Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1804

 

 

 

 

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2018/01804

Улаанбаатар хот

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Х /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.С /-д холбогдох,

*******,*******,******* тоот орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Сувдаа нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие “Г ” ХХК-аас *******,*******,******* тоот орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдан авч, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өмчлөх эрхийг шилжүүлэн Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авсан билээ. Гэтэл уг байранд “Г ” ХХК болон надтай ямар нэгэн харилцаагүй хариуцагч Х.С  өмнөх захиалагчийн худ гэх үндэслэлээр амьдарч байх ба байрыг чөлөөлж өгөхгүй оршин суусаар байгаа учир миний бие өнөөг хүртэл өөр байр түрээслэн амьдарч байна. Өөрийн өмчлөлийн орон сууцаа эзэмших эрхийг минь зөрчин хохироож байгаа Х.С гийн үйлдлийг Иргэний хуулийн 106.1, 106.2 заалтуудыг үндэслэн таслан зогсоож, *******,*******,******* тоот орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Иргэн Б.Х   нь Х.С д холбогдуулан нэхэмжлэл гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Уг маргаан бүхий орон сууц болох *******,*******,******* тоот 2 өрөө орон сууцыг иргэн О.Б  нь “Г ” ХХК-аас 2005 оны 05 сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээний дагуу худалдан авсан орон сууц бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд О.Б ийн нэхэмжлэлтэй “Г ” ХХК-д холбогдох иргэний хэрэгт гэрээний үүргээ биелүүлээгүй тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед “Г ” ХХК нь иргэн Б.Х  ад хууль бусаар өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан. Иймд маргаан бүхий хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, иргэний хэрэг хэлэлцэгдэж байгаа тул Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 32 дугаар байрыг улсын комисс хүлээн аваагүй байдаг. “Г ” ХХК  О.Б ийн мөнгийг өгөөгүй. Ж.Мэндбаяр шоронгоос гарсны дараа айл бүрээс 350,000 төгрөгийн засварын мөнгө гэж аваад засвар хийсний дараа байрыг худалдсан байдаг” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Х   нь хариуцагч Х.С д холбогдуулан *******,*******,******* тоот орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Өмчлөгч нь тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталж, өмчлөгч гэдгээ нотолсон байх шаардлагатай.

Маргааны зүйл болох *******,*******,*******, 10 тоот, 39 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Х   нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204092873 дугаарт бүртгэлтэй болох нь ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-3/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Х.С  түүний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байх тул орон сууцыг чөлөөлүүлэх эрхтэй гэж тодорхойлсон. Хариуцагч нь уг орон сууцыг түүний худ О.Б  нь “Г ” ХХК-аас худалдан авсан орон сууц тул орон сууцыг чөлөөлж өгөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргасан.

             *******,*******,*******, 10 тоот хаягт хариуцагч Х.С  бүртгэлтэй, уг орон сууцанд, оршин сууж байгаа болох нь түүний иргэний үнэмлэх болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Х.С  маргаан бүхий орон сууцыг өмчлөх, эзэмших эрхтэй болохыг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд тухайн орон сууцыг өмчлөгч болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр *******, Б.Доржийн гудамж,******* тоот орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагчийн тайлбарт дурдагдаж буй О.Б ийн нэхэмжлэлтэй “Г ” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Х   болон хариуцагч Х.С  нар хэргийн оролцогч биш байх бөгөөд “Г ” ХХК-аас маргаан бүхий орон сууцыг худалдан авсан О.Б  гэх иргэн эрх ашиг нь хөндөгдсөн гэх үндэслэлээр хүсэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан *******,*******,*******, 10 тоот, 39 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагч Х.С д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Х.С гээс улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х  ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР