Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/982

 

 

 

 

 

 

 

 

 

     2022         08           02                                     2022/ШЦТ/982

 

-                           

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Э.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.А-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Цайз 16”-ын урд Вьетнам засварт ажилладаг гэх, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эцэг, ах, дүү нарын хамт ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Э.А- (РД:фа0124...).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.А- нь ... тоотод байрлах хохирогч Э.У-ы хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч “Самсунг А21” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өглөө гэр лүү нь орсон. Хүнгүй байхаар нь утсыг аваад явсан. Хархорин зах орж утсыг зараад РС тоглосон. Э.У- “утас авчраад өгчих” гэж чат бичсэн. Утас зарсан газраа очоод авах гээд чадаагүй. Хохирогчид бэлэн 480,000 төгрөг өгсөн. Үнэхээр их уучлаарай, би буруутай. Гэм буруугаа хүлээж байна. Эхнэр жирэмсэн, 2 дүүг минь байгааг харгалзан үзнэ үү” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Э.У-ы: “2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед өөрийн гэр ...задгай тоотод байх монгол гэр дотроос өөрийн эзэмшлийн “А21 эс” загварын цэнхэр өнгөтэй гар утсаа цэнэглэж үлдээчихээд урд талд байх эгч Сумьяагийн гэрт орчихоод гараад ирэх хооронд урьд өмнө нь манай гэрт амьдардаг байсан нөхрийн найзын дүү Амартулга авч явсан байсан. Амартулгын фэйсбүүк чатаар холбогдож “гар утсаа авъя” гэхэд “200,000 төгрөгөөр зарсан, одоо аваачиж өгч чадахгүй” гээд уурлаад байсан. 3 хоногийн дараа чиний утасны мөнгийг өгнө гэж хэлсэн. Энэ явдлаас хойш Амартулга надтай уулзахгүй зугтаад байгаа учир цагдаад өргөдөл өгсөн. Хохирлоо авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021.09.15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 982 дугаар тайланд: “Самсунг А21” маркын гар утас 1 ширхэг 480,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

Гэрч Т.П-ын: “...манай гэрээс гар утас алга болсон, ямар хүн орсон талаар мэдэхийн тулд манай дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзмээр байна гэж хэлсэн. Ямар ч байсан цагаан өнгийн хувцастай хүн орж байгаа бичлэг байсан. Э.У- утсан дээрээ бичиж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-32-34), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-51), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-60), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-52), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-57), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-59) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогчийн бичсэн гэх 1 хуудас хүсэлтийг тус тус уншиж шинжлэн судлав.

Харин шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч Э.У-ы бичсэн гэх гар бичвэрийг шүүх хэрэгт авагдсан хохирогчийн 2021.09.09-ний өдөр цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийн бичвэр, мөн хохирогчоор тогтоох тогтоол, хохирогчид эрх, үүрэг тайлбарласан баримт, хохирогчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дахь тал) зэрэгт зурагдсан түүний гарын үсгийн хэв маягтай энгийн нүдээр харахад бүрэн дүүрэн тохирохгүй байна гэж үзээд шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.А- нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ... тоотод оршин суух хохирогч Э.У-ы хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч “Самсунг А21” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар, анхнаасаа хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирол төлсөн гэх баримтгүй байх тул 480,000 төгрөгийг төлөөгүй гэж үзэж байна. Иймд уг мөнгийг гаргуулж хохирогчид олгох саналтай...” гэж,

шүүгдэгч “Уг нь 480,000 төгрөгийг 2 хувааж бэлнээр өгсөн. Үнэхээр их уучлаарай, би буруутай. Эхнэр жирэмсэн байгааг харгалзаж үзнэ үү” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.А- нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овооны 39 дүгээр гудамжны задгай тоотод байрлах хохирогч Э.У-ы хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч “Самсунг А21” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 480,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Э.У-ы “...нөхрийн найзын дүү Амартулга авч явсан байсан. Амартулгын фэйсбүүк чатаар холбогдож “гар утсаа авъя” гэхэд 200,000 төгрөгөөр зарсан гэсэн...” гэх мэдүүлэг (хх-16-17), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 982 дугаар “Самсунг А21” маркын гар утас 1 ширхэг 480,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан (хх-36-37), гэрч Т.П-ын “...Ямар ч байсан цагаан өнгийн хувцастай хүн орж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг (хх-19-20), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-32-34) зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Амартулгын хохирогч Э.У-ы хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж “Самсунг А21” маркын гар утсыг хулгайлан авч 480,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Э.А- нь хохирогчийн гэрт тодорхой хугацаанд амьдарч байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогчийн эзгүйд, гэр нь онгорхой байхад зөвшөөрөлгүйгээр орж эд зүйлийг авсан үйлдлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзнэ.    

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.У-д 480,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохиролд 480,000 төгрөг төлөгдсөн гэх, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Хохирлоо авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж,

шүүгдэгч “Эхнэр жирэмсэн, 2 дүүг минь бодож намайг битгий тийшээ оруулаач гэж гуйж байна. Гэм буруугаа хүлээж байгаа, уучлаарай гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хохирогчийн амьдардаг монгол гэрийг эзгүй, онгорхой байхад нь зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж цэнэглээд орхисон байсан гар утсыг бусдын өмчлөлийн эд хөрөнгө болохыг мэдсээр байж, шунахай зорилгоор, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 480,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохиролд 480,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилтай гэх, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй буюу 1 (нэг) жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад элүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.А-ыг 1 (нэг) жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР