Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/978

 

 

      

хан амарсан уу

 

 

 

 

 

    2022          07          29                                      2022/ШЦТ/978

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч С.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.А-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дубан групп” ХХК-д худалдааны зөвлөх ажилтай, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эх, дүү нарын хамт ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харчин овогт С.А- (РД:УП0425...).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.А- нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны 8 дугаар гудамж, 36 тоот хашаанд хохирогч О.И-тай “эгчийг дээрэлхлээ” гэж маргалдан нүүрэнд нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь “зулай, дух, хөмсөг, уруул, шанаанд зулгаралт, зовхи, хацар, шанаа, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би гадуур явж байсан. Эгч залгаад “хүн зодоод байна” гэсэн. Тэгээд эгчийнд очсон. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч О.И-ын: “2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр би найз Отгонмядагийн ...гэрт 2-3 шил архи уугаад сууж байсан. Бид хоёр юунаас болж хэрэлдэж маргаснаа санахгүй байна. Гэнэт Отгонмядаг дүү рүүгээ яриад байсан, юу гэж ярьсан талаар нь мэдэхгүй байна. Удалгүй дүү нь гэх нэг өндөр залуу ирсэн. Отгонмядагийн хамт гэрийнх нь гадаа сууж байсан чинь тухайн өндөр залуу шууд ирээд миний нүүрэн тус газар цохисон. Би арагшаа саваад унасан. Намайг газар унасны дараа дээрээс цохиод байсан. Надад эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй, эмнэлэгт үзүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 11 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.05.23-ны өдрийн 7352 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “1. О.И-ын биед зулай, дух, хөмсөг, уруул, шанаанд зулгаралт, зовхи, хацар, шанаа, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Гэрч Б.И-ийн: “...Ихбаяр намайг гадуур явж байсан чинь залгаад “намайг ирээд аваадах, Зүүнсалаанд айлд байна” гэхээр нь би очсон. Машинаас буугаад тухайн айл руу орох гээд хашааны гадаа машин цоожилж байсан чинь хашаан дотор хүмүүс шуугилдаад орилж чарлаад байхаар нь яваад ортол Ихбаяр газар хэвтсэн, дээрээс нь нэг танихгүй залуу толгой, нүүр лүү нь өшиглөж байсан. Би очоод Ихбаярыг цохиж байсан залуу руу “чи яаж байгаа юм бэ” гээд найзыгаа салгаад босгож байсан чинь хажуугаас Отгонмядаг намайг түлхээд үснээс зулгааж, алгадсан. Тухайн үед Ихбаяр нэлээн согтчихсон байсан болохоор буцаад газар унаад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

Шүүгдэгч С.А-ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 05 сарын 18-ны өдөр ...нагац эгч Отгонмядаг залгаад “намайг хүн зодоод байна” гэж хэлсэн. Цаана нь эрэгтэй хүн орилоод байсан. Тэгээд утас нь тасарсан. Буцаагаад залгасан чинь эрэгтэй хүн утсыг нь аваад “чи хэн юм бэ” гээд элдвээр хэлээд байсан. “Манай эгч аллаа, туслаарай” гээд байсан. Манай эгч, тухайн залуу хоёр согтуу байсан. Тэгээд би эгчийн гэрт очсон. Эгч гэрийнхаа гадаа танихгүй эрэгтэй хүнтэй юм яриад сууж байсан. Тэгсэн эгч намайг харснаа “Энэ залуу миний найз байгаа юм, өчигдөр оройноос намайг цохиж зодлоо” гээд байсан. Эгч Отгонмядагийг урагшаа ахынд хүргэж өгөх гээд хашаанаас гарах гээд явж байсан чинь нөгөө залуу миний араас чулуу шидээд байсан. Тоохгүй яваад байсан чинь араас ирээд намайг чулуугаар цохиж зодох гээд дайраад байсан. Би эргэж хараад нүүр лүү нь гараараа цохиж авсан. Тэгсэн нөгөө ах газар унаад өгсөн чинь дахин босож ирээд намайг цохих гээд дайраад байхаар нь би дахиж цохиж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-31), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-28), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-32), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-33), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-34), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-35), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-36), дансны хуулга (хх-37-38), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-75, 76), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-79), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-77-78) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.А- нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны 8 дугаар гудамж, 36 тоот хашаанд хохирогч О.И-тай “эгчийг дээрэлхлээ” гэж маргалдан нүүрэнд нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь “зулай, дух, хөмсөг, уруул, шанаанд зулгаралт, зовхи, хацар, шанаа, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч О.И-ын “...Бид хоёр архи ууж байсан. ...Отгонмядагийн хамт гэрийнх нь гадаа сууж байсан чинь өндөр залуу шууд ирээд миний нүүрэн тус газар цохисон. Би арагшаа саваад унасан. Намайг газар унасны дараа дээрээс цохиод байсан...” гэх мэдүүлэг (хх-7-8), шүүх эмнэлгийн 7352 дугаар “1. О.И-ын биед зулай, дух, хөмсөг, уруул, шанаанд зулгаралт, зовхи, хацар, шанаа, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-24-25), гэрч Б.Ижилтуяагийн “...Ихбаяр газар хэвтсэн дээрээс нэг танихгүй залуу толгой, нүүр лүү нь өшиглөж байсан...” гэх мэдүүлэг (хх-55-56), шүүгдэгч С.А-ын “...би эргэж хараад нүүр лүү гараараа цохиж авсан. Нөгөө ах газар унаад босож ирээд намайг цохих гээд дайраад байхаар нь би дахиж цохисон...” гэх мэдүүлэг (хх-70-71) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.А-ын “эгчийг дээрэлхлээ” гэх шалтгаанаар хохирогч О.И-ын нүүр лүү гараар цохисон, газар унагаан өшиглөж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.И-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-11, 75)-ийг тус тус харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.А- нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны 8-36 тоот хашаанд үл таних О.И-тай “эгчийг дээрэлхлээ” гэж маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь “зулай, дух, хөмсөг, уруул, шанаанд зулгаралт, зовхи, хацар, шанаа, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, нас зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч С.А- нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч “эгчийг дээрэлхлээ” гэх шалтгаанаар хохирогчийн нүүрэнд гараараа цохиж унагаан өшиглөж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, насны болон ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.А- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ыг 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.А- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР