Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/984

 

 

 

 

 

 

     2022         08          02                                    2022/ШЦТ/984

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч А.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.С-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, А.С (РД:чр8201...).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.С- согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 181 тоотод байрлах гэртээ хохирогч Д.М-тай маргалдаж газарт унагаан өшиглөж, цохин эрүүл мэндэд нь “хоёр зовхи, цээж, баруун бугалга, сарвуунд цус хуралт, баруун санчиг, хацар, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч А.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэмшиж байгаа болохоор шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хувийн бригадаар барилгын ажил хийдэг. Өдрийн 70,000 төгрөгийн цалин авдаг. Дахиж хэрэг төвөгт оролцохгүй. Ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.М-ын: “2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 181 тоотод найз А.С-, Б.Д нартай архи уусан. Агсраад манай өмнөх эхнэрийн талаар яриад бид хоёр маргалдсан. А.С- намайг газар унагаад дээрээс өшиглөсөн, цохисон. Б.Д- нөхрөө салгаж авсан. Би эмнэлгийн байгууллагад огт үзүүлээгүй, надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.12.23-ны өдрийн 700 дугаартай шинжилгээний дүгнэлтэд “1. Д.М-ын биед хоёр зовхи, цээж, баруун бугалга, сарвуунд цус хуралт, баруун санчиг, хацар, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн, олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоов. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

Гэрч Б.Д-гийн: “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байхад найз Д.М- ирээд бид гурав 0.75 литрийн архи ууж байгаад Д.М-ын талийгаач эхнэр Оюунгэрэлийн талаар Сайханбаатар, Мөнхбаяр нар яриад уйлж унжаад маргалдаад Сайханбаатар Мөнхбаярыг газар унагаад гар, хөлөөрөө цохисон, би салгасан. Тэр хоёр ахин юм ярьж байгаад нэмж уугаад амарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

Шүүгдэгч А.С-ын яллагдагчаар өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт Д.М-, Б.Д- бид архи ууж байгаад би Мөнхбаяртай маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Би Д.М-тай сүүлд уулзаж уучлалт гуйсан. Надад ямар нэгэн гомдол, саналгүй гэсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-27), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-24), Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хх-25), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хх-32), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-30), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-36) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.С- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 181 тоотод Д.М-тай маргалдаж улмаар газарт унагаан хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь “хоёр зовхи, цээж, баруун бугалга, сарвуунд цус хуралт, баруун санчиг, хацар, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Ялыг зөвшөөрч байна. Дахиж хэрэг төвөгт оролцохгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.С- согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамж, 181 тоотод байрлах гэртээ хохирогч Д.М-тай маргалдаж газарт унагаан өшиглөх, гараар цохиж эрүүл мэндэд нь “хоёр зовхи, цээж, баруун бугалга, сарвуунд цус хуралт, баруун санчиг, хацар, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.М-ын “...бид нар архи уусан. ...маргалдаад Сайханбаатар намайг газар унагаад дээрээс өшиглөсөн, гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хх-12), шүүх эмнэлгийн 700 дугаар “1. Д.М-ын биед хоёр зовхи, цээж, баруун бугалга, сарвуунд цус хуралт, баруун санчиг, хацар, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоов...” гэх шинжилгээ (хх-20-21), гэрч Б.Д-гийн “...Бид нар архи уусан. Сайханбаатар Мөнхбаяр нар хоорондоо яриад уйлж унжаад маргалдаад Сайханбаатар Мөнхбаярыг газар унагаад гар, хөлөөрөө цохисон би салгасан...” гэх мэдүүлэг (хх-18), шүүгдэгч А.С-ын яллагдагчаар өгсөн “...би Мөнхбаяртай маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хх-58) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.С-ын согтуурсан үедээ хохирогч Д.М-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж газарт унагаан өшиглөж, гараар цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-12)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогчийн эрх, эрх чөлөөнд газарт унагаан олон удаагийн өшиглөх, гараараа цохих үйлдлээр халдаж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тодорхой хөдөлмөр эрхэлж, орлого олдог гэх, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа барилгын ажил эрхэлдэг, тодорхой орлого /өдрийн 70,000 төгрөгийн цалинтай/ олдог гэх)-ийг харгалзан шүүгдэгч А.С-ыг 700,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.С- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ыг 700,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.С- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР