Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/986

 

 

      

хан амарсан уу

 

 

 

 

 

    2022          08          02                                      2022/ШЦТ/986

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Э.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Ц-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Э.Ц (РД:ЦД8303...).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Ц- нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудал дээр хохирогч Ц.Б-тай маргалдан “нүүр маажлаа” гэх шалтгаанаар эрүүнд цохиж доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх, доод үүдэн голын 2 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй. Хохирогчид 1 сая төгрөг өгсөн. Дахиж ийм алдаа гаргахгүй” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.Б-гийн: “...17 цагийн үед Мягмаржаргал ажил тараад уулзахаар тохироод Саппорогийн замын урд талд байдаг “ТНТ” гэх газарт сууж байгаад бид хоёр харихаар болоод Ш.М нөхрийгөө дуудсан. Тухайн газраас гараад Саппорогийн хойд автобусны буудал дээр зогсож байхад нөхөр нь ирээд Мягмаржаргалыг авч явна гээд муудалцаад эхнэрийгээ доромжлоод суулгах гээд цүнхний оосрыг тасдаад эхнэр рүүгээ дайраад байхаар нь би өмөөрөөд тэр хоёрыг салгах гээд нөхрийг нь түлхсэн чинь миний эрүү рүү цохисон. Би цагдаад дуудлага өгтөл нөхөр нь зугтаагаад явсан. Миний биед гэмтэл учирсан тул гомдол санал байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.15-ны өдрийн 8483 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.Б-гийн биед доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх, доод үүдэн голын 2 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна” гэжээ (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

Гэрч Ш.М-н: “2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр найз Баярмаагийн хамт “ТНТ” гэх газар сууж байгаад 03 цагийн үед гарахаар болоод нөхрөө дуудсан. Тэр үед нөхөр, Батсайхан гэх найзтайгаа ирсэн. Нөхрийн найз Батсайханыг нөхөр авч яваад гэх шалтгаанаар загнасан. Нөхөр найз Батсайханаа өмөөрөөд надтай хэрэлдээд муудалцсан. Баярмаа намайг өмөөрөөд нөхөр Цэрэнтогтохын нүүрийг маажсан. Цэрэнтогтох миний цүнхнээс татаад оосрыг нь тасалсан. Баярмаагийн нүүр рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-36), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-35), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-37), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-38), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-39), дансны хуулга (хх-40-69), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-77, 78), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-81), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-82) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Ц- нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудал дээр хохирогч Ц.Б-тай маргалдан “нүүр маажлаа” гэх шалтгаанаар эрүүнд цохиж, эрүүл мэндэд нь доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх, доод үүдэн голын 2 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ц.Б-гийн “...би өмөөрөөд тэр хоёрыг салгах гээд нөхрийг нь түлхсэн чинь миний эрүү рүү цохисон...” гэх мэдүүлэг (хх-7-8), шүүх эмнэлгийн 8483 дугаар “1.Ц.Б-гийн биед доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх, доод үүдэн голын 2 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-18-19), гэрч Ш.Мягмарсүрэнгийн “...Баярмаа намайг өмөөрөөд нөхрийн нүүрийг маажсан. Тухайн үед Цэрэнтогтох Баярмаагийн нүүр рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-11-12) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Ц-ын хохирогч Ц.Б-тай маргалдан “нүүр маажлаа” гэх шалтгаанаар эрүүнд гараараа нэг удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 1,000,000 төгрөг төлөгдсөн гэх, хохирогчийн “Хохирол бүрэн барагдсан тул гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-77)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Ц- нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудал дээр Ц.Б-тай маргалдан нүүрэнд маажлаа гэх шалтгаанаар эрүүн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь доод уруулд зөөлен эдийн няцрал, уруулын салстад шарх доод үүдэн голын 2 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Э.Ц- нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч хохирогчтой маргалдан “нүүр маажлаа” гэх шалтгаанаар эрүүнд гараараа нэг удаа цохиж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 1,000,000 төгрөг төлөгдсөн гэх, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа ногоо тариалдаг гэх, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ц- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ыг 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ц- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР