Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/ШШ2024/0002

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “С-У” ХХК

Хариуцагч: МУСС нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалтыг буюу МУСС-ын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 3.4 дүгээр зүйлийн 3.4.1-д “Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналыг тухайн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн судалгаанд үндэслэн Мэргэжлийн байгууллагын тогтоосон босго нэгж үнийн дээд хязгаартай харьцуулан үнэлнэ”, 3.4.3-д “Тендер оролцогчийн ирүүлсэн үнэ нь 3.4.1-д заасан үнэтэй тэнцүү буюу түүнээс бага үнийн санал ирүүлсэн бол шаардлагад нийцсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгоно”, 3.4.4-д “Хэрвээ тендерт оролцогчийн үнэ 3.4.1-д заасан үнээс их үнийн санал ирүүлсэн бол шаардлагад нийцээгүй гэж татгалзана” гэж заасныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, иргэдийн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.

 

Хэргийн индекс: 221/2023/0083/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “С-У” ХХК нь МУСС-д холбогдуулан “Захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалтыг буюу МУСС-ын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 3.4 дүгээр зүйлийн 3.4.1-д “Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналыг тухайн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн судалгаанд үндэслэн Мэргэжлийн байгууллагын тогтоосон босго нэгж үнийн дээд хязгаартай харьцуулан үнэлнэ”, 3.4.3-д “Тендер оролцогчийн ирүүлсэн үнэ нь 3.4.1-д заасан үнэтэй тэнцүү буюу түүнээс бага үнийн санал ирүүлсэн бол шаардлагад нийцсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгоно”, 3.4.4-д “Хэрвээ тендерт оролцогчийн үнэ 3.4.1-д заасан үнээс их үнийн санал ирүүлсэн бол шаардлагад нийцээгүй гэж татгалзана” гэж заасныг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

 

2. Нэхэмжлэгч “С-У” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ:

2.1. Тус компани нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 онд зарласан “өндөр өртөгт эмнэлгийн хэрэгслүүдийг Ерөнхий гэрээ байгуулах журмаар худалдан авах” тендерүүдэд оролцсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн “Тендерийг үнэлэх” гэсэн 28 дугаар зүйлийн 28.7.5-д “Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасан байна. Гэтэл МУСС-ын 2017 оны 07 сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 3.4 дүгээр зүйлд “Тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийг үнэлэхдээ хуульд заасан хянан үзэх үе шатны үнэлгээг хийж, шаардлагад нийцсэн гэж үнэлэгдсэн бүх тендерийг дараах зарчмын дагуу үнэлнэ”, 3.4.1-д “Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналыг тухайн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн судалгаанд үндэслэн Мэргэжлийн байгууллагын тогтоосон босго нэгж үнийн дээд хязгаартай харьцуулан үнэлнэ”, 3.4.3-д “Тендерт оролцогчийн ирүүлсэн үнэ нь 3.4.1-д заасан үнэтэй тэнцүү буюу түүнээс бага үнийн санал ирүүлсэн бол шаардлагад нийцсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгоно”, 3.4.4-д “Хэрвээ тендерт оролцогчийн үнэ 3.4.1-д заасан үнээс их үнийн санал ирүүлсэн бол шаардлагад нийцээгүй гэж татгалзана” гэж заасан байна.

2.2. Өөрөөр хэлбэл, СС-ын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 3.4 дүгээр зүйлийн 3.4.1, 3.4.3, 3.4.4 дэх заалтууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Захиргааны хэм хэмжээний акт нь Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх шаардлагыг хангасан байна” гэж заасныг зөрчсөн байна.

2.2.1. Эдгээр хууль зөрчсөн заалтуудыг дагаж мөрдсөний үр дагаварт Захиалагч нь хамгийн хямд үнэтэй эмнэлгийн хэрэгсэл санал болгосон нийлүүлэгчтэй Ерөнхий гэрээ байгуулж, цахим дэлгүүрт бүртгэх ба цааш нь Ерөнхий гэрээний хоёрдугаар шатны шалгаруулалтыг зохион байгуулахдаа “журам”-ын Тав, Зургаа, Долоодугаарт зааснаар “Шууд сонголтын арга”, “Цахим үнэ хаялцуулах арга”, “Үнийн санал авах арга”-уудыг хэрэглэн “хамгийн хамгийн хамгийн” бага үнийн араас хөөцөлдөж, үр дагаварт нь АНУ, Европт хэрэглэхээ байсан, хэрэглэх зөвшөөрөл олгохоо байсан барааг, эсхүл огт борлогдохоо байснаас агуулахад удаан хуримтлагдсан үлдэгдэл барааг эсхүл клиникийн туршилтын шатнаас бүрэн гараагүй байгаа эмнэлгийн хэрэгслийг хамгийн хямд үнээр худалдан авч, монгол хүний судсанд мэс заслын аргаар хэрэглэх, эсхүл бүр эмчлэх нөхцөлгүй байдалд хүргэж байна.

2.2.2. Ингэснээр хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах эрүүл мэнд, анагаахын салбар өндөр хөгжилтэй орноос даруй 20 жилээр хоцрогдсон хэвээрээ, мэс засалд хэрэглэдэг эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын баталгаа алдагдсан, иргэд болон эмч нар ямар ч сонголтгүй, хүнд өвчнийг эмчлэх ямар ч боломжгүй болсон байна. Статистикийн баримтаар Монгол улс хорт хавдар, зүрх судасны өвчлөл, харвалт, шигдээсийн нас баралтаар дэлхийд дээгүүрт орж байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66 гэсэн байна. (УИХ-ын хэлэлцэж байгаа Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулгаас) Харин эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээгээр Хятад улс дотроо тэргүүлэгч Шанхай хотод эрэгтэйчүүдийн дундаж наслалт 86 байна. “С-У” ХХК нь зүрхний мэс заслын оношилгоо, эмчилгээний салбарт ангиографи буюу судсан дотуурх оношилгоо, эмчилгээний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэн, нутагшуулан ажилладаг ба дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнийхээ олон улсын чанар, аюулгүйн стандартаараа тэргүүлэгч АНУ, Япон, Европын холбооны ХБНГУ, Бельги, Нидерланд зэрэг өндөр хөгжсөн орнуудын Монгол улс дахь албан ёсны дистрибютер боловч, тэдгээр улсад үйлдвэрлэгдсэн эмнэлгийн хэрэгслийг Ерөнхий гэрээгээр байгуулан худалдан авах тендерээр эмнэлгийн байгууллагад нийлүүлэх ямар ч боломжгүй болж, эрх, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдөөд байна.

2.3. Иймд нэхэмжлэлийг хянаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалтыг буюу СС-ын 2017 оны 07 сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 3.4 дүгээр зүйлийн “3.4.1-д "Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналыг тухайн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн судалгаанд үндэслэн Мэргэжлийн байгууллагын тогтоосон босго нэгж үнийн дээд хязгаартай харьцуулан үнэлнэ”, 3.4.3-д "Тендерт оролцогчийн ирүүлсэн үнэ нь 3.4.1-д заасан үнэтэй тэнцүү буюу түүнээс бага үнийн санал ирүүлсэн бол шаардлагад нийцсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгоно", 3.4.4-д "Хэрвээ тендерт оролцогчийн үнэ 3.4.1-д заасан үнээс их үнийн санал ирүүлсэн бол шаардлагад нийцээгүй гэж татгалзана” гэж заасныг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

    3.1. Нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт “Журам батлах тухай” СС-ын 2017 оны 234 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 3.4.1, 3.4.3, 3.4.4 дэх заалтууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5 дахь заалтыг зөрчсөн” гэж тусгасан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5 дахь заалтад шаардлагад нийцсэн тендерийг “эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ.” хэмээн зохицуулсан байдаг. Мөн “Журам батлах тухай” СС-ын 2017 оны 234 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 3.4 дэх хэсэгт “Тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийг үнэлэхдээ хуульд заасан хянан үзэх үе шатны үнэлгээг хийж, шаардлагад нийцсэн гэж үнэлэгдсэн бүх тендерийг дараах зарчмын дагуу үнэлнэ.” гэж зохицуулсан.

   3.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт тухайн тендерийг үнэлэхдээ зөвхөн хамгийн бага үнэ санал болгосон тендерийг сонгон шалгаруулдаг гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл шаардлагад нийцсэн тендерийг үнэлэхдээ журмын маргаан бүхий заалтуудыг хэрэглэж үнэлдэг тул тус заалтууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5 дахь заалтыг зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Иргэдийн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

         1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбарыг хянаад, нэхэмжлэгч  “С-У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         2. Маргаан бүхий захиргааны актын талаар:

 

                2.1. Нэхэмжлэгч “С-У” ХХК нь МУСС-д холбогдуулан “СС-ын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар баталсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын ... хуульд заасан хянан үзэх үе шатны үнэлгээг хийж, шаардлагад нийцсэн гэж үнэлэгдсэн бүх тендерийг дараах зарчмын дагуу үнэлнэ.” гэсэн 3.4 дүгээр зүйлийн

3.4.1-д “Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналыг тухайн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн судалгаанд үндэслэн Мэргэжлийн байгууллагын тогтоосон босго нэгж үнийн дээд хязгаартай харьцуулан үнэлнэ.”,

3.4.3-т “Тендерт оролцогчийн ирүүлсэн үнэ нь 3.4.1-д заасан үнэтэй тэнцүү буюу түүнээс бага үнийн санал ирүүлсэн бол шаардлагад нийцсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгоно;”,

3.4.4-т “Хэрвээ тендерт оролцогчийн үнэ 3.4.1-д заасан үнээс их үнийн санал ирүүлсэн бол шаардлагад нийцээгүй гэж татгалзана.” гэсэн заалтууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 28 дугаар зүйлийн 28.7.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1. дэх заалтыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар харьяалуулсан “С-У” ХХК-ийн гаргасан дээрх нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 09 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий СС-ын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам” нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр батлагдаж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль гарсантай холбогдуулан СС-ын “Тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай” 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар тушаалаар дээрх маргаан бүхий журмыг хүчингүй болгож, “Тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийг шинэчлэн баталжээ. /www.ligalinfo.mn/

4. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчээс тодорхойлсон маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон байна.

5. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгчээс “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, зөвшөөрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүлээн зөвшөөрөөгүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцохоо илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэлээ.

6. Маргаан бүхий Захиргааны хэм хэмжээний акттай холбогдсон хууль хэрэглээний талаар:

6.1. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” гэсэн захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагыг СС-ын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар баталсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын холбогдох заалтууд хангасан байх ба энэхүү журам нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн байна. Тодруулбал,

6.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” бүрэн эрхийг УИХ хэрэгжүүлэхээр, Далдугаар зүйлийн 1-д “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж хууль болон төрийн захиргааны байгууллагын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байхаар зохицуулжээ.

6.3. Монгол Улсын Их хурал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2005 онд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг Үндсэн хуультай нийцүүлэн баталсан байна.

6.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.12-д “Ерөнхий гэрээ байгуулах журам, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасныг үндэслэн Сангийн Сайд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 234 дүгээр тушаалаар “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ыг баталжээ.

6.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “босго үнэ” гэж бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгөөс хамааруулан тендер шалгаруулалтыг энэ хуульд заасан журмын дагуу явуулахад баримтлах үнийн дээд, эсхүл доод хязгаарыг;”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж тендерийн үнийн дээд, доод хязгаарыг нь төсөвт өртөгтэй хамаатайгаар тогтоож, хэмнэлттэй байх зарчмыг баримтлахаар хуульчлан зохицуулжээ.

          6.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно;”, 28.7.4.-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ.”, 28.7.5-т “эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ.” гэсэн хуулийн зохицуулалтаас үзэхэд чанар ба үнэлгээний харьцуулалтаар /хамгийн бага харьцуулах үнэтэй тендер/ өндөр оноо авсан тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж тендерийг үнэлэхээр хуульчлан зохицуулжээ.

 

7. Иймд дээр дурдсан тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн зохицуулалтаас үзэхэд, СС-ын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар баталсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 3.4 дүгээр зүйлийн 3.4.1, 3.4.3, 3.4.4 дэх заалтууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 28 дугаар зүйлийн 28.7.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

          8. Түүнчлэн дээрх “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын зорилго нь хуульд заасан Ерөнхий гэрээ байгуулах тендер шалгаруулалттай холбоотой харилцааг зохицуулжээ.Тодруулбал,

         8.1. “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын Гурав. Ерөнхий гэрээний нэгдүгээр шатны шалгаруулалтын зохион байгуулалт хэсгийн 3.4-д тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийг үнэлэхдээ  хуульд заасан хянан үзэх үе шатны үнэлгээг хийж, шаардлагад нийцсэн гэж үнэлэгдсэн бүх тендерийг мөн журмын 3.4.1-3.4.4-т заасан нийт 4 зарчмыг баримталж үнэлэх талаар тусгагджээ.

               8.2. Эдгээр журмын зохицуулалтууд нь Ерөнхий гэрээ байгуулах тендер шалгаруулалтын урьдчилсан нөхцөл байдал буюу тендерийг баримт бичгийг хүлээн аваад хэрхэн хянан үзэх, үнэлэх зэргээр тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийг үнэлэхдээ хэрэгжүүлэх ажиллагааг үе шаттайгаар журамлаж өгсөн байна.

              8.3. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн Үндсэн хууль болон бусад хууль зөрчсөн гэж маргаж буй журмын 3.4.1, 3.4.3, 3.4.4 дэх зохицуулалтууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “босго үнэ”, 27 дугаар зүйл. “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйл “Тендерийг үнэлэх”, 29 дүгээр зүйл “Гэрээ байгуулах эрх олгох” хуулийн зохицуулалттай холбоотой байна.

             8.4. Харин “босго үнэ”-ээс давсан /төсөвт өртгөөс хамааруулан тендер шалгаруулалтыг явуулахад баримтлах үнийн дээд, эсхүл доод хязгаарыг давсан/ шаардлагад нийцээгүй тендерийг шалгаруулах боломжгүй, харин шаардлагад нийцсэн тендерийг харьцуулж үнэлэх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д зааснаар эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерийг үнэлэхээр хуульчлан зохицуулжээ.

             8.5. Гэтэл нэхэмжлэгчээс “... Эдгээр хууль зөрчсөн заалтуудыг дагаж мөрдсөний үр дагаварт Захиалагч нь хамгийн хямд үнэтэй эмнэлгийн хэрэгсэл санал болгосон нийлүүлэгчтэй Ерөнхий гэрээ байгуулж... хамгийн ...бага үнийн араас хөөцөлдөж, үр дагаварт нь ...эмнэлгийн хэрэгслийг хамгийн хямд үнээр худалдан авч, монгол хүний судсанд мэс заслын аргаар хэрэглэх, эсхүл бүр эмчлэх нөхцөлгүй байдалд хүргэж байна.” гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь “С-У” ХХК-ийг тендерт оролцож байх хугацаанд дээрх журам болон хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “хамгийн бага үнэтэй”, “чанаргүй” тендерийг шалгаруулдаг гэх үндэслэл тогтоогдсонгүй .

9. Иймд иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд бичгээр гаргасан “...нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хуулийн зорилт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгохоор хуульчилсан.

11. Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 8 дугаар зүйлийн 8.12, 28 дугаар зүйлийн 28.7.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С-У” ХХК-ийн “...СС-ын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар баталсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын ... 3.4.1, 3.4.3, 3.4.4 гэсэн заалтуудыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Т.ЭНХМАА

   ШҮҮГЧ                                                                           Н.ХОНИНХҮҮ             

   ШҮҮГЧ                                                                           Э.ЛХАГВАСҮРЭН