Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/980

 

 

              

 

 

 

 

 

Сайхан амарсан уу

    2022          07          29                                     2022/ШЦТ/980

 

-                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч О.П-,

шүүгдэгч А.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.О-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, “Промон трейд” ХХК-д ерөнхий инженер ажилтай, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 1, ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт А.О (РД:МФ9201...).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.О- нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 22 цаг 03 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн замд “Тоуоtа Рrius” маркын ... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч О.П-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч А.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Цаашид ийм зүйл гаргахгүй, анхаарал болгоомжтой явна. Зам тээврийн осол гаргаж хүний биед хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна” гэв.

Хохирогч О.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 6 дугаар сарын 06-нд машинаас буугаад явж байгаад мөргүүлээд юу ч санахгүй байгаа. Маргааш өглөө нь Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Эмнэлэгт эмчилгээ сувилгаа хийлгэсэн, эмчийн хяналтад байгаа. Гайгүй болж байгаа ч бүрэн эдгэрээгүй, физик эмчилгээ хийнэ гэсэн. 2,5 сая төгрөг эмчилгээний зардалд авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч О.П-ийн: “2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ...ажлаа тараад пиво уусан. Энхжин худалдааны төвийн урд замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарсан. Тэгээд би юу болсныг санахгүй байна. Маргааш өдөр нь ГССҮТ-д сэрсэн. Ослын улмаас зүүн шанаа цуурсан, зүүн нүдний дээд талын яс хугарсан, толгой чамархайндаа цус хуралттай, зүүн хөл хөхрөлт, няцралттай, баруун хөлний ард талд хугаралтай гэсэн гэмтлүүд учирсан. Жолооч миний эмчилгээнд 400,000 орчим төгрөг зарцуулсан. Осол болсон өдрөөс хойш ажилгүй байх хугацааны цалин 7 сарын 20 хүртэлх 1 сая төгрөг, гайгүй эдгээд эрүүл болохыг хүсэж байна. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бол тэр зардлыг гаргаад байвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.16-ны өдрийн 8389 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. О.П-ийн биед зүүн духны урдаас чамархай, бага далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн дух, чамархайн хатуу хальс дээрх цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн няцрал, зүүн нүдний ухархай яс, баруун тахилзуур ясны хугарал, зулай, дух, чамархай, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, хоёр гуя, зүүн өвдөгт цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална” гэжээ (хавтаст хэргийн 74-75 дахь тал),

Гэрч С.Л-ийн: “2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Эмээлтэд байдаг ажлаасаа 22 цагийн үед тараад Мөнхбилгүүн, Оргилсайхан бид 3 А.О-гийн машинд суугаад Моносын гэрлэн дохио өнгөрөөд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зорчих хэсгийн 1-р эгнээгээр явж байтал 2-р эгнээгээр явж байсан машины хойд талаас ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй нэг хүн хурдаараа гэнэт гүйгээд гараад ирсэн. Тухайн хүнийг А.О- машиныхаа урд талын хэсгээр зорчих хэсгийн 1-р эгнээнд мөргөсөн. Тухайн хүн газар унасан, бид нар буугаад хартал мөргүүлсэн хүн машины баруун талд явган хүний зам зорчих хэсэг 2-г дамнуулаад хэвтэж байхаар нь түргэн тусламж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан. Жолооч хараад огцом тоормос гишгээд үогсоож чадалгүй мөргөсөн. Түгжрэл байхгүй, харагдах орчин хязгаарлагдмал бороотой байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал),

Гэрч Б.о-ны: “...А.О- “Тоёота Приус” маркын ... УАВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Моносын уулзвар өнгөрөөд би жолоочийн хажуу талын суудалд суугаад зорчих хэсгийн 1-р эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед цаг агаар бороо ороод үзэгдэх орчих хязгаарлагдмал байх үед зорчих хэсгийн хойноосоо урагшаа чиглэлтэй нэг хүн гүйгээд манай явж байсан чиглэлийн 2-р эгнээ рүү ороод ирэх үед тухайн хүнийг жолооч болон бид нар харсан. Тэгээд А.О- шууд тоормос гишгээд баруун тал руугаа жолоогоо дартал машинаа зогсоож чадалгүй явган зорчигчийг машиныхаа урд хэсгээр мөргөөд тухайн хүн газар унасан. Явган зорчигч машины баруун талд хэвтэж байсан. Тэгээд А.О- цагдаа, түргэнд дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022.07.01-ний өдрийн 703 дугаар магадлагаанд: “1. Жолооч А.О- нь ЗХД-ийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч О.П- нь ЗХД-ийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалт зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэжээ (хавтаст хэргийн 98 дахь тал),

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022.06.26-ний өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 1679 дугаартай тайланд: “Нийт үнэлгээгээр 1,635,000 төгрөг тогтоосон...” гэжээ (хавтаст хэргийн 93-94 дэх тал),

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Баттүшигийн: “Тоёота Приус маркын ... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Нет капитал” ХХК-ийн эзэмшлийнх. Манай байгууллагатай А.О- 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 11,100,000 төгрөгийн зээлээр худалдаж авсан. Манай байгууллага бусдад учруулсан хохирлыг барагдуулахгүй. Фидукцийн гэрээнд зээлдэгч автомашиныг унах нөхцөлтэйгөөр автомашинтай холбоотой бүх хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж заасан байдаг тул манай байгууллага хохирол төлөхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50, 53 дахь тал),

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч (хх-5-11), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-18-24), хохирлын баримтууд (хх-30-35), гэрч Л.Хүрэлдалайн мэдүүлэг (хх-65), гэрч А.Одмаагийн мэдүүлэг (хх-68), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-116), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-111), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-113), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-115), иргэний оршин суугаа хаягийн газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-121), “Промон трейд” ХХК-ийн тодорхойлолт (хх-122), тээврийн хэрэгсэлийн лавлагаа (хх-117, 124), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-123), зээлийн гэрээний хуулбар (хх-127-132), хохирлын тооцоо (хх-135), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-136, 137), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” тогтоол (хх-142), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-148) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.О- нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 22 цаг 03 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн замд “Тоуоtа Рrius” маркын ... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.П-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч О.П-ийн “...Энхжин худалдааны төвийн урд замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарсан. Тэгээд би юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг (хх-27), шүүх эмнэлгийн 8389 дугаар “1. О.П-ын биед зүүн духны урдаас чамархай, бага далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн дух, чамархаайн хатуу хальс дээрх цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн няцрал, зүүн нүдний ухархай яс, баруун тахилзуур ясны хугарал, зулай, дух, чамархай, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, хоёр гуя, зүүн өвдөгт цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тоггоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-74-75), гэрч С.Лхасүрэнгийн “...зорчих хэсгийн 1-р эгнээгээр явж байтал 2-р эгнээгээр явж байсан машины хойд талаас ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй нэг хүн хурдаараа гэнэт гүйгээд гараад ирсэн. А.О- машиныхаа урд талын хэсгээр зорчих хэсгийн 1-р эгнээнд мөргөсөн...” гэх мэдүүлэг (хх-59), гэрч Б.О-ы “...зорчих хэсгийн хойноос урагшаа чиглэлтэй нэг хүн гүйгээд манай явж байсан чиглэлийн 2-р эгнээ рүү ороод ирэх үед тухайн хүнийг жолооч болон бид нар харсан. А.О- шууд тоормос гишгээд баруун тал руугаа жолоогоо дартал машинаа зогсоож чадалгүй явган зорчигчийг машиныхаа урд талын хэсгээр мөргөөд тухайн хүн газар унасан...” гэх мэдүүлэг (хх-62), Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 703 дугаар “1. Жолооч А.О- нь ЗХД-ийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч О.П- нь ЗХД-ийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалт зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа (хх-98), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хх-5-12) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.О-гийн харанхуй, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд (бороо орж байсан) боломжит хурдыг тохируулж яваагүйгээс явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан хохирогч О.П-ийг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.П-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 2,494,100 төгрөгийг нэхэмжилсэн, хохиролд 2,500,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-136)-ийг тус тус үндэслэн шүүгдэгч А.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.О- нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 22 цаг 03 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн замд “Тоуоtа Рrius” маркын ... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.П-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч хохиролд баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, хоорондоо эвлэрч хүсэлт гаргасан, цаашид нэхэмжлэх зүйлийг гаргуулах санал гаргаагүй, хохирогчийн буруутай үйлдэл байсан гэдгээ хохирогч хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэрэглэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Зам тээврийн осол гаргаж, хүний биед хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Цаашид дахиж алдаа гаргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч А.О- “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч харанхуй, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд (бороо орж байсан) боломжит хурдыг тохируулж яваагүйгээс явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гэнэт гүйж гарч ирсэн явган зорчигч хохирогчийг мөргөж, гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирлын баримтаар тогтоогдсон хохирлыг буюу 2,500,000 төгрөгийн эм тариа, эмчилгээний зардал төлсөн, хохирогч шүүх хуралдаанд гаргасан “Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд шүүгдэгч А.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.О- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.О- тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.О- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР