Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/992

 

 

              

 

 

 

хан амарсан уу

     2022         08           05                                     2022/ШЦТ/992

 

-                           

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч М.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.П-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 33 дугаар гудамж, 3 тоотод оршин суух,

урьд ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эдлээгүй үлдсэн 03 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоогдсон, М.П (РД:ВЛ9806...).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.П- согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Өнөр” зочид буудлын баруун талын зогсоол дээр байрлуулсан хохирогч Д.Б-ийн эзэмшлийн 40-04 УБМ улсын дугаартай “Тоёота Хариэр” маркын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч М.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээж, гэмшиж байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Үнэхээр миний буруу, дахиж хэрэг хийхгүй. Үнэн сэтгэлээсээ уучлалт гуйж байна” гэв.

 

Эрүүгийн 2208000001197 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Б-ийн: “Өнөр” зочид буудлын баруун талд байрлах зогсоол дээр өөрийн эзэмшлийн ... УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед байрлуулаад хоносон. 2022 оны 6 дугаар сарын 04-ний 22 цаг өнгөрч байхад машины түлхүүрийг дотор нь үлдээчхээд дэлгүүр орчихоод гараад иртэл машин байхгүй байсан. Тэгээд цагдаад гомдол гаргасан. Би машинаа бүрэн бүтэн хүлээж авсан, дотор нь байсан эд зүйл алдагдаагүй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022.06.07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний Ц-968 дугаар тайланд: “Toyota harrier авто машин 34,000,000 төгрөгөөр үнэлэв” гэжээ (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

Гэрч Г.А-ийн: 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр манай найз залуу Пүрэврагчаа бид хоёр ...18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, буудлын өрөөнд пиво хувааж уусан. Би согтоод 23 цагийн үед унтаад өгсөн. Тэгээд шөнийн 03 цагийн үед сэрсэн чинь манай найз залуу Пүрэврагчаа байхгүй байсан. Өглөө 08 цагт хүний утсаар ярьж цагдаа дээр хүрээд ир гэхээр нь ирсэн чинь манай найз залуу согтуудаа хүний машины унаад явчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

Шүүгдэгч М.П-гийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн өдрөө найз охин Г.Анхмаатай тэмдэглэж зочид буудалд орсон. 3 ширхэг том пиво хувааж уусан. Хөзөр авахаар дэлгүүр гартал буудлын хажууд хар өнгийн Харриер маркын автомашин зогсож байсан. Арын суудал дээр нэг эрэгтэй 30 гаран насны хүн архи уугаад сууж байсан. Тухайн машины бүх цонх онгорхой байсан. Шатны хажууд хүмүүс архи ууж байсан, тэр машинд сууж байсан хүнээс ус авч ууж байсан. Тухайн үед би уг машиныг хараад их гоё машин байна, нэг удаа унаад үзчих юм сан гэж бодож байсан. Хөзөр авч буцаж ороод үлдэгдэл пивоо ууж хөзөр тоглож байгаад найз охин Анхмаа унтлаа гээд унтчихсан. Анхмааг унтсаны дараа буудлын өрөөнөөс 22 цаг 30 минутын үед пиво авах гээд гартал нөгөө Харриер маркын автомашины шилнүүд онгорхой, хүн байхгүй байхаар хаалгыг нь татаж үзсэн чинь түлхүүр нь дотроо байсан. Тэгэхээр нь би машиныг унаж үзмээр санагдаад өөрийн хүсэлдээ автаад унаж яваад буцаад хорооллын эх нялхсын уулзвар хүрчхээд буцаад ирж байтал цагдаа нар зогсоогоод бичиг баримтгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд авч явсан. Зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг нь унаж явсан үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-3), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-6), М.П-аг саатуулсан талаарх илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хх-28-31),  шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-77), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-48), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-51-61), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.20-ны өдрийн 737 дугаар шийтгэвэр (хх-62-63), АСАП сангийн лавлагаа (хх-67-70), Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хх-81), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-84), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-85), дансны хуулга (хх-86-89), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-93, 94), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” тогтоол (хх-95-96), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-97-98), зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.П- согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Өнөр” зочид буудлын баруун талын зогсоол дээр байрлуулсан хохирогч Д.Б-ийн 40-04 УБМ улсын дугаартай “Тоёота Хариэр” маркын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Б-ийн “...машиныхаа түлхүүрийг дотор нь үлдээчхээд дэлгүүр ороод гараад иртэл машин байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-14-15), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн “...Тоёота Харриэр авто машин 34,000,000 төгрөг” гэх тайлан (хх-34-35), шүүгдэгч М.П-гийн “...Пиво уусан. Харриер маркын автомашины шилнүүд онгорхой, хүн байхгүй байхаар хаалгыг нь татаж үзсэн чинь түлхүүр нь дотроо байсан. Тэгэхээр нь би тэр машиныг унаж үзмээр санагдаад өөрийн хүсэлдээ автаад унаж яваад буцаад хорооллын эх нялхсын уулзвар хүрчхээд буцаад ирж байтал цагдаа нар зогсоогоод...” гэх мэдүүлэг (хх-45), зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.П-н хохирогч Д.Б-ийн эзэмшлийн 40-04 УБМ улсын дугаартай “Тоёота Харриэр” маркын тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүйгээр авч явсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-д 34,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-15, 93)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М.П- нь 2022 оны 6 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр зочид буудпын баруун талд байрлах зогсоол дээр байрлуулсан хохирогч Д.Б-ийн 40-04 УБМ улсын дугаартай “Тоёота Хариар” маркийн автомашиныг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилтай, ял шийтгэл эдэлж байгаагүйг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Үнэн сэтгэлээсээ уучлалт гуйж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч М.П- “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ, тээврийн хэрэгслийн зогсоол дээр машинаа онгорхой орхисон, түлхүүрээ машиндаа үлдээсэн байхад нь хохирогчийн зөвшөөрөлгүй авч яван өмчлөх эрхэд нь халдсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 34,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол биет байдлаар бүрэн төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, гэр бүлийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.П-гийн 2022.08.01-ний өдрөөс 2022.08.05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцон, 60,000 төгрөгийг хасч, түүний эдлэх торгох ялын хэмжээг 540,000 төгрөгөөр тогтоолоо.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.П- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-н цагдан хоригдсон 4 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож 60,000 (жаран мянга) төгрөгийг хасч, түүний эдлэх торгох ялын хэмжээг 540,000 (таван зуун дөчин мянга) төгрөгөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-г 540,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.П- бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР