| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2018/01504/и |
| Дугаар | 2150 |
| Огноо | 2018-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2150
| 2018 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 101/ШШ2018/02150 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ц ” ХХК /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.Х /-т холбогдох,
2016 оны 02 сарын 24-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 56,200,000 төгрөг, алданги 9,424,740 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого болох хадгаламжийн хүүгийн орлого 10,586,694 төгрөг, нийт 76,210,322 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч С.С шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ц ” ХХК нь “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд 2448 айлын орон сууцны цогцолбор хотхон барих төслийг хэрэгжүүлж, улмаар 2014-2015 онуудад 864 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан. Хариуцагч иргэн З.Х нь 2015 онд ашиглалтад оруулсан 432 айлын орон сууцны барилгаас 2016 оны 02 сарын 24-ний өдөр №258/4 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулан м.кв нь 1,840,000 төгрөг, нийт 80,408,000 төгрөгийн үнэтэй, 43,7м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 30 хувийн төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр, мөн 70 хувийн төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч З.Х нь “Орон сууц захиалгын гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1, гэрээний Хавсралт 1-д заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 24,208,000 төгрөгийн 15 хувь болох 12,061,200 төгрөгийн 6,000,000 төгрөгийг гэрээ байгуулахад төлсөн, 6,061,200 төгрөгийг 2016 оны 03 сарын 03-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч 2016 оны 03 сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 05 сарын 06-ны өдөр 61,200 төгрөг, 2016 оны 05 сарын 30-ны өдөр 85,600 төгрөг, 2017 оны .07 сарын 31-ний өдөр 540,000 төгрөг, 2017 оны 03 сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 04 сарын 05-ны өдөр 3,140,000 төгрөг, 2017 оны 04 сарын 06-ны өдөр 34,000 төгрөг, нийт 24,208,000 төгрөг төлсөн. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 05 сарын 30-ны өдрийн №258/4-1 тоот “Орон сууцны захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 8.1.1-д заасны дагуу 214,000 төгрөгийг хүүнд тооцсон болно. Урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 15 хувь болох 12,061,200 төгрөгийг 2016 оны 05 сарын 06-ны өдөр “Улаанбаатар орон сууц сан”-аас төлсөн. Талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1, гэрээний Хавсралт 1-д заасны дагуу “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор 70 хувийн төлбөр 56,200,000 төгрөг төлөх”-өөр тохиролцсон. Хариуцагчийн хандсан арилжааны банкны зээлийн шийдвэр гарч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хариуцагч нарын гаргасан хүсэлтээр үндэслэгдэж 2016 оны 05 сарын 31-ний өдөр гарсан. Талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-нд заасны дагуу 2016 оны 06 сарын 07-ны өдрийн дотор 70 хувийн төлбөр хийгдэх байсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчид үлдэгдэл төлбөр болох 56,200,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 2018 оны 03 сарын 16-ны өдрийн байдлаар 643 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. “Ц ” ХХК нь “Орон сууц захиалгын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу З.Х т утсаар болон бичгээр төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэл хүргүүлэн шаардсан, мөн биечлэн тухай бүрт уулзаж мэдэгдсэн боловч хариуцагч нь гэрээгээ зөрчиж байгаагаа үл ухамсарлан, төлбөрөө гүйцээн төлөлгүй байранд үргэлжлүүлэн амьдарсаар, гэрээгээ зөрчсөөр байгаа болно. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, “Орон сууц захиалгын гэрээ”-ний 2.1, 4.2, 5.1, 6.1 дэх заалтыг үндэслэн гэрээний төлбөрийн үлдэгдэл 56,200,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалт, “Орон сууц захиалгын гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг үндэслэн хугацаа хэтрүүлсэний алданги нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь “Орон сууц захиалгын гэрээ”-нд заасны дагуу 2016 оны 02 сарын 24-ний өдрөөс алданги тооцох эрхтэй ч Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 сарын 25-ны өдрийн №А-295 тоот “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам батлах тухай” тушаал батлагдан улмаар Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 03 сарын 11-ний өдрийн А-67 дугаар тушаал буюу 5 хувийн ипотекийн нөхцөл хүчингүй болж, “К ”-аас 2016 оны 11 сарын 02-ны өдөр №5/6076 тоот “Мэдээлэл хүргэх тухай” албан бичиг ирсэн хугацаанаас буюу 2016 оны 11 сарын 03-ны өдрөөс тооцож алданги нэхэмжилсэн болно. Гэрээгээр 06 сарын 16-ны өдрөөр тооцох юм бол 737 хоногийн хугацаа хэтрэлт байгаа, үүнээс 559 хоногийн алдангийг нэхэмжилсэн. Иймд хариуцагч талаас 2016 оны 02 сарын 24-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр болох 56,200,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй алдангийг хоногийн алданги 18,733 төгрөгийг 559 хоногоор тооцон нийт 9,424,740 төгрөг. Иргэний хуулийн 261.1, 219.1, 227.3-т зааснаар болон “Ц ” ХХК-ийн хамтран ажиллах гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн жилийн 12,3 хувийн хүүгээр тооцсон хүүгийн төлбөр буюу учирсан хохирлыг нэхэмжилж байна. Хариуцагч нь гэрээний үндсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг хадгаламжийн хүүг жилийн 12,3 хувийн хүүгээр тооцоод 559 хоногийн хүүгийн алданги 10,586,994 төгрөг болж байна. Иймд хариуцагч З.Х ээс гэрээний үлдэгдэл төлбөр 56,200,000 төгрөг, алданги 9,424,740 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого болох хадгаламжийн хүүгийн орлого 10,586,694 төгрөг, нийт 76,210,322 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч З.Х нь 2016 оны 02 сарын 24-ний өдөр №258/4 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г нэхэмжлэгч “Ц ” ХХК-тай байгуулсан бөгөөд уг гэрээгээр 43.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар, төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасны дагуу төлөхөөр тохиролцсон бөгөөд хариуцагч миний бие гэрээнд заасан тохиролцооны дагуу урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төлсөн болно. Нэхэмжлэгч “Ц ” ХХК нь Ц хотхоны орон сууцны барилгыг борлуулахдаа “К ” ХХК-тай хамтарч ажиллаж байсан ба “Ц ” ХХК болон “К ” ХХК нарын хооронд 2015 оны 12 сарын 02-ний өдөр №К-00/425 тоот “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч миний бие орон сууцны үлдэгдэл 70 хувийн төлбөрийг ипотекийн зээлийн санхүүжилтээр төлөхөөр “К ” ХХК-д ипотекийн зээл олгохыг хүссэн материалаа банкны шаардлагад нийцүүлэн өгсөн. “К ” ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу 2016 оны 05 сарын 27-ны № 2068/23 албан тоотоор “Ц ” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд “2016 оны 05 сарын 27-ны өдрийн хурлаар зээл хүсэгч З.Х ийн 56,200,000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээл батлагдсан бөгөөд санхүүжилт нь орж ирсэний дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг харилцагчийн нэр дээр гаргаж холбогдох зээлийн гэрээ, барьцааны гэрээ, баьцаалбарыг байгуулан Улсын бүртгэлд бүртгүүлж олголт хийгдэнэ” гэжээ. Хариуцагчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардаж байгаагүй ба нэхэмжлэгч өөрийн санаачлагаар Улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргаж түүнээс хойш 7 хоног өнгөрмөгц үлдэгдэл 70 хувийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Талууд орон сууцны 70 хувийн үлдэгдэл төлбөрийг К ны ипотекийн зээлийн санхүүжилтээр төлөхөөр тохиролцсон ба К өнөөдрийг хүртэл зээлийг зээлдэгчид бодитойгоор олгоогүй байна. Иймд хариуцагчийн зүгээс орон сууц захиалгын гэрээ, түүний хавсралтыг тус тус зөрчсөн гэж үзэхгүй байгаагаа үүгээр мэдэгдэхийн сацуу хамтран хариуцагчаар “К ” ХХК-ийг татан оролцуулах нь зохимжтой гэж үзэж байна. 30 хувь дээр хүүнд нь 100,000 төгрөг, алдангид 34,000 төгрөг төлсөн. Энэ алданги, хүү төлсөн хоног бас ороод явсан байгаа. 2017 оны 05 дугаар сар хүртэл төлсөн гэж байгаа. Тэгтэл 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн болоод явсан байгаа. Хүү, алданги төлсөн хугацаа ороод явсан байгааг анхаарч үзнэ үү. 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр 07-ны өдрөөс тооцох байсныг 11 дүгээр сарын 03-ны өдрөөс гэж тайлбарлаж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь орон сууц захиалгын гэрээний хугацаа аль өмнө 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Энэ гэрээний 7.2, 7.3-т заасан байгаа. Тиймээс дууссан гэрээний үүргийг хүлээхгүй. Хамгийн гол асуудал нь гэрээний агуулгыг сайн анхаарч үзнэ үү. 7.2, 7.3-т гэрээний үүрэг дуусгавар болох тухай заалт байгаа. Түлхүүр хүлээгээд авсан, гэрээний үүрэг дуусгавар болсон гэдгийг анхаарч үзнэ үү. К , “Ц ” ХХК хоёрын хооронд байгуулсан гэрээний хохирлыг хариуцагчад ногдуулаад байгааг ойлгохгүй байна. Энэ гэрээний 7.2, 7.3, 3.2, 2.4-ийг зөрчсөн байна. Өөрсдөдөө тааруулж гэрээг өөрчилж, тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Хүүг тушаасан баримт хавтаст хэрэг авагдсан байгаа. Эдний нэхэмжлээд байгаа он, сар болон хариуцагчийн яриад байгаа он, сар нь давхцаад байна. Урьдчилгаа төлбөрөө хариуцагч төлсөн. Гэрээ хүчин төгөлдөр болсон, барилга ашиглалтад орсон, захиалагч хүлээн авсан. Барилгын ашиглалтын тодорхой хэмжээний зардлыг хариуцагч төлөөд явсан. Нэгэнт дуусгавар болсон гэрээгээр хүү алданги нэхээд байгаа нь сонин байна” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ц ” ХХК нь хариуцагч З.Х т холбогдуулан 2016 оны 02 сарын 24-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 56,200,000 төгрөг, алданги 9,424,740 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого болох хадгаламжийн хүүгийн орлого 10,586,694 төгрөг, нийт 76,210,322 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч З.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйд гэм буруугүй, алданги болон хохирол төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “Ц ” ХХК болон хариуцагч З.Х нар нь 2016 оны 02 сарын 24-ний өдөр 258/4 дугаартай “Орон сууцны захиалгын гэрээ”-г байгуулж, “Ц ” ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Ц ” хотхоны 2 дугаар ээлжийн 432 айлын орон сууцны В3 блокийн 2 дугаар орцны 5 давхарт 43,7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 80,408,000 төгрөгөөр худалдах, З.Х нь төлбөрийн 7,4 хувь буюу 6,000,000 төгрөгийг 2016 оны 02 сарын 24-ний өдөр, 7,6 хувь буюу 6,061,200 төгрөгийг 2016 оны 03 сарын 03-ны өдөр, 70 хувь буюу 56,285,600 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор төлөх, 15 хувь буюу 12,061,200 төгрөгийг Улаанбаатар орон сууц сангаас төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-10-12/
2016 оны 02 сарын 24-ний өдрийн 258/4 дугаартай “Орон сууцны захиалгын гэрээ”-нд захиалагч З.Х ийг төлөөлж Д.Н гарын үсэг зурсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь гэрээ нэхэмжлэгч “Ц ” ХХК болон хариуцагч З.Х нарын хооронд байгуулагдсан, З.Х уг гэрээний дагуу орон сууц худалдан авсан талаар маргаагүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч З.Х ээс Д.Н т олгогдсон итгэмжлэл байхгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэх тайлбарыг гарган маргасан.
Хэргийн үйл баримтаар хариуцагч З.Х нь 2016 оны 02 сарын 24-ний өдрийн 258/4 дугаартай “Орон сууцны захиалгын гэрээ”-нд заасны дагуу 15 хувийн төлбөрийг төлсөн, төрийн албан хаагчийн хувьд “Улаанбаатар орон сууц сангийн нийслэлийн төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад нэг удаагийн буцалтгүй тусламж болон зээл олгох журам”-ын дагуу урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 15 хувь болох 12,061,200 төгрөгийг “Улаанбаатар орон сууц сан”-аас “Ц ” ХХК-д төлүүлсэн, 2016 оны 05 дугаар сард орон сууцанд орж, 2016 оны 05 сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 88в байр, 98 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204082004 дугаарт бүртгэлтэй, 43,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000490453 дугаартай гэрчилгээг өөрийн нэр дээр авсан болох нь тогтоогдож байна. /хх-14/
Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан байх ба дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд 2016 оны 02 сарын 24-ний өдрийн 258/4 дугаартай “Орон сууцны захиалгын гэрээ”-нд захиалагч З.Х ийг төлөөлж Д.Н гарын үсэг зурсан үйлдлийг хариуцагч З.Х хожим дэмжин зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь ашиглалтад орсон орон сууцны барилгыг хариуцагчид худалдахаар гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд хариуцагч З.Х ийг төлөөлж Т.Н гарын үсэг зурсан, нэхэмжлэгч “Ц ” ХХК-тай 2016 оны 02 сарын 24-ний өдөр байгуулсан 258/4 дугаартай “Орон сууцны захиалгын гэрээ”-г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Ц ” ХХК нь хариуцагч З.Х ээс орон сууцны төлбөр 80,408,000 төгрөгийг шаардах эрхтэй.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч 30 хувийн төлбөрийг төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч үлдэгдэл 70 хувийн төлбөр болох 56,200,000 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл заан хариуцагчаас гэрээний төлбөрийн үлдэгдэл 56,200,000 төгрөг, алданги 9,424,740 төгрөг, хохирол 10,586,694 төгрөг, нийт 76,210,322 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 56,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги, хохирол төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан.
Хариуцагч нь дахин төлөвлөлтөд орсон байршилд баригдсан орон сууцнаас 5 хувийн зээлийн шалгуурыг хангаж орон сууц авсан, “Ц ” ХХК-ийн санал болгосноор К наас зээл авахаар болсон боловч тус банк нь зээлийн хөтөлбөрийн шаардлагыг хангахгүй болсноос 5 хувийн зээлийн санхүүжилт авах боломжгүй болсон, төлбөрийг банкнаас авах ипотекийн зээлээр л төлөх байсан, энэ асуудлыг нэхэмжлэгч тал мэдэж байсан тул хугацаа хэтэрсэнтэй холбоотой хохирол, алдангийг хариуцах үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргасан.
Зохигчдын тайлбарт дурдагдаж буй Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-122 дугаартай тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А-69 дугаартай тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” нь орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилт, түүний эх үүсвэр, нөхцөлийг тодорхойлох, банкны орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагаа, эргэн төлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 9/37 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар-орон сууц сангийн нийслэлийн төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад нэг удаагийн буцалтгүй тусламж болон зээл олгох журам” нь нийслэлийн төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад зээл олгох, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох сонгон шалгаруулах асуудлыг зохицуулсан байх бөгөөд орон сууц худалдаж, худалдан авч буй иргэн, хуулийн этгээдийн хоорондын гэрээний дагуу үүссэн харилцааг зохицуулахаар заагаагүй байна.
Хариуцагчийн тайлбарт дурдсанаар К наас орон сууцны ипотекийн 5 хувийн зээл авч чадаагүй асуудлыг нэхэмжлэгч тал мэдэж байсан гэх үндэслэлээр хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй юм.
2016 оны 02 сарын 24-ний өдөр байгуулсан 258/4 дугаартай “Орон сууцны захиалгын гэрээ”-ний 6.1-д захиалагч гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,03 хувьтай тэнцэх алдангийг “Ц ” ХХК-д төлөхөөр заасан байх бөгөөд гэрээнд зааснаар З.Х нь гэрээний төлбөрийн 70 хувь буюу 56,200,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон боловч уг төлбөрийн төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,03 хувьтай тэнцэх алдангийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.
Хариуцагч З.Х нь 2016 оны 05 дугаар сард орон сууцанд орж, 2016 оны 05 сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байх тул гэрээнд заасны дагуу гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дараа буюу 2016 оны 06 сарын 07-ны өдрийн дотор төлбөрийн үлдэгдлийг төлөх үүрэгтэй гэж үзнэ. Нэхэмжлэгч нь уг хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар алдангийг тооцож нэхэмжлэх эрхтэй байх боловч 2016 оны 11 сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл тооцож 559 хоногийн алданги 9,424,740 төгрөгийг нэхэмжилсэн байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг үндэслэн хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс компанийн олох байсан орлогыг банкны хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцож хохиролд 10,586,694 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь учирсан хохирлоо шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч “Ц ” ХХК нь арилжааны банкуудтай байгуулсан хамтран ажиллах гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн жилийн 12,3 хувийн хүүгээр тооцсон хүүгийн төлбөр буюу учирсан хохиролд хадгаламжийн хүүг жилийн 12,3 хувийн хүүгээр тооцоод 559 хоногийн хүүгийн хохирол 10,586,994 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тодорхойлсон бөгөөд үүрэг гүйцэтгэхтэй холбоотой учирсан хохирол нь гэрээний талуудад үүссэн бодит үр дагаврыг арилгах болохоос урьдчилсан таамаг, тооцоо, тохиролцоонд үндэслэгдэн тодорхойлогдох боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч “Ц ” ХХК-ийн банкуудтай байгуулсан гэрээг үндэслэн банкуудын хадгаламжийн хүүгээр дундажлан тооцож нэхэмжилсэн 10,586,994 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч З.Х ээс орон сууцны төлбөрийн үлдэгдэл 56,200,000 төгрөг, алданги 9,424,740 төгрөг, нийт 65,624,740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ц ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,586,994 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч З.Х ээс 65,624,740 /жаран таван сая зургаан зуун хорин дөрвөн мянга долоон зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ц ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,586,694 /арван сая таван зуун наян зургаан мянга зургаан зуун ерэн дөрвөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527,551.61 төгрөг, 51,590 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 24,771.39 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч З.Х ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 486,073.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР