Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1661

 

 

 

 

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2018/01661

Улаанбаатар хот

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.М /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ц /-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 73,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 09 сарын 06-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ё, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Ц  нь барилгын материал гадаадаас оруулж ирдэг наймаа хийдэг гээд надаас мөнгө зээлж, олон зээл авдаг байсан бөгөөд зээлсэн мөнгөө эргүүлээд өгдөг байсан учир итгээд 2016 оны 09 сарын 06-ны өдөр 49 сая төгрөгийг түүнийг гаднаас барилгын материал оруулж ирэх гэсэн юм гээд гуйгаад байхаар нь 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дуусаад мөнгөө нэхэхэд удахгүй өгнө гэж хуурч байсан тул цагдаагийн байгууллагад хандахад иргэд хоорондын маргаан тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд Б.Ц аас зээл 49,000,000 төгрөг, алданги 24,500,000 төгрөг, нийт 73,500,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“С.М  нь надаас 49,000,000 төгрөг, алданги 24,500,000 төгрөг, нийт 73,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. С.М той харилцан тохиролцож, 2015 оны 10 сарын 07-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 20,000,000 төгрөг зээлдсэн болно. Энэ гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, хүүгүй гэж талууд тохиролцсон байдаг. Яагаад барьцаат зээлийн гэрээ хийсэн бэ гэхээр барьцааны шаардлагыг хангах үүднээс Б.Ц ын өмчлөлийн газар эзэмших эрхийг үл хөдлөх хөрөнгийн хамт барьцаалсан. Энэ эрхийг Газрын албанд бүртгүүлээд гэрчилгээ нь эх хувиараа нэхэмжлэгчид хадгалагдаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч  үндсэн зээл 49,000,000 төгрөг, алданги 24,500,000  төгрөг нэхэмжилж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хэлцэл нь иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгохтой холбоотой харилцааг зохицуулсан талуудын тохиролцоо байдаг. Тэгэхээр 2015 оны 10 сарын 07-ны өдөр Б.Ц  20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлсэн. Энэ үүргээ биелүүлж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, биелүүлэх асуудлаар нэхэмжлэгчтэй ярилцахдаа бэлэн гэдгээ илэрхийлдэг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний үүрэгт 49,000,000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 8.1.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэх асуудал ач холбогдолтой. Яагаад гэвэл 20,000,000 төгрөг зээлсэн гэдэг нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байхад, огт өгөөгүй 49,000,000 төгрөг зээлсэн мэтээр гарын үсэг зуруулсан баримтыг үндэслээд нэхэмжилсэн байгаа. Иргэний хуулийн 281.1-д зааснаар мөнгө юм уу төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгийг зээлдүүлэгч нь шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь хариуд нь хариу төлбөр буюу хүүгийн хамт зээлдүүлэгчид тогтоосон хугацаанд нь буцаан өгөх хэлцлийн шинж чанарыг агуулсан харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаар 49,000,000 төгрөгийг, хаанаас, ямар эх үүсвэрээр Б.Ц т өгсөн гэдэг нь ойлгомжгүй. Б.Ц  нь бизнес эрхэлдэг хүн, хүнээс авсан юмаа хүүгийн хамт өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин аваагүй байхад шахамдуулж, эрх зүйн мэдлэггүй, хуульчаас зөвлөгөө авах боломжгүй байдлаар 49,000,000 төгрөг авсан гээд гарын үсэг зуруулсан. Гэтэл манай зүгээс гаргаж өгсөн баримтаар Б.Ц , С.М  нарын хооронд удаа дараа зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулж байсан. Ямар үндэслэлээр ийм олон гэрээ хийгээд байна вэ гэхээр анх зээлсэн 20,000,000 төгрөг дээр бодогдсон хүүгээ нэмээд 24,000,000 төгрөг, 25,000,000 төгрөг гэж гэрээ хийгээд явсаар 49,000,000 төгрөг боллоо. Тиймээс 49,000,000 төгрөгөө төл, төлөхгүй бол 49,000,000 төгрөг зээлсэн гэрээн дээр гарын үсэг зур гээд зуруулсан асуудал. Энэ нь нотлох баримт шинжлэн судлахад мэдэгдэнэ. Тиймээс С.М ийн зүгээс тус шүүхэд гаргаад байгаа 49,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гээд байгаа нь Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ зөрчсөн хэлцэл болсон. Тиймээс Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хэлцлийн үндсэн шинж чанарыг зөрчөөд, талуудын эрх үүргийг зөв тогтоох, үүргийн гүйцэтгэлийг зөв тодруулах асуудлыг холион бантан хийгээд явсан нь шунахай сэдэлтэй гэж ойлгож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хэрвээ энэ гэрээгээр 49,000,000 төгрөгийг зээлсэн гэж баримтлах юм бол 2016 оны 09 сарын 08-ны өдрийн гэрээн дээр алданги тооцохгүй гэж байгаа. Тэгэхээр ингэж үндэслэлгүйгээр алданги тооцож байгаа нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасныг ойлгоод хэрэгжүүлээд байгаа эсэх тодорхойгүй нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хууль болон агуулгын хувьд хуульд үл харшлах нийтээр баримтлах зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн хэлцэл болсон гэж үзэхээр байгаа. Учир нь аваагүй зүйлийг авсан мэтээр, өгөөгүй зүйлийг өгсөн мэтээр нэхэж байгаа нь үндэслэлгүй. Энэ бүхний цаана нэхэмжлэгчийн башир санаа байна. Учир нь Б.Ц  20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн. Үүнд өөрийнхөө газар эзэмших эрхээ барьцаалсан. Тэгэхээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаар барьцааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой. Нэхэмжлэгч яагаад 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг барьцааны эрхээр хангуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахгүй байгаа вэ гэхээр өөрөө башир санаа бодол, шунахайн сэдэл байна. Хариуцагч 49,000,000 төгрөг авсан бол үг дуугүй хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр бодит байдал дээр ийм мөнгөн хөрөнгө гаргаагүй, Б.Ц ын данс руу мөнгө шилжүүлээгүй, бэлэн мөнгө аваагүй. Нотариат гэрчилсэн гээд байгаа гэрээний ар талд бичсэн гэдгийг хэн нотолсон юм. Зээлээ төлж чадахгүй санхүүгийн хүндрэлтэй байдлыг нь далимдуулж урьд тооцсон хүү, алдангиа нэмж тооцоод гарын үсэг зуруулсныг шүүх ялгаж шийдвэрлэнэ байх. Төмөр замын цагдаагийн газарт нэхэмжлэгчийн гомдлын дагуу шалгагдсан хэрэг бүртгэлтийг хаасан. Энэ хэрэг дээр нэхэмжлэгч өөрөө 20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн, газар эзэмших эрхийг нь барьцаалсан юм, 4,800,000 төгрөг авсан, одоо ойлголоо энэ гэмт хэрэг биш юм байна, тиймээс иргэний шүүхэд хандъя гэсэн байдаг. Цагдаагийн байгууллагад тэгж ойлгочихоод иргэний шүүхэд өөр хэлцэлд үндэслээд байгаа нь ямар учиртай вэ. Энэ бүхний цаана ямар нэгэн 24,800,000 төгрөгийг Б.Ц аас гаргуулах асуудал байна. Барьцааны үнийн дүнгээр асуудлыг шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага яагаад гаргахгүй байна вэ гэдэг нь субъектив санаа бодолтой холбогдолтой гэж үзэж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг зөрчсөн, нийтээр баримтлах зан суртахууны хэм хэмжээнд харшлах хэлцэл болох Б.Ц , С.М  нарын хооронд 2016 оны 09 сарын 06-ны өдөр байгуулсан 49,000,000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“Б.Ц  нь барилгын материал гадаадаас оруулж ирдэг, наймаа хийдэг гээд надаас мөнгө зээлж олон удаа зээл авдаг байсан бөгөөд зээлсэн мөнгөө эргүүлээд өгдөг байсан. 2016 оны 09 сарын 06-ны өдөр 49,000,000 төгрөг зээлээч барилгын материал оруулж ирэх гэсэн юм гээд гуйгаад байсан. Өмнө нь зээл аваад төлөөд байсан болохоор нь 3 сарын хугацаатай 49,000,000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусаад мөнгөө нэхэхэд удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг баримтлан зээлийн гэрээ байгуулж, мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай баримт үйлдэн, нотариатаар гэрчлүүлэн хуульд заасан үндэслэл журмын дагуу хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бусд тооцох ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М  нь хариуцагч Б.Ц т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 49,000,000 төгрөг, алданги 24,500,000 төгрөг, нийт 73,500,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч Б.Ц  нь нэхэмжлэгч С.М т холбогдуулан 2016 оны 09 сарын 06-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

             Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

             Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч С.М ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Ц ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Зохигчид 2016 оны 09 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, С.М  нь Б.Ц т 49,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, хүүгүй нөхцөлөөр зээлдүүлэх гэрээг байгуулжээ. /хх-4/

Гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй боловч хариуцагч Б.Ц  нь уг гэрээний дагуу мөнгө өгч авалцаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн  хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ц т 49,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан, зээлийн гэрээний ар талд Б.Ц  49,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа гэж бичсэнээр мөнгө хүлээн авсан нь нотлогдоно гэх тайлбарыг гаргасан.

Хариуцагч Б.Ц  нь нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээний дагуу мөнгө зээлээгүй, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ, нэхэмжлэгчтэй 2015 оны 09 сарын 30-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 20,000,000 төгрөгийг, 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авахаар тохиролцож, 2015 оны 10 сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан, уг зээлийн барьцаанд Б.Ц ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын сангийн аж ахуйд байрлах 496 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, дээр нь баригдаж байгаа 1 давхар үл хөдлөх хөрөнгийн хамт барьцаалсан. Уг зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс 2016 оны 01 сарын 08-ны өдөр 25,500,000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ, мөн өмнөх барьцаа хөрөнгийг дурдсан барьцааны гэрээ, 2016 оны 06 сарын 03-ны өдөр 14,280,000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ байгуулсан боловч эдгээр зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй, анх зээлсэн 20,000,000 төгрөгийн зээлийг эргүүлэн төлж чадаагүйн улмаас эдгээр гэрээг байгуулсан, зээлээ төлж чадаагүйн улмаас нэхэмжлэгчийн шаардсанаар 2016 оны 09 сарын 06-ны өдөр 49,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөнгийг авсан гэж бичсэн гэж марган зохигчдын хооронд байгуулсан гэрээнүүдийг нотлох баримтаар гаргаж мэтгэлцсэн. /хх-20-23/

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь хариуцагчийг 2016 оны 01 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 25,500,000 төгрөг, 2016 оны 06 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 14,280,000 төгрөгийг төлж дуусгасан гэх тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагч нь эдгээр мөнгийг зээлж аваагүй, гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлөөгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь дээр дурдсан гэрээнүүдийн дагуу мөнгө хүлээлгэн өгсөн, зээлийн төлбөрийг буцаан авсантай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн 2016 оны 09 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 49,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

2016 оны 09 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний ар талд 49.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа гэж бичсэн байх боловч зохигчид уг мөнгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан нь баримтаар тогтоогдохгүй байна. Мөн уг гэрээнээс өмнө байгуулсан зээлийн гэрээнүүдийн дагуу хариуцагч төлбөл зохих төлбөрийг төлж, гэрээний харилцаа дуусгавар болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 09 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан, тэдний хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тодорхойлогдох учраас зээлдүүлэгч нь 49,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу 49,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн нь тогтоогдохгүй байх тул зээлдэгч Б.Ц  зээлийн гэрээний үүргийг эргүүлэн төлөх үүрэг үүсээгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.М  нь зээлийн гэрээний дагуу 49,000,000 төгрөгийг шилжүүлэн өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

Иймд 2016 оны 09 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 49.000.000 төгрөг зээлдүүлэх, хариуцагч нь уг зээлийг авах хүсэл зориг талуудад байсан гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх 2016 оны 09 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул гэрээний талууд мөн хуулийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэг үүснэ. Зээлийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгч нь 49,000,000 төгрөгийг бодитоор өгөөгүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийн харилцаа үүсэхгүй.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан үндэслэлээр алданги 24,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх дүгнэсэн тул уг гэрээний дагуу алданги гаргуулах үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Ц аас зээл 49,000,000 төгрөг, алданги 24,500,000 төгрөг, нийт 73,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С.М ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгч С.М , хариуцагч Б.Ц  нарын 2016 оны 09 сарын 06-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дйгээр зүйлийн 282.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.М , хариуцагч Б.Ц  нарын 2016 оны 09 сарын 06-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч  Б.Ц аас зээл 49,000,000 төгрөг, алданги 24,500,000 төгрөг, нийт 73,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С.М ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.М оос сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 402,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Ц т олгосугай.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР