Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/979

 

 

      

хан амарсан уу

 

 

 

 

 

   2022         07           29                                    2022/ШЦТ/979

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Н.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Г-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 4, эх, дүүгийн хамт ... тоотод оршин суух,

урьд ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн эдэлж дууссан, Цорос овогт Н.Г (РД:АЕ9810...).

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Г- согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 13а байрны гадна байрлуулсан хохирогч Б.М-ийн эзэмшлийн “Приус-30” маркын ... УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж 330,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэрийнхээ тэнд найзтайгаа 2 пиво уусан. Тэгээд найзынх руугаа явж байгаад машины цонхыг хагалсан. Ялыг зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.М-ийн: “...2022 оны 6 дуаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед өөрийн байрны ил зогсоол дээр автомашинаа байрлуулж тавиад орсон. 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед гарч ирээд машиндаа суутал автомашины урд салхины шил цуураад хагарчихсан байсан. СӨХ-ны хяналтын камер шүүж үзэхэд миний зүс таних Ганзориг гэдэг хүн болж таарсан. Би салхины шилээ 320,000 төгрөгөөр худалдаж аваад ажлын хөлс нь 20,000 төгрөг болсон. Ингээд нийт 340,000 төгрөг болсон, мөн 36,000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн. Тухайн хохирлоо би Ганзоригоор бүрэн барагдуулж авч машины шилээ шиллүүлсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022.06.05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 130 дугаар тайланд: “Салхины шил 330,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 9 дэх тал),

Шүүгдэгч Н.Г-ийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн үед өөрийн найз Билгүүнтэй уулзаж пиво уусан. Дуусаад явах замдаа 1 машины хажуугаар явж байхдаа өөрийн уур уцаараас болж машины салхины шилийг гараараа 1 удаа цохиж хагалсан. Тэгээд яваад өгчихсөн юм. Би хийсэн үйлдэлдээ үнэхээр их харамсаж гэмшиж байна. Тэр өдөр өөрийн найз охинтой маргалдаад салчихсан байсан. Сэтгэлээ сэргээх зорилготой птво уугаад гэнэтхэн уур хүрээд дотор бачуураад машины шилийг цохичихсон. Хохирлыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-47), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-50), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-51), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-52), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-53), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-54), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсог тухай тогтоол (хх-62), шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-66), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-67), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-68) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Г- согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 13а байрны гадна байрлуулсан хохирогч Б.М-ийн эзэмшлийн “Приус-30” маркын ... УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж 330,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.М-ийн “...2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед гарч ирээд машиндаа суутал урд салхины шил цуураад хагарчихсан байсан. СӨХ-ны хяналтын камер шүүж үзэхэд миний зүс таних Ганзориг гэдэг хүн болж таарсан...” гэх мэдүүлэг (хх-17-18), “Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “автомашины урд салхины шил 330,000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан (хх-9), шүүгдэгч Н.Г-ийн “...машины салхины шилийг гараараа 1 удаа цохиж хагалсан. Би хийсэн үйлдэлдээ үнэхээр их харамсаж гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-41-42) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Г-ийн согтуурсан үедээ хохирогч Б.М-ийн эзэмшлийн 53-11 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг гараараа цохиж хагалж, 330,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ийн тээврийн хэрэгсэлд 330,000 төгрөгийн эд хөрөнгийн шууд хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол, хор уршиг бүрэн төлөгдсөн, хохирогчийн “Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-17-18), шүүгдэгчийн “Машины шилний хохирлыг бүгдийг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг (хх-42)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Г- нь согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13а байрны гадна байрлуулсан хохирогч Б.М-ийн эзэмшлийн “Приус-30” маркын ... УНБ улсын дугаартай автомашины салхины шилийг хагалж 330,000 төгрөгийн хохирол учруулан эд хөрөнгийг гэмтээсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Ялыг зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлоо төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Н.Г- нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ, сэтгэл хөдлөлөө удирдан жолоодож чадаагүйн улмаас тээврийн хэрэгслийн зогсоолд байрлуулсан байсан хохирогчийн тээврийн хэрэгслийн хажуугаар өнгөрөхдөө салхины шилийг нь гараараа нэг удаа цохиж хагалсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эд хөрөнгөд 330,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол, хор уршиг бүрэн төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цорос овогт Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийг 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР