| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/03941/и |
| Дугаар | 1660 |
| Огноо | 2018-05-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1660
| 2018 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2018/01660 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Э -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Е ххк -д холбогдох,
2017 оны 08 сарын 01-ний өдөр ажлаас халагдсан болохыг тогтоолгох, 2016 оны ээлжийн амралтын мөнгө 824,726 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын мөнгө 812,996 төгрөг, олгогдоогүй цалин хөлс 800,000 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 4,518,077 төгрөг, дутуу олгогдсон цалин 196,169 төгрөг, алданги 3,575,984 төгрөг, нийт 10,727,952 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, нийгмийн даатгалын шимтгэл 1,834,200 төгрөг, алданги 1,191,406 төгрөг, нийт 3,025,606 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Г.Б миний бие 2015 оны 10 сарын 23-ны өдрөөс эхлэн Энканто таун спорт комплекст хөдөлмөрийн гэрээ байгуулан массажистаар ажиллаж эхэлсэн. Би ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалаа төлүүлэхээр удаа дараа хүсэлт гаргаж байсан. Намайг хүсэпт гаргах болгонд удахгүй төлнө, шинэ байгуулагдсан байгууллага учраас ажилтнууддаа нэг нэгээр нь төлж эхэлж байна гэдэг байснаа сүүлдээ мартсан байна, ирэх сард яг оруулна гэсээр өдий хүртэл миний нийгмийн даатгалыг төлөлгүй намайг давхар давхар хохироосоор байна. Би жирэмсэн болж, 2017 оны 05 сараас эхлэн миний жирэмсэн гэдэг нь хүн харахад мэдэгдэж эхэлсэн. Хэдий тийм боловч би ажлаа хийсээр байсан. 2017 оны 07 сарын 01-нээс эхлэн би байгууллагын удирдлагад нь ресепшн хийх санал тавьж, миний саналыг хүлээн авч, намайг ресепшнээр ажиллуулсан. Би энэ ажлыг хийх явцад 7 хоног бүрийн мягмар гарагт амардаг байсан. 2017 оны 08 сарын 02-ны лхагва гарагт би амраад ажилдаа очиход, миний ажлын байран дээр өөр хүн байсан. Би зохион байгуулагчаас юу болсныг асуухад үйл ажиллагаа хариуцсан Сансар захиралтай уулз гэсэн. Би захиралтай уулзахад, ерөнхий захирлын шийдвэрээр жирэмсэн хүн ажиллуулахгүй гэсэн, тиймээс чамайг ажлаас халсан гэсэн. Хүний нөөцтэй уулзаж, нарийн ширийн юмаа ярь гэхээр нь би хүний нөөцийн менежер Мягмарсүрэнтэй уулзахад, ерөнхий захирлын тушаалаар жирэмсэн хүн ажиллуулахгүй, тэгээд халж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь тэгвэл намайг ажпаас халж байгаа юм бол ажпаас халах тушаал, тойрох хуудсаа авъя гэхэд чамайг ажлаас халах тушаал гаргах гэхээр ямар үндэслэлээр халж байгаа талаар бичиж мэдэхгүй байна гэж хэлсэн. Би 2017 оны 08 сарын 07-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргаж, манай байгууллага намайг шалтгаангүйгээр ажпаас халсан, нийгмийн даатгал төлөөгүй, амралтын мөнгө өгөөгүй гэх асуудлаар шалгуулахыг хүссэн. Мэргэжлийн Хяналтын газар гомдол гаргасныг удирдлагууд мэдэж, захирал Сансар над руу ярьж санхүү хариуцсан захиралтай уулз, асуудлыг чинь шийдэж, гомдлыг чинь барагдуулж өгнө гэхээр нь би 08 сарын 15-ны өдөр албан ёсоор “Е ” ХХК-ийн захиргаанд өргөдлөө бичиж очсон. Миний өргөдлийг хүний нөөцийн менежер Мягмарсүрэн хүлээн аваад, Хишгээ захиралд танилцуулаад хариу өгнө гэсэн. 08 сарын 16-ны өдөр надад Хишгээ захирал уулзая гэхээр нь очиж уулзсан. Тэгэхэд миний 07 дугаар сарын цалин, амралтын мөнгийг өгөхгүй, нийгмийн даатгалыг төлж өгнө, өгөхдөө нийгмийн даатгалын 11 хувийг л өгнө гэсэн. Үлдсэн хувийг өөрөө төл гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан байгаа, асуудлыг хуулийн дагуу дагуу шийдүүлнэ гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас өргөдлийн дагуу шалгаж, манай байгууллага хууль зөрчсөн болохыг тогтоож, хуулийн дагуу акт тавьж, Нийгмийн даатгалын санд миний төлөгдөөгүй нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг даалгасан. Мэргэжпийн хяналтын газраас байгууллагын буруутайг тогтоож, алдааг засахыг даалгасаар байтал, “Е ” ХХК-ийн удирдлагууд өдий хүртэл миний асуудлыг шийдэж өгөхгүй, ажлаас халсан тухай тушаалаа ч гаргаж өгөхгүй, цаг хугацаа хожин намайг чирэгдүүлсээр байгаа тул асуудлыг хуулийн дагуу шийдүүлэхээр шүүхэд хандсан. Иймд 2017 оны 08 сарын 01-ний өдөр ажлаас халагдсан болохыг тогтоолгох, 2016 оны ээлжийн амралтын мөнгө 824,726 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын мөнгө 812,996 төгрөг, олгогдоогүй цалин хөлс 800,000 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 4,518,077 төгрөг, дутуу олгогдсон цалин 196,169 төгрөг, алданги 3,575,984 төгрөг, нийт 10,727,952 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа ажилд эргүүлэн томилуулах шаардлага гаргасан боловч энэ шаардлагаас татгалзаж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Г.Б нь анх тус компанид 2015 оны 10 сарын 28-нд массажистын ажилд ороод 2016 оны 09 сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан, 2017 оны 01 сард массажистын ажилд дахин орсон. 2015-2016 онд массажистаар ажиллаж байхдаа үндсэн цалин 800,000 төгрөг, мөн үндсэн цалин дээрээ ажлын үзүүлэлтээс хамаарч нэмэгдэл цалин авдаг байсан. 2017 онд ажилд орохдоо үндсэн цалин нь 700,000 төгрөгөөр тогтоогдсон. Г.Б жирэмсэн болсон тул массажист хийхгүй, ажлаа өөрчилмөөр байна гэж компанийн удирдлагад хүсэлт гаргасных нь дагуу 2017 оны 07 сараас ресепшинээр ажиллуулж эхэлсэн. 2017 оны 08 сард жирэмсний амралт авах хугацаа нь болсон тул Г.Б ийн жирэмсний болон амаржсаны амралтын хугацаанд оронд нь ажиллах хүнийг ажилд авсан. Компанийн зүгээс Г.Б ийг ажлаас халсан тушаал гаргаагүй бөгөөд түүнд жирэмсний болон амаржсаны амралтыг нь эдлүүлж, хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно” гэж заасан тул Г.Б нь 2017 оны 08 сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 сарын 03-ны хооронд 60 хоногийн жирэмсний амралт, 2017 оны 10 сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 сарын 03-ны хооронд 60 хоногийн амаржсаны амралт эдэлсэн. Г.Б нь одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Иймд ажлаас хууль бус халсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах шаардлага нь үндэслэлгүй байна. Компанийн зүгээс Г.Б ийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл суутгана гэхэд би нийгмийн даатгал төлмөөргүй байна гэсэн тул нийгмийн даатгалд хамруулаагүй байсан. Гэтэл жирэмсэн болсныхоо дараа нийгмийн даатгалд хамрагдаагүй компанийн буруу мэтээр мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж, компаниар 2015 оны 10 сараас 2016 оны 09 сар, 2017 оны 01 сараас 08 сар хүртэлх нийт ажилласан 20 сарын нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлсэн. Компани ингэж нехөн төлснөөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заасны дагуу Г.Б жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй болж, жирэмсний тэтгэмж нь компанийн дансанд орж ирсэн. Г.Б нийгмийн даатгал төлмөөргүй байна гээд цалингаасаа ажилтны төлөх ёстой 10 хувийг суутгуулалгүй цалингаа бүтэн авч байгаад жирэмсний амралт эхэлсний дараа мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж, өнгөрсөн хугацаанд өөрийн төлөх ёстой байсан 10 хувийг ажил олгогчийн төлөх ёстой хувьтай хамт компаниар бүрэн төлүүлсэн нь анхнаасаа зориуд, санаатай үйлдэл байсан гэж үзэж байна. Нийгмийн даатгалын байгууллагад өөрийн төлөх ёстой хувийг төлөхгүйгээр ажил олгогчоор төлүүлдэг аргыг нэхэмжлэгч хэрэглэсэн байна. Одоо Г.Б ийн жирэмсний болон амаржсаны амралттай байгаа хугацааны нийгмийн даатгалын шимтгэлииг компани төлж байгаа болно. Г.Б нь тус компанид 2015 оны 10 сарын 28-нд массажистын ажилд ороод 2016 оны 09 сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Тус компанид 12 сарын хугацаанд ажиллаагүй тул ажлаас гарахад нь түүнтэй ээлжийн амралтын тооцоо хийгээгүй. Хэрэв Г.Б ажлаас гарахдаа ээлжийн амралтын олговорт 1,584,764 төгрөг авах ёстой байсан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу 2016 оны 09 сараас хойш 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Энэ 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлж шүүхэд хандсан байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 2017 оны 01 сараас хойш 08 сар хүртэл ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг нэхэмжилж байгаа бол тэгж нэхэмжлэх эрх нь үүсээгүй байсан болно. 2017 оны 01 сараас хойш 12 сарын хугацаанд ажиллаж байж ээлжийн амралт авах эрх үүсэхээр хөдөлмөрийн дотоод журамд заасан болно. 2017 оны ээлжийн амралтын олговор 2017 оны 01 сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажлын 9 хоногийн ээлжийн амралтын олговроор нэхэмжлэх эрх байна гэж хүлээн зөвшөөрч байгаа. Нийтдээ 7 сар ажилласан тул оногдох ээлжийн амралт нь ажлын 9 хоног байна гэж тооцвол 814,368 төгрөг нь суутгалгүй дүнгээр гарч байгаа. Г.Б ийн жирэмсний амралт нь 2017 оны 08 сарын 04-ний өдрөөс эхэлсэн гэж компани тооцож байгаа. Ээлжийн амралт болон жирэмсний амралтын хугацаа нь заавал зөрж байх ёстой. Г.Б хүүхэд асрах чөлөөтэй байгаа учраас 2017 оны ээлжийн амралтын оногдох 9 хоногийн 418,368 төгрөг олгохыг зөвшөөрч байгаа. Г.Б хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад эргээд ажилдаа орохдоо ээлжийн амралт тооцох хугацаа ажилд орсон цагаас эхлээд үргэлжлүүлээд тооцоод явчихна. Олгогдоогүй цалин хөлс 800,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа анх 600,000 төгрөг нэхэмжилсэн байсан, энэ дээр 200,000 төгрөг нэмсэн байна. 2017 оны 08 сард надад 200,000 төгрөгийн цалин өгөх ёстой гэж байна. 08 сард нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 240,000 төгрөгөөс тооцож төлсөн. Жирэмсний амралттай байх хугацаанд ажил олгогч нийгмийн даатгалыг төлөх үүрэгтэй. Тэр үүргийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд тооцож төлсөн. Гэтэл энэ мөнгийг өөрт нь олгох ёстой мөнгө гэж ойлгосон юм уу гэж ойлгож байна. 2015 оны 10 сарын 28-ны өдөр анх массажистаар ажилд ороход 800,000 төгрөгийн үндсэн цалинтай байсан. Ажлаасаа гараад 2017 оны 01 сард эргэн ажилд ороход массажистийн үндсэн цалин 700,000 төгрөг болж буурсан байсан. Тиймээс үндсэн цалингаа 700,000 төгрөгөөр тогтоогоод хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Өмнө нь 800,000 төгрөг авч байсан учраас 800,000 төгрөгөөр авах ёстой гэж тайлбарласан байна. Тэгэхээр 700,000 төгрөгөөр цалинг нь тогтоогоод олгоод явж байсан гэдгээ мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр шүүхэд буруу байсан юм шиг л хандаад байгаа. 800,000 төгрөг өгнө гэж амлаад гэрээ хийсэн зүйл байхгүй. 2017 оны 01 сарын 23-ны өдөр ажилд авах тушаал дээр үндсэн цалин 700,000 төгрөг гээд тушаал нь гарсан. Анхнаасаа 700,000 төгрөг гэж тохиролцсон тул цалингийн зөрүү гэж яригдахгүй гэж үзэж байна. 2017 оны 06 сар хүртэл массажистаар ажиллаж байгаад өөр ажилд шилжье гээд ресепшн болсон. Ресепшн нь 600,000 төгрөгийн цалинтай байдаг. 2017 оны 07 сараас 600,000 төгрөгийн үндсэн цалинтай болоод явсан. 08 сарын хувьд биеэрээ ажиллаагүй, жирэмсний амралттай байсан. 2017 оны 10 сарын 05-ны өдөр төрсөн хүний хувьд 10 сарын 05-ны өдрөөс өмнөх 60 хоног жирэмсний амралттай хугацаанд тооцогдоно. Тэгэхээр жирэмсний амралттай байсан хугацаанд ажиллаагүй, 2017 оны 08 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож нийгмийн даатгалыг төлсөн. Тиймээс нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрт нь олгосон цалин гэж үзэх боломжгүй. 200,000 төгрөгийг цалин гэж нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээр 4,518,077 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3,478,606 төгрөг нэхэмжилсэн байдаг. Тэгснээ тэтгэмжийн зөрүү 844,116 төгрөгөөр нэхэмжилсэн. Нийтдээ 198,350 төгрөгөөр өссөн байна. Байгууллагын хувьд Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс Г.Б ийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж гэж 1,739,303 төгрөг 2017 оны 10 сарын 02-ны өдөр, 1,780,710 төгрөг 2017 оны 11 сарын 16-ны өдөр, нийт 3,520,018 төгрөг тус компанийн дансанд орж ирсэн. Энэ мөнгийг авъя гэж Г.Б компанид хүсэлт гаргасан байдаг. Тэгэхэд нь чиний манай компанид ажилласан хугацааны нийгмийн даатгалыг чиний өөрийн хариуцан төлөх ёстой байсан нийгмийн даатгалыг нөхөж төллөө, чи 10 хувиа суутгахгүйгээр цалингаа бүтэн авч байсан. Нийтдээ 18,342,000 төгрөгийн цалин олгосон. Үүнээс Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу 1,834,200 төгрөгийг өөрөө төлөх ёстой байсан. Тэгэхээр төлөх ёстой байсан мөнгийг компани нөхөж төлсөн учраас 1,834,200 төгрөгөө компанид буцааж төл. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс суутгая гэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Энэ тэтгэмжийг олгох асуудал харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөөгүй тул одоо болтол олгогдоогүй байгаа. 1,834,200 төгрөгийг нийгмийн даатгалын байгууллагад төлөхдөө хугацаа хэтэрсний алданги гэж 1,191,406 төгрөгийг төлсөн. Нийтдээ 3,025,606 төгрөг компани төлсөн учраас энийг жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс суутгая гэж хэлсэн. Хэрвээ үүнийг зөвшөөрвөл зөрүү 494,412 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэж хэлсэн. Энэ шаардлагаас 494,412 төгрөгийг буцаан олгохоор хүлээн зөвшөөрч байгаа. Дутуу олгогдсон цалин 196,169 төгрөг гэдэг нь хэзээний цалинг яаж бодсон нь тодорхойгүй байна. Өмнө нь энэ талаар ямар ч тайлбар гаргаж байгаагүй учраас тайлбар хэлэх боломжгүй байна, ажилласан цагийг нь бүртгээд цалинг нь бүрэн олгоод явж байсан. Шүүхэд хандахаасаа өмнө цалин дутуу олголоо гэсэн гомдол, шаардлага ярьж байгаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Сүүлийн шаардлага болох алдангийн хувьд хоногоор тоологддог. 7,151,968 төгрөг гэдэг нь өөр цаг хугацааны, өөр дүнтэй байгаа. Үнэхээр алданги бодож байгаа бол алданги нь тусдаа задрах ёстой. Хэдэн оны, хэдэн сарын хэдний өдрөөс бодож байгаа нь тодорхой байх ёстой байтал тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 141.4-т ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд 0,3 хувийн алданги ажил олгогч нь ажилтанд олгоно гэсэн заалт байдаг. Гэхдээ энэ заалт нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна. Учир нь 7,151,968 төгрөгийн 4,518,077 төгрөг нь цалин хөлс биш нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлсэн жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй холбоотой шаардлага байдаг. Ингээд хасахаар 2,633,891 төгрөгөөс 1,637,722 төгрөг нь тогтоосон хугацаанд олгох цалин хөлсний маргаан биш ээлжийн амралт, олговортой холбоотой маргаан. Ингэхээр 969,169 төгрөгийн шаардлага үлдэж байна. Энэ төгрөгийг сар бүр авсан цалин дээрээ нэмж авах ёстой байсан гэж нэхэмжилж байна гэж ойлгож байна. Тэгэхээр дээрх хуулийн заалт нь ажил олгогч нь сард 2 удаа тогтоосон хугацаанд ажилтанд олгох ёстой цалин хөлсөө тогтоосон хугацаандаа олгохгүй, саатуулсан нөхцөлд хэрэглэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл талуудын хоорондын цалин хөлсний хэмжээн дээр маргаан байхгүй байх ёстой гэж ойлгож болно. Ажил олгогч цалингаа өгөхгүй байвал алдангийг тооцно. Тэрнээс биш Г.Б ийн нэхэмжлэлийн шаардлагад хэрэглэгдэх хуулийн заалт биш учраас алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“Г.Б нь анх тус компанид 2015 оны 10 сарын 28-нд массажистын ажилд ороод 2016 оны 09 сард ажлаасаа гарсан, Анх ажилд ороход нь 2 сарын туршилтын хугацаагаар ажилд авсан. Туршилтын хугацаа дуусч. үргэлжлэн ажиллахаар болсны дараа Г.Б ийг нийгмийн даатгалд хамруулах гэсэн боловч өөрөө нийгмийн даатгал төлөхөөс татгалзаж, нийгмийн даатгалын дэвтрээ авчирч өгөөгүй. Г.Болор- Эрдэнэ цалингаа ямар нэг суутгалгүй, бүрэн дүнгээр авдаг байсан. Гэтэл нэхэмжлэлдээ “намайг хүсэлт гаргах болгонд удахгүй төлнө, шинэ байгуулагдсан байгууллага учраас ажилтнууддаа нэг нэгээр нь төлж эхэлж байна” гэж худал бичсэн байна. Г.Б нийгмийн даатгал төлөх хүсэлт удаа дараа гаргасан юм бол эхлээд нийгмийн даатгалын дэвтрээ компанид өгөх ёстой байсан. Манай компани нийгмийн даатгалд хамрагдах хүсэлтэй хүмүүсээ нэг нэгээр нь биш, бөөнд нь хамруулж байсан. Энэ нь манай нийгмийн даатгалын тайлангаар нотлогдоно. Г.Б 2017 оны 01 сард массажистын ажилд дахин орсон ч мөн л нийгмийн даатгалын дэвтрээ компанид авчирч өгөөгүй. 2015-2016 онд массажистаар ажиллаж байхдаа үндсэн цалин 800,000 төгрөг, мөн үндсэн цалин дээрээ ажлын үзүүлэлтээс хамаарч нэмэгдэл цалин авдаг байсан. 2017 онд ажилд орохдоо үндсэн цалин нь 700,000 төгрөгөөр тогтоогдсон. Г.Б жирэмсэн болсныхоо дараа нийгмийн даатгалд хамрагдаагүй тул жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах болзол хангахгүй болсноо мэдээд, нийгмийн даатгалд хамрагдаагүй нь компанийн буруу мэтээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2017 оны 08 сард гомдол гаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 08 сарын 23-ны өдрийн 02-06-2508/161 тоот актаар Г.Б ийн 2015 оны 10 сараас 2016 оны 09 сар, 2017 оны 01 сараас 08 сар хүртэлх, нийт 20 сарын цалин болох 18,342,000 төгрөгийн цалин хөлсөнд ногдох 3,851,819.86 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, хугацаа хэтрүүлсний алданги 1,191,406.14 төгрөг, нийт 5,043,226 төгрөгийг нөхөн төлүүлэх акт тогтоосон, Энэ төлбөрүүдийг компани 2017 оны 09 сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад төлсөн. Г.Б нийт 18,342,000 төгрөгийн цалин хөлс авахдаа Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажилтан даатгуулагчийн хариуцан төлөх 10 хувийн шимтгэл 1,834,200 төгрөгийг компанид суутгуулж, компани нийгмийн даатгалын байгууллагад төлөх ёстой байсан, Г.Б ийн хариуцах ёстой байсан нийгмийн даатгалын шимтгэлийн 1,834,200 төгрөгийг компани нийгмийн даатгалын байгууллагад түүний өмнөөс төлсөн тул одоо Г.Б эс буцаан шаардаж байна. Компани нийгмийн даатгалын байгууллагад 1,191.406.14 төгрөгийн алданги төлсөн нь Г.Б компанид нийгмийн даатгалын дэвтрээ өгдөггүй, нийгмийн даатгалд хамрагдахгүй гэж татгалзаж байснаас болсон тул уг алдангид төлсөн төлбөрийг Г.Б эс нэхэмжилж байна. Иймд Г.Б эс 3,025,606 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
“Г.Б миний бие 2015 оны 10 сарын 27-нд “Е ” ХХК-д массажистаар ажилд орсон ба ажилласан жилийн туршлагаас хамаараад 2015 оны 10 сарын 28-нд шууд Хөдөлмөрийн гэрээгээ байгуулж ажилласан. Сөрөг нэхэмжлэлд дурьдсан 2 сарын туршилтын хугацаагаар анх ажилд авсан гэдэг нь огт үндэслэлгүй байна. 2016 оны 09 сард ажлын байран дээр унаж гэмтэн нурууны 3 нугаламаа хугалан өвчтэй байсан тухай эмчийн магадлагааг цаг тухай бүрт нь “Е ” ХХК-д егч. өвчтэй байх хугацааны сунгалтыг өгч байсан. Гэтэл хариу тайлбарт 2016 оны 9 сард ажлаасаа гарсан гэж худал бичсэн байна. Би өөрийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ тус байгууллагын хүний нөөцөд удаа дараа өгөх гэсэн боловч шинээр байгуулагдсан байгууллага учир ажилчидаа нэг нэгээр нь хамруулж байгаа. Он гаргаад санхүүгийн хэлтэсдээ уламжлан хамруулна, цалингаас суутгахаар дэвтэрээ авчирч өгөөрэй, олон хүний бичиг баримт байгаа тул алга болж магадгүй гэж хэлсэн. 2016 он гаргаад удаа дараа хүний нөөцөд нийгмийн даатгалаа төлөх талаар хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Ингээд 2016 оны 09 сард ажлын байран дээр бэртэн 4 сарын хугацаанд гэртээ хэвтэрт байхад Нийгмийн даатгал төлөгдөөгүйн улмаас улсаас үзүүлдэг аливаа хөнгөлөлт, тэтгэмж, халамжид хамрагдаж чадалгүй эдийн засгийн хувьд хохиролтой байсан. Тухайн үед хуулийн талаар мэдлэггүй байсан тул Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагад хандаагүй. 2017 оны 01 сард ажилд ороод нийгмийн даатгалаа төлөхөөр дэвтэрээ өгсөн. 2017 оны 02 сард цалин дутуу орсон байхаар нь хүний нөөцөөс нийгмийн даатгалын шимтгэл суутгагдсан эсэх талаар лавлахад нийгмийн даатгалын шимтгэл суутгагдаагүй, үндсэн цалинг өөр массажистын цалинтай андуурч бодсон байна, дараа сарын цалин дээр нөхөн олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгана гэж тайлбарласан. Дараагийн сар буюу 2017 оны 03 сард нийгмийн даатгалын шимтгэл бас л суутгагдаагүй байсан. Энэ тухай нягтлангаас асуухад хүний нөөцөөс тушаал ирээгүй, энэ сарын тайлангаа явуулсан болохоор нөхөж төлөх боломжгүй гэсэн. Дараа нь хүний нөөцтэй уулзаж жирэмсзн болсноо мэдэгдэн энэ сард нийгмийн даатгал төлөхгүй бол жирэмсэний болон амаржсаны тэтгэмжид хамрагдах боломжгүй болох юм байна, нөхөн төлөөд өгөөч гэж учирлан гуйсан боловч ямар ч боломжгүй гзж хэлээд миний дэвтэрийг буцааж өгсөн. Сөрөг нэхэмжлэлд өөрийн хүсэлтээр нийгмийн даатгал төлөөгүй гэж намайг үндэслэлгүйгээр гүтгэсэн байна. Нийгмийн даатгал төлөлгүй 2017 оны 08 сарын 02-нд шалтгаангүйгээр ажлаас халсаны улмаас Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасны дагуу зөрчлийг шалган Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”, 17 дугаар зүйлийн 17.1.1”хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй”-г тус тус зөрчсөн болохыг 2017 оны 08 сарьн 23-ны өдрийн №02-06-250/161 тоот актаар тогтоосон. Үүний дагуу Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох арга хэмжээг авсан. Иймд сөрөг нэхэмжлэлд нийгмийн даатгалын шимтгэлийн 1.834.200 тегрег болон компанийн нийгмийн даатгалын байгууллагад телсен 1.191,406,14 төгрөгийн алдангийг надаас нэхэмжилж байгаа нь хуулийн үндзслэлгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчиж. хууль хяналтын байгууллагаас гаргасан шийдвэрийг үл тоосон үйлдэл гаргаж байна” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “Е ” ХХК-д холбогдуулан 2017 оны 08 сарын 01-ний өдөр ажлаас халагдсан болохыг тогтоолгох, 2016 оны ээлжийн амралтын мөнгө 824,726 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын мөнгө 812,996 төгрөг, олгогдоогүй цалин хөлс 800,000 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 4,518,077 төгрөг, дутуу олгогдсон цалин 196,169 төгрөг, алданги 3,575,984 төгрөг, нийт 10,727,952 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг,
хариуцагч “Е ” ХХК нь нэхэмжлэгч Г.Б д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 1,834,200 төгрөг, алданги 1,191,406 төгрөг, нийт 3,025,606 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.
1/ Хариуцагч “Е ” ХХК-д холбогдох 2017 оны 08 сарын 01-ний өдөр ажлаас халагдсан болохыг тогтоолгох, 2016 оны ээлжийн амралтын мөнгө 824,726 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын мөнгө 812,996 төгрөг, олгогдоогүй цалин хөлс 800,000 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 4,518,077 төгрөг, дутуу олгогдсон цалин 196,169 төгрөг, алданги 3,575,984 төгрөг, нийт 10,727,952 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар
Нэхэмжлэгч нь дээр дурдсан шаардлагаас гадна ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр шаардлагаас татгалзсан.
Хариуцагч “Е ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны ээлжийн амралтын мөнгө 418,368 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгөнөөс Г.Б ийн нийгмийн даатгалыг нөхөн төлсөнтэй холбоотой түүний төлбөл зохих мөнгийг хасаад үлдэгдэл 494,412 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
“Е ” ХХК-ийн захирлын 2015 оны 10 сарын 28-ны өдрийн А/15 дугаартай тушаалаар Г.Б ийг массажистын ажилд авч, сарын үндсэн цалин 800,000 төгрөгөөр тогтоосон, тус компанийн захирлын 2016 оны 09 сарын 06-ны өдрийн А/13 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, мөн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн В/01/23-01 дугаартай тушаалаар массажистын ажилд авч, сарын үндсэн цалин 700,000 төгрөгөөр тогтоосон, Г.Б тэй 2015 оны 10 сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 01 сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-162, 163, 164-165, 166, 167-168/
Нэхэмжлэгч нь дээр дурдсан тушаалуудыг өөрт нь танилцуулж, гардуулж өгч байгаагүй тул ийм тушаалууд гарсан гэдгийг мэдэхгүй, 2016 оны 09 сард ажлын байран дээрээ бэртэж эмчийн магадлагаатай байсан, тухайн үед ажлаасаа гарч байгаагүй тул ажлаас чөлөөлсөн тушаал хуурамч баримт, 2015 оны 10 сарын 28-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний ар талд бичсэн хугацаа сунгасан гарын үсэг түүний гарын үсэг биш, сунгалт гэсэн баримт дээр гарын үсэг зурж байгаагүй гэх тайлбарыг гарган маргасан.
Г.Б нь жирэмсэн болсон шалтгаанаар “Е ” ХХК-ийн удирдлагад ресепшнээр ажиллах хүсэлт гаргаж, 2017 оны 07 сараас ресепшнээр ажиллах болсон нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч Г.Б нь 2017 оны 08 сарын 01-ний өдөр ажлаас халагдсан болохыг тогтоолгох шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ресепшний ажлын байран дээр өөр хүн авч ажиллуулснаар түүнийг ажлаас халсан болох нь тогтоогдож байгаа гэж тодорхойлсон.
Хариуцагч нь Г.Б ийг ажлаас халсан тушаал гаргаагүй бөгөөд түүнд жирэмсний болон амаржсаны амралтыг нь эдлүүлж, хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлж байгаа, Г.Б нь одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан.
Г.Б нь 2017 оны 10 сарын 04-ний өдөр амаржиж, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Е ” ХХК-д хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлийг гаргаж, тус компанийн захирлын 2017 оны 12 сарын 05-ны өдрийн 12/05 дугаартай тушаалаар Г.Б д хүүхэд асрах чөлөөг олгосон болох нь хэрэгт авагдсан тушаал, хүсэлт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-183, 184/
Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Г.Б ийн жирэмсний тэтгэмж 1,739,303 төгрөг, амаржсаны тэтгэмж 1,780,715 төгрөг, нийт 3,520,018 төгрөгийг “Е ” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байна.
“Е ” ХХК нь Г.Б ийн 2017 оны 08, 09, 10, 11 сарын нийгмийн даатгалыг 240,000 төгрөгөөс тооцон төлсөн болох нь хэрэгт авагдсан даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтаар тогтоогдож байна. Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2-ын в-д “хүүхэд асрахаар тэтгэмжтэй чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг аж ахуйн нэгж байгууллага нь Засгийн газраас тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож сар бүр даатгалын зохих санд төлнө” гэж заасны дагуу “Е ” ХХК нь Г.Б ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлжээ. /хх-158-161/
Дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд Г.Б нь хуульд заасны дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан, хүүхэд асрах чөлөөг өөрийн хүсэлтээр авсан, “Е ” ХХК нь Г.Б ийн нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу төлж байгаа байдал тогтоогдож байх тул 2017 оны 08 сарын 01-ний өдөр ажлаас халагдсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Г.Б нь 2016 оны ээлжийн амралтын мөнгө 824,726 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын мөнгө 812,996 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Г.Б нь 2016 оны ээлжийн амралтын олговрын асуудлаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2017 оны ээлжийн амралтын олговрын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно”, 55.2-т “Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно”, 79 дүгээр зүйлийн 79.2-т “Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна” гэж заасны дагуу ээлжийн амралтын олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
“Е ” ХХК-аас гаргасан Г.Б ийн 2017 оны цалингийн тооцоог үндэслэн нэг өдрийн дундаж цалинг 47,192.29 төгрөгөөр тооцон, ээлжийн амралтын 15 хоногоор тооцоход 2017 оны ээлжийн амралтын олговорт 707,884.35 төгрөгийг хариуцагч “Е ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Г.Б д олгох нь зүйтэй байна. /хх-157/
Нэхэмжлэгч Г.Б нь олгогдоогүй цалин хөлс 800,000 төгрөгийг, дутуу олгогдсон цалин 196,169 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 800,000 төгрөгийн цалин авах ёстой боловч цалинг 2017 оны 01-06 сард 700,000 төгрөгөөр, 07 сард 600,000 төгрөгөөр тооцож цалин дутуу олгосон, 2017 оны 04 сараас 06 сард ажилласан хоногийг дутуу тооцож цалин олгосон гэж тайлбарласан.
“Е ” ХХК-ийн захирлын 2017 оны 01 сарын 23-ны өдрийн В/01/23-01 дугаартай тушаалаар Г.Б ийг массажистын ажилд авч, сарын үндсэн цалин 700,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчийн сард 800,000 төгрөгийн цалин авах ёстой байсан гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна. Мөн 2017 оны 04 сард 2 хоногийн цалин, 05 сард 3 хоногийн цалин, 06 сард 1 хоногийн цалин дутуу олгогдсон гэж нэхэмжилж байх боловч тухайн саруудад хэдэн хоног ажилласан талаарх баримтыг ирүүлээгүй, дутуу олгогдсон цалин 196,169 төгрөгийг гаргуулах шаардлага баримтаар тогтоогдохгүй байна. Иймд олгогдоогүй цалин хөлс 800,000 төгрөгийг, дутуу олгогдсон цалин 196,169 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байх тул эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж 4,518,077 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заасны дагуу Г.Б жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Г.Б ийн жирэмсний тэтгэмж 1,739,303 төгрөг, амаржсаны тэтгэмж 1,780,715 төгрөг, нийт 3,520,018 төгрөгийг “Е ” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байхад тус компани Г.Б д уг тэтгэмжийг олгоогүй байх тул жирэмсний тэтгэмж болон амаржсаны тэтгэмж нийт 3,520,018 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж 4,518,077 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нийгмийн даатгалын байгууллагаас олгосон тэтгэмжийн хэмжээнээс илүү нэхэмжилсэн 998,059 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул жирэмсний болон амаржсаны тэтгэмж гаргуулах шаардлагаас 998,059 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь алданги 3,575,984 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т “Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж ажилтанд олгоно” гэж заасан.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 4-т “Ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд, нөхөх олговор, хөнгөлөлтийн орлогыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох жирэмсний болон амаржсаны тэтгэмж, ээлжийн амралтын олговор нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй тул эдгээр шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т заасан алданги тооцох үндэслэлгүй.
Нэхэмжлэлийн шаардлага болох олгогдоогүй цалин хөлс 800,000 төгрөг, дутуу олгогдсон цалин 196,169 төгрөгийг гаргуулах шаардлагыг баримтаар тогтоогдоогүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн тул эдгээр шаардлагад алданги тооцох үндэслэлгүй.
Иймд алданги 3,575,984 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Е ” ХХК-аас 2017 оны ээлжийн амралтын олговорт 707,884.35 төгрөг, жирэмсний тэтгэмж болон амаржсаны тэтгэмж 3,520,018 төгрөг, нийт 4,227,902.35 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,500,049.65 төгрөгт холбогдох хэсгийг, 2017 оны 08 сарын 01-ний өдөр ажлаас халагдсан болохыг тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2/ Нэхэмжлэгч Г.Б д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 1,834,200 төгрөг, алданги 1,191,406 төгрөг, нийт 3,025,606 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 08 сарын 23-ны өдрийн 02-06-2508/161 дугаартай “Шимтгэл нөхөн төлүүлж алданги тооцох тухай” актаар Г.Б ийн 2015 оны 10 сараас 2017 оны 07 сар хүртэл олгосон 18,342,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох 3,851,819 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, хугацаа хэтрүүлсний алданги 1,191,406 төгрөг, нийт 5,043,200 төгрөгийг төлөхийг “Е ” ХХК-д даалгажээ. /хх-6/
Хариуцагч “Е ” ХХК нь 2017 оны 09 сарын 11-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэл 3,851,819.86 төгрөг, алданги 1,191,406.14 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн даалгавар, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хх-56, 169/
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актын дагуу төлбөл зохих шимтгэл, алдангийг төлсөн тул цалингаа бүтнээр авч байсан даатгуулагчийн төлөх 10 хувийн шимтгэл 1,834,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлтэй, компани нийгмийн даатгалын байгууллагад 1,191.406.14 төгрөгийн алданги төлсөн нь Г.Б компанид нийгмийн даатгалын дэвтрээ өгдөггүй, нийгмийн даатгалд хамрагдахгүй гэж татгалзаж байснаас болсон тул алдангид төлсөн төлбөрийг Г.Б эс гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч Г.Б нь улсын бацаагчийн актанд дурдсан хугацаанд түүнд нийт 18,342,000 төгрөгийн цалин хөлс олгогдсон, уг цалин хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан талаар маргаагүй.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч 10 хувь, даатгуулагч 10 хувь тус тус төлөхөөр заасны дагуу нэхэмжлэгч Г.Б нь түүнд олгогдсон нийт 18,342,000 төгрөгийн цалин хөлснөөс хуульд заасан хэмжээ болох 10 хувиар шимтгэл төлөх үүрэгтэй тул нийгмийн даатгалын шимтгэл 1,834,200 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б эс гаргуулж хариуцагч “Е ” ХХК-д олгох үндэслэлтэй.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1-д “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу ажил олгогч нь шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй шалтгаанаар улсын байцаагчийн актын дагуу төлсөн алданги 1,191.406.14 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Б эс нийгмийн даатгалын шимтгэл 1,834,200 төгрөгийг гаргуулан хариуцагч “Е ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1,191.406.14 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 55 дугаар зүйлийн 55.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д заасныг баримтлан хариуцагч “Е ” ХХК-аас 2017 оны ээлжийн амралтын олговорт 707,884.35 төгрөг, жирэмсний тэтгэмж болон амаржсаны тэтгэмж 3,520,018 төгрөг, нийт 4,227,902.35 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,500,049.65 төгрөгт холбогдох хэсэг, 2017 оны 08 сарын 01-ний өдөр ажлаас халагдсан болохыг тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б эс нийгмийн даатгалын шимтгэл 1,834,200 төгрөгийг гаргуулан хариуцагч “Е ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,191.406.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,566 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,360 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Е ” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 82,596.45 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б д олгож, нэхэмжлэгч Г.Б эс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 44,297.2 төгрөгийг гаргуулан хариуцагч “Е ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР