Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/597

 

 

 

 

 

 

 

  2022        07          05                                   2022/ШЦТ/597      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: О.Нандинцэцэг,

Шүүгдэгч: Б.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/

Өсвөр насны шүүгдэгч Б.М түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б, Өсвөр насны шүүгдэгч Г.Х түүний хууль ёсны төлөөлөгч Г.Г тэдгээрийн өмгөөлөгч О.А нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б.Г, Б.Г.Х овогт Б.М нарт холбогдох эрүүгийн 2211 00000 1010 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

С.Б.Г, //, Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээнд ажилладаг, ам бүл 3, аав, ээж, дүү, хүүгийн хамт Сүхбаатар дүүрэг 9 хороо нуурын 7-5 тоотод оршин хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Б.Г.Х, //, Монгол Улсын иргэн, 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, үсчний чиглэлээр сурдаг, ам бүл 3, эмээ, эгчийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 505-114 тоотод оршин хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

А овогт Б.М, //, Монгол Улсын иргэн, 2004 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 4, эмээ, эгч дүүгийн хамт Баянзүрх дүүргийн Гарден ресидэнт хотхоны 75-83 тоотод оршин хаягтай.урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г, Г.Х, М.М нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 8-54 тоотод иргэн М.М эзэмшлийн Samsung А9 загварын гар утсыг худалдан авна гэж хуурч, М.М утсан дээр өөрийн гар утасны дугаараа “Хаан банк” гэж хадгалан “300.000 төгрөгийн гүйлгээ орлоо” гэх мессеж илгээн, 300.000 төгрөгийг шилжүүлсэн гэж итгүүлэн баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч М.Мад 300.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

-мөн бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Дуки” хүнсний дэлгүүрт худалдаа эрхэлж байсан Г.О мөнгийг нь мобайл банкаар шилжүүлсэн гэж итгүүлэн хуурамч данс үзүүлж, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2.5 литрийн Сэнгүр нэртэй 6 сав шар айргийг авч 55.440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211 00000 1010 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Өсвөр насны шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Өсвөр насны шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч М.М “...Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 7 буудлын бөөний төвөөс 0,33 литрийн Хараа архи нэг шилийг аваад цэвэр усны саванд хийгээд ганцаараа уугаад гэр лүүгээ автобусанд суугаад явсан. Тэгээд би микрийн эцсийн доод талд уран мандал автобусны буудал буусан. Эхнэр Цэнджавтай уулзаад манай эхнэр хүүхдүүддээ хичээлийн хэрэгсэл авч өгөхөөр 7 буудал руу явсан би гэр лүгээ явахаар автобусанд суугаад явсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуки хүнсний дэлгүүрийн автобусны дээр буугаад би гэртээ нүүрс авах шаардлагатай болоод 2 шуудай нүүрс авах бодолтой 2 шуудай нүүрсний мөнгө нүүрсний цэг дээр өгчхөөд буцаад Дуки дэлгүүрийн автобусны буудал дээр ирээд нүүрсээ гэр лүүгээ дөхүүлэх гээд машин хайгаад зогсож байгаад саарал өнгийн приус-20 загварын машин ирэхээр нь би очоод за ахын дүү нар уучлаарай сайн байна уу гэж мэндлээд ахдаа 2 шуудай нүүрс гэр лүү минь хүргээд өгөөч гэж гуйхад жолооч залуу ахаа би өөр ажилтай байна манай найз дэлгүүр дотор байгаа гэж хэлэхээр нь би найзыг чинь дэлгүүрээс гарж ирэхээс нь өмнө 2 шуудай нүүрс гэр лүүгээ аваачаад өгчих тэгээд найзыгаа авчих гэж хэлэхэд зөвшөөрөөд намайг машиндаа суулгаад явсан. Тэгээд нүүрс цэг дээр очоод 2 шуудай сайжруулсан түлш аваад би машиных нь багажид хийхэд тухайн приус-20-ын ар талын улсын дугаар нь байхгүй байсан. Нүүрсний цэгээс нүүрс авчхаад манай гэр лүү ордог туслах зам руу уруудаж явахад нөгөө дэлгүүрт үлдсэн найз нь замд таараад машины урд суудалд суугаад манай гэр рүү явсан. Тэгээд манай гэрийн гадаа ирээд би тэр 3 хүүхдийг гэртээ цай уулгасан. Тухайн үед манай гэрт манай эхнэр Цэнджавын найзууд болох Одхүү, Отгонцэцэг нар байсан. Тэр гурвыг цай уулгачхаад гэрээс гараад гэрийн гадаа бүдүүн том бие нүүрэн дээрээ шивээстэй залуу нь машин дотроо миний самсунг А9 загварын гар утсыг үзэж байгаад за ахаа гар утсыг 300,000 төгрөгөөр авъя дансаа хэлээч шилжүүлэх гээд байна гэхэд 5176292417 гэсэн өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаа хэлэхэд удалгүй надад ахаа шилжүүлчихлээ гэхээр нь миний утсанд Хаан банкнаас 300,000 төгрөгийн орлого орсон гэх гүйлгээний мессеж ирсэн байсан. Тэгээд би гар утаснаасаа сим картаа аваад самсунг А9 гар утсаа өгөөд тэр 3 залууд явуулсан. Тэгээд манай Цэнджав 17 цагийн үед гэртээ ирэхээр нь би хүүхдүүдтэйгээ дэлгүүр ороод хүнсний зүйл аваад гэртээ очоод эхнэрийн утсанд сим картаа хийгээд дансныхаа үлдэгдлээ шалгахад дансанд мөнгөний үлдэгдэл байхгүй байсан. Тэгээд би маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг/хх-ийн 09-11 дүгээр хуудас/,

            Гэрч Х.Ц “...Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй 7 буудалд халуун усны газарт хүүхдүүдтэйгээ усанд орж байхад манай нөхөр Мөнхбат гэр лүү гээ нүүрс аваад галаа түлээд байж байя гээд түрүүлээд явсан. Тэгээд удалгүй миний 88780324 дугаар луу өөрийн 86610306 гэсэн дугаараасаа залгаад би нүүрсээ гэр лүүгээ дөхүүлэхээр нь залууг гуйгаад гэртээ ирсэн байна, энэ залуу миний Самсунг А9 гар утсыг 300,000 төгрөгөөр худалдаж авъя гэнээ ханиа би зарчих уу гэхээр нь би чи өөрөө мэд гэж хэлээд би утсаа салгасан. Тэгээд 17 цаг өнгөрөөгөөд би 5 хүүхэдтэйгээ гэртээ ирэхэд Мөнхбат архи уучихсан байсан. Мөнхбат 3 хүүхэдтэйгээ дэлгүүр яваад хүнсний зүйл аваад гэртээ буцаж ирээд миний сим картаа хийгээд хаан банкныхаа дансны үлдэгдлийг үзэхэд гар утсаа зарсан 300,000 төгрөг байхгүй байсан үлдэгдэл 1,800 төгрөг байсан. Би сая дэлгүүрт 330,000 төгрөг уншуулчихсан байна гэж хэлэхээр нь би зарлагыг нь харахад 33,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Манай нөхөр саяны 3 залуу надад 300,000 төгрөг шилжүүлсэн би өөрөө гүйлгээг нь харсан гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр яах уу гэж ярьж байгаад цагдаад өргөдөл гаргасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

            Г.Г гэрчээр өгсөн “...Тэгээд бид 3 Хүслэнг дэлгүүрийн хажуугаас аваад үл таних ахын гэр рүү явсан. Гэр рүү явж байх хугацаанд тэр ахын гар утсыг 300,000 худалдаж авъя гэж Мөнхүүлээ санал тавихад тэр ах зөвшөөрсөн. Тэгээд Мөнхүүлээ, би, Хүслэн бид 3 тэр ахыг гэрт нь орж цай уухаар ороход тэр ахын гэрт нэг эрэгтэй, эмэгтэй 2 хүн бас нэг 10 орчим насны охин байсан. Тэр үл таних ах 2 найздаа миний таньдаг хүүхдүүд нүүрс авчрахад тусаллаа би гэртээ цай уулгах гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид 3 цайгаа ууж дуусгаад 3 дүү нь хөдөллөө гэж хэлэхэд тэр ах бид гуравтай хамт гараад гэрийнх нь гадаа гарахад тэр ах гар утсыг худалдаж ав гэхээр нь би тэр ахыг гар утсыг аваад үзэх гэж аваад өөрийнхөө 85480410 гэсэн утасны дугаарыг Хаан банк гэж хадгалаад Хаан банкны сүүлийн гүйлгээг нь хуулаад мессежээр өөрийнхөө 85480410 гэсэн дугаар луу мессежээр явуулаад тэр ахын сүүлийн мессежийг нь засварлаж янзлаад орлого 300,000 төгрөг гэж гүйлгээ хийгдлээ гэж мессеж явуулсан. Тэгээд тэр ах утаснаасаа өөрийнхөө сим картыг авахаар бид 3 Самсумг галакси А9 гар утсыг аваад явсан. Тэгээд тэр авсан утсаа бид 3 Теди худалдааны төв дээр очоод гадаа зогсоол дээр гар утас авна зарна гэсэн хүнд 180,000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26- 27 дугаар хуудас/,

            Г.Хгийн гэрчээр өгсөн“...Тэгээд би Гантөмөр ахын утсаар өөрийн дугаар 99709820 дугаарын утас руу залгахад Гантөмөр ах, Мөнхүүлээ 2 утсаа авахгүй байж байгаад ертөнцийн зүгээрээ хойноос гараад ирэхээр нь би өөдөөс алхаж очоод суусан. Намайг Гантөмөр ахын машин суухад нэг үл таних эрэгтэй хүн суусан байсан.Тэгээд тэр ахыг гэрт нь хүргэж өгөөд 2 шуудай нүүрстэй нь буулгахаар хөдөлсөн. Тэгээд бид 4 тэр ахын гэрт очиход тэр ах бид гурвыг манай гэр лүү ороод цай уу гэж хэлсэн. Тэгээд гэрт нь ороход нэг ах, эгч, 2 нэг хүүхэд байсан. Бид 3 цайг нь ууж дуусчхаад Гантөмөр ахын машинаас нөгөө ахын авсан 2 шуудай нүүрсийг нь ахаар өөрөөр нь буулгуулаад машиндаа сууцгаасан. Тэр ахын Хаан банкны данс руу захиалгат гүйлгээ хийж 300,000 төгрөг шилжүүлээд тэр ахын Самсунг А9 гар утсыг нь авсан. Гантөмөр ах тэр ахын гар утсан дээр нь өөрийнхөө утасны дугаарыг Хаан банк гэж тэмдэглээд тэгээд тэр ахын утасны дугаар луу Хаан банкны зарлага гэж 300,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн гэсэн мессеж явуулаад тэр ахын гар утсыг аваад бид 3 Теди төв рүү явсан. Тэгээд бид 3 Теди төв дээр очоод нөгөө ахаас авсан Самсунг А9 гар утсаа 180,000 төгрөгөөр зараад Гантөмөр ах ээждээ 40,000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

            М.Мөнх-Оргилын гэрчээр өгсөн “...Тэгээд намайг машинд суугаад байж байхад нэг үл таних ах ирээд ахдаа 2 шуудай нүүрс зөөгөөд өгөөч ахынх эхнэр хүүхэд 7 буудал руу усанд орохоор явсан байгаа ирэхээс өмнө гэрээ дулаахан болгомоор байна гэж Гантөмөр ахаас гуйгаад байсан. Тэгэхээр нь Гантөмөр ах тэр үл таних ахад тэгье гэж зөвшөөрөөд дээшээ явж нүүрсний цэгээс очиж 2 шуудай сайжруулсан түлш аваад буцаад дэлгүүр рүү ирэхэд Хүслэн нөгөө дэлгүүрээс авсан шар айргийн мөнгөө хуурамч гүйлгээ хийж дэлгүүрийн худалдагч эгчийг залилаад гараад ирсэн байсан. Тэгээд Хүслэн суулгаад бид 4 тэр ахын гэр рүү явсан явах замдаа Гантөмөр ах тэр үл таних ахыг та гар утсаа зарах уу гэж асуухад нь тэр ах би эхнэрээсээ асуугаад хэлье гээд асуухад эхнэр нь тэг тэг зар гэж хэлсэн. Тэгээд тэр ах гар утсаа 300,000 төгрөгөөр зарахаар болсон тэр ахын гэрт очоод Хүслэн би, Гантөмөр ах бид 3 тэр ахын гэрт орж цай уугаад гарсан. Тэгээд гэрийнх нь гадаа Гантөмөр ах тэр үл таних ахын гар утсанд нь өөрийнхөө 85840410 гэсэн дугаарыг Хаан банк гэж хадгалаад орлого 300,000 төгрөг хийгдлээ гэж хуурамч мессеж явуулаад гар утсыг нь аваад бид 3 явсан. Тэгээд бид 3 Теди төв орж тэр ахыг залилж авсан гар утсаа 180,000 төгрөгөөр Гантөмөр ах нэг эрэгтэй хүнд зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

            Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, М.Маас гаргасан гомдол /хх-ийн 02 дугаар хуудас/,

            Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуки” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 41- 45 дугаар хуудас/,

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,         Г.Отгонбилэгээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

            Хохирогч Г.Отгонбилэгийн “...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуки” хүнсний дэлгүүрт ажил дээрээ байж байхад 15 цагийн үед гаднаас хар саравчтай малгайтай, хар өнгийн цамц, хар өнгийн өмдтэй хүзүүн дээрээ шивээстэй залуу, саарал өнгийн саравчтай малгайтай саарал өнгийн хүрэм, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу хоёр орж ирээд надад эгчээ интернэт банкаар 90.000 төгрөг шилжүүлээд 2.5 литрийн 6 ширхэг Сэнгүр шар айраг болон 30.000 төгрөг бэлнээр авчхаж болох уу, 3000 төгрөгийг шимтгэлд нь та авчих гэхээр нь би зөвшөөрөөд дэлгүүрийн 5042116023 гэсэн данс руу шилжүүлчих гэхэд Саарал өнгийн саравчтай малгай өмссөн залуу нь 6 ширхэг Сэнгүр шар айраг аваад дэлгүүрээс гараад явсны дараа хар саравчтай малгайтай залуу надад эгчээ мөнгө шилжүүлчихлээ гээд Хаан банкны интернэт банкны гүйлгээ үзүүлэхээр нь мөнгө, мессеж ирээгүй байна, чи мессеж иртэл түр хүлээж бай гэж хэлэхэд эгчээ би дахиад шилжүүлсэн та дахиад хар даа гээд надад дахин гүйлгээ үзүүлсэн. Тэр залуугийн дансанд 1.999.728 төгрөг байх шиг харагдсан.Тэгээд данснаас хасагдчихлаа гээд надад үзүүлээд явах гээд байхаар нь Хаан банкны лавлах утас руу залгаад 5042116023 дансны гүйлгээ хийсэн мессеж ирэхгүй байна гэж асуухад өөрийнхөө бүртгэлтэй дугаараас холбогдоно уу гээд лавлах утсаа тасалсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө залуу гүйлгээ хийгдсэн гэж надад хэлээд явлаа гээд дэлгүүрээс гараад явсан. 5 орчим минутын дараа дахин нэг хүн интернэт банкаар гүйлгээ хийхэд тэр гүйлгээний мессеж нь шууд хүрээд ирэхээр нь тэр залууг намайг залилж хуурамч гүйлгээ үзүүлээд явсан байна гэж бодсон. Дараа нь дэлгүүрийн хяналтын камер шүүж үзэхэд саарал өнгийн улсын дугаар нь харагдахгүй байсан машинтай ирээд дэлгүүрийн гаднаас дахин нэг хүн машиндаа суулгаад манай дэлгүүрийн гаднаас хөдөлсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 117- 118 дугаар хуудас/,

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 130-134 дүгээр хуудас/,

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Шүүгдэгч Б.Г, Г.Х, М.Мөнх-Оргил нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 8-54 тоотод иргэн М.М эзэмшлийн Samsung А9 загварын гар утсыг худалдан авна гэж хуурч, М.М утсан дээр өөрийн гар утасны дугаараа “Хаан банк” гэж хадгалан “300.000 төгрөгийн гүйлгээ орлоо” гэх мессеж илгээн, 300.000 төгрөгийг шилжүүлсэн гэж итгүүлэн баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч М.Мад 300.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

-мөн бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Дуки” хүнсний дэлгүүрт худалдаа эрхэлж байсан Г.Отгонсүрэнг мөнгийг нь мобайл банкаар шилжүүлсэн гэж итгүүлэн хуурамч данс үзүүлж, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2.5 литрийн Сэнгүр нэртэй 6 сав шар айргийг авч 55.440 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч М.М мэдүүлэг/хх-ийн 09-11 дүгээр хуудас/, Гэрч Х.Ц мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, Г.Г гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 26- 27 дугаар хуудас/, Г.Хгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, М.Мөнх-Оргилын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, М.Маас гаргасан гомдол /хх-ийн 02 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуки” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 41- 45 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Г.Отгонбилэгээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 108-109 дүгээр хуудас/, Хохирогч Г.Отгонбилэгийн мэдүүлэг /хх-ийн 117- 118 дугаар хуудас/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 130-134 дүгээр хуудас/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Г, өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.М нарын үйлдэл нь хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч Б.Г, өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Г, өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.М нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах дүгнэлт, санал гаргасан.

Өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.М нарыг Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны зарчмыг баримтлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр настай байсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хохирогч М.М Г.Отгонбилэг нарт учирсан хохирлыг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан  байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж  үзлээ.

Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Г, өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С.Б.Г, өсвөр насны шүүгдэгч Б.Г.Х овогт Б.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.Гантөмөр, өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           Д