Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1028

 

 

 

 

 

 

 

 

     2022         08           12                                     2022/ШЦТ/1028

 

-                           

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

хохирогч Р.П-,

шүүгдэгч О.Э-, өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ү.Б-, өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч О.Э-г,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ү.Б-ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай 3 хавтас хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрөмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт ... тоотод оршин суух,

урьд ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан,

... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Боржигон овогт О.Э (РД:СТ9508...),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ТҮЦ-д сууж байгаа гэх, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, 1 дүгээр баг, Дархан-Уул 3-15 гудамж, 15 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эхнэр, хадам эгч, дүү нарын хамт ... оршин суух гэх,

урьд ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 17.8 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 7 жил 6 сар 22 хоног 12 цагийн хорих ял шийтгүүлж, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 08 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, албадлагын арга хэмжээ авагдсан, Цагаан гэрүүд овогт Ү.Б (РД:ИГ9908...).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Э- нь 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, ... тоотод байрлах хохирогч Л.Э-ын байнга амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Хаиер” маркийн 52 инчийн зурагт, барилгын молдок хулгайлан авч 1,140,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХВ-06 тоот хашааны эсрэг талд байх хохирогч Ц.А-ийн гараашийн цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч цохилттой дрилл, гар дрилл, компрессор хулгайлан авч 626,800 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 1 дүгээр гудамж, 11 тоотод оршин суух хохирогч Р.Д-гийн байнга амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч гагнуурын аппарат, цахилгааны утас, том, жижиг тасдагч, автомашины аккумлятор, кабелийн утас хулгайлан авч 589,600 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 2 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж, 739 тоотод байрлах хохирогч Г.Г-ын гараашид хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч том, жижиг өрөм, батарейтай дрилл, импакт, суурин тасдагч, 2 жижиг тасдагч, гар том тасдагч, градустай хөрөө хулгайлан авч 706,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 814 дүгээр байр, 10 тоотод байрлах хохирогч П.С-ын гэрээс шар шувуун хэлбэртэй 1 хос монетон ээмэг, бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 714,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.Э-, Ү.Б- нар бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 3 дугаар гудамж, 39 тоотод оршин суух хохирогч Б.А-ийн гараашид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч гагнуурын аппарат, гагнуурын аппаратын утас, том, дунд, жижиг тасдагч, цахилгаан жижиг, том молдок, цохилттой дрилл, газов боолт чангалагч хулгайлан авч 1,705,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ү.Б- нь 2022 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “утсаар чинь яриадахъя” гэж хохирогч Р.П-гийн эзэмшлийн “Самсунг А-12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийн улмаас 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч О.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Их зүйлийг ойлгосон. Хохирлоо төлнө, дахиж ийм хэрэг хийхгүй” гэв.

Шүүгдэгч Ү.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дээрмийн хэрэг дээр Жанцангийн тэнд хохирогчтой тааралдсан. “Утсаа өгөөч” гээд авсан. Хүч хэрэглэж, булааж авсан зүйл байхгүй. Хулгайн үйлдэл дээр хэлэх зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй тул харж үзнэ үү” гэв.

Хохирогч Р.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Булгантамирт гомдолгүй. 112-ын автобусны буудлаас хамт Баянхошуу руу явсан. Булгантамир миний утсыг “найзтайгаа утсаар яриадахъя” гээд авсан. Утсаа буцааж авсан” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Нэг. Шүүгдэгч О.Э-гийн ганцаараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэргүүдийн талаар:  

1.1. 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамж, 561 тоотод байрлах хохирогч Л.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Хаиер” маркийн 52 инчийн зурагт, барилгын молдок хулгайлж 1,140,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Л.Э-ын: “2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн үед ... тоотод байрлах гэртээ ирээд байшингаа шалгаад явсан, тэгээд 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагт ирж байшингаа шалгахад хашааны хаалга онгорхой байхаар нь анзаараагүй тэгээд байшиндаа ороход том өрөөнд байсан 50 инчийн зурагт алдагдсан байсан, тухайн өрөөнд байсан барилгын молдок хулгайд алдагдсан байсан, тэгээд цагдаад хандсан. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 11-12 дахь тал),

“Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.02.23-ны өдрийн тайланд: “Haier 52 inch led” телевизор 1,000,000 төгрөг, барилгын молдок 140,000 төгрөг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 35-36 дахь тал),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 2-6 дахь тал), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 79-86 дахь тал),

1.2. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХВ-06 тоот хашааны эсрэг талд байх хохирогч Ц.А-ийн тусгайлан хамгаалсан байр болох гараашийн цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч цохилттой дрилл, гар дрилл, компрессор зэргийг хулгайлан авч 626,800 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Ц.А-ийн: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны орой ажил дуусаад багаж, хэрэгслүүдийг гараашид хураагаад цоожлоод явсан. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 09 цаг өнгөрөөгөөд ажлын байран дээр ирсэн чинь багаж хадгалж байгаа гараашийн 2 хаалга нээлттэй байсан. Гайхаад үзтэл гараашийн хаалганы 2 цоож байхгүй, гарааш дотор байсан хий хураагч, гар дрилл, цохилттой дрилл, тасдагч зэрэг багаж хэрэгслүүд байхгүй байсан. Тухайн үед барилгын заслын ажилд надтай хамт эхнэр Төгсбаяр болон туслахаар Алагаа, Г.Э гэгч 2 хүн 2-3 хоног ажиллаж байсан. Би Г.Эг сэжиглэж байна. Яагаад гэхээр надтай 2-3 хоног ажиллаад тэгээд ажилдаа ирээгүй. Мөн байх хугацаандаа гараашийн илүү түлхүүр алга болсон байсан. Би хий хураагчийн төлбөрийг эзэнд нь 650,000 төгрөг өгч хохирлыг нь барагдуулсан. Хуучин тасдагчийг хувь хүнээс 180,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 229 дэх тал),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021.11.01-ний өдрийн тайланд: “Цохилттой дрилл 144,000 төгрөг, компрессор 414,000 төгрөг, гар дрилл 68,200 төгрөг, нийт 626,800 төгрөг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 248-249 дэх тал),

Гэрч Г.А-гийн: “...2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн орчимд нэг эрэгтэй ирж цэнхэр өнгийн хий хураагч 1, цохилттой дрилл 1, гар дрилл 1, гагнуурын аппарат 1, таслагч 2 ширхгийг авчирч “Би Оюунсүрэнгийн хүүхэд нь байна, та ээжтэй яриадхаач, ээжийн бие муу байна, эм тарианы мөнгө хэрэгтэй байна” гэсэн. Оюунсүрэнтэй утсаар ярихад “наад хүүхэд чинь манай хүү байгаа, би явуулсан, наад авч очсон багажуудаа миний нэр дээр авчихаарай, би эмнэлэгт байгаа” гэсэн. Оюунсүрэн нь урд манай ломбарданд молдок, бусад багаж тавьсан байсан. Би тэр хүүхдийн эд зүйлүүд нь Оюунсүрэнгийн тавиулж байгаа эд зүйл байна гэж бодоод Оюунсүрэнгийн нэр дээр бүртгэж аваад 450,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 241 дэх тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 211 дэх тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 214-219 дэх тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 220-225 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 220-225 дахь тал), эд мөрийн баримтыг хураан авах тухай (1 дэх хавтаст хэргийн 242 дахь тал),

1.3. 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дуүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 1 дүгээр гудамж, 11 тоотод байрлах хохирогч Р.Д-гийн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч гагнуурын аппарат, цахилгааны утас, том, жижиг тасдагч. автомашины аккумлятор, кабелын утас зэргийг хулгайлан авч 589,600 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Р.Д-гийн: “...2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд машинаа байрлуулан тавиад гэртээ харьсан. 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр би эхнэрийн хамт хороо ороод хашаагаа эргэх санаатай үүдэнд нь 13 цагийн орчимд очтол том гараашийн хаалга онгорхой байхаар нь хүргэн рүү залгаад “чи машин авсан юм уу” гэж асуухад “би гэртээ байна” гэхээр нь хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Хятадын гагнуурын аппарат 2018 онд захаас 250,000 төгрөг, дагалдах массын утас нэмэх нь 4 метр 40,000 төгрөг, хасах нь 2 метр 30,000 төгрөгөөр, том тасдагч 1 ширхэг 50,000 төгрөг, жижиг тасдагч 35,000 төгрөг, 120а 2 ширхэг аккумлятор, хатуу 380 вольтын кабел 25 метр 150,000 зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 61-62 дахь тал),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.02.14-ний өдрийн тайланд: “гагнуурын аппарат 168,000 төгрөг, массын утас 24,000 төгрөг, массын утас 12,000 төгрөг, тасдагч том 34,000 төгрөг, тасдагч жижиг 24,000 төгрөг, аккумлятор 280,000 төгрөг, кабель хатуу 20,800 төгрөг, кабель зөөлөн 26,000 төгрөг, нийт 589,600 төгрөг” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 84-85 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Н.Отгонбаярын “...тухайн хулгайн эд зүйлс болох гагнуурын аппарат, тастагч дундын, жижиг тастагч зэргийг цагдаагийн байгууллагаас хурааж авсан. Дээрх зүйлсийг манай барьцаалан зээлдүүлэх төвөөс хурааж авсан тул манай байгууллагад 220,000 төгрөгийн хохирол учраас байна. Иймд дээрх 220,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 65 дахь тал),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 40-48 дахь тал),

1.4. 2022 оны 2 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж, 739 тоотод байрлах хохирогч Г.Г-ын тусгайлан хамгаалсан байр болох гараашид хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч том, жижиг өрөм, батарейтай дрилл, импакт, суурин тасдагч, 2 жижиг тасдагч, гар том тасдагч, градустай хөрөө зэргийг хулгайлан авч 706,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Г.Г-ын: “2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс ...хойш 4-5 хоногийн дараа ажлын гарааш руу ороход багаж хэрэгслүүд алдагдсан байсан. Манай гэр 2 дугаар сарын 13-аас бусад өдрүүдэд байнгын хүнтэй байдаг тул энэ өдөр л хулгай орсон байх гэж бодож байна. Ажил маань зогсчихсон байсан учраас байнга гарааж руу орохгүй байсан тул тухайн үед мэдээгүй хэд хоногийн дараа юм авах гээд орохдоо мэдсэн. Хохирлоо барагдуулсан учир надад одоо гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 174-175 дахь тал),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.03.09-ний өдрийн тайланд: “...таслагч жижиг 136,000 төгрөг, таслагч том 105,000 төгрөг, таслагч суурин 256,000 төгрөг, дрилл жижиг 51,000 төгрөг, дрилл батарейтай 68,000 төгрөг, дрилл том 90,000 төгрөг, нийт 706,000 төгрөг” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 158-159 дэх тал),

Гэрч А.С-ын “...Булгантамирын нийтийн байранд хамт байж байтал Г.Э гаднаас ирээд бид хоёрыг “гурвуулаа гаръя" гэсэн. Гарахад Г.Э “...Надад төлөвлөчихсөн ганц хоёр газар байна, орчихмоор байна, утсаа ломбардаас авахгүй бол эхнэр уурлаад болохгүй байна” гэж яриад эхэлсэн. Би тэр үед хулгай хийх талаар ярьж байна гэдгийг шууд ойлгосон. Булгантамир бид хоёр хоёулаа тэгж ярихыг дэмжээд “за тэгье, баригдвал чи өөрөө арыг нь даагаарай, бид хоёр наанаас чинь 100,000 төгрөг ч авахгүй” гээд хамт явсан. Ингээд бид гурав Булгантамирын нийтийн байрнаас гараад засмал зам дагуу хойшоо явж байтал замын хажуугийн хашаанд урт, улаан өнгийн тоосгон байшин байсан. Бид гурав гурвуулаа хашааг араас нь давж ороод эхлээд Булгантамир бид хоёр Г.Эг хөлөөс нь өргөж өгөхөд Г.Э цонхыг овтёркаар хөшиж онгойлгоод орчихсон. Би араас нь Булгантамирыг хөлөөс өргөж оруулсан. 3-4 минутын дараа гарч ирээд Булгантамир “ер нь болилоо” гэсэн. Араас нь Г.Э гарч ирээд .”..та хоёр ямар өөдгүй юм бэ, энд бараг 3,000,000 төгрөгийн үнэтэй юм байна шүү дээ гурвуулаа авчихъя л даа, тэгээд дахиж иймээ тиймээ юм хийхгүй” гэж яриад байхаар нь Булгантамир бид хоёр “больё больё, шоронд орохын нэмэр” гээд буцаж хашаа давж гараад явцгаасан. ...Г.Э 10-20 орчим минут утсаар ярьж байгаад миний утсыг оруулж ирж өгөөд “явлаа” гээд гараад явсан. ...Г.Э “нөгөөдүүлээ би ганцаараа авчихлаа” гээд улаан тоосгон байшингийн хашааны ард хонхор газар, хашааны буланд цагаан юманд боочихсон, мөн мужааны 90 градусын хөрөө, суурин тасдагч гэх мэт зүйл нуугаад тавьчихсан байсан. Г.Э тэр хулгай хийсэн эд зүйлсийг хаана, хэдэн төгрөгөөр барьцаанд тавьсан гэдгийг бид хоёр мэдэхгүй, мөнгөөс нь аваагүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 189-190 дэх тал),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 139 дэх тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 140-146 дахь тал),

1.5. 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхон 814 дүгээр байр, 10 тоотод хохирогч П.С-тай хамтран амьдарч байдхаа түүний шар шувуун хэлбэртэй 1 хос ээмэг, монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 714,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч П.С-ын: “2021 оны 11 дүгээр сард найзаараа дамжуулж О.Э-тай танилцаж, 2022 оны 1 дүгээр сараас манайд хамтран амьдрах болсон. 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ажилдаа явахдаа өөрийнхөө ээмэг, бөгжийг үлдээгээд явсан. Орой ирэхэд алга болсон байхаар нь хамтран амьдрагч О.Э-гаас асуутал “би мэдэхгүй байна” гээд байсан. “Чи л энийг мэдэж байгаа, чамаас өөр хүн гэрт байхгүй, хүүхэд лагерьт байгаа” гэхэд намайг “чи өөрөөсөө нуусан биз, тэгж байгаад гараад ирэх байлгүй дээ” гэхээр нь нээрээ ч тийм юм уу гээд тоогоогүй. ...Тухайн цагдаагаас юу болсон талаар асуухад “энэ хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, эдгээр зүйлсийг хулгайлсан байна” гээд эд зүйлийг жагсаагаад бичсэн байсан. Тэр дунд нь миний алга болсон ээмэг, бөгж байсан. Тэр цагдаагаас асууж байгаад миний ээмэг, бөгж тавьсан байсан ломбардыг хайж очиж уулзаад хугацааг нь сунгачихсан байгаа...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 232-233 дахь тал),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.04.07-ны өдрийн тайланд: “Монетон бөгж 378,000 төгрөг, ээмэг 336,000 төгрөг, нийт 714,000 төгрөг” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 247-250 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Ж.Ургамалын: “2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 2 эрэгтэй хүн орж ирээд бичиг баримтаа үзүүлээд “монетон бөгж, 1 хос ээмэг барьцаалж зээл авъя” гэсэн. Граммлаад үнэлээд 800,000 төгрөгөөр үнэлж тэр хүнд бэлнээр 800,000 төгрөг өгсөн. Тухайн барьцаалсан хүн нь Булгантамир /ИГ99081494/ гэсэн бичиг үзүүлж бүртгүүлсэн Алтансүх /СТ93112414/ гэж хүн нь бичиг баримт байхгүй, “би эзэн нь байгаа юм, би авна” гэж хэлээд өөрийнхөө нэр регистрийг бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 244-245 дахь тал),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 227 дахь тал), “Андууд” ломбардны 2022.01.29-ний өдрийн 3499 дугаартай барьцаат зээлийн гэрээ (3 дахь хавтаст хэргийн 7 дахь тал),

 

Хоёр. Шүүгдэгч О.Э-, Ү.Б- нарын хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хэргийн талаар:   

2022 оны 1 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 3 дугаар гудамж, 39 тоотод байрлах хохирогч Б.А-ийн байнга оршин суух зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч гагнуурын аппарат, гагнуурын аппаратын утас, том, дунд, жижиг тасдагч, цахилгаан жижиг, том молдок, цохилттой дрилл, газов боолт чангалагч зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 1,705,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Б.А-ийн: “2022 оны 01 сарын 29-30-нд шилжих шөнө үл таних 2 этгээд манай байшинд орсон байна. Том, дунд, жижиг тасдагч, гагнуурын аппаратын утас, гагнуурын аппарат, молдок 220в, газов боолт чангалагч, модны цахилгаан харуул, цохилттой дрилл зэрэг эд зүйлс алдагдсан. Том тасдагч 300,000 төгрөг, жижиг тасдагчийг 150,000 төгрөг, дунд тасдагч 250,000 төгрөг, гагнуурын аппаратын утас 60,000 төгрөг, гагнуурын аппарат 480,000 төгрөг, цохилттой дрилл 280,000 төгрөг, газов боолт чангалагч 25,000 төгрөг, молдок 220в 500,000 төгрөг, модны цахилгаан харуул 170,000 төгрөг, 4 жилийн өмнө байшин барьж эхлэхдээ цувуулж худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 140 дэх тал),

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.02.07-ны өдрийн Ц-164 дугаартай тайланд: “Том тасдагч 280,000 төгрөг, дунд тасдагч 180,000 төгрөг, жижиг тасдагч 140,000 төгрөг, гагнуур аппарат 250,000 төгрөг, гагнуурын аппаратын утас 40,000 төгрөг, цохилттой дрилл 250,000 төгрөг, газав боолт чангалагч 25,000 төгрөг, молдок 220в 420,000 төгрөг, цахилгаан харуул 130,000 төгрөг, нийт 1,705,000 төгрөг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 151-152 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Н.Отгонбаярын: “...2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн орчим тухайн иргэн 9 ширхэг эд зүйл барьцаанд тавьсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 147-148 дахь тал),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 127-136 дахь тал), “Халиун” 2022.02.13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ (1 дэх хавтаст хэргийн 156 дахь тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 159 дэх тал),

Гурав. Шүүгдэгч Ү.Б- нь 2022 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “утсаар чинь яриадахъя” гэж Р.П-гийн эзэмшлийн “Самсунг А12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийн улмаас 350,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Р.П-гийн: “2022 оны 3 дугаар сарын 23-ны шөнө 02 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт 112-ын автобусны буудал дээр явж байхад танихгүй 2 залуу ирээд надаас тамхи асуухаар нь өгөөд хамт тамхилсан. Тэр хоёр залууг “хаашаа явах юм” гэж асуухад Баянхошууны эцэс Жанцан орно гэхээр нь “хамт явъя” гээд алхсан. Бид гурав гэр хорооллын гудамжинд явж байтал шар царайтай, хар куртиктэй, цагаан жинсэн өмдтэй залуу миний “Самсунг галакси А-12” маркын гар утсыг надаас гуйж аваад ярьж байгаад зугтаачихсан. Хамт явж байсан залууд “Найзыгаа олж өг, утсаа авмаар байна, цагдаагийн хэлтэс рүү явъя” гэхэд намайг алгадсан. Тэгэхээр нь би хавирч унагаад нүүрэнд нь 1-2 удаа цохисон. Газраас чулуу аваад миний толгой руу цохисон...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 25-26 дахь тал),

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.03.23-ны өдрийн 22/007 дугаар тайланд: “Самсунг фирмийн А12 загварын, 2 сарын өмнө авсан гар утас 350,000 төгрөг” гэжээ (3 дахь хавтаст хэргийн 58-59 дэх тал),

Гэрч Ш.Дуламсүрэнгийн: “...Өчигдөр орой 00 цагийн үед санагдаж байна миний дугаар луу танихгүй дугаараас залгаад “сая Булгантамир гэдэг залуу миний гар утсыг булааж аваад зугтчихлаа, би цагдаад өгнө, эсвэл миний гар утсыг авчраад өгчих” гэж хэлэхээр нь “за та ямар ч байсан алдсан утасныхаа дугаарыг өгчих, би залгаад үзье” гээд утсаа тасалсан. Тэгээд залгасан чинь Булгантамир утсыг авахаар нь “чи юу болоод байгаа юм бэ, яагаад хүний утас аваад зугтчихсан юм бэ, чи хүрээд ир, юу болсон юм” гэж асуухад “би одоо очлоо, энд эндүүрэл гарсан юм шиг байна” гээд утсаа тасалсан. Удалгүй Булгантамир ирэхээр нь “хүний гар утас яах гэж авсан юм бэ, эвдээгүй биз дээ, одоо цагдаа руу явъя” гээд гарах гэж байтал цагдаагаас залгаад бид хоёрыг дуудахаар нь очсон. Самсунг галакси А12 маркын хар өнгийн утас байсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 34-35 дахь тал),

Б.Тэмүүлэнгийн сэжигтнээр өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, 112-ын автобусны буудал дээр найз Булгантамиртай явж байгаад нэг танихгүй залуутай тааралдаад Булгаа юм яриад зогсоод байхаар нь би Булгаагийн найз юм болов уу гэж бодсон. Бид 3 Баянхошууны эцэс Жанцан руу алхаж ирээд гудамж руу ороод явж байтал найз Булгантамир тухайн залуугаас “утсаа өгөөч” гээд утсаар нь ярьж байгаад булан эргээд яваад өгсөн. Тэгсэн чинь тухайн залуу “найз чинь хааччихваа” гээд надаас утсаа нэхээд бид хоёр маргалдаж байтал тэр залуу миний зүүн нүд рүү 1 удаа, зүүн чих рүү 1 удаа цохиход нь би газар унасан. Тэгээд би газраас баруун гараараа чулуу аваад тэр залуугийн толгой хэсэгт нэг удаа цохисон. Цагдаа руу явъя гэхээр нь би “Булгантамирын гэрийг мэднэ” гээд найз охиных нь утасны дугаарыг өгсөн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 43-44 дэх тал),

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 62-66 дахь тал),

Шүүгдэгч О.Э-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 101-102), цагдан хорих байраас түр хугацаагаар гаргах зөвшөөрлийн хуудас (1 дэх хавтаст хэргийн 79), мөрдөгчийн тогтоол (2 дахь хавтаст хэргийн 87),

Шүүгдэгч Ү.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 103-104) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн “хохирогч П.С-т эд зүйл хүлээлгэн өгсөн” тэмдэглэл 1 хуудас,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэнгээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч Ү.Б-ын хохирол төлсөн гэх 2 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Харин шүүгдэгч Ү.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 142)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О.Э- нь ганцаараа болон бүлэглэн 6 удаагийн үйлдлээр нийт 5,481,400 төгрөгийн хохирол учруулж бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Ү.Б- нь О.Э-тай бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч 1 удаагийн үйлдлээр 1,705,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн 2022 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “утсаар чинь яриадахъя” гэж Р.П-гийн эзэмшлийн “Самсунг А12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч дээрэмдэн 350,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ү.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч О.Э-гаас 2,980,000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Э-т 1,140,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Отгонбаярт 1,040,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Ургамалд 800,000 төгрөг тус тус олгуулах саналтай. Шүүгдэгч Ү.Б- 350,000 төгрөгийн хохирлоо төлсөн баримттай байх тул бусдад төлөх төлбөргүй байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг “Гэм буруугийн талаар маргахгүй. Үнэн зөвөөр мэдүүлж байгаа. 1,140,000 төгрөгийг хохирогч Л.Э-т төлөөгүй, бусад хохирол биет байдлаар төлөгдсөн. Хохирол дээр маргахгүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн “Гэм буруугийн талаар өмгөөлөгч, шүүгдэгч нар маргаагүй. Залилах гэмт хэрэг байна гэж үзсэн. “Утсаар яръя” гэж хуурч мэхэлсэн, хүч хэрэглэсэн үйлдэл байхгүй. Булааж авсан гэх үйлдэл, зугтаасан гэдэг нь тогтоогдоогүй. Зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Э- нь үргэлжилсэн үйлдлээр ганцаар (таван удаа) болон бүлэглэн (нэг удаа) 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 7, 14 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо,  Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад (хохирогч нарын гэр, гараашийн хаалга, цонхоор хууль бусаар орж) нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан 6 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 5,481,400 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ү.Б- нь О.Э-тай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч Б.А-эд 1,705,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Утсаар чинь яриадахъя” гэж Р.П-гийн эзэмшлийн “Самсунг А12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж 350,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна. 

Харин шүүгдэгч Ү.Б-ын өмгөөлөгч Ч.Загдсүрэнгийн “Хохирогч Р.П-гийн гар утсыг “утсаар яриадахъя” гэж хэлж хуурч, мэхлэн авсан тул залилах гэмт хэргээр зүйлчилж өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, түүнчлэн хүч хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч, тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдлийг хамааруулан ойлгоно.   

Залилах гэмт хэргийн хувьд бусад гэмт хэргээс зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдагаараа ялгагддаг.

Харин шүүгдэгч Ү.Б-ын хувьд хохирогч Р.П-гийн гар утсыг “утсаар яриадахъя” гэж хэлж аваад шууд зугтаасан үйл баримт нь “залилах гэмт хэргийн шинж”-ийг хангахгүй бөгөөд хохирогчийн “...Бид гурав Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын гудамжинд явж байтал шар царайтай, хар куртиктэй, цагаан жинсэн өмдтэй залуу миний “Самсунг галакси А-12” маркын гар утсыг надаас гуйж аваад ярьж байгаад зугтаачихсан...” (3 дахь хавтас, 25-26) гэх мэдүүлэг, сэжигтэн Б.Тэмүүлэнгийн “...Жанцан руу алхаж ирээд гудамж руу ороод явж байтал найз Булгантамир тухайн танихгүй залуугаас утсаа өгөөч гээд утсаар нь ярьж байгаад булан эргээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтас, 43-44) зэргээр тогтоогдож байх тул Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Э-г 6 удаагийн, үргэлжилсэн үйлдлээр ганцаар болон бүлэглэн бусдын орон байр, гараашийн хаалга, цонхоор хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлж, 5,481,400 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Ү.Б-ыг бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, 1,705,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн,

мөн хохирогч Р.П-гийн гар утсыг “утсаар яриадахъя” гэж хэлэн хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Л.Э-т 1,140,000 төгрөг, Ц.А-эд 626,800 төгрөг, Р.Д-д 589,600 төгрөг, Г.Г-т 706,000 төгрөг, П.С-т 714,000 төгрөг, Б.А-эд 1,705,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Отгонбаярт 1,390,000 төгрөг, Ж.Ургамалд 800,000 төгрөгийн, нийт 5,481,400 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.

Хохирогч Ц.А-, Р.Д-, Г.Г-, П.С-, Б.А- нарын хулгайлагдсан эд зүйлс биет байдлаар буцаан төлөгдсөн (1 дүгээр хавтас, 159 дэх тал, 2 дахь хавтас, 1 дэх тал, 96-98 дахь тал, 168 дахь тал, улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн тэмдэглэл) тул шүүгдэгч О.Э-г тэдгээрт төлөх төлбөргүй гэж,

харин Л.Э-, иргэний нэхэмжлэгч Н.Отгонбаяр, Ж.Ургамал нарын хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч О.Э-гаас нийт 2,980,000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Э- (Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18-561 тоотод оршин суух, РД:ТЕ91092413, утас:99088699)-т 1,140,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Отгонбаяр (Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 20 байр, 12-02 тоотод оршин суух, РД:ЧК63122708, утас:96670003)-т 1,040,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Ургамал (Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12б-24 тоотод оршин суух, РД:ТЕ65101164, утас:95999668)-д 800,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ү.Б-ын хувьд хохирогч Б.А-эд 1,705,000 төгрөгийн эд хөрөнгө биет байдлаар буцаан төлөгдсөн, дээрмийн гэмт хэргийн хувьд хохирогч Р.П-д 350,000 төгрөгийн эд хөрөнгө биет байдлаар буцаан төлөгдсөн (1 дүгээр хавтас, 159 дэх тал, 3 дугаар хавтас, 62-66 дахь тал) тул төлөх төлбөргүй гэж, бүлэглэсэн хулгайлах гэмт хэргийн үйлдлийн тухайд иргэний нэхэмжлэгч Н.Отгонбаярт 700,000 төгрөг төлөхөөс өөрт ногдох хувь 350,000 төгрөгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005407 дугаар дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон учир шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг данснаас гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Отгонбаярт олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч Ү.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Ү.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жил 10 сар 8 хоногийн хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг “Шүүгдэгч О.Э- урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байсан ч ял эдлээд дууссан. Хорих ял эдэлж байгаа хүмүүсийг нийгэм хүлээж авахгүй байгаа байдал дахин гэмт хэрэг хийхэд нөлөөлсөн юм болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Гэмт хэрэг хийсэн газраа зааж өгсөн нь хэрэг шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, үнэн зөвөөр мэдүүлж байгаа. Хохирлыг төлөх боломжгүй байгаа, төлнө гэдгээ илэрхийлсэн. Цээрлүүлэх арга хэмжээ хангалттай авагдсан, нийгэмших боломж олгох, итгэл өгөх боломжтой. Доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй... гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн “Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй. Г.Эгийн уруу таталтаар хэрэгт холбогдсон. Хохирогч Пүрэвсүрэн гомдол саналгүй гэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6 сар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх саналыг гаргаж байна. Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг хийж байгаагүй, хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзаж үзнэ үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгч О.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж,

шүүгдэгч Ү.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч нарын орон байр, гараашийн цонх, хаалгыг хууль бусаар онгойлгон, шүүгдэгч О.Э- 6 удаагийн, Ү.Б- 1 удаагийн үйлдлээр эд хөрөнгө хулгайлсан, шүүгдэгч Ү.Б- илээр, хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хулгайн гэмт хэргийн 6 хохирогчид нийт 5,481,400 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, ихэнх хохирогчид хохирол биет байдлаар төлөгдсөн, шүүгдэгч О.Э- тодорхой төлөх төлбөртэй, шүүгдэгч Ү.Б- төлөх төлбөргүй),

шүүгдэгч О.Э-гийн хувийн байдал (ганцаараа 5, бүлэглэн 1, нийт 6 удаагийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хохирлын хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал)-ыг тус тус харгалзан,

шүүгдэгч Ү.Б-ын хувийн байдал (хулгайн гэмт хэргийг бүлэглэн 1, гэм буруугаа зөвшөөрсөн, дээрэмдэх гэмт хэргийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлууд биет байдлаар төлөгдсөн, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн)-ыг тус тус харгалзан шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ял,

шүүгдэгч Ү.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б-т оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 жилээр тогтоолоо.

Шүүгдэгч Ү.Б- нь урьд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 17.8 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 7 жил 6 сар 22 хоног 12 цагийн хорих ял шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ХМШЗ/22 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 08 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ү.Б-т энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 6 сар 22 хоног 12 цагийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 08 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 10 сар 08 хоногоор тогтоолоо.

Шүүх дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Ү.Г.Эд оногдуулсан 2 жил 6 сар, шүүгдэгч Ү.Б-т оногдуулсан 4 жил 10 сар 08 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэнгийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б-т 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж, тус тусад нь эдлүүлж өгнө үү” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн “Шүүгдэгч О.Э-д тухайн зүйл, хэсэгт доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.       

Шүүгдэгч Ү.Б-ын тухайд хулгайлах гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөгдсөн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, оршин суух тодорхой хаяггүй буюу Баянзүрх дүүрэгт байрлах нийтийн байранд амьдардаг гэх боловч хаягаа мэдэхгүй, хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанд шинээр санаатай гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэх, түүнчлэн зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, тус тусад нь эдлүүлэх боломжгүй байна гэж шүүх дүгнэснийг тэмдэглэж байна.

Шүүгдэгч О.Э-гийн тухайд хулгайлах гэмт хэргийг ганцаараа 5 удаа, бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршиг бүрэн төлөгдөөгүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялыг оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.         

Шүүгдэгч О.Э-гийн 2022.02.25-ны өдрөөс 2022.08.12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 168 (нэг зуун жаран найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож хасах нь зүйтэй.  

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ү.Б- цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Г.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Ү.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Э-г 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хорих ял, шүүгдэгч Ү.Б-ыг 2 (хоёр) жилийн хорих ял,

шүүгдэгч Ү.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жилээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ү.Б-т энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 6 сар 22 хоног 12 цагийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 08 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 (дөрөв) жил 10 (арав) сар 8 (найм) хоногоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-, Ү.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-гийн цагдан хоригдсон 168 (нэг зуун жаран найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

7. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ү.Б- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-гаас 2,980,000 (хоёр сая есөн зуун наян мянга) төгрөг гаргуулж, хохирогч Л.Э- (Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18-561 тоотод оршин суух, РД:ТЕ91092413, утас:99088699)-т 1,140,000 төгрөг,

иргэний нэхэмжлэгч Н.Отгонбаяр (Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6-20 байр, 12-02 тоотод оршин суух, РД:ЧК63122708, утас:96670003)-т 1,040,000 төгрөг,

иргэний нэхэмжлэгч Ж.Ургамал (Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12б-24 тоотод оршин суух, РД:ТЕ65101164, утас:95999668)-д 800,000 төгрөгийг тус тус олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Ү.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-, Ү.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР