Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/993

 

 

 

 

 

 

    2022          08           05                                   2022/ШЦТ/993

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваадорж,

шүүгдэгч А.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Ц-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслах ажилтан хийдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А.Ц (РД:ай9805...).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Ц- нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Н.У-ийг “Манай амьдрал чамд хамаагүй” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн толгой, нүүрэнд нь гараар болон чулуугаар цохиж зодон эрүүл мэндэд тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал шарх, баруун тохой, зүүн хацар, зүүн нүд, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч А.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт зөндөө гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н.У-ийн: “2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өөрийн дүү Н.Д-г төрүүлэх ажлаар Улаанбаатар хотод дүүгийндээ очсон. Завхан аймгаас жаал жуул мах шөлтэй очоод эвдэх гэтэл дүүгийн найз залуу А.Ц- утсаараа тоглоод дээшээ хараад хэвтээд байсан. Би “утсаараа тоглоод хэвтэж байхаар махаа эвдчихээч, мах чинь муудлаа” гээд хэлсэн чинь “чамд ямар хамаатай юм, манайхаас зайл” гэж орилоод утсаа газар шидээд намайг ирээд зодож цохисон. Өмнө нь бол намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би зодуулсныхаа хоёр хоногийн дараа өмнө нь нүдний хагалгаанд орж байсан “Сондра” эмнэлэгт очиж үзүүлсэн. Битүү хавдартай байсан. Өмнө хийлгэсэн хагалгаанд өөрчлөлт орсон зүйл гайгүй, болор нь хөдлөөгүй, тэгэхдээ хавдар буусны дараа хараа чинь бүрэлзээд харахаа байгаад ирэх юм бол дахин хагалгаанд орно, цохисон доргилтоос болж дахин сохролт явагдана, хавдраа буусныхаа дараа ирж үзүүлээрэй” гэж хэлсэн. Миний биед учирсан гэмтлийг дүүгийн найз залуу А.Ц- гэгч зүүн нүдийг гараараа 3-4 удаа, хацар, зүүн шанаа, дух зөөлөн эдийн няцрал, шархыг гэрийнхээ гадаа чулуугаар 1 удаа цохиж учруулсан. Баруун тохойд авсан гэмтлийг намайг түлхэхэд нь унахдаа усны тэрэг рүү гараараа цохиж унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.05.25-ны өдрийн 7463 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1. Н.У-ийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, шарх, баруун тохой, зүүн хацар, зүүн нүд, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар рүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Гэрч Н.Д-гийн: “2022 оны 5 дугаар сарын 20-ны орой 17 цагийн үед санагдаж байна миний төрсөн эгч Ууганцэцэг, нөхөр Давааням, дүү Отгончимэг, түүний нөхөр Давааням нар манай гэрт ирсэн. Тухайн үед манай эгч жаахан ууртайхан орж ирээд манай нөхөр Цогтгэрэлийг мэнд ус мэдсэнгүй, намайг орж ирэхэд тоосонгүй, “чи яасан том болчихсон юм бэ” гэсэн чинь нөхөр босч ирээд “би яасан юм бэ, та нар одоо яв” гэсэн. Эгч нөхөр лүү дайраад фодволкыг нь ураад “танай ээж, аав хоёрт чинь хэлээд дүүгээ салгаж авч чадна. Танай ээж, аав хоёртой чинь уулзана” гээд хадам ээж Шүрэнчимэгтэй уулзаад “танай хүүхэд чинь намайг тоосонгүй, мэнд ус мэдсэнгүй, намайг зодох гэж байна” гээд орилоод байсан. Манай нөхөр ээжийгээ гэрт нь оруулаад гарч ирсэн чинь эгч нөхрийг бас хэлэх, хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Би энэ үед эгч, нөхөр хоёрын дундуур зогсож байхад Цогтбаяр гартаа нэг том юм авчихсан зогсож байсан. Би нөхрийгөө “яах гээд байгаа юм бэ, хэрэггүй” гээд зогсож байхад эгч “дүүгээ авч явна, чи хорт хавдартай, нарийн гэдэсний шархтай” гээд хэлчихсэн чинь нөхөр гэнэтхэн уурлаад гартаа барьсан чулуугаа хаяад баруун гараараа эгчийн дух хэсэгт цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

Шүүгдэгч А.Ц-ийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр эхнэрийн эгч Н.У- ...“намайг мэнд ус асуусангүй, чи ямар том болчихсон юм бэ” гэхээр нь би “би дуугарах албатай юм уу” гэж хэлтэл Ууганцэцэг эгч миний фудволкын гол хэсгээр нь татаад ураад “танай ээжтэй чинь уулзана, дүүгээ салгаж авна” гээд орилж хашгираад гэрээс гарсан. Тэр үед Ууганцэцэг эгч миний ээжийг хэл амаар доромжлоод байхаар нь би ээжийг гэрт нь оруулаад гараад иртэл намайг дахин хэл амаар доромжлоод байсан. Би “та боль” гээд газраас чулуу аваад “та яв” гээд айлгаж байгаад чулуугаа хаяад баруун гараараа Ууганцэцэг эгчийн духны зүүн хэсэгт гараараа нэг удаа цохисон чинь дух хэсгээс нь цус гарчихсан. Тухайн гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-36), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-43), хохирогчид хохирлын 100,000 төгрөг шилжүүлсэн баримт (хх-33), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-38-39), прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (хх-45-47) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Харин шүүгдэгч А.Ц-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-12)-ийг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.Ц- нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Н.У-ийг “Манай амьдрал чамд хамаагүй” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн нүүрэн тус газар нь гараараа болон чулуугаар цохиж зодон эрүүл мэндэд тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал шарх, баруун тохой, зүүн хацар, зүүн нүд, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, зүйлчлэлийн талаар маргахгүй. Хохирогчийн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг зөвшөөрнө. 450,000 төгрөгөөр торгож, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү. Чулуугаар цохиогүй гэдэг нь гэрч Долгорсүрэнгийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогддог...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Ц-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

Тодруулбал хохирогч Н.У- нь хадам дүү буюу шүүгдэгч А.Ц-ийн гэрт зочилж ирж “надтай мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжилсон нь гэрч Н.Д-гийн “...Тухайн үед манай эгч жаахан ууртайхан орж ирээд нөхөр Цогтгэрэлийг “мэнд ус мэдсэнгүй, орж ирэхэд тоосонгүй, “чи яасан том болчихсон юм бэ” гэсэн чинь нөхөр босч ирээд “би яасан юм бэ, та нар одоо яв” гэсэн чинь эгч нөхөр лүү дайраад фодволкыг нь ураад...” гэх мэдүүлэг (хх-8-9)-ээр, мөн шүүгдэгч А.Ц- нь урьд өмнө ямар нэг байдлаар хохирогч Н.У-тэй маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй нь хохирогч Н.У-ийн “...Өмнө нь бол намайг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч А.Ц- гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн ямар нэг нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн үед үүссэн маргаанаас үүдэж хамтран амьдардаггүй хадам эгч буюу хохирогчийн эрх, эрх чөлөөнд халджээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Ц- нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед ... тоотод байрлах гэртээ хохирогч Н.У-ийг “Манай амьдрал чамд хамаагүй” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн толгой, нүүрэнд гараар болон чулуугаар цохиж зодон эрүүл мэндэд тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал шарх, баруун тохой, зүүн хацар, зүүн нүд, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Н.У-ийн “...А.Ц- зүүн нүдийг гараараа 3-4 удаа цохисон, хацар, зүүн шанаа, дух зөөлөн эдийн няцрал, шархыг гэрийнхээ гадаа чулуугаар 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-29-30), шүүх эмнэлгийн 7463 дугаар “1. Н.У-ийн биед тархи доргилт, зөөлөн эдийн няцрал, шарх, баруун тохой зүүн хацар, зүүн нүд, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар рүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-19-20), гэрч Н.Д-гийн “...нөхөр гэнэтхэн уурлаад гартаа барьсан чулуугаа хаяад баруун гараараа эгчийн дух хэсэгт цохиод авсан юм...” гэх мэдүүлэг (хх-8-9), шүүгдэгч А.Ц-ийн “...Ууганцэцэг эгчийн духны зүүн хэсэгт гараараа нэг удаа цохиод авсан чинь дух хэсгээс нь цус гарчихсан...” гэх мэдүүлэг (хх-52-53) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Ц-ийн хохирогч Н.У-ийг “манай амьдрал чамд хамаагүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн толгой, нүүрэнд гараар, чулуугаар цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “Толгой руу чулуугаар цохиогүй, гараараа цохисон” гэж мэтгэлцсэн боловч хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7463 дугаар шинжилгээний хэсэг газрын үзлэгт: “Толгойн зүүн тал, духны зүүн дээд хэсэгт тэмтрэхэд хонхойсон, хонхойсон хэсгээс доош 5.0х6.0 см хэмжээтэй хэсэгт хавдаж овойсон, эмзэглэл ихтэй, хавдсан хэсгийн дунд хэсэгт 0.2х0.1 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн зах ирмэг тэгш бус шархтай. Дүгнэлтэд ...2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх шинжилгээ (хх-19-20), хохирогчийн “...Утсаа газар шидээд намайг зодож цохисон. Гараараа 3-4 удаа цохисон, чулуугаар 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-30) зэргээр шүүгдэгч А.Ц- нь хохирогчийн эрх, эрх чөлөөнд гараар, чулуугаар цохиж гэмтэл учруулсан нь хангалттай нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 100,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Гомдолтой, цаашид эмчилгээ хийлгэнэ” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хадам эгчтэйгээ маргалдан хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж, толгой, нүүрэнд гараар болон чулуугаар цохин гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд баримтгүйгээр 100,000 төлөгдсөн, хохирогч “Гомдолтой, цаашид эмчилгээ хийлгэнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувиараа барилгын туслах хийдэг гэх, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлого олдог гэх)-ийг харгалзан шүүгдэгч А.Ц- 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ц- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Ц-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч А.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-ийг 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ц- цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Н.У- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР