Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/598

 

 

 

 

 

 

 

  2022        07          05                                   2022/ШЦТ/598      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: Р.Энх-Оюун /томилолтоор/,

Хохирогч У.Б,

Шүүгдэгч: Т.С түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.С холбогдох эрүүгийн 2211000001232 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Т.С, /РД:/, Монгол Улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Цагаан дэглий” зочид буудалд угтагч ажилтай, ам бүл 4, 3 дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1129е тоотод бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 04-536 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Т.С нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “+30” гэх бааранд хохирогч У.Бын нүүр лүү шилэн стакан шидэж, биед нь хамар ясны зөрөөгүй хугарал, хамрын таславчын мурийлт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, нуруунд зулгаралт, дух, хацар, хамар орчмын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211000001232 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Т.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч У.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: 5 дугаар сарын 12-ны орой эхнэр болон 2 найзын хамт бар орсон. Ширээнд суун соёрхлын 0.75 хувааж уугаад, талдаа орсон байсан. Эмэгтэйчүүд бүжиглэх гээд гарсан ба эрэгтэй найз бид 2 ширээгээ хараад үлдсэн. Найз тамхи татан эргээд орж ирэхэд би бүжгийн талбай руу очиж бүжиглэсэн. Миний зүгээс эхнэртэйгээ хамт явж байсан учир эмэгтэй хүний биед хүрэх шаардлагагүй. Бүжиглэж байтал Т.С гэх эмэгтэй учир зүггүй над руу дайрсан. Намайг ширээнд сууж байтал араас пивоны шил шидсэн. Би эхнэр бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг ба эхнэр ажил, хөдөлмөр эрхэлдэггүй гэртээ хүүхдүүдийг асардаг. Би гэмтлийн улмаас 28 хоног ажилд яваагүй. Өдрийн 45,000 төгрөгийн цалин авдаг ба тус дүнгээр бодож ажилгүй байсан хугацааны 1,400,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

            Хохирогч У.Бын “...2022 оны 5 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн үед өөрийн эхнэр Лхагвадулам, танил найзууд болох Сүхээ, Жаагий нартай хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байх 30+ нэртэй бааранд 0,75 литрийн соёрхол нэртэй архи уугаад сууж байсан...Тэгээд хэсэг хугацааны дараа би бүжгийн талбай руу гараад нэг эмэгтэйтэй бүжиглэж байхад цагаан эрээн плажтай Сугаржаргал гэх эмэгтэй хүрч ирээд “чи яахаараа миний салтаа руу, хөх рүү гараа хийдэг юм бэ?” гээд байсан ба би “би яахаараа тийм юм хийх юм бэ? чи хүн андуураад байгаа юм биш үү” гэж хэлээд ширээ лүүгээ явсан. Ширээний хажууд зогсож байхад тэр эмэгтэй 2 пивоны шилийг миний өөдөөс харсан ширээнээс шидсэн ба би бултаад “чи яаж байгаа юм бэ” гэж хэлчхээд байж байхад ахиад нэг том пивоны аяга миний зүүн нүдийг оночихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р ху/

             Гэрч Б.У “...тухайн өдөр би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороон байх “17” баарны зөөгчөөр ажиллаж байсан юм. Шөнө 01 цаг өнгөрч байхад 30 орчим насны урт үстэй, уранхай жинсэн өмд өмссөн сүүлд хүмүүсээс сонссоноор Сугараа гэх нэртэй эмэгтэй, найзтайгаа буюу 30 орчим насны бараан хувцастай, өсгийтэй гуталтай өөр нэг эмэгтэйн хамт баарны бүжгийн талбайд бүжиглэж байсан. Тэгээд би текнээс уух юм аваад эргээд харахад тухайн Сугараа гэх эмэгтэйг бүжиглэж байхад 185-190 см өндөртэй, онигор нүдтэй, шингэн хөмсөгтэй, Батбаатар гэх залуу түлхээд унагаасан. Тэгээд уух юм аа өөр ширээн дээр хүргэж өгөөд байж байхад Батбаатар өөрийнхөө ширээн дээр ирчихсэн Сугараа гэх эмэгтэй рүү салаавч гаргаад зогсож байсан ба нэг мэдсэн чинь Сугараа гэх эмэгтэй Батбаатарын зүг рүү бор өнгөтэй пивоны шилнүүдийг шидэж эхлэхээр нь би дунд талын ширээний хажууд байсан болохоор дундаас нь 2 ширхэг пивоны хүрэн өнгийн шилийг барьж авсан. Тэгтэл Сугараа пивоны аяганы хэмжээтэй шилэн зүйлийг Батбаатар луу шидээд зүүн нүднийх нь дээд хэсэгт онож байхыг нь харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р ху/

             Гэрч С.Л “...Жаагий бид 2 бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад иртэл манай нөхрийн зүүн талын хөмсөг хавдсан байсан. Би болсон асуудлын талаар нөхрөөсөө асуухад би ямар нэгэн байдлаар хүнтэй маргалдаагүй гэж хэлсэн. Харин тухайн дуулга нэртэй диско баарны зөөгч эрэгтэй надад хэлэхдээ нөхрийн сууж байсан ширээний зэрэгцээ ширээний нэг эмэгтэй шар айргийн шил авч манай нөхөр Батбаатарын нүүр хэсэг рүү шидэж биед нь гэмтэл учруулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р ху/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 7039 дугаартай “...У.Бын биед хамар ясны зөрөөгүй хугарал, хамрын таславчын мурийлт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, нуруунд зулгаралт, дух, хацар, хамар орчмын зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо..” гэх дүгнэлт /хх- ийн 26-27-р ху/       

             Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 7- ны өдрийн 04/3020 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 46-47-р ху/

             Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн “...2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Батбаатар нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах +30 гэх бааранд үйлчлүүлж байхдаа үл таних хүнд зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Батбаатар нь Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 214.000 төгрөг болон Нийслэлийн түргэн тусламжийн ойрын дуудлагын 48.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаториор хийгдэх мэс ажилбар 27.000 нийт Эрүүл мэндийн даатгалын санд 289.000 төгрөгийн зардал гарсан байх тул яллагдагч Т.Саас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансаар төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р ху/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.С нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “+30” гэх бааранд хохирогч У.Бын нүүр лүү шилэн стакан шидэж, биед нь хамар ясны зөрөөгүй хугарал, хамрын таславчын мурийлт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, нуруунд зулгаралт, дух, хацар, хамар орчмын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч У.Бын “...2022 оны 5 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн үед өөрийн эхнэр Лхагвадулам, танил найзууд болох Сүхээ, Жаагий нартай хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байх 30+ нэртэй бааранд 0,75 литрийн соёрхол нэртэй архи уугаад сууж байсан...Тэгээд хэсэг хугацааны дараа би бүжгийн талбай руу гараад нэг эмэгтэйтэй бүжиглэж байхад цагаан эрээн плажтай Сугаржаргал гэх эмэгтэй хүрч ирээд “чи яахаараа миний салтаа руу, хөх рүү гараа хийдэг юм бэ?” гээд байсан ба би “би яахаараа тийм юм хийх юм бэ? чи хүн андуураад байгаа юм биш үү” гэж хэлээд ширээ лүүгээ явсан. Ширээний хажууд зогсож байхад тэр эмэгтэй 2 пивоны шилийг миний өөдөөс харсан ширээнээс шидсэн ба би бултаад “чи яаж байгаа юм бэ” гэж хэлчхээд байж байхад ахиад нэг том пивоны аяга миний зүүн нүдийг оночихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р ху/,  Гэрч Б.У “...тухайн өдөр би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороон байх “17” баарны зөөгчөөр ажиллаж байсан юм. Шөнө 01 цаг өнгөрч байхад 30 орчим насны урт үстэй, уранхай жинсэн өмд өмссөн сүүлд хүмүүсээс сонссоноор Сугараа гэх нэртэй эмэгтэй, найзтайгаа буюу 30 орчим насны бараан хувцастай, өсгийтэй гуталтай өөр нэг эмэгтэйн хамт баарны бүжгийн талбайд бүжиглэж байсан. Тэгээд би текнээс уух юм аваад эргээд харахад тухайн Сугараа гэх эмэгтэйг бүжиглэж байхад 185-190 см өндөртэй, онигор нүдтэй, шингэн хөмсөгтэй, Батбаатар гэх залуу түлхээд унагаасан. Тэгээд уух юм аа өөр ширээн дээр хүргэж өгөөд байж байхад Батбаатар өөрийнхөө ширээн дээр ирчихсэн Сугараа гэх эмэгтэй рүү салаавч гаргаад зогсож байсан ба нэг мэдсэн чинь Сугараа гэх эмэгтэй Батбаатарын зүг рүү бор өнгөтэй пивоны шилнүүдийг шидэж эхлэхээр нь би дунд талын ширээний хажууд байсан болохоор дундаас нь 2 ширхэг пивоны хүрэн өнгийн шилийг барьж авсан. Тэгтэл Сугараа пивоны аяганы хэмжээтэй шилэн зүйлийг Батбаатар луу шидээд зүүн нүднийх нь дээд хэсэгт онож байхыг нь харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р ху/, Гэрч С.Л “...Жаагий бид 2 бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад иртэл манай нөхрийн зүүн талын хөмсөг хавдсан байсан. Би болсон асуудлын талаар нөхрөөсөө асуухад би ямар нэгэн байдлаар хүнтэй маргалдаагүй гэж хэлсэн. Харин тухайн дуулга нэртэй диско баарны зөөгч эрэгтэй надад хэлэхдээ нөхрийн сууж байсан ширээний зэрэгцээ ширээний нэг эмэгтэй шар айргийн шил авч манай нөхөр Батбаатарын нүүр хэсэг рүү шидэж биед нь гэмтэл учруулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 7039 дугаартай  дүгнэлт /хх- ийн 26-27-р ху/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 7- ны өдрийн 04/3020 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 46-47-р ху/, Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн мэдүүлэг /хх-ийн 50-р ху/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Сын үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Т.Сын  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Т.Сыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Хохирогч У.Б нь баримтаар 130.000 төгрөг нэхэмжилснийг /хх-ийн 80/ шүүгдэгч Т.С нь төлсөн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж  үзлээ.

Харин хохирогч У.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 289.000 төгрөгийг шүүгдэгч Т.С нь төлсөн байна./хх-ийн 79/,

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж, хохирогч У.Б нь баримтаар 130.000 төгрөг нэхэмжилснийг /хх-ийн 80/ шүүгдэгч Т.С нь төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  5. Шүүгдэгч Т.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 289.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 6. Хохирогч У.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           Д