| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0837/э |
| Дугаар | 2022/ШЦТ/590 |
| Огноо | 2022-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/590
2022 07 04 2022/ШЦТ/590
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,
Улсын яллагч: Ц.Майбаяр,
Шүүгдэгч: Э.Г түүний өмгөөлөгч Ц.Цэрмаа нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г холбогдох эрүүгийн 2211000130812 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Э.Г (), Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Ингэт толгой ХХК-д захирлын туслах, менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24-119 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 11 дүгээр 12-оос 13-нд шилжих шөнө 02 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны урд байрлах “S” караокены гадна найз Б.Анарыг биеэ хянах чадваргүй байдлыг далимдуулж үнслээ гэх шалтаглан хохирогч А.Т гар, хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2211000130812 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Э.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: А.Тд учруулсан гэх хохирлыг би учруулаагүй. Манай гэр бүлийн найз болох Б.Анар ясны хорт хавдартай бөгөөд түүнийг А.Т шээлгэнэ гээд байшингийн булан руу аваад явсан байсан. Б.Анарыг хүчирхийлэх гэж үнсээд дайраад зогсож байхад нь би очиж булан руу шахаж болиулсан. А.Т ичиж, бантсан нүүрэндээ над руу дайраад зогсохгүй болохоор нь эргүүлж гэдэс рүү нь жийсэн. Өөдөөс дайраад байсан болохоор нь холдуулах гэж хэд хэдэн удаа түлхсэн. А.Тий хэлсэн шиг 3-4 удаа нүүр хэсэгт нь өшиглөсөн бол түүний эрүүл мэнд хүндээр гэмтэх байсан гэж бодож байна. Манай найзыг оролдож, ичиж зовсон байдлаасаа улбаалж ийм асуудалд хүргэсэн гэж үзэж байна. Цохисон бол хэргийг хүлээхэд бэлэн байсан. Цохиогүй учраас шүүхийн шат хүртэл явсан гэв.
Хохирогч А.Тийн “...Би 2021 оны 11 дүгээр 12-ний өдөр 00 цагийн орчимд “Жи мобайл” ХХК-ийн ажлын хамт олон болох С.Золбоо, Б.Ц, Мөнхжин, Гарьд, Хаш-Эрдэнэ, Одонтуяа, Сувд-Эрдэнэ, Анар, Одгэрэл, нарын хамт урт цагааны замын урд байрлах “S” нэртэй караокед орж суусан. Тэгээд Еден нэртэй 1 литрийн хэмжээтэй архи хоёр шил, мөн Сэнгүр нэртэй 0,5 литрийн хэмжээтэй пиво 20 ширхгийг захиалан хувааж ууцгаасан. Тэгээд 02 цаг 30 минутад ууж дуусаад гэр гэртээ харихаар болоод караокеноос гарцгаасан. Гарах мөчид үүдэн дээр манай ажлын Анар гэх эмэгтэй “найз нь бие засмаар байна, чи хань болоод яваад өгөөч” гээд хамт явсан. Тэгтэл араас манай ажлын залуу, эмэгтэйн нөхөр болох Ганзориг нь “чи Анарыг үнсдэг хэн бэ” гээд, баруун гараараа миний нүүрэн тус газар 1-2 удаа цохисон доошоо намайг дараад нүүр лүү баруун талын хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. ...Тухайн үед миний зүүн нүд хавдчихсан, нүүр хавандсан, баруун гар атгаж болохгүй болчихсон байсан юм...” гэх мэдүүлэг,
А.Тийн хохирогчоор дахин өгөн “...Би хэрэг болсон өдөр өөрийнхөө мөнгөөр 160,000 төгрөгөөр зураг авхуулсан, баримтыг гаргаж өгсөн. ...Би 160,000 төгрөгийг нэхэмжилж байна, өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 11 х-12х, 14х),
Гэрч Б.А “...Юу болсон талаар би санахгүй байгаа. Тэгээд маргаа нь хүмүүсээс юу болсон талаар асуухад Тэмүүжин намайг тэврээд үнсэх гээд дайраад байхаар нь би түлхэж холдуулсан, тэрийг харсан Ганзориг Тэмүүжин рүү уурлаад цохиод манай нөхөр болох Барсболд болиулаад салгасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 20х),
Гэрч Б.Б “...эхнэрээ авах гээд ороход манай эхнэр караоке дотор байгаагүй юм. Тэгэхээр нь ажлын газрын хүмүүсээс нь Анарыг асуухад ...Тэмүүжинтэй хамт гадагшаа гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г хамтаар гадагшаа гараад эхнэр Анарыг Хайгаад ойр орчимд хайсан юм. ...Ганзориг хоёр байшингийн булан руу надаас түрүүлээд яваад орчихсон. Тэгснээ “хөөе, чи яаж байгаа юм гээд орилоод” байсан юм. Тэгэхээр нь араас нь доголоод явж очиход Ганзориг, Тэмүүжинтэй хоёулаа бие биеэ заамдалцаад барьцалдсан, нэг нэгнийгээ сэгсрээд маргалдаад зогсож байсан ба манай эхнэр Анар хажууд нь согтуу хана налаад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг очиж салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22х-23х),
Гэрч М.М “...Шөнийг 03 цагийн үед гэж бодож байна, тухайн караокены үүдэнд буюу коридорт хүмүүс шуугилдаад орилолдоод байхаар нь би өрөөнөөс гарсан чинь Ганзориг гэх залуу коридорт нүүр, ам нь цус болчихсон зогсож байсан. Тэгээд би караокеноос гарсан чинь хаалга цоожтой байхаар нь зөөгчөөр онгойлгуулаад гарсан чинь гадаа үүдэнд Цэрэнжаргал, Гарьд, Тэмүүжин нар хоорондоо ярилцаад зогсож байсан. Тэмүүжингийн нүүр, ам, куртик нь цус болчихсон байсан. Тухайн үед би Тэмүүжингээс юу болсон талаар асуухад Одонтуяагийн нөхөр Ганзоригтой зодолдсон гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25х-26х),
Гэрч Б.Ц “...намайг ирээд байж байхад удаагүй ажлынхан тараад караокеноос гарцгаасан. Би гадаа Сувд-Эрдэнэ Золбоо хоёртой юм яриад зогсож байсан чинь тухайн караокены хажуу талын байрны хажуу талаас хүмүүс орилолдоод шанаагаа дуу нь ойртоод гэрэлд Тэмүүжин, Ганзориг хоёр хоорондоо маргалдаад гарч ирсэн ба араас нь Анар, Барсболд нар гарч ирж байгаа харагдсан. Тэгээд Тэмүүжин куртикээ тайлаад Ганзориг хоёр нэг нэгнийгээ заамдаад хоёр биенийгээ гараараа нэг нэгийгээ цохиод байхаар нь Сувд-Эрдэнэ, Золбоо бид гурав очиж салгасан. ...Тухайн үед Тэмүүжин, Ганзориг хоёрыг салгахад Тэмүүжингийн аль нүдний зовхийг сайн хэлж мэдэхгүй байна цус гарчихсан байсан. Г уруулаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хх- ийн 28х-29х,)
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн ШЭШГ-ын шинжээч, эмч Т.Амартүвшиний Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11240 дугаартай “...А.Тийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хөмсөг, духны баруун хэсэг, хүзүү, баруун гарын дунд, долоовор хурууны цус хуралт, амны зүүн тал, зүүн шууны зулгаралт, зүүн гуяны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн нүдний дээд, доод зовхи, хөмсөгний цус хуралт, баруун гарын дунд хурууны цус хуралт, зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух хүзүү, баруун гарын долоовор хуруу, амны зүүн тал, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт (хх-ийн 35х-36х), зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 11 дүгээр 12-оос 13-нд шилжих шөнө 02 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны урд байрлах “S” караокены гадна найз Б.Анарыг биеэ хянах чадваргүй байдлыг далимдуулж үнслээ гэх шалтаглан хохирогч А.Т гар, хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч А.Тийн “...Би 2021 оны 11 дүгээр 12-ний өдөр 00 цагийн орчимд “Жи мобайл” ХХК-ийн ажлын хамт олон болох С.Золбоо, Б.Ц, Мөнхжин, Гарьд, Хаш-Эрдэнэ, Одонтуяа, Сувд-Эрдэнэ, Анар, Одгэрэл, нарын хамт урт цагааны замын урд байрлах “S” нэртэй караокед орж суусан. Тэгээд Еден нэртэй 1 литрийн хэмжээтэй архи хоёр шил, мөн Сэнгүр нэртэй 0,5 литрийн хэмжээтэй пиво 20 ширхгийг захиалан хувааж ууцгаасан. Тэгээд 02 цаг 30 минутад ууж дуусаад гэр гэртээ харихаар болоод караокеноос гарцгаасан. Гарах мөчид үүдэн дээр манай ажлын Анар гэх эмэгтэй “найз нь бие засмаар байна, чи хань болоод яваад өгөөч” гээд хамт явсан. Тэгтэл араас манай ажлын залуу, эмэгтэйн нөхөр болох Ганзориг нь “чи Анарыг үнсдэг хэн бэ” гээд, баруун гараараа миний нүүрэн тус газар 1-2 удаа цохисон доошоо намайг дараад нүүр лүү баруун талын хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. ...Тухайн үед миний зүүн нүд хавдчихсан, нүүр хавантсан, баруун гар атгаж болохгүй болчихсон байсан юм...” гэх мэдүүлэг, А.Тийн хохирогчоор дахин өгөн “...Би хэрэг болсон өдөр өөрийнхөө мөнгөөр 160,000 төгрөгөөр зураг авхуулсан, баримтыг гаргаж өгсөн. ...Би 160,000 төгрөгийг нэхэмжилж байна, өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 11 х-12х, 14х), Гэрч Б.А “...Юу болсон талаар би санахгүй байгаа. Тэгээд маргаа нь хүмүүсээс юу болсон талаар асуухад Тэмүүжин намайг тэврээд үнсэх гээд дайраад байхаар нь би түлхэж холдуулсан, тэрийг харсан Ганзориг Тэмүүжин рүү уурлаад цохиод манай нөхөр болох Барсболд болиулаад салгасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 20х), Гэрч Б.Б “...эхнэрээ авах гээд ороход манай эхнэр караоке дотор байгаагүй юм. Тэгэхээр нь ажлын газрын хүмүүсээс нь Анарыг асуухад ...Тэмүүжинтэй хамт гадагшаа гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г хамтаар гадагшаа гараад эхнэр Анарыг Хайгаад ойр орчимд хайсан юм. ...Ганзориг хоёр байшингийн булан руу надаас түрүүлээд яваад орчихсон. Тэгснээ “хөөе, чи яаж байгаа юм гээд орилоод” байсан юм. Тэгэхээр нь араас нь доголоод явж очиход Ганзориг, Тэмүүжинтэй хоёулаа бие биеэ заамдалцаад барьцалдсан, нэг нэгнийгээ сэгсрээд маргалдаад зогсож байсан ба манай эхнэр Анар хажууд нь согтуу хана налаад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг очиж салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22х-23х), Гэрч М.М “...Шөнийг 03 цагийн үед гэж бодож байна, тухайн караокены үүдэнд буюу коридорт хүмүүс шуугилдаад орилолдоод байхаар нь би өрөөнөөс гарсан чинь Ганзориг гэх залуу коридорт нүүр, ам нь цус болчихсон зогсож байсан. Тэгээд би караокеноос гарсан чинь хаалга цоожтой байхаар нь зөөгчөөр онгойлгуулаад гарсан чинь гадаа үүдэнд Цэрэнжаргал, Гарьд, Тэмүүжин нар хоорондоо ярилцаад зогсож байсан. Тэмүүжингийн нүүр, ам, куртик нь цус болчихсон байсан. Тухайн үед би Тэмүүжингээс юу болсон талаар асуухад Одонтуяагийн нөхөр Ганзоригтой зодолдсон гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25х-26х), Гэрч Б.Ц “...намайг ирээд байж байхад удаагүй ажлынхан тараад караокеноос гарцгаасан. Би гадаа Сувд-Эрдэнэ Золбоо хоёртой юм яриад зогсож байсан чинь тухайн караокены хажуу талын байрны хажуу талаас хүмүүс орилолдоод шанаагаа дуу нь ойртоод гэрэлд Тэмүүжин, Ганзориг хоёр хоорондоо маргалдаад гарч ирсэн ба араас нь Анар, Барсболд нар гарч ирж байгаа харагдсан. Тэгээд Тэмүүжин куртикээ тайлаад Ганзориг хоёр нэг нэгнийгээ заамдаад хоёр биенийгээ гараараа нэг нэгийгээ цохиод байхаар нь Сувд-Эрдэнэ, Золбоо бид гурав очиж салгасан. ...Тухайн үед Тэмүүжин, Ганзориг хоёрыг салгахад Тэмүүжингийн аль нүдний зовхийг сайн хэлж мэдэхгүй байна цус гарчихсан байсан. Г уруулаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хх- ийн 28х-29х,) ШШҮХ-ийн ШЭШГ-ын шинжээч, эмч Т.Амартүвшиний Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11240 дугаартай дүгнэлт (хх-ийн 35х-36х), зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Гийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Э.Гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.Гийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Гоос 160.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Тд олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Гт ял оногдуулахад хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч Э.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гоос 160.000 төгрөг гаргуулан хохирогч А.Тд олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Д