Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2021/0484/З |
Дугаар | 221/МА2024/0158 |
Огноо | 2024-03-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2024/0158
2022 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 221/МА2022/0000 | Улаанбаатар хот |
“МФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Н.А нар;
Нэхэмжлэгч: “МФ” ХХК
Хариуцагч: СХДЗД
Гуравдагч этгээд: Б.Н , Х.О, Ц.Т нар;
Нэхэмжлэлийн шаардлага: “СХДЗД-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “МФ” ХХК-д холбогдох хэсгийг, мөн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/392 дугаар захирамжийн Ц.Т, Б.Н нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “МФ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0917 дугаар шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Н.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,
Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Л.О нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2021/0484/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “МФ” ХХК-аас СХДЗД д холбогдуулан “СХДЗД-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “МФ” ХХК-д холбогдох хэсгийг, мөн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/392 дугаар захирамжийн Ц.Т, Б.Н нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “МФ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 917 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2-д заасныг баримтлан “МФ” ХХК-аас СХДЗД д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Н.А нараас давж заалдах гомдолдоо:
3.1. ... 1. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, ач холбогдол бүхий нотлох баримтыг огт үнэлээгүй талаар: Нэхэмжлэгч нь өөрийн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр холбогдох баримтуудын хамт Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргаж, Газар зохион байгуулалтын албатай газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг хүсэлтийг гаргаснаас хойш хариуцагч нь хүсэлтийг хуульд заасан хугацаанд огт шийдвэрлээгүй явсан. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээг дүгнэх актыг үйлдэж “МФ” ХХК-ийг газрын төлбөр төлдөг газар дээрээ хашаатай буюу гэрээний зөрчилгүй байгаа талаар дүгнэсэн. Энэ нь захиргааны байгууллага “МФ” ХХК-ийг газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ зөрчил гаргаж байгаагүй гэж дүгнэсэн. Гэвч 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хугацаа сунгуулах хүсэлт гаргаснаас хойш хуанлийн 1 жил 4 сар 24 хоногийн дараа буюу Газрын тухай хуулийн 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна.” гэж заасныг зөрчиж гэрчилгээний хугацааг сунгаагүй эс үйлдэхүй гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
3.1.1. Мөн “МФ” ХХК-д СХДЗД-ын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/208 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай олгож, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байдаг. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасан буюу газар эзэмших эрх эрхийн гэрчилгээ олгогдсоноос хойш хэрэгжихээр заасан байхад шийдвэрийн 3.3-т “МФ” ХХК-ийн газар эзэмших эрх... 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 5 жилийн хугацаатай олгогдсон тул 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хэрэгжихээр байна” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг буруу тодорхойлж, хугацаандаа хүсэлт гаргаагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Уг маргааныг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр анхлан шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Давж заалдах шатны шүүхийн магадлал тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсаныг тодруулах шаардлагатай гэж үзсэн тул Нийслэл болон Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нотлох баримтаар гаргуулсан. Уг төлөвлөгөөнд тухайн газрын зориулалтыг өөрчлөөгүй буюу аж ахуйн зориулалттай хэвээр байхад гуравдагч этгээд Ц.Т, Б.Н нарт гэр бүлийн хэрэгцээнд буюу төлөвлөгөөнд туссанаас өөр зориулалтаар газар олгосон байгаа баримтыг огт үнэлэлгүй шийдвэрлэсэн.
3.2. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Хавтаст хэрэгт авагдсан тухайн газрын сансрын зургаас үзвэл “МФ” ХХК-ийн газар эзэмшиж байх хугацаанд буюу 2014-2019 онуудад гуравдагч этгээдүүд уг газарт амьдарч үйл ажиллагаа явуулж байсан нь харагддаг ба гуравдагч этгээдүүд нь шүүхэд гаргасан тайлбартаа үүнийг хүлээн зөвшөөрдөг. Мөн гуравдагч этгээдүүдээс дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлтүүдэд “МФ” ХХК-ийг газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр очиход эсэргүүцэж, өөрсдөө хашаа хатгасан талаар дурдсан нотлох баримт хэрэгт авагдсан. Газрын тухай хуулийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасан тул гуравдагч этгээдүүд нь хууль бусаар газар эзэмшиж байсан. Энэ нэхэмжлэгч нь тухайн газрыг бодитоор эзэмшиж, ашиглахад гуравдагч этгээдүүдийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэдгийг анхаарч үзэлгүй Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэж илт үндэслэлгүй шийдвэрлэсэн. Уг тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.” гэж тайлбарласан буюу нэхэмжлэгч нь гуравдагч этгээдүүдийн хууль бус үйлдлээс шалтгаалан газраа эзэмшиж чадаагүй үйл баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүй буюу газар дээрээ хашаа бариагүй үндэслэлээр буруу дүгнэн шийдвэрлэсэн.
3.3. Хариуцагчийн хууль бус эс үйлдэхгүйг буруу дүгнэсэн талаар: Шүүх хариуцагчийн Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхгүйд огт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн. Тухайлбал захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан 24, 25, 26-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоо, баримт цуглуулах, оролцогчийг сонсох зэрэг ажиллагааг огт хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж захиргааны байгууллагын үүргийг тодорхой хуульчилсан байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг газраа 2 жил дарааллан ашиглаагүй гэж үзэхдээ газраа эзэмшихэд ямар нэгэн бусдын хууль бус нөлөөлөл байсан эсэхийг нарийвчлан тогтоож, үүнээс шалтгаалан газраа эзэмших боломжгүй байсан талаар ач холбогдол бүхийн нөхцөл байдлыг харгалзаж шийдвэр гарах ёстой байсан. Мөн актыг гаргахдаа нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, баримтыг огт харгалзалгүй шийдвэрлэсэн. Хэрэв нэхэмжлэгчийн бодит байдлыг тодорхойлох боломж байсан бөгөөд акт гаргах үндэслэл бүрдэхгүй байсан гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэгчийг 2 жил дарааллан газраа ашиглаагүй гэж үзэж байгаа. Гэтэл захиргааны актыг гаргахдаа хуанлийн хэднээс хэдний хооронд 2 жил дараалан гэж үзэж байгаа нь огт тодорхойгүй. Энэ хугацааг нарийн тогтоож байж тухайн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой байсан гэж үзэж байна.
3.3.1. Гуравдагч этгээдүүдийн хууль бусаар газар эзэмшиж байгаа талаар нэхэмжлэгч нь амаар мэдэгдэж, арга хэмжээ авхуулахаар хандаж байсан ч дүүргийн газар зохион байгуулалтын алба нь огт арга хэмжээ авалгүй, нэхэмжлэгчээс хариуцагчид гаргасан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гуравдагч этгээдүүдийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой гомдол /хх-ийн 88 дугаар хуудас/-ыг хянан шийдвэрлээгүй өнгөрөөсөн тул Газрын тухай хуулийн 57.3-т “зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Үүнийг анхан шатны шүүх огт дүгнээгүй.
3.3.2. Газар эзэмших эрхийг цуцалсны дараа нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, улмаар 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/392 дугаар захирамжаар гуравдагч этгээд нарт маргаан бүхий уг газрыг эзэмшүүлсэн. Энэ нь Газрын тухай хуулийн 40.5-т "Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж заасныг ноцтой зөрчиж, маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлсэн.
3.3.3. Иймээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах нөхцөл бүрдсэн, маргаан бүхий газрыг гуравдагч этгээдүүдэд хууль зөрчиж эзэмшүүлсэн зэрэг үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0917 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, СХДЗД-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “МФ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “МФ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох; Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах; СХДЗД-ын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/392 дугаар захирамжийн Ц.Т, Б.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагуудыг тус тус хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэг. Маргаан бүхий газартай холбоотой үйл баримтын талаар;
Хоёр.Маргаан бүхий актын талаар,
5. СХДЗД 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/03 дугаар захирамжаар “...Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг баримтлан “Газрын төлбөрийг хугацаанд бүрэн төлөөгүй, газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн, тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “МФ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал,
5.1. Маргаан бүхий захиргааны актад дурдсан “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” нь хэний буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч газраа эзэмшиж чадаагүй болох, бусад этгээдийн нөлөөлөл байсан эсэхийг хариуцагч нягталж шалгаагүйн дээр хууль ёсоор газар эзэмших эрх үүссэн газар эзэмшигчийг газар эзэмших, ашиглах боломжоор хангаагүй болох нь нэхэмжлэгч “МФ” ХХК-ийн дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандсан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн болон 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хүсэлт /1-р хх-88 тал/, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар, гуравдагч этгээдүүдийн газрын албанд хандсан өргөдлүүд, шүүхээс газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /2-р хх-64-72 тал/, гэрч Д.Б-ын мэдүүлэг /2-р хх-106/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
5.2. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд “бусдын хууль бус үйлдэл саад” болсон, газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байхад хариуцагчаас уг нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.
5.3. Мөн хариуцагч Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр ...эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол ...дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол ...дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй атлаа маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшигч нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй.
5.4. Хэрэгт авагдсан 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 620140372 дугаар “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-аар /1-р хх-11 тал/ нэхэмжлэгч “МФ” ХХК нэгж талбарын 18627308157656 дугаартай газрын төлбөрийн тооцоо 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй үлдэгдэл 0 буюу 1 037 120 төгрөгийн төлбөрөө бүрэн төлсөн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
5.5. Мөн хариуцагч шийдвэртээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “газрын хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгч “МФ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх боловч энэ нь Газрын хууль тогтоомж болон гэрээнд заасан чухам ямар зөрчил гаргасан болох, уг зөрчлийг удаа дараа гаргасан эсэх эрх бүхий ямар байгууллагын дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон болох, хууль болон гэрээний заалтын “ноцтой зөрчсөн” зөрчил гаргасныг тодорхой тогтоогоогүй атлаа хуулийн энэ заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
5.6. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, СХДЗД 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар захирамжаар нэхэмжлэгч “МФ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгджээ.
6. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг 2019 оны 8 дугаар сарын 13, 2020 оны 07 дугаар сарын 31, мөн оны 12 дугаар сарын 09, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрүүдийн албан бичгээр удаа дараа хариуцагчид гаргаж байсан /1-р хх-71-72, 78, 87 тал/ байх бөгөөд хариуцагчаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №7543 албан бичгээр “...газрын гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай дүгнэлт гарсан... тайлбар, санал, нотлох баримт ирүүлэх тохиолдолд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус албанд ирүүлнэ үү” гэж /1-р хх-73 тал/, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №17/02 албан бичгээр “... эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авч танилцлаа... Танай хүсэлтийг ... хурлаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна” гэсэн /1-р хх-77 тал/ хариу өгсөн нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “...Дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана” гэсэнтэй нийцэхгүй, газар эзэмшигчийг гэрээний дагуу газар эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж шалгалгүйгээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
7. Мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хариуцагч хүлээн авсан байх боловч хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан болох нь бичиг баримтын үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Дөрөв. Гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийн талаар;
8. Монгол улсын иргэний үнэмлэхийн хаягаар,
-Иргэн Ц.Т нь 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлээр Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, Өнөр хороолол, 3 байр, 305 тоот хаягт,
-иргэн Б.Н /гэр бүлийн хүн Ч.О/ нь 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлээр Ховд аймаг, Жаргалант, 9-р баг, Рашаант 14 гудамж, 2 тоот хаягт бүртгэгдэж, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шилжин ирсэн тухай тодорхойлолтоор Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Хайрхан 10 гудамж, 245 тоотод бүртгэлд өөрчлөлт орсон байна. /1-р хх-227-229 ар тал нь/
9. Үүнээс үзвэл, гуравдагч этгээд нар нь тухайн маргаан бүхий газар буюу нутаг дэвсгэрт иргэний байнга оршин суугаа хаягийн бүртгэлгүй, 2016 онд шилжин суурьших бүртгэл хийгдсэн атлаа бусдын хууль ёсоор эзэмших байгаа газрыг дур мэдэн хашаалж, газар эзэмших эрхэд нь халдсан үйл баримт хэргийн оролцогчдын тайлбар, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргасан он, сар, өдөргүй Х.О, Б.Н , Ц.Т-ын нарын гарын үсэгтэй өргөдөл /1-р хх-83 тал/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №1/1528 албан бичгээр ирүүлсэн кадастрын зурган мэдээллийг сансрын зурагтай давхцуулсан зураг зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар тус тус тогтоогдож байна.
10. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрыг хашаалж эзэмшилдээ авч амьдарснаараа уг газрыг гуравдагч этгээд нарт эзэмшүүлэх үндэслэл болохгүй юм.
11. Гуравдагч этгээд нар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн, үүнийг хариуцагч шийдвэр гаргахдаа нягтлаагүй байна.
12. Мөн хариуцагч, гуравдагч этгээд нарын газар эзэмших тухай хүсэлт, шаардлага хангаагүй бүрдэл дутуу баримтыг нягтлах үүргээ хэрэгжүүлээгүй нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн... газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа”, 32.5.-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг ...дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэсэнтэй нийцэхгүй бөгөөд хариуцагч нь баримт бичгийн бүрдэл дутуу, хүсэлтийг хүлээн авсан байна.
13. Түүнчлэн, хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/03 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх бөгөөд уг тогтоолд “Хоёр. Газар зохион байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, 2.1. Эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээ” гэсэн хэсэгт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны хэд хэдэн байршилд иргэдийн “иргэний ахуйн“ гэх зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоосон байна. /3-р хх-80-87 тал/
14. Харин энэхүү тогтоолд гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газар, байршил багтаагүй бөгөөд нэхэмжлэгч “МФ” ХХК-ийн эзэмшилд байсан Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, 22 дугаар товчооны цаана байрлах 1400 м.кв талбайтай “үйлдвэрлэлийн зориулалт”-ыг “иргэний ахуйн” гэж болгон өөрчлөгдөж батлагдаагүй байна.
15. Үүнээс үзвэл, гуравдагч этгээд нарын газар эзэмшихийг хүссэн газар нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/03 дугаар тогтоолоор батлагдсан тус дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж батлагдаагүй байхад тэдгээрийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргасан өргөдлийг үндэслэн Ц.Т, Б.Н нарт СХДЗД 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Иргэнд газар эзэмшүүлэх тухай” А/392 захирамжаар байршил “32 хороо Хайрхан”, зориулалт “Иргэний ахуйн” газрын хэмжээ тус бүр 700 м.кв, хугацаа 15 жил, баталгаажих үндэслэл “2021 оны ГЗБТ-нд тусгагдсан” гэсэн үндэслэлээр эзэмшүүлэхээр шийдвэрлэж, “гэр, орон сууцны хашааны газар” зориулалтаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газар нь байршил нь ...дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон ...эзэмшүүлэх шийдвэрийг ...дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ... тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухай шатны Засаг дарга гаргана” гэснийг хариуцагч зөрчжээ.
16. СХДЗД 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар захирамжаар нэхэмжлэгч “МФ” ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, 22 дугаар товчооны цаана байрлах 1400 м.кв газрыг “үйлдвэрлэлийн зориулалт”-аар эзэмшиж байсан газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосноос хойш 5 сар 10 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 16-ны өдрийн А/392 дугаар захирамжаар гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
17. Дээрх тогтоогдсон хууль зүйн үндэслэлүүдээр, хариуцагчийн гаргасан захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
18. Иймд маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагч СХДЗД д даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0917 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан “МФ” ХХК-аас СХДЗД д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СХДЗД-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар захирамжийн “МФ” ХХК-д холбогдох хэсгийг, мөн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/392 дугаар захирамжийн Ц.Т, Б.Н нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “МФ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагч СХДЗД-д даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА