Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1048

 

      

2022         08          23                                         2022/ШЦТ/1048

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Сэржмядаг  даргалж тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Э.Чанцалням,

шүүгдэгч: Г.Т нарыг оролцуулан Сонгино-Хайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн Г.Тд холбогдох эрүүгийн 2208000001258 тоот хэргийг 2022.08.19-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд 1987 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эмэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “О” ХХК-д бэлтгэгч-тогооч ажилтай, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянцагааны 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Банди хиа овогт Гын Т нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Т нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Зүүн-Баянцагааны 00-0 тоотод орших суух С.Сийн эзэмшлийн хашаанд байрлуулсан байсан иргэн Г.Сийн эзэмшлийн “Тоёота Приус-20” маркийн 00-00 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд болон багажийн хаалганы салхины шил, баруун хаалга зэргийг тоосгоор цохиж гэмтээсний улмаас Г.Ст 486000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

- Хохирогч Г.Сийн: “...Би пиво уух юм чинь машин барьж болохгүй, машинаа С.С эгчийн хашаанд буюу Бадрахын ээжийнх нь хашаанд тавьчихъя гээд Бын гудамжинд ойролцоо байдаг С.С эгчийн хашаанд машинаа тавиад гурван хүүхдээ С.С эгчийн гэрт үлдээсэн. Тэгээд үргэлжлүүлээд бид нар С.С эгчийн хашаанд ууж байгаад дэлгүүр рүү Б, Дулмаа, Бадрах бид дөрөв архинд явсан. Харин хашаанд Түмээ үлдсэн. Тэгээд дэлгүүр ороод гараад явж байтал миний гар утас руу манай охин Эгшиглэн залгаад “ээжээ манай машины цонхыг Түмээ эгч тоосго шидээд хагалчихлаа” гэхээр нь бид нар буцаад С.С эгчийн хашаанд очиход Түмээ миний машины урд салхины шил, багажийн шилийг тоосго шидээд хагалчихсан байсан. Бас жолооч талын хаалга руу тоосго шидээд хонхойлгосон байсан. Түмээ “нөхрийгөө бид нартай хамт явлаа” гэж хардаад миний машиныг тоосгоор шидэж эвдсэн байсан. Эвдэж байхыг нь манай гурван хүүхэд болон С.С эгч харсан байсан. Тэгсэн чинь Түмээ “би чиний машиныг эвдрэлийг төлөөд өгчихнө” гээд орилоод байсан. Б бас “төлж өгнө” гээд гуйгаад байсан” гэх мэдүүлэг /хх-6-7/,

- Гэрч М.Бын: “Г.С өөрийнхөө машиныг хашаанд нь байрлуулчхаад нэмж юм авах гээд Бадрах, Дулмаа, Г.С бид хэд дэлгүүр рүү явсан, харин С.С эгч, манай эхнэр Г.Т хоёр гэрт нь үлдэцгээсэн. Буцаад С.С эгчийн гэрт ирэхэд манай эхнэр Г.Т Г.Сийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд болон ард талын салхины шилийг хагалчихсан, жолооч талын хаалгыг нь тоосгоор шидсэн бололтой хонхойлгочихсон байсан. Ер нь бол тоосгоор цохисон нь тодорхой, машиных нь хажууд тоосгонууд өрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-10-11/,

- Гэрч С.Сийн “...Б, Б, Д, Г.С тэр хэд чимээгүй гараад явчихсан юм. Тэгсэн чинь гэнэт Г.Т “нөхөр хаашаа явсан юм, нөгөө хэд бас хаашаа явсан юм” гэж уурлаад “би Г.Сийн машиныг эвдэлнэ” гээд гэрээс гараад хашаан дотор байсан хураалттай тоосгоноос аваад Г.Сийн машины урд болон хойд салхины шилийг хагалаад, хаалга руу нь тоосго шидээд байсан. Тэгсэн чинь Г.Сийн охин Эгшиглэн ээж рүүгээ залгаад машиных нь цонхыг хагалсан талаар хэлж байсан” гэх /хх-14-15/,

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9417 дугаартай “...нийт шууд зардлын дүн 486000 төгрөг, Үнэлгээгээр тогтоогдсон дүн 650650 төгрөг” гэх авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан  /хх-23/,

- Яллагдагч Г.Тгийн “...юунаас болоод Г.Сийн машиныг эвдэлснээ мэдэхгүй байна, тоосгоор машиных нь урд болон ард салхины шилийг цохиод хагалчихсан, хаалга руу нь тоосго нэг удаа шидчихсэн юм” гэх мэдүүлэг /хх-77-79/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.   

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Г.Тгийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Сийн эд хөрөнгийг эвдэж гэмтээсний улмаас нийт 650650 төгрөгийн хохирол учруулсан нь танхайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Г.Тг бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Тгийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Ст 486000 төгрөгийн шууд хохирол, нийт 650650 төгрөгийн  учирсан байх ба Г.Т нь 700000 төгрөгийг дансаар шилжүүлсэн тул гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хор бүрэн арилсан, Г.Т нь бусдад төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч Г.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдэж буй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлж, хор уршгийг арилгасан, хохирогчийг гомдолгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон хохирогч Г.Ст учирсан эд хөрөнгийн хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, Г.Тгийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцож орж ирсэн ялыг буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Банди хиа овогт Гын Тг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Банди хиа овогт Гын Тд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Тд шүүхээс оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Г.Ст 700000 төгрөг хүлээлгэн өгсөн гэх ба хохирогч нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Тд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг Г.Тд мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ