэдээ тайлан хоцроосондоо гэмшиж байгаа. Жижүүрт гарч байх хугацаандаа 10 гаруй мэдээг хүснэгтэн болон тайлан хэлбэрээр бичиж явуулдаг. Тэр мэдээнүүдээс би 2020 оны 12 дугаар сарын 15-ны өглөөний 06:00 цагийн мэдээг л хоцроосон...
3. Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга болон Төрийн албаны Зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тушаалаар батлагдсан ”Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах” журмын 2.6 дахь хэсэгт “шалгалтаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тогтоосон бол зөрчил гаргагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдсэн байна” гэсэн заалтыг зөрчиж тухайн зөрчлийн үндэслэлийн талаар урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдээгүй.
4. Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга болон Төрийн албаны Зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тушаалаар батлагдсан ”Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам”-д заасан нөхцөл байдал үр дагавар, албан хаагчийн ажил үүргийн тодорхойлолтод заасан чиг үүрэг болон үйлдэл эс үйлдэхүйн хоорондын чиг хамаарал, өмнө нь зөрчил гаргаж байсан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй, Төрийн албаны тухай хуульд олон төрлийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байтал аль хүнд хэлбэрийг нь сонгож оногдуулсан үндэслэлээ тушаалдаа тодорхой заагаагүй, мөн журмын 6.1 дэх хэсэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахад өмнө нь удаа дараа сахилгын зөрчил гаргаж байсан мөн тухайн албан тушаалд цаашид ажиллах ямар ч боломжгүй гэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй. Дээрх тушаалуудыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдээгүй, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шууд гардуулан танилцуулж ажлаас шууд халсан нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн авч үзвэл Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга У.Ө 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Х.Нийг төрийн албанаас халах тухай Б/37 дугаартай тушаал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч миний хөдөлмөрлөх эрх түүнтэй холбоотой үүсэх эд хөрөнгийн эрхийг зөрчиж байна. Надад 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу уг тушаал гарсан өдөр дээрх тушаалыг танилцуулсан бөгөөд энэ өдөр өөрийнхөө эрх ашиг зөрчигдсөн болохыг мэдсэн. Ийнхүү тушаалаа гардаж авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандаж байгаа. Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/01 тоот тушаал нь илт хууль бус тушаал ба Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн байна. ...Хариуцагчийн хариу тайлбар дээр өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж байхад ажлын байрыг орхиж архи уусан учраас ажлаас халсан тухай хэлж байна. Байгууллагын дотоод журмын 8.1, 8.4 дэх хэсэгт архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх тухай заалт байна. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлын үед тушаалаар ажиллаж байх үед яах вэ гэх талаар дотоод журамд байхгүй. Шуурхай штабыг орхиж явсан гэж байна. Энэ дотоод журмын заалтыг харахад ажлын байран дээр ажлын бус цагаар гэдэг агуулгад тушаалын хууль зүйн үндэслэл болгоод байгаа 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7-д ажлын болон ажлын бус цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх агуулгыг ярьсан. Тэгэхээр хариуцагчийн яриад байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын үед авах арга хэмжээ тушаалд байхгүй. Тэр зөвхөн ямар агуулгаар яригдаж байна вэ гэхээр Шуурхай штаб дээр ажиллаж байхдаа өндөржүүлсэн бэлэн байдлын үед ийм зөрчил гаргасан гэж захиргааны байгууллагад тайлбар гаргасан. Ёс зүйн зөрчил гэдгийг юу гэж ойлгож байна вэ гэдгийг хариуцагч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх агуулгаар ярьж байна. Хэрвээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн нь яаж тогтоогдож байна вэ гэхээр гэрчийн мэдүүлгээр тогтоогддог гэдэг. Гэрч нар хүнийг гаднаас нь хараад согтуу эсэхийг дүгнэж чадах эсэх нь эргэлзээтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тоног төхөөрөмжөөр тогтоогдоогүй байна. Ёс зүйн зөвлөлийн дүрмийг үндэслэн тушаал гарсан....Нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/01 дугаар тушаал илт хууль бус захиргааны акт гэж маргаж байгаа. Тушаалын үндэслэх хэсгийн ...3.1.4.в гэдэг заалт, мөн 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7-г үндэслэсэн. Тэгэхээр болсон процессын хувьд анх тушаалыг ...3.1.4.в гэж танилцуулсан атал сүүлд нь А/03 тоот тушаалаар залруулга хийсэн. Залруулгаа тухайн өдрийн огноогоор хийж байна. Энэ Б/01 тоот, А/3 тоот тушаалын алийг нь ч Х.Нд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй. ...Сонсох ажиллагаа бол хуульд заасны дагуу хийгдэж тэмдэглэл үйлдэгдэх ёстой, тэмдэглэл байхгүй. Тушаал гарсан өдөр ажлаас халагдаж байгаагаа мэдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэж заасан. 3.1.4.в гэж байгаад 3.1.4.д болж өөрчлөгдсөн нь агуулгын хувьд асуудалтай байдлаар өөрчлөгдсөн. Гэсэн ч энэ тушаалын агуулга өөрчлөгдсөн гэдгээ тайлбарлахгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Уг захиргааны акт 3.1.4.в гэж байгаад 3.1.4.д болсноор агуулга нь өөрчлөгдөж, утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус байна, гэтэл мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж хуульчилсан. Тэгэхээр энэ захиргааны акт бүхэлдээ илт хууль бус гэж үзэхээр байна. Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.4, 4.2, 5.1 дэх хэсэгт ёс зүйн зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх асуудлыг бүхэлд нь заасан. Иргэн, байгууллагын нэгжийн гомдлоор гэж заасан. Үүнээс харахад Х.Н-ийн үйлдэл нь ёс зүйн зөрчилд тооцогдохгүй, хэн нэгэн тайлбар бичсэн байгаа нь хаана гаргаад байгаа нь тодорхойгүй, Мөнхбат гэж хүний ёс зүйн зөвлөлд гаргасан мэдэгдэл гэж байгаа. Гэтэл мэдэгдэл гэдэг үг дүрэмд байхгүй. ...Х, А гэх хүмүүсийн хаана гаргасан нь тодорхойгүй тайлбар байгаа. Үнэхээр ёс зүйн зөвлөлд өгсөн эсэх нь тодорхойгүй. Ёс зүйн зөвлөл ямар гомдол мэдээллийг үндэслэн шийдвэр гаргасан бэ гэдэг нь тогтоогдохгүй байна. ...Ёс зүйн зөвлөлийн дүрэмд зааснаар зөрчлийн шинж байдлаас хамаараад уучлалт гуйхыг үүрэг болгох, сануулах арга хэмжээ авахаар байхад шууд ажлаас халсан нь дүрэмд заасны дагуу явагдахгүй байна. Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга болон Төрийн албаны Зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 36/32 тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам, Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөлийн дүрэм нь захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдээгүй байгаа. Тэгэхээр хуульд заасан хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний акт гэж үзэхгүй. Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7-д өндөржүүлсэн бэлэн байдлын үед архи уусан хүнийг ажлаас нь халах талаар заасан үндэслэл үүнд харагдахгүй байна. Ажлаас халсан нөхцөл байдал, тухайн үед болсон нөхцөл байдал гаргаж байгаа тушаал нь хоорондоо нийцэхгүй байна. Агуулга нь өөрчлөгдсөн захиргааны актаа өмнө танилцуулаагүй. Энэ агуулгын хувьд зөрөөтэй акт юм. Мөн дүрэм дээр ёс зүйн зөвлөлийн гишүүд олонхынхоо саналаар энэ асуудлыг шийднэ гэдэг агуулга байгаа. Гэтэл ёс зүйн зөвлөлийн тогтоол яаж гарсан бэ? хэдэн хүний саналаар Х.Нд хариуцлага тооцогдож байгаа нь харагдахгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл 3.1.4в-гээр явж байгаа. Үүнийг 3.1.4д болгосон бол энэ процесс дахин эхнээсээ явагдах ёстой. Бидний хувьд акт хууль зүйн үндэслэлтэй юм уу гэдэг дээр маргаж байна. Иймд ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга У.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа бэлэн байдлын тусгай журмаар явагдаж, ажилчдын сахилга хариуцлагыг энгийн үеэс илүү өндөржүүлэн ажиллаж байна. Гэтэл Х.Н нь өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед газрын даргын баталсан хуваарийн дагуу шуурхай штабын хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа /2020.12.14-нөөс 2020.12.15 өглөөний 09 цаг/ Шуурхай штабын тайлан мэдээг цагт нь өгөлгүйгээр ажлын байраа орхиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай өглөө ажилдаа ирсэн нь тус газрын Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, өөрийнх нь болон хамт олны тайлбараар тогтоогдож байна. Байнгын ажиллагаатай Шуурхай штаб нь Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Шуурхай штабт өглөөний 06 цаг 00 минут, өдрийн 12 цаг 00 минут, 18 цаг 00 минутад мэдээ өгдөг. Тухайн өдрийн 06 цаг 20 минутад Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Шуурхай штабын 2600002утаснаас залгаж танай газрын энэ өглөөний 06 цагийн мэдээ ирээгүй байна гэж мэдэгдсэн. Тэгээд би 07 цаг 20 минут гэхэд ажил дээр ирэхэд гадаа үүд цоожтой дотор нь жижүүр О.М байсан бөгөөд Х.Н шөнийн 03 цаг 30 минутын орчим хүүхдээ хөхүүлчихээд ирье гэж хэлээд байгууллагыг гаднаас нь цоожлоод явсан одоо болтол ирээгүй, утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Нийн утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. ...Нэхэмжлэгч нь сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн нь нотлогдохгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу Ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулсан бөгөөд тайлбарыг бичгээр гаргуулан авсан...тул дахин давтан сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй. Х.Н ажлын байраа орхиж архидан согтуурч, ажилдаа согтуу ирсэн болох нь гэрч нарын болон өөрийнх “...гэрт зочин ирсэн тул 3-4 хундага архи уусан тэгээд унтчихсан байсан..” гэсэн тайлбараар тогтоогдоно. ...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” 48.1.3-д “Төрийн албанаас халах”, 48.2-д “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х.Н өндөржүүлсэн бэлэн байдлын үед газрын даргын баталсан хуваарийн дагуу шуурхай штабын хариуцлагатай жижүүрийн үүрэг 2020 оны 12 сарын 14-нөөс 2020 оны 12 сарын 15 өглөөний 09 цаг хүртэл гүйцэтгэх хугацаандаа Шуурхай штабын тайланг 06 цагт өгөлгүйгээр ажлын байраа орхиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтайгаар ажилдаа ирсэн нь Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, өөрийнх нь болон хамт олны тайлбараар тогтоогдож байна. Төрийн албан хаагч хариуцлагатай ажил хийж байж ийм зөрчил гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.7 дахь заалтад харшлах үйлдэл гаргаж, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.5.а.,3.1.5.б, мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.5.1, 8.2-т заасныг ухамсарлан ойлгохгүй маш ноцтой зөрчил гаргасан. ...Байгууллагын дотоод журамд заасан зөрчлийг гаргасан учир шууд ёс зүйн зөвлөлийн хурлаар оруулсан, сонсох ажиллагаа хийсэн.... Тухайн үед байгууллагын даргын тушаалд Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар дүрэм батлах тухай тогтоолын хавсралт хэсгийн 3.1.4.в-д заалтыг бичсэн. Тухайн тогтоолд Засгийн газрын 2019 оны 122 тоот тогтоолоор 3.1.4.в заалтыг 3.1.4.д заалт болгон өөрчилсөн байсан. А/03 тоот тушаалаар 3.1.4.в заалтыг 3.1.4.д болгон өөрчилсөн. ... А/03 тушаалыг танилцуулаагүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед холбогдох хуулиуд болон байгууллагын дотоод журам, дарга нарын гаргасан тушаал зэрэг маш олон зүйлээр анхааруулсаар байхад ...ёс зүйн ноцтой зөрчил гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн “Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн Б/01 дүгээр тушаал илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.2, 48.3 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 3.1.4.в заалт, “Төрийн албаны сахилгын хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7 заалтыг тус тус үндэслэн Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Шуурхай штабын хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа ажлын хариуцлага алдаж мэдээ хоцроосон, архидан согтуурсан нь тус газрын Ёс зүйн зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэл, өөрийн гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон хэмээн зааж, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Н-ийг төрийн албанаас халах тухай шийдвэр гаргажээ[1].
2. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “...энэ хуулийн 37...-д заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй ... тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан ... сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 48.1.3. төрийн албанаас халах...”, хуулийн 37
дугаар зүйлийн 37.1-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ: 37.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх,..37.1.7. төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” хэмээн тус тус заасан бөгөөд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан.
Монгол улсын Засгийн газар 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг баталсан, уг тогтоолын 3.1-т “Төрийн албан хаагч нь төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ үзүүлэхдээ дор дурдсан ёс зүйн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй: 3.1.1.а. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа журам, дүрэм, зааврыг чанд баримтлах..., 3.1.5.а.албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд бүрэн хариуцах...” гэж, Засгийн газрын 2018 оны 8 сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1.7-д “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа ...нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх,ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох”, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын[2] 3.5.1-д “Ажилдаа согтуу ирсэн, ажлын цагаар, мөн ажлын байранд болон томилолтын үүрэг гүйцэтгэж явахдаа согтуурсан” бол албан хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна”, 8.2-т “Албан үүргээ биелүүлээгүй гэдэгт удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлэх буюу үл биелүүлэх, иргэдийн өргөдөл, гомдол, хариутай бичгийн хугацааг удаа дараа хэтрүүлсэн болон онцгой чухал буюу хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд биелүүлээгүй үйлдэл эс үйлдлийг ойлгоно” гэж тус тус заажээ.
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор “Төрийн албаны захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг баталж, уг тогтоолд 2019 оны 122 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулан “3.1.4.в. гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг чанд баримталж, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх” гэж заасан байна.
3. Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн Б/01 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт “...Засгийн газрын 2018 оны 8 сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1.7 дахь /төрийн албан хаагч ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх...-г хориглож, зөрчсөн тохиолдолд
хариуцлага тооцох/ заалт...” гэж бичсэнээс гадна Х.Нийн гаргасан гэх зөрчлийг “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Шуурхай штабын хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа ажлын хариуцлага алдаж мэдээ хоцроосон, архидан согтуурсан” гэж тодорхойлсноос үзвэл хууль, дүрэм журмаар төрийн жинхэнэ албан хаагчид хүлээлгэсэн үүрэг, уг үүргийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн үйлдэл, гаргасан зөрчил, түүнд хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалтуудыг тодорхой заасан, эдгээр нь хоорондоо хамааралтай, агуулгын хувьд ойлгомжтой байх тул уг тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.3-т заасан “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх”, “бичгээр гаргасан захиргааны актад: захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” шаардлагад нийцсэн байна гэж дүгнэлээ.
Харин дээр дурдсанаар Б/01 дүгээр тушаалын “...3.1.4.в...” гэсэн заалт нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчилд хамааралгүй байх тул тушаалын энэ заалтад холбогдох хэсгийг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй, гэхдээ “3.1.4.в” заалт нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болоогүй, өөрөөр хэлбэл тушаалд “Төрийн албаны сахилга, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1.7 дахь заалтад холбогдуулан нэхэмжлэгчийн “согтууруулах ундаа хэрэглэсэн...” зөрчлийг тодорхойлсон, “3.1.4.в заалт”-ын улмаас тушаалын агуулга өөрчлөгдөөгүй байх тул Б/01 дүгээр тушаалыг бүхэлд нь илт хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй байна.
4. Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга болон Төрийн албаны Зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 36/32 тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам” болон “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн дүрэм” нь захиргааны актын хэм хэмжээний нэгдсэн санд бүртгэгдээгүй нь Хууль зүйн яамны лавлагаагаар тогтоогдсон тул эдгээр дүрэм, журмыг “хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний захиргааны акт” гэсэн нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.
Эдгээр захиргааны хэм хэмжээний актыг баримтлан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөл 2020 оны 12 сарын 17-ны өдөр хуралдаж, тогтоол гаргасан байх боловч нэхэмжлэгч Х.Н нь тус хуралдаанд оролцож тайлбар гаргаснаас гадна бичгээр тайлбар гаргаж өгсөн бөгөөд тухайн хуралдааны тэмдэглэл[3], 01 дугаартай тогтоолтой[4] холбогдуулан нэхэмжлэгч маргаагүй байх тул хариуцагчийг захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгосон, оролцогчтой биечлэн уулзаж, тайлбарыг сонссон, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулсан, шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.2, 27.4.3, 27.6-т заасан журмаар явуулсан гэж үзэхээр байна. Иймээс хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг баримталсан нь илт хууль бус, захиргааны акт бүхэлдээ илт хууль бус гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Хариуцагч 2020 оны 12 сарын 18-ны өдрийн Б/01 дугаартай тушаалын “... 3.4.1.в..” гэснийг “...3.1.4.д..” гэж өөрчлөх[5] тухай 2021 оны 01 сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалыг батлан гаргахдаа нэхэмжлэгчид урьдчилж мэдэгдээгүй, уг тушаалыг танилцуулаагүй бөгөөд нэхэмжлэгч 2021 оны 01 сарын 18-ны өдрийн А/03 дугаар тушаалтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин “тушаалд өөрчлөлт оруулахдаа урьдчилж мэдэгдээгүй, танилцуулаагүй, 3.1.4.в гэж байгаад 3.1.4.д болсноор агуулга нь өөрчлөгдсөн утга агуулгын илэрхий алдаатай байгаа тул акт бүхэлдээ илт хууль бус захиргааны акт” хэмээн тайлбар гаргасан байна. Дээр дурдсанаар “3.1.4.в” заалт нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болоогүй нь тогтоогдсон тул уг тушаалд “3.1.4.д” гэсэн өөрчлөлт оруулсан ч тушаалын агуулга өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл уг тушаалд заасан зөрчил гаргасан, хариуцлага хүлээлгэсэн зэрэг нөхцөл байдлууд өөрчлөгдөөгүй байх тул Б/01 дүгээр тушаалыг бүхэлд нь илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
5. Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/48 дугаар тушаалаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор 24 цагаар ажиллах хариуцлагатай жижүүр “Шуурхай жижүүрийн мэдээлэл ирүүлэх хүснэгт”-ийн дагуу Газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хариуцлагатай жижүүр болон байгууллагын ерөнхий жижүүрт шуурхай мэдээ мэдээллийг цаг алдалгүй мэдээлж ажлын уялдаа холбоог шуурхай хангаж ажиллахыг үүрэг болгосон[6]. Тус тушаалын нэгдүгээр хавсралтаар Мэргэжлийн хяналтын байнгын ажиллагаатай шуурхай штабын бүрэлдэхүүний бүтэц, ажиллах чиг үүргийг батлахдаа шуурхай штабын бүрэлдэхүүнд Х.Нийг томилжээ[7].
6.Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын баталсан Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 2020 оны 12 дугаар сард ажиллах хуваарийн дагуу Х.Н 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хариуцлагатай жижүүрээр ажиллахаар хуваарилагджээ[8]. Уг хуваарийн дагуу нэхэмжлэгч Х.Н нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагаас эхлэн хариуцлагатай жижүүрээр ажилласан эхэлсэн бөгөөд 12 сарын 15-ны өдрийн 04 цагт хүүхдээ хөхүүлэхээр яваад согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд өглөө 07 цаг 30 минут орчимд ажилдаа ирсэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабт 06.00 цагт өгөх шуурхай мэдээг тухайн
цагт өгөөгүй болох нь Х.Нийн өөрийнх нь “миний бие 10 сартай нялх хүүхэдтэй бөгөөд хүүхдээ хөхүүлэх зайлшгүй шаардлагатай байсан. Үүрийн 04 цагт хүүхдээ хөхүүлээд өглөө 07 цаг 30 минут орчимд ажилдаа ирсэн нь үнэн[9]” гэсэн, мөн түүний Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Ёс зүйн зөвлөлийн хуралдаанд гаргасан “...гэрт зочин ирсэн тул 3-4 хундага архи уусан тэгээд унтчихсан байсан” гэсэн тайлбар[10], хариуцагчийн “Тухайн өдрийн 06 цаг 20 минутад Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Шуурхай штабын 2600002 утаснаас танай газрын энэ өглөөний 06 цагийн мэдээ ирээгүй байна гэж мэдэгдсэн” гэсэн тайлбар зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдлоо.
Ийнхүү нэхэмжлэгч Х.Н зөрчил гаргаж Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.1.а, 3.1.5.а, 2018 оны 8 сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны сахилга, дэг журмыг чангатгах тухай” тогтоолын 1.7-д заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байх тул түүнийг төрийн албанаас халсан Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн Б/01 дугаартай тушаал Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, 4.2.6-т заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах үндсэн зарчимд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх нөхцөл байдлуудаар Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн Б/01 дугаартай тушаал нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Нийн “Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН
[1] Хавтаст хэргийн 53 дэх тал
[2] Хавтаст хэргийн 36-52 дахь тал,
[3] Хавтаст хэргийн 19-20 дэх тал,
[4] Хавтаст хэргийн 18 дахь тал
[5] Хавтаст хэргийн 55-р хуудас
[6] Хавтаст хэргийн 80 дахь тал
[7] Хавтаст хэргийн 85 дахь тал
[8] Хавтаст хэргийн 27 дахь тал
[9] Хавтас хэргийн 1-3 дахь тал,
[10] Хавтас хэргийн 20 дахь тал,