Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 00493

 

Э.Амарчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/01384 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Амарчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монгол-Солонгос политехникийн коллеж-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:Э.Амарчимэг,

Хариуцагч :Г.Жавхлан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан : Миний бие тус байгууллагад 2008 онд хичээлийн туслах ажилтнаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл 2 жилийн хугацаанд 7 захирлын нүүр үзэж байгаа бөгөөд хамгийн сүүлийн захирал Г.Оюунбилэг 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр томилогдож ирсэн бөгөөд ирснийхээ дараахан бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж ажилчдыг ажлаас нь халж сольж эхэлсэн. Манай байгууллага 29 ажилтантай байсан бөгөөд бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж хичээлийн туслах 4 ажилтанг халсан гэсэн боловч шинээр орон тоо батлахдаа 27 ажилтны орон тоо батлагдсан. Мөн ажил олгогч энэхүү тушаалаа 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/155 тоот тушаалаа танилцуулаад хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгөөд шууд ажлаа хүлээлгэж өг гэж тулган шаардсан учраас дүүргийн шүүхэд гомдол гаргаж байсан бөгөөд тус шүүхээс миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүнээс хойш намайг хэл ам хийж шүүхээр явдаг гээд захиргаанаас маш их дарамт үзүүлж ажлын байрны тодорхойлолтод заагаагүй будаг, шавар, шоохойны ажил хийлгэх болсон бөгөөд тухайн ажлыг хийхгүй гэтэл 2016оны 4 дүгээр сарын 04-ний өдөр сануулах арга хэмжээ авсан. Энэ байдлыг нь тэвчиж би ямар нэгэн хэл ам хийгээгүй. Ингээд 2016 оны 9 сарын 14-ний өдөр Б/162 тоот тушаал намайг ажлаас халсан. Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс нийгмийн даатгалын шимтгэл тасран, миний хөдөлмөрлөх эрхийг удаа зөрчиж байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Амарчимэг нь тус байгууллагад захиргааны туслах ажилтнаар 2016 оны 3 сарын 16-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд ажлын байрны тодорхойлолт, дотоод журам зэрэгтэй танилцсан. Э.Амарчимэг нь ажиллаж эхэлснээс хойш буюу 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тус сургуулийн захирлын тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан бөгөөд уг зөрчил арилаагүй байхад дахин зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлсөн гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Амарчимэгийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийндаатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх тухай хариуцагч Монгол-Солонгос политехникийн коллежид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэнии хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 , 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Амарчимэгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн миний бие анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр эс зөвшөөрөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлан нь өмнөх захирал болох Г.Оюунбилэгээс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1/514 тоот итгэмжлэл авсан байна гэтэл манай захирал 2016 оны 12 оны 09-ний өдөр өмнөх захирал Г.Оюунбилэг ажлаасаа халагдаад дараагийн захирал Б.Эрдэнэбат томилогдоод ирсэн бөгөөд итгэмжлэлийг Г.Жавхланд өгөөгүй тул тэрээр уг шүүх хуралд оролцох эрхгүй гэж тайлбар хэлсэн боловч тус шүүх энэ бол хамаагүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлан тус сургууль дотроо ажпаа хийж байгаа тул хэнийг төлөөлөх нь хамаагүй гэсэн нь шүүх хуралдааны дүрс бичлэгт нотлох баримтаар хадгалагдаад үлдсэн байгаа болно. Дээрх шүүгчийн тайлбар нь Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй албан тушаалтан бол тус сургуулийн захирал бөгөөд өмнөх захирал Г.Оюунбилэг 2016 оны 12дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөнөөр түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх буюу шаардах эрх дуусгавар болсон тул түүнээс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус дүүргийн шүүхэд төлөөлүүлэхээр Г.Жавхланд өгсөн итгэмжлэлийн бүрэн эрх мөн дуусгавар болох ёстой. Энэ нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасан шинж байхгүй, шинэ захирал итгэмжлэлд гарын үсэг зураагүй буюу үргэлжлүүлээд оролцохоо зөвшөөрсөн ямар нэгэн үйлдлийг холбогдох хуульд зааснаар олгоогүй, олгосноо нотлоогүй байхад мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан шаардлага хангагдаагүй байгааг харгалзан үзэлгүй шүүх шийдвэрээ гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтуудыг ноцтой зөрчиж байгаа болно.

Нэхэмжлэгч намайг ажлаас халах үндэслэл болохоор удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, биелүүлэхээс татгалздаг бөгөөд сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан бөгөөд шүүхээр эгүүлэн тогтоолгож ажилдаа орсон тул захиргааны дарамтыг удаа дараалан үзүүлж байсны нэг жишээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлдзаасан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх гэхээр ерөнхий утга агуулгаар бичигдсэн хийх ажил тодорхойгүй бөгөөд шууд удирдлага хэн ч бай ямар ч ажил хийхийг шаардах эрхтэйгээр хийгдсэн нь сахилгын шийтгэлийгүндэслэлгүйгээр ногдуулах нөхцөл байдал үүсгэсэн байгааг тус шүүхээс харгалзаж үзсэнгүй. Хариуцагч надтай утсаар хэзээ ч дуудаж байгаагүй бөгөөд залгаж байгаагүй. Би тэд нарын дугаарыг боломжгүй үүнийгээ ногтолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх шүүх ингэж үнэлж байгаа нь учир дутагдалтай байна.

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасанчлан хөдөлмөрийн харилцаанд ялгаварла, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглох гээд заасаар байхад нэхэмжлэгч намайг ялгаварлан гадуурхсанаар Монгол Улсын үндсэн хууль болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан гэрээ конвенцийг зөрчсөн. Тухайлбал 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлээс /хх36-42/ хархад Мөнхчимэг бид 2-ын асуудал яг адилхан байхад Мөнхжаргалыг олон хүүхэдтэйг нь бодоод ажлаас халалгүйгээр авч үлдсэн мөртлөө намайг олон хүүхэдгүйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж үзэж байна.

Иймд тус шүүх магадлалдаа шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Э.Амарчимэг нь хариуцагч Монгол-Солонгосын Политехникийн коллеж-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныгхариуцагч эс зөвшөөрч, захирлын тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан бөгөөд уг зөрчил арилаагүй байхад дахин зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн захирлын тушаал хуулийн үндэслэлтэй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 тоот тушаалаар нэхэмжлэгч Э.Амарчимэгийг "...Захиргааны туслах ажилтны ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргийг биелүүлэхээс удаа дараа татгалзан, сахилгын зөрчил давтан гаргасан" гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 3.1.11/а/, хөдөлмөрийн дотоод журмын 6.2, Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн ажлаас халжээ.

 

Дээр дурдсан захирлын тушаалд зааснаар нэхэмжлэгч Э.Амарчимэгийг ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргийг удаа дараа биелүүлэхээс татгалзсан гэх зөрчил хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Ажилтан сахилгын зөрчил гаргасныг ажил олгогч нь тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулах учиртай бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй гэж дүгнэхээр байна.

 

Учир нь хариуцагч байгууллагаас хэргийн 44 дүгээр талд авагдсан 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Захиргааны туслах ажилтны ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгчид танилцуулсан гэх боловч хэргийн 62-67 дугаар талд авагдсан баримтаас үзвэл 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ажлын байрны тодорхойлолттой нэхэмжлэгч Э.Амарчимэг танилцаж гарын үсэг зурсан байх бөгөөд дээрх ажлын байрны тодорхойлолтууд хоорондоо зөрүүтэй тул уг нотлох баримтыг эргэлзээтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Э.Амарчимэг нь шүүх хуралдааны явцад Шинээр гаргасан 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Захиргааны туслах ажилтны ажлын байрны тодорхойлолтыг надад танилцуулаагүй гэж тайлбар гаргаснаас үзэхэд түүнийг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Захиргааны туслах ажилтны ажлын байрны тодорхойлолттой танилцсан гэж үзэх боломжгүй тул ажлаас халсан хариуцагч байгууллагын захирлын тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй болно.

 

Ийнхүү нэхэмжлэгч Э.Амарчимэг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил үүрэг гүйцэтгүүлэхээр шаардсан гэх шалтгаанаар гүйцэтгэхээс татгалзсан үйлдлийг сахилгын зөрчилд тооцсон нь хууль зөрчөөгүйгэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь дүгнэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэх үндэслэлтэй тул түүнийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгахаар тогтов.

 

Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж буй 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 1 сарын дундаж цалинг 440 416 төгрөгөөр тооцож 5сарын, нийт 2 202 080 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/01384дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Амарчимэгийг Монгол-Солонгос политехникийн коллеж-ийн захиргааны туслах ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговор 2 202 080 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийгхариуцагчид даалгасугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол-Солонгос политехникийн коллеж-оос улсын тэмдэгтийн хураамжид 50 183 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

С.ЭНХТӨР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ